Багш ажиглалт, баримтжуулалтаа хэрхэн сайжруулах вэ?

Багш хүүхэдтэй ажиллахдаа, өөрөөр хэлбэл өдрийн турш анги дүүрэн хараатай байж, хэдий чинээ мэдрэмжтэй, гярхай байна, төдий чинээ хүүхэд бүрийг сайн таньж мэднэ. Нөгөө талаас байгууллагаас зориуд багш нарын ажиглах, баримтжуулах чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулж байх нь тустай. Үүнтэй холбогдох зарим ажлын жишээг дурдъя.

Зураг ажиглах

Багаараа зургийг товч хараад зургаа алга болгоно. Хүн бүр тусгаж авсан зүйлээ бичээд, санал солилцоно. Үүнд хүн, амьтан, ургамал, хүүхдийн гүйцэтгэж буй үйл зэрэг ямар ч зураг байж болно. Зураг дээр юу байна вэ? Бид хэдэн өөр зүйл харав? Аль нь оновчтой байв? гэх мэтээр ярилцаж болох юм.

Ангид хамтаараа ажиглалт хийх                                 

Аль нэг ангид сургалт, тоглоом, ариун цэвэр сахих үйл ажиллагаа гэх мэт ямар нэг үйл ажиллагааны явцад нийт хүүхэд эсвэл зарим хүүхдийг онцлон ажиглаж тэмдэглээд, хэн юу ажигласнаа бусдадаа танилцуулж ярилцана. Ажиглалт явуулахын өмнө юуг ажиглахаа тохирвол ажиглалт илүү чиглэсэн зорилготой, үр дүнтэй болно. Үүнд Ажиглалтын хуудсын асуултаас чиглүүлэг болгон ашиглаж болно.

Хүүхдийн видео бичлэг үзэх

Хүүхдийн гүйцэтгэж буй үйл, харилцааны илрэлийн видео бичлэгийг хамтдаа үзнэ. Хүн бүр юу ажигласнаа тэмдэглээд, ярилцана. Бичлэгийг ерөнхийд нь мөн тодорхой зорилго чиглэлийн дагуу ажиглаж болно. Жишээлбэл, Хүүхдүүд хамтдаа ямар нэг хөдөлгөөнт тоглоом тоглосон бичлэг байлаа гэж бодъё. Тэгвэл эхлээд цөмөөрөө видеогоо үзээд, тэмдэглэсэн зүйлсээ ярилцана. Дараагийн удаа “Энэ тоглоомд хүүхдүүд тоглоомын дүрмийг хэр зэрэг баримталж байгааг харъя” гээд тухайн бичлэгийг үзвэл хэн тоглоомын дүрмээ барьсан, хэн бариагүй гэх мэтээр илүү нарийн зүйлийг ажигласан байх болно.

Бусад аудио, видео материал ашиглах

Зөвхөн хүүхдийн талаарх бичлэг гэлтгүй кино, зурагтын нэвтрүүлгийн хэсэг, өөрсдийнхөө оролцсон үйл явдлын видео бичлэг зэргийг хамтдаа үзээд, юу ажигласнаа, түүнд ямар үзэл бодолтой байгаагаа ярилцаж болно. Жишээлбэл, Монгол HD телевизийн “Ардын буйдан” нэвтрүүлэг шиг. 

Ажиглалтын тэмдэглэлээ солилцох

Багшид олон тооны ажиглалтын тэмдэглэл цуглардаг. Тэрхүү тэмдэглэл нь шаардлага хангасан эсэхийг мэдэх, сайжруулахын тулд тэмдэглэлээ тогтмол солилцож, сайжруулах боломжуудын талаар ярилцаж болох юм.

Ийнхүү анги болон байгууллагийн түвшинд хамтран ажиллагсад хоорондоо ажиглалтаас олж авсан мэдээллээ солилцон ярилцаж, мэтгэлцэж байх нь бие биеэс суралцах, аль нэг багшийн ажиглалтын талаарх үзэл бодлыг өөр өнцгөөс харах, бодитой дүгнэлт гаргах, асуудлыг олон өнцгөөс авч үзэж, оновчтой шийдвэр гаргахад тустай. Зарим эрсдэлтэй байж болзошгүй хүүхдийн хувьд багш ажиглалтынхаа мэдээллийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй хуваалцан ярилцаж болно.

Багш ажиглалтын тэмдэглэлийг бичихдээ дараах зүйлсийг анхаарна. 

Байгаагаар нь тэмдэглэх

Харсан, сонссон зүйлээ “эшлэл” хэлбэрээр, яг хүүхдийн хэлсэн, ярьснаар нь бичнэ. Мөн үг, хэллэг, агуулгын алдаа, нүүрний хувирал, дохио зангаа, биеийн хэлэмжийг тусган авч, тэмдэглэнэ. Жишээлбэл, хүүхэд эд зүйлсийг оноож тоолохдоо 1,2,3,5,6,10 гэж тооллоо гэж бодъё. Тэгвэл хүүхдийг үгүйсгэхгүй, хэлснээр нь л тэмдэглэж авна.

Дүгнэлт, тайлбар хийхээс зайлсхийх

Өөрийн дүгнэлт, санаа, тайлбарыг  бичихгүй. Жишээлбэл, “Туяа Сүрэнд дургүй” гэвэл дүгнэлт болно. Харин Туяа Сүрэн рүү “Би чамд дургүй” гэж хэлэв гэвэл эшлэл хэлбэртэй бөгөөд бодитой ажиглалт болно. "Билгүүн өөрийнхөө зурсан зургаар бахархаж байна" гэвэл тайлбар болно. “Билгүүн бүх хүүхэд, багш нарт өөрийнхөө зургийг үзүүлж, түүн дээр юу байгааг тайлбарлав. Тэр хонгилд зургаа барин бүжиглэж, үдээс өмнөжингөө биеэсээ салгахгүй авч явлаа” гэвэл түүний бахархаж, баярлаж байгаа нь үйл хөдлөлөөс нь харагдана. 

Аль болох тодорхой, оновчтой томьёолох

Бага насныхан зүгээр л тайван алхаж явах нь ховор. Тэд ихэнх тохиолдолд гүйх, үсрэх, харайх, дэвхцэх, хөлөө товших гэх мэт төрөл бүрийн хөдөлгөөн хийж байдаг. Тэдний хөдөлгөөн бүр өөр өөр сэтгэлийн хөдөлгөөн, хандлагыг илэрхийлдэг. “Батбаяр хөгжим дуугарангуут инээмсэглэн хөлөө товшиж эхлэв.”

Цаг хугацаа нь аль болох тодорхой байх

Ажиглагчийн хувьд хүүхдүүдийн хэрүүл маргаан маш хурдан үүсэж өнгөрдөг бол чимээгүй суугаад зураг зурахад заримдаа удаан хугацаагаар сунжирдаг. Тиймээс бид цаг хугацааг тодорхой хэмжигдэхүүнээр илэрхийлж болно. "Дөлгөөн зургаа маш удаан хугацаанд зурав" гэхийн оронд "Дөлгөөн байшин зурахдаа 30 минут зарцуулав" гэх.

Нөхцөл байдал ойлгомжгүй бол нээлттэй орхих

Нөхцөл байдал "яг ийм байсан" гэж үзэхэд заримдаа хэцүү. Нөхцөл байдлыг аль болох нарийвчлалтай, ялгаж салгаж тэмдэглэхийн тулд эргэлзээтэй нөхцөл байдлын хожмын тайлбарыг нээлттэй орхиж болно. Тухайлбал, зөрчилдөөн эсвэл ойлгомжгүй хариу үйлдлийг тэмдэглэх гэвэл тэдгээрийн нөхцөл байдлыг л нарийвчлан илэрхийлнэ. Ажиглагчийн хувьд тийм ч чухал биш мэт санагдсан зүйлс хүүхдэд утга учиртай байж болно. Үүнийг дараа нь нэмэлт мэдээллээр тодруулж болно (Rainer Straetz. u.a. 2005).

Ажиглалтын тэмдэглэлээ хүүхдийн нэрээр ангилсан хайрцагт хийх, тусгай дэвтэр гарган наах эсвэл хүүхдийн файлд шивэх зэргээр хадгална. Манай зарим багш зузаан дэвтэрт нэг хүүхдэд хэд хэдэн хуудас гаргаад, чадамж бүрийн ангилалын дор холбогдох тэмдэглэлийг оруулдаг нь дараа тэдгээрийг ангилж цаг алдахгүй байх нэгэн шийдэл юм. Аудио, видео материалууд голдуу хүүхдийн хувийн хавтаст орно.

 

Н.Норжхорлоо