Бага насны хүүхдийг үнэлэхдээ юуг анхаарах вэ?

Бага насныхныг бодитой үнэлэхийн тулд анхаарах зарим зүйлийг дурдъя.

Тэд их зүйлийг мэддэг, чаддаг

Нэг япон багш “Монголын цэцэрлэгийн багш нар их мундаг, хүүхэд юу мэддэг, мэддэггүйг хэлээд байдаг” гэсэн байдаг. Энэ нь манай багш нар хүүхдийг урьдаас өөрийн хүлээлтээрээ үнэлдэг гэсэн үг. Иймд багш тухайн хүүхэд үүнийг мэддэг ч байж магадгүй, мэдэхгүй ч байж мэднэ; чаддаг ч байж магадгүй, чадахгүй ч байж болзошгүй гэсэн өнцгөөс харж хандвал бодит байдлыг илүү сайн илрүүлнэ.

Нялх хүүхдийн хөгжлийн сүүлийн үеийн судалгааны нээлтээс үзэхэд тэд төрөхдөө л өндөр мэдрэмжтэй, суралцахад бэлэн, зарим үндсэн өвөрмөц мэдлэг, чадвартай байдаг ажээ. Жишээлбэл, шинэ төрсөн хүүхэд бусдын нүүрний энгийн дохио зангааг дуурайж чаддаг, төрснөөс  хэдхэн долоо хоногийн дараа амьд биетийг амьгүй биетээс ялгаж чаддаг байна (Sabina Pauen. 2017). Тэд “цагаан цаас” биш.

Хүүхдийн бүх талын хөгжил төлөвшлийг хамарна.

Үнэлгээ нь хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүй-сэтгэлийн хөдөлгөөний хөгжлийг бүхэлд нь хамрах бөгөөд хөгжлийн чиглэлүүдээ ерөнхий нэршлээр нь авснаас  хөдөлгөөн, эрүүл мэнд; хэл яриа; математик; хөгжим; дүрслэх урлаг; сэтгэлийн хөдөлгөөн; бусадтай харилцах харилцааны чадамж ; орчны талаарх үндсэн мэдлэг гэх мэтээр нарийвчлан авч үзэж мөн тэдний сонирхлыг илрүүлэхэд анхаарвал тухайн хүүхдийн дүр төрх; сул, давуу тал илүү тодорч харагдана. Бидэнд хүүхдийн сэтгэл санааны байдал руу сайн өнгийн харж, хэр зэрэг таатай байна гэдгийг илрүүлэхэд дутмаг анхаардаг дутагдал бий.  

Давуу талыг нь олж илрүүлнэ.

Хүүхэд гэлтгүй томчууд ч сул талыг нь барьж аваад байвал сэтгэл санаа, идэвх зүтгэл, оролцоонд нь халтай. Бидний өнгөрсөн практикаас харахад эхлээд хүүхэд юуг мэдэхгүй, чадахгүй байна гэдгийг нь голлон хараад, түүнийг нь сайжруулахад анхаардаг байв.  Хүүхдийн давуу талыг танин мэдэж, дэмжиж, урам өгөхөд өөртэй итгэх итгэл нь сайжирч, бэрхшээл, бүтэлгүйтлийг давж гарах бэлтгэлтэй болно. Хүүхэд бие даасан байдал, бусадтай харилцах харилцаа; математик, техник сэтгэлгээ; зурах, урлан бүтээх үйл; хэл яриа, биеийн хөдөлгөөн, хөгжим зэрэг аль ч талаараа давуу байж болно.

Үр дүнд бус үйл явцад анхаарна.

Хүүхдийг өдөр тутам гүйцэтгэж буй үйлээр нь дамжуулан баяр баясгалантай, сэтгэл санаа өөдрөг байлгах болон анхаарлаа төвлөрүүлэх, зүтгэл чармайлт гаргах, тууштай байх, эмх цэгцэд суралцах, бүтээлчээр ажиллах, санаа бодол, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бусадтай хамтрах гэх мэт олон зүйлд дадлагажуулж суралцуулах нь бидний эцсийн зорилго билээ. Иймд багш ажиглалт хийхдээ юун түрүүнд хүүхэд тухайн үйлийг гүйцэтгэхдээ дуртай/дургүй байна уу, ямар арга замаар гүйцэтгэж байна, хэр зэрэг зүтгэл чармайлт гаргаж байна гэх мэт үйл явцад нь анхаарлаа төвлөрүүлнэ. Багш жишээлбэл, хөгжмийн үйл ажиллагааны явцад “Үгээ буруу хэлчихлээш дээ”, “Хөдөлгөөн чинь зөрөхгүй сайн байна” гэх мэтээр үр дүнд байнга анхаарвал хүүхэд өөрийнхөөрөө байж чадахгүй алдахаас эмээж, биеэ барьдаг. Энэ нь алсдаа маш их хортой. Хүүхдийн тархинд гацаа үүсч, баригдмал сэтгэлгээтэй, аливаа асуудал тулгарахад бүтээлчээр шийдэж, ажиллаж чадахгүйд хүрнэ.

Үнэлгээний үндсэн арга нь ажиглалт.

Олон дахин давтаж байж хүүхдэд чадвар нь дадал болдог. Дадал/зуршил  гэдэг нь дахин давтан хийсний дүнд автоматчилагдсан бараг ухамсаргүйгээр гүйцэтгэдэг үйлдэл юм. Мөн хүүхдийн хөгжил шугаман хэлбэрээр явагддаггүй. Заримдаа сурсан, чаддаг болсон зүйлээсээ ухрах тохиолдол ч бий. Иймд хүүхдэд тодорхой чадвар болон эрүүл ахуй, харилцааны аливаа дадал зуршил сууж байна уу, энэ нь хэр зэрэг ахиц дэвшилтэй байна гэдгийг байнга ажиглаж, тэмдэглэж байх шаардлагатай бөгөөд нэг удаагийн ажиглалтаар илрүүлэх боломжгүй. Хүүхдээс тестээр авсан үнэлгээ голдуу богино хугацааны ой санамжид чиглэдэг тул үүнээс зайлсхийнэ.

Хүүхдийн бүтээлийг дүгнэхгүй.

Бага насныханы хамгийн дуртай, байнга шахуу гүйцэтгэдэг үйл бол зурах, урлах. Тэдний бүтээлийг “Сайн зурсан байна”, “Энэ чинь тааруухан болж дээ” гэх мэтээр үнэлж дүгнэх нь дээр дурдсан үйл явцад бус, үр дүнд төвлөрөөд байгаагийн илрэл. Харин юу бодож зурсан, ямар үйл явдлыг илэрхийлж байгаа зэргээр ярилцах нь чухал.

Мэдээллийг эцэг эхтэй хуваалцана.

Багш хүүхэд бүрийн үнэлгээтэй холбогдох мэдээллийн сангийн нууцлалыг хадгалах бөгөөд түүнийг зөвхөн тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчидтай хуваалцана. Энэ нь жишээлбэл, багш (Хүүхэд өөрөө бүтээлүүдээ бусдад үзүүлж, тайлбарлахдаа дуртай, түүгээрээ бахархаж байвал өөр хэрэг) аль нэг хүүхдийн Хувийн хавтсын мэдээллийг бусад эцэг эх, хүүхдэд үзүүлээд байхгүй гэсэн үг. Гэхдээ нийт хүүхдийн үнэлгээний үр дүнгийн нэгтгэл (тайлан)-ийг хамт ажиллагсад болон байгууллагын удирдлага, бусад холбогдох хүмүүстэй хуваалцаж болно. Энэ нь боловсролын чанарыг сайжруулахад багш нарт хаана илүү дэмжлэг, мэргэжил дээшлүүлэх ажил хэрэгтэйг тодорхойлоход хэрэг болно. Ер нь бага насны хүүхдийг үнэлэх нь ур чадвар шаардсан, амаргүй ажил тул сургалт, дадлагажуулалт ихээр шаардана.

 

Н.Норжхорлоо (Ph.D)

 

Ашигласан материал:

1. Sabina Pauen. (2017). Wie lernen Kleinkinder? Entwicklungspsychologische Erkenntnisse und ihre Bedeutung für Politik und Gesellschaft.

Нүүр зураг:  https://www.123rf.com/photo_109175993