Багш нар аа, заавал үзээрэй

Цэцэрлэгийн багш нар өдрийн 8-10 цаг хүүхэдтэй ажиллахдаа өдрийн цагаар өөрт хэрэгтэй зурагтын нэвтрүүлэг үзэх, интернэтээс мэдээлэл авах боломж хомс.  Харин одоо Covid-19-ээс үүдсэн хорио цээрийн үеэр багш нар өөрийнхөө мэдлэг, ур чадвараа сайжруулах илүү боломж харагдаж байна.  Нэг үүд хаагдахад нөгөө үүд нээгддэг гэгддэг. Иймд та бүхэн өөрсдийнхөө хүүхэдтэй ажиллах арга барилаа сайжруулахад зориулан өдөр бүр Монгол HD ТВ-ээр гардаг дараах нэвтрүүлгийг үзэж байхыг хичээгээрэй гэж зөвлөж байна.

Монгол HD ТВ-ээр ажлын өдөр бүр 11.30-аас, заримдаа 13.30–аас “Зурж сурцгаая”, 16.00 цагаас  “Бяцхан эрдэмтэн Сид”, орой 21.00 цагаас "5 настнуудын нууцлаг ертөнц" гэсэн нэвтрүүлэгүүд гарч байгаа.

“Бяцхан эрдэмтэн Сид” нэвтрүүлгээс Та хүүхдэд хэрэгтэй аль нэг ойлголтыг өгөхдөө хэрэглээ болгохын тулд яаж олон талаас нь авч үзэх, хүүхдийг асуултаар хэрхэн чиглүүлж, дэмжих, холбогдох туршилтыг хэрхэн энгийн төвөггүй байдлаар, хүүхдэд сонирхолтойгоор явуулах зэрэг олон чухал санаа авах болно. Нэвтрүүлгээс эцэг эх, гэр бүлийн оролцоо ямар байхыг ч мөн харж болно. Багш, туслах багш нар хамтдаа үзээд, дараа нь харилцан ярилцах нь илүү үр дүнтэй байж болох юм.

“Зурж сурцгаая” нэвтрүүлгээс хүүхдэд зурах аргыг яаж энгийн, сонирхолтойгоор харуулах, ялангуяа хүүхдийг бүтээлчээр хэрхэн ажиллуулж болох санаануудыг авна. Зурах явцдаа багш зорилгоо танилцуулах, хүүхдийн сонирхлыг татах, хүүхдийн үйлийг чиглүүлэхэд ямар үг хэллэг хэрэглэж байгааг анзаараарай. Гэхдээ зарим нь сургуулийн өмнөх насны хүүхдэд арай ахадна гэдгийг бодолцоно биз ээ. Та эндээс хуудас цаас, өнгийн харандаанууд байхад л хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлж болохыг харж болно. Түүнчлэн Pinterest вэбсайтаар орж үзэх, Creative activity, Pappmache, Art activities гэх мэт үгсээр Google-ээс хайлт хийж зураг, видеонуудыг үзэхэд Танд бодогдож санагдах зүйлс цөөнгүй байх бий.

"5 настнуудын нууцлаг ертөнц" нэвтрүүлгээс багш үйл ажиллагаануудыг яаж энгийн сонирхолтой явуулж болох, хүүхдийг яаж өөрийнхөөр нь байлгах, өөрөөр нь сэтгүүлж шийдвэрлүүлэх, хийлгэх, хүүхдийн үзүүлж буй хариу үйлдэлд хэрхэн мэдрэмжтэй хандаж, нөлөөлж болохыг харж болно. Эндээс Та мөн багшийн хүүхэдтэй харьцаж буй байдал, хүүхдийн дотоод ертөнц, онцлог руу хэрхэн нэвтрэн орж байгааг анзаараарай.

Мөн дээрх нэвтрүүлгүүдийг хүүхдэдээ үзүүлж байхыг ангийнхаа хүүхдийн эцэг эхэд зөвлөж болох юм. Эдгээр нэвтрүүлгийг ухрааж үзэх, бичиж авах боломжгүй болохыг анхаарна уу. Иймд тогтсон цагт нь үзэж байх шаардлагатай.

 “Бяцхан эрдэмтэн Сид” нэвтрүүлгээс

 

“Зурж сурцгаая” нэвтрүүлгээс 

 

 

 

Багш нартаа амжилт хүсье!

 

admin, buuvei.mn