Ажиглалт - ерөнхий тойм

Манай СӨБ-ын салбарт 2014 оноос хойш хамтран ажиллаж ирсэн Др.Нагел (ХБНГУ) 2019.09.11-нээс 09.27-ны өдрүүдэд  МУБИС, СӨБС-д “Зочин профессор”-оор ажилласан. Тэрвээр энэ үеэр СӨБС-ийн багш, оюутнууд, СӨБ-ын мэргэжилтэн, цэцэрлэгийн удирдлага, багш нарын төлөөлөлд бага насны хүүхдийн үнэлгээний асуудал/Ажиглалт-Баримтжуулалтаар лекц уншиж, семинар зохион байгууллаа. Түүний цуврал лекцийн орчуулгыг бид вэбсайтаараа багш нартаа хүргэх болно. Энэ удаа эхний тойм лекцийг танилцуулж байна. Та бүхэн лекцүүдтэй холбогдуулан асууж тодруулах зүйлсээ info.buuvei@gmail.com хаягаар ирүүлээрэй.

Prof. h.c. Dr. phil Dr. h.c. Bernhard Nagel

Diplom-Psychologe

Др.Бернхард Нагел, Гүн ухаан болон Сэтгэл судлалын ухааны доктор

(ХБНГУ, Бавар муж, Бага насны хүүхдийн судалгааны улсын институт)

Др.Нагелийн судалгааны ажлын чиглэл:

1.  Бага насны хүүхдийн байгууллагын бүтцийн асуудал

2.  Хувь хүний хөгжил

3.  Хүүхдийн асаргаа, сургалтын чанарын аспект

4.  Цэцэрлэгийн багшийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан бэлтгэх

5.  Хүний хөгжлийн сэтгэл судлал

6.  Сургуулийн өмнөх насны сурган хүмүүжүүлэх ухаан

7.  Бага насны хүүхдийн сургалт, хүмүүжил

1.         Оршил

Хүүхдийн хөгжил болон боловсролын үйл явц (процесс)-ыг ажиглаж баримтжуулах нь сүүлийн жилүүдэд хүчтэй яригдаж буй асуудал, жишээлбэл, Герман улсын СӨБ-д. Ажиглалт нь хэдийгээр анхан шатны боловсрол дахь хуучны, уламжлалт ойлголт бөгөөд анхан шатны болон нийгмийн сурган хүмүүжүүлэх зүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан бэлтгэхэд ямар нэг байдлаар ямагт бүрэлдэхүүн хэсэг нь байсаар ирсэн. 

Сүүлийн хэдэн арван жилийн ажиглалтын практикаас үзэхэд ажиглалт нь дараах төлөв байдлыг харуулж байна. 

v  Ерөнхийд нь авч үзэхэд ажиглалт хэмээх энэхүү сэдэвт өндөр ач холбогдол\үнэ цэнэ өгч байна;

v  Ажиглалт нь практик дээр ихэнхдээ аяндаа тохиолдлоор явагддаг бөгөөд  зорилготой, ситемтэйгээр явагдах нь ховор;

v  Гол төлөв хүүхэд нэг бүрийг илүү нарийвчлан ажиглаж байна;

v  Голдуу тодорхой тохиолдлууд (хөгжлийн хоцрогдол ажиглагдахад, эцэг эхтэй ярилцлага хийхэд, сургуульд элсэхэд)-ад ажиглалт зорилготойгоор хийгддэг;

v  Гараар тэмдэглэл бичих нь чөлөөт ажиглалтын зонхилох хэлбэр;

v  Ажиглалтын гол агуулга нь юуны өмнө хүүхдийн нийгэмшихүй-сэтгэл хөдлөлийн хөгжилд төвлөрдөг.  

2.         Нөхцөл байдлын өөрчлөлтЦэцэрлэг (СӨБ-ын байгууллага) бол боловсролын байгууллага

Цэцэрлэгийн боловсролын үүргийг нарийвчлан тодорхойлсноор ажиглалтыг шинээр авч үзэхэд хүргэсэн. Ажиглалтыг хөгжилд хөтлөх утгаар авч үзсэнээр ажиглалт  чухалд тооцогдох болсон. Энэ нь уламжлалт загвар болсон  “тодорхой тохиолдлоос үүдсэн” ажиглалтаас бүх хүүхдийг системтэй ажиглах ажиглалт руу шилжихэд хүргэсэн.

Шинэ сургалтын хөтөлбөрийн дагуу бүх хүүхэд дээр хөгжлийг нь системтэйгээр тогтоох үйл явц үүсэж бий болсон. Гэхдээ энэ үед шинээр гарсан сургалтын хөтөлбөрт ажиглалтыг хэрхэн хийх арга зүй бараг байгаагүй бөгөөд байгууллага бүр өөрийн гэсэн арга барилыг бий болгож, хэрэглэсэн. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагын үүднээс нэлээд хэсэг нь олон янзын, гэхдээ ихэнх нь төдийлөн мэргэжлийн бус арга барилыг хурдан хуумгай хэрэглэж эхэлсэн. Ингээд аажмаар илүү шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгслийг боловсруулан гаргах болсон. Гэхдээ энэ явцад анхнаасаа практик дээр ч, шинжлэх ухааны салбарт ч ямар процедур (procedure)-аар цэцэрлэгт хэрэглэх нь “зөв” болох талаар маш их маргаантай үзэл санаанууд гарсаар байсан. Өнөөгийн байдлаар ч гэсэн их, бага хэмжээгээр хоорондоо холбоогүй олон процедур зэрэгцэн оршсоор байна. Эдгээр нь зарим талаараа зорилго, арга, агуулгын хувьд ихээхэн ялгаатай.  

Цэцэрлэгүүд ямар процедурыг хэрэглэх вэ гэдэг нь бодлогын байгууллагаас хүлээлгэж буй хариуцлагыг СӨБ-ын нэг бүрчилсэн байгууллага хэрэгжүүлж байна уу, эсвэл тухайн байгууллага өөрсдөө шийдэж байна уу гэдгээс шалтгаалдаг. Байгууллагууд дагаж мөрдөхгүй байж болох зарим зөвлөмж байдаг боловч зарим тохиолдолд тодорхой хэрэгслийг заавал ашиглах ёстой.  

Өнөөдрийг хүртэл ажиглалтын талаар багш нар, үүсгэн байгуулагчдын дунд эргэлзээтэй зүйл байсаар байна. Зорилгоо хэрхэн тогтоох, арга зүй, гол агуулга  нь ямар байх гэх мэтээр. Түүнчлэн өөрийнхөө практик үйл ажиллагаанд ажиглалтыг хэрхэн ашиглах талаар. Ачаалал ихтэй байх нь хүүхдийг ажиглахад багшид илүү асуудал үүсгэдэг.   

3.         Цэцэрлэгт төлөвлөгөөтэй ажиглалт явуулах арга

Багш юун түрүүнд жишээлбэл, сургалтын үйл ажиллагаа, чөлөөт тоглоомын цаг, хүлээн авалт, хоололт  болон бусад үйл ажиллагаа зэрэг өдөр тутмын амьдралын явцад хүүхдүүдийг тасралтгүй ажиглах замаар хүүхдийн хөгжил, суралцах үйлийн талаар практик ойлголт олж авдаг. Өдөр тутмын ийм ажиглалт нь гол төлөв төлөвлөөгүй, харин хүүхдүүдэд тасралтгүй анхаарал хандуулснаар аяндаа явагддаг.

Өнөө үед ажиглалтын талаарх ярилцлага-хэлэлцүүлэгүүдээр өдөр бүр явагддаг энэхүү ажиглалтыг бараг авч хэлэлцдэггүй бөгөөд харин төлөвлөгөөтэй ажиглалтын хэлбэрийг чухалчилдаг.  

Төлөвлөгөөтэй ажиглалт бол системтэйгээр явагддаг.

v  Энэ нь ихэнхдээ хөгжлийн тодорхой бүрэлдэхүүн хэсэг эсвэл аль нэг суралцахуйн чиглэлийг хамардаг. 

v  Энэ нь тодорхой цаг хугацаа, орон зайд аль нэг хүүхдийн харилцаа, хөгжил эсвэл суралцаж буй байдалд төвлөрдөг.  

v  Энэ нь баримтжуулагддаг.  

Төлөвлөгөөтэй ажиглалтын аргуудын зорилго нь хоорондоо ялгаатай. Энэ нь дараах гурван гол зорилгоор ялгагддаг:

  1. Хөгжлийн эрсдлийг эрт илрүүлэх: Багш хүүхдийн хөгжилд эрсдэлтэй буюу заналхийлж буй зүйлийг тодорхойлохын тулд янз бүрийн скрининг аргыг ашигладаг.
  2. Багш (мэргэжлийн хүмүүсийн)-ийн хүүхдэд төвлөрсөн хандлагад дэмжлэг үзүүлэх: Зарим ажиглалтын концепт (жишээ нь "боловсрол, суралцахуйн түүх"-д) нь хүүхдийн цаашдын төлөвийг тогтоох, тэднийг үнэлэх, хүүхдэд анхаарал тавихад  чиглэсэн багшийн хувийн хандлагыг бий болгох буюу дэмжихэд голлон төвлөрдөг.
  3. Хөгжилд дэмжлэг үзүүлэх: Үүгээр хүүхэд бүрийн хөгжлийн болон боловсролын үйл явцыг тасралтгүй тэмдэглэх бөгөөд энэ нь тухайн байгууллага дахь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндэс нь болдог. Энэ процедур нь юуны өмнө эрчимтэй ажиглалтын үндсэн дээр сурган хүмүүжүүлэх  харилцан нөлөөлөл, арга хэмжээг хүүхэд бүрд чиглүүлэн индивидуалчлахад хүчтэй төвлөрдөг.   

4.         Хөгжлийг дэмжих ажиглалт

Хөгжлийг дэмжих ажиглалтаар хүүхэд бүрийн хөгжил, боловсрол, байгаа байдлын талаар аль болох өргөн хүрээтэй бөгөөд үндэслэлтэй мэдээллийг бий болгохыг зорьдог. Ингэснээр тухайн байгууллага дахь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны суурь дэвсгэр бий болно. Энэ нь зөвхөн “асуудалтай хүүхэд” бус нийт хүүхдийг хамарна: Түүнчлэн "сайн хөгжсөн" хүүхдэд ч чадавх (потенциал)-аа бүрэн нээж хөгжихөд тохирсон дэмжлэг хэрэгтэй байдаг.

Ийм учраас “Хүүхэд бүрийг ажиглаж баримтжуулах” заалт монголын СӨБ-ын сургалтын хөтөлбөрт суусан байдаг. Суралцах, хөгжих үйл явц бол маш хувь хүний чанартай\онцлогтойгоор  явагддаг. Хөгжлийн бүрэлдэхүүн хэсгүүд болон өөр өөр сургалтын чиглэлээр хүүхэд бүрийн байгаа байдал маш ялгаатай. Түүнчлэн ижил насны хүүхэд ч хоорондоо ихээхэн ялгаатай байдаг.

Хөгжлийг дэмжих ажиглалтаар эрт илрүүлэгийн уламжлалт хэрэгслээр зөвхөн нэг удаа хөгжлийн түвшинг тодорхойлоод зогсохгүй. Хүүхэд тухайн байгууллагад байх нийт цаг хугацаанд хүүхдийн хөгжил, боловсролын үйл явц \процесс\-ыг  тасралтгүй баримтжуулж тодорхойлдог. Ингэснээр хүүхдийн суралцаж хөгжиж буй байдал тодорхой харагдах бөгөөд багшид “өөрийнх нь” хүүхдүүдэд байгууллагынх нь дэмжлэг хэр нийцэж байгааг эргэж харах боломж олддог.   

5.         Хөгжлийг дэмжих ажиглалтгурван түвшин

Хүүхдийн хөгжил болон боловсролын үйл явц бол олон талтай, нийлмэл үйл явдал. Тиймээс бодитой мэдээлэлтэй болохын тулд янз бүрийн арга барилыг шаарддаг. Тэдгээрийн ялгаа нь:  

(1) Чөлөөт ажиглалт

(2) Ажиглалтын нарийвчилсан бүтэцтэй хэлбэр (Ажиглалтын хуудсаар)

(3) Хүүхдийн үйлүүдийн үр дүнгийн үнэлгээ (Жишээ нь: Зурсан бүтээл).

Эдгээр гурван арга техник тус бүр нь тодорхой давуу болон сул талтай, мөн тавьсан зорилгоос хамааран сайн эсвэл төдийлөн сайн биш үр дагавартай

(1) Чөлөөт ажиглалт: Чөлөөт ажиглалт нь маш тодорхой бөгөөд олон нарийн мэдээллийг агуулдаг.

Энэ нь юуг ч ажиглах эрх чөлөөг олгодог бөгөөд агуулгын хувьд ямар нэг шүүлтүүргүй. (Энэ нь зарим нэг тал орхигддог гэсэн үг.) Гэхдээ зарим нэг үйл явдал, үйлийн явцыг зөвхөн чөлөөт ажиглалтаар л олж авах боломжтой. Харин ажиглах, тэмдэглэх, нэгтгэн дүгнэхэд цаг хугацаа их зарцуулдаг, хүндрэлтэй. Чөлөөт ажиглалт нь голдуу маш хувь хүний чанартай бөгөөд мэдээллийг бусадтай "хуваалцахад" зарим талаар хэцүү байдаг.

Чөлөөт ажиглалтын хоёр үндсэн хэлбэр байдаг:

(1)  Зан харилцааны тэмдэглэл: Үүгээр ажиглагч урьдчилан тодорхойлсон нөхцөлд хүүхэд юу хийж, ярьж байгааг байнга аль болох тодорхой тэмдэглэн авч байдаг.

 (2) Хүүрнэл: Үүгээр тухайн хүүхдийн хөгжил болон суралцахуйд холбоотой үйл явдлыг товч тэмдэглэнэ.  

(2) Нарийвчилсан бүтэцтэй ажиглалт: Нарийвчилсан бүтэцтэй ажиглалт нь чөлөөт ажиглалтыг бодвол ажиглалтын асуултууд болон боломжит хариултууд нь тогтоосон удирдамжтай байдгаараа ялгаатай. Стандартчилагдсан ажиглалтын хуудас нь ажиглагчид чөлөөт орон зай бага олгодог боловч тодорхой давуу талуудтай:   

v  Зарим нарийвчилсан зүйлсийг хураангуйлсан тул тоймлон харахад хялбар. Жишээ нь: Янз бүрийн чиглэлээр хүүхдийн компетенци \чадамж\ ямар байгааг.  

v  Ажигласан зүйлсийг харьцуулах боломж олгодог. Жишээ нь: Янз бүрийн цаг хугацаанд буюу хүүхдийг;  

v  Ажиглагчийг чиглүүлж өгдөг, ажиглалтыг ялангуяа холбогдох тодорхой хэсэг рүү чиглүүлдэг;

v  Ажиглалтыг мэргэжлийн талаасаа баталгаатай байхад дөхөм үзүүлдэг;

v  Байгууллага дотор нийтээрээ нэг “үг”-тэй байх боломж бүрдүүлдэг ба энэ нь ажиглалтыг нэгтгэн дүгнэх (Жишээ нь: Бүлгийг нээлттэй байлгах-хүүхдүүдийг зөвхөн ангид нь бус бусад хүүхэдтэй хамт байлгах), мөн хамт олон ажигласан зүйлээ хоорондоо хуваалцах үйлийг хялбар болгодог.

(3) Portfolio: Хувийн хавтас нь хүүхдийн боловсрол эзэмшиж буй үйл явцыг баримтжуулах зорилгоор хийсэн хүүхдийн үйлүүдийн үр дүнгийн цуглуулга (Жишээ нь: зурсан, наасан бүтээл, бичих гэсэн оролдлого, барьж байгуулсан зүйлийнх нь фото зураг, хүүхдийн ярьсан зүйлс) юм. Үүнд гол нь хүүхэд суралцаж байгаагаа баримтжуулахад идэвхтэй оролцогч байна. Ингэснээр хүүхэд өөрийн суралцаж буй үйл явцын хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хувийн хавтсан дээр багштайгаа хийх ярилцлага нь хүүхдэд өөрийнхөө суралцах үйлд гарч буй ахиц, туршлагыг ухамсартайгаар мэдрэх, өөрөө өөртөө зорилго тавьж, өөрийнхөө суралцах үйлийг төлөвлөхөд тусалдаг. Үүнээс гадна Хувийн хавтас нь эцэг эх хүүхдээ хэрхэн суралцаж байгаа талаар мэдээлэл авах, тэднийг хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжихэд татан оролцуулахад тустай.

4.         Юуг ажиглах вэ?

Сургалтын хөтөлбөрт боловсролын зорилго, сурган хүмүүжүүлэх чиглэлүүдийг зааж өгсөн байдаг нь тухайн байгууллага сурган хүмүүжүүлэх ажлаа явуулахад гол суурь дэвсгэр нь болдог. Иймд хөгжлийг дэмжих ажиглалт нь ямагт тухайн үед хэрэгжиж буй сургалтын хөтөлбөр дэх тодорхой агуулгатай холбоотой явагдана. Үүнээс гадна байгууллага тус бүрийн ажлын өвөрмөц онцлог нь ажиглалтын агуулгад нөлөөлнө. Энэ нь сурган хүмүүжүүлэх концепт, ажиглалтын концепт хоёр хоорондоо ямагт холбоотой байна гэсэн үг.   

5.         Ажиглалтуудын нэгдэл ба нэмэлт мэдээллүүд

Хүүхдийн боловсрол болон хөгжил нь олон талтай, нийлмэл үйл явц учраас аль болох олон янзын ажиглалт, мөн цаана нь буй нэмэлт мэдээллүүдийг ашиглах нь үр дүнтэй. Үүнд өдөр тутам аяндаа тохиолдлоор явагддаг ажиглалт, төлөвлөгөөтэй, системтэй явагдах ажиглалт, түүнчлэн төлөвлөгөөтэй ажиглалт доторх чөлөөт ажиглалт, нарийвчилсан бүтэцтэй ажиглалт, хувийн хавтас багтана. 

 

Зураг:1            Дангаар нь болон хослуулан хэрэглэх ажиглалтууд

Хүүхдийн хөгжлийг дэмжих ажиглалтыг ямагт дээрх холбоо хамааралд нь өргөн хүрээнд авч үзнэ. Ажиглалтын аль ч хэлбэр нь чухал бөгөөд нэг нь нөгөөгөө нөхдөг. Ажиглалтын хэлбэрүүдийг хамтад нь нэгтгэн авч үзсэнээр тухайн хүүхдийн байгаа байдлын талаар цогц, бодитой дүр зураг харагдахаас гадна  сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны ул үндэстэй суурь дэвсгэрийг бий болгодог.

6. Ажиглалтыг ашиглах нь

Хөгжлийг дэмжих ажиглалтыг зөвхөн хийгээд орхих биш, ажиглалтаар олсон мэдээлэлтэй тодорхой ажиллаж, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа  хэрэглэхэд түүний утга учир оршино. Энэ нь хүүхдийн хөгжил, боловсролын үйл явцын талаар тусгаж авсан ойлголтоо сурган хүмүүжүүлэх ажилдаа ашиглана гэсэн үг. Үүнийг янз бүрээр ашиглана: 

Ажиглалт нь:

  1. Тухайн хүүхдийн цаашдын төлөв байдлыг илүү сайн ойлгоход тус болно;
  2. Хүүхдийн хөгжил, боловсролын үйл явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгнө;
  3. Хүүхэдтэй ярилцлага хийх сайн суурь дэвсгэр бий болно;
  4. Сурган хүмүүжүүлэх ажил, харилцан нөлөөллийг хүүхэд бүрд тохируулан илүү индивидуальчилах  суурь дэвсгэр бүрдэнэ;
  5. Мэргэжлийн хүмүүст сурган хүмүүжүүлэх ажлаа системтэйгээр эргэн харах боломж олгоно;
  6. Байгууллага дээр мэргэжлийн үүднээс мэдээлэл солилцох, хүүхдийн төлөө хамтран ажиллахад түлхэц үзүүлнэ;
  7. Эцэг эхтэй хүүхдийн хөгжлийнх нь талаар тогтмол ярилцлага хийх боломж бүрдэнэ;
  8. Мэргэжлийн байгууллага болон сургуультай мэдээлэл солилцох, хамтран ажиллахад тустай;  
  9. Боловсролын чанар, мэргэжлийн ур чадварыг гадагш нь олон нийтэд мэдрүүлж харуулж өгдөг.

 

Хүүхдийг сургаж хүмүүжүүлэх ажлын хүрээнд явцуу утгаар авч үзэхэд энэ нь ажиглалтыг явуулах, тэмдэглэхийн зэрэгцээ олдсон бүх мэдээллийг нэгтгэх, дүгнэх нь ажиглалтад хамрагдана.  Энэ бүх ажил нь сурган хүмүүжүүлэх ажлын зорилгыг тодорхойлох, тухайн хүүхдэд чиглэсэн зорилгуудыг байгууллагын сурган хүмүүжүүлэх ажилтай уялдуулахад чиглэнэ.

7. Хөгжлийг дэмжих ажиглалтын чанарын шалгуур

Хөгжлийг дэмжих бүх аргад тавигдах чухал шаардлага бол тэдгээрийн чанарын асуудал. Ялангуяа дараах дөрвөн шалгуур шийдвэрлэх нөлөөтэй.

  1. Онолын үндэслэл: Процедур нь тухайн асуудлаарх орчин үеийн судалгаа, мэдлэгийн түвшинтэй нийцэж байна уу?
  2. Эмпирик баталгаажуулалт: Энэ нь судлагдсан процедур уу?  Энэ процедур нь "объектив\бодит байдал", "найдвартай байдал", "хүчин төгөлдөр байдал" гэсэн эмпирик судалгааны чанарын шалгуурыг хангаж байна уу?
  3. СӨБ-ын сургалтын хөтөлбөртэй тохирч буй байдал: Процедур нь сургалтын хөтөлбөртэй хэрэгцээт агуулгаар холбогдсон байна уу?
  4. Практикт хэрэгжих боломж : Процедур нь практикт хэрэглэх боломжтой юу?  (Жишээ нь: Ачаалал, сурган хүмүүжүүлэх ажилд өгөх ач тус, цэцэрлэг дэх мэргэжлийн хүмүүст ойлгомжтой байдал)

Эдгээр шалгуурт нийцсэн хөгжлийг дэмжих ажиглалтын хэрэгсэл тун цөөхөн байдаг.

8. Шаардлагатай нөхцөл бүрдүүлэх

Бүх хүүхдийг тогтмол ажиглаж, баримжуулан, дүн шинжилгээ хийж, түүнийхээ тухай эцэг эх, хамт ажиллагсадтайгаа мэдээлэл солилцох нь "зүгээр л нэг" хийчих ажил биш ээ. Үүний хэрэгжилт нь нарийн төлөвлөлт шаардана. Үүнтэй холбоотой олон практик асуултууд үүсдэг. Жишээ нь:

  1. Би яаж шаардлагатай цаг зав гаргаж авах вэ?
  2. Цэцэрлэгт хийдэг ямар үүрэг даалгаврыг хойш нь тавьж болох вэ?
  3. Эцэг эхийг хэрхэн оролцуулах вэ?
  4. Ажиглалтаа хэрхэн хийх, ажигласан зүйлээ хэрэгжүүлэх ажлыг хамт ажиллагсадтайгаа яаж зохион байгуулах вэ?
  5. Багш шаардлагатай мэргэжлийн ур чадварыг хэрхэн эзэмших вэ?

 

Эдгээр болон бусад асуултад сэтгэл ханамжтай хариулт олох тохиолдолд энэхүү үйл явц практик дээр хэрэгжинэ.

 

Фото зургууд: Др.Нагелийн “Зочны индэр” лекцээс, МУБИС, 2019.09.20.

 

Орчуулсан: Н.Норжхорлоо (Ph.D)