Бага насны хүүхдийг яагаад үнэлэх шаардлагатай вэ?

Бага насны хүүхдийн үнэлгээний зорилго нь багш нэг талаас хүүхэд бүрийн байгаа байдлыг тогтоон, тохирсон дэмжлэг үзүүлж, суралцах, хөгжих хэрэгцээг нь бүрэн хангах, нөгөө талаас сургалтын үйл ажиллагаагаа тодорхой төлөвлөж, агуулга, арга зүйгээ сайжруулан хүүхэд бүрд оновчтойгоор нөлөөлөхөд оршино.

Зарим хүн бага насны хүүхдийг үнэлээд байхдаа яахав, хэрэгтэй юм уу гэдэг. Тэгэхээр бага насны хүүхдийг үнэлэх нь дараах ач холбогдолтой ажээ.

Хүүхдийг илүү таньж мэднэ.

Цэцэрлэгийн багш ангидаа 25-30 хүүхэдтэй гэж бодъё. Багш хүүхэд бүрийн зарим давуу, сул тал; бусадтай харилцахдаа гаргадаг зан ааш, ар гэрийн байдал гээд нэлээд зүйлийг мэдэх байх. Гэхдээ хүүхэд бүр ямар нэг үйл гүйцэтгэхдээ яаж ажилладаг, хэр их зүйл мэддэг, ангиас бусад орчинд бусадтай хэрхэн харилцдаг, юунд сэтгэл нь таатай/таагүй байдаг гэх мэт бас олон зүйлийг тэр бүр сайн мэдэхгүй л болов уу. Багш цэцэрлэгт, гэртээ, олон нийтийн дунд гэх мэт янз бүрийн орчин нөхцөлд хүүхэд бүрийн талаар өргөн хүрээтэй мэдээлэл цуглуулснаар түүнийг илүү сайн таньж мэднэ. Ингэснээр багшид тухайн хүүхдэд хэзээ, ямар дэмжлэг үзүүлэх болон нийт хүүхдэд явуулах үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж явуулах боломж бүрдэнэ.   

Багш өөрийгөө хөгжүүлнэ.

Хүүхэд бүрийг бодитой үнэлснээр багшид ангийнх нь хүүхдүүд аль хөгжлийн чиглэл буюу чадамжаараа сайн, аль чадамжаараа тааруу байгааг олж харах боломж олдоно. Энэ нь багшид цаашдаа арга барилаа хэрхэн сайжруулж хүүхдүүдтэйгээ ажиллах, юун дээр түлхүү анхаарах вэ гэсэн эргэцүүллийг бий болгоно.  

Боловсролын үр нөлөөг тооцох боломж олгоно.

Үнэлгээгээр тухайн байгууллага, цаашилбал аймаг, дүүрэг бүрийн хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх ажлын чанар ямар байгааг харж болно. Мөн үнэлгээнээс сургалтын хөтөлбөрийн давуу болон сул тал, хөтөлбөр нь хүүхдийн эрэлт хэрэгцээнд хэр нийцэж байгааг мэдэх боломжтой. 

Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд тустай.

Хүүхэд бүрийг үнэлснээр илүү дэмжлэг хэрэгтэй байж болзошгүй хүүхдийг илрүүлж, тэдэнд эртнээс туслах боломжтой. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг хэдий чинээ эрт илрүүлнэ төдий чинээ үзүүлэх дэмжлэг туслалцаа нь тодорхой болж, үр дүнтэй байдаг. Иймд нялх болон балчир нас (3 хүртэл)-ны хүүхдийн хөгжлийн үнэлгээ буюу тандалтыг орхигдуулж болохгүй.  

Бага насны хүүхдийн боловсролын талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ.

Үнэлгээний баримтууд нь эцэг эхтэй хүүхдийн хөгжил төлөвшлийн талаар мэдээлэл хуваалцах нэн чухал хэрэгсэл. Үүгээр эцэг эх хүүхдийнхээ давуу тал, сорилт бэрхшээлийг ойлгож, гэр орондоо дэмжиж туслах, багштай хамтран ажиллах арга замаа олно. Үнэлгээний ачаар эцэг эх төдийгүй багш нар ч өөрсдөө бага насны хүүхдийг, боловсролыг илүү сайн ойлгоно.

 

Н.Норжхорлоо