50 хүүхдээ эрхлүүлэх Д.Алтанхуяг

Д.Алтанхуяг нь 98 дугаар цэцэрлэгийн багш мэргэжлээр ажиллаад 28 жил болж байгаа нэгэн.

Цас орж, хүйтэрч байгаа энэ өдөр халуун дулаан уур амьсгалаар бялхсан нэгэн газар зочиллоо. Тэр бол нийслэлийн 98 дугаар цэцэрлэг. Одоогоор 530 гаруй хүүхэдтэй цэцэрлэгийн нэгэн анги бусдаас онцлог. Энэ бол Д.Алтанхуяг багштай Бэлтгэл бүлгийн “А” анги. Ангийн багш Д.Алтанхуяг нь энэ мэргэжлээр ажиллаад 28 жил болж байгаа нэгэн. Олон балчир хүүхэдтэй ажиллана гэдэг амаргүй. Тэр утгаараа эрэгтэй хүн цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгох нь ховор. Түүнээс яагаад энэ мэргэжлийг сонгосон, цэцэрлэгийн багш байхын гоё нь юу болох талаар тодрууллаа. Тэрбээр “Энэ мэргэжил ээжээс надад, надаас хүүхдүүдэд маань уламжлагдаж байна. Манай ээж цэцэрлэгийн эрхлэгч байсан. Манай гэр бүлийнхэн бүгд энэ салбарт ажиллаж байна. Би өөрөө гурван хүүхэдтэй. Эхнэр маань цэцэрлэгт ажиллаж, охин маань цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байна. Хүүхдээс дандаа сайхан энерги цацардаг болохоор би хүүхдүүдтэй ажиллах дуртай. Бүр багаасаа энэ мэргэжлээр ажиллана гээд шийдсэн байсан. Одоо энэ мэргэжлээр ажиллаад 28 жил болсон байна. Би хоёр зээтэй. Ажил тараад хоёр зээгээ эрхлүүлэх гэж гэр рүүгээ яардаг. Өглөө ангийн хүүхдүүдээ эрхлүүлэх гэж ажил руугаа яардаг. Манай анги 50 хүүхэдтэй” гэлээ.

 

АРГА НЬ ОЛДОХГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ БАЙХГҮЙ

 

 

Ангийн багшаас 28 жил олон балчир хүүхэдтэй ажиллахад шантрах үе байсан эсэхийг асуухад “Бүр багаасаа сонгосон болоод ч тэр үү, хэцүү ажил юм гэж нэг ч удаа харж байгаагүй. Хүүхдүүд үсээ боогоод ирсэн байвал сүлжээд өгчихдөг юм. Сүүлийн үед цэцэрлэгийн эрэгтэй багш нар нэмэгдэх хандлагатай байна. Жилд 2-3 эрэгтэй багш энэ мэргэжлээр төгсч байгаа. Миний тооцоолж байгаагаар Монголд цэцэрлэгийн эрэгтэй 20 орчим багш бий. Хааяа цэцэрлэгийн эрэгтэй багш нар уулзаж, зөвлөлддөг юм” гэв.

Түүнээс тун дүрсгүй, ээж, аавынхаа үгэнд ордоггүй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлбэл зохимжтой талаар асуухад “Манай хүүхэд үгэнд орохгүй, тун дүрсгүй яах вэ” гэж асуудаг эцэг, эх байдаг. Хүүхэдтэй аргаар харьцаж, өөрийнх нь дураар, чөлөөтэй байлгах хэрэгтэй. Арга нь олдохгүй хүүхэд гэж байдаггүй. Өглөө цэцэрлэгтэй явах дургүй байсан ч бүгдийг аргаар зохицуулах хэрэгтэй” гэсэн юм.

 

БИД НЭГНИЙГЭЭ ЭРХЛҮҮЛЭЭД, ЭРХЛЭЭД СУРЧИХСАН

 

Түүнтэй ярилцах зуур хүүхдүүд хэдэн зэргээрээ түүнийг тэвэрч, зарим нь нэгнийгээ түлхсэнээ “Миний багш, чи цаашаа бай” гэсээр байлаа. “Цэцэрлэгийн хүүхдүүд багшаасаа бага зэрэг эмээдэг гэтэл бүгд танд наалдаад, эрхлээд, таныг эрхлүүлээд байх юм. Хэт зөөлөн байхаар үгэнд орохгүй байх талтай биш үү” гэж багшаас асуухад “Бид нэгнийгээ эрхлүүлээд, эрхлээд сурчихсан. /инээв/ Би эцэг, эхчүүдтэй хамтран ажиллахыг чухалчилдаг. Мөн баасан гариг бүрт үлгэрийн цаг зохион байгуулж, хүүхэд бүрээр үлгэр яриулж, өөрөө шинэ үлгэр ярьж өгдөг. Хүүхдүүд үүнд тун дуртай байдаг, идэвхтэй оролцдог” гэж байлаа.

 

БАГШ ӨГЛӨӨ ҮС СҮЛЖИЖ ӨГДӨГ

 

Хүүхдүүдээс багшийнх нь талаар асуухад бүгд уралдаж ирээд багшийнхаа талаар ярьж өглөө. Тэдний нэг нь О.Ариунтуяа. Тэрбээр “Өглөө ирэхэд манай багш миний үсийг сүлжиж өгдөг. Бас гоё үлгэр ярьж өгдөг, ном уншиж өгдөг, шүлэг зааж өгдөг. Би олон шүлэг мэднэ. Бүгдийг нь багш зааж өгсөн” гэснээ

“Навчит модны шуугисан чимээ

Нарийн хурийн шаагисан авиа…” хэмээх шүлэг уншихад ангийн хүүхдүүд бүгд түүнтэй зэрэг шүлэг уншлаа.

 

БАГШИЙГАА ТЭВРЭХ ГОЁ

 

 

Дараа нь Г.Сарангоо багшийнхаа талаар ярихдаа “Сайн хүүхэд тоглосныхоо дараа тоглоомоо хураадаг. Багш тоглоомоо хураахыг заасан. Багшаараа үлгэр яриулах дуртай. Бид нарт олон үлгэр ярьж өгсөн. Бас багшийгаа тэврэх гоё. Багшдаа хайртай” гэсэн юм.

 

 

Хичээлийн хуваарийн дагуу Д.Алтанхуяг багшийн ангийнхан биеийн тамирын хичээлдээ орох болсон байлаа. Хүүхдүүд багшийн заавраар жагсч, спорт зааланд ороод алхаж, дасгал хийв. Харин биеийн тамирын хичээлийн дараа хүүхдүүд ядарсан бололтой багшийгаа тэвэрч, ноолсоор үлдэв.

 

Эх сурвалж: https://news.mn