Бид хүүхдэдээ харилцааны ямар дэг жаяг эзэмшүүлэх вэ?

Хүүхэд багаасаа ёс суртахууны мэдрэмжтэй болох, бусадтай эв дүйтэй харилцаж сурахад тэдэнд харилцааны тодорхой дэг жаяг (manner)-ийг зориуд эзэмшүүлэх шаардлагатай. Хүүхдэд эзэмшүүлэх шаардлагатай харилцааны дэг жаяг болон тэдгээрийн ач холбогдлын талаар хүүхэдтэй ярилцахад хэрэглэж болох зарим санааг нийтэллээ.  

Харилцааны сайн дэг жаяг гэж бусадтай эв дүйтэй, эелдэг харил­цах арга хэлбэр.

Мэндлэх

Хүүхэд багаасаа ойр орчныхоо хүмүүстэй “Сайн байна уу, Та?”, “Сайн байна уу ... гуай?”, “Өглөөний мэнд, багш аа” гэх мэтээр мэндчилж сурах. Энэ нь бусадтай эелдэгээр харилцах болон танилцах гарааны цэг юм.

  • Чи хүмүүстэй сайхан мэндэлбэл, хүмүүс чамд сайн байж, шаардлагатай үед туслах  болно.   

 

“Болох уу”, “Баярлалаа” гэсэн үгийг хэрэглэх

Ямар нэг зүйлийг хүсэхдээ "... болох уу?", хүлээж авахдаа "баярлалаа" гэж хэлэх. Гуйж хүсэж хандахад хүмүүс бусдын төлөө ямар нэгэн зүйл хийхэд бараг үргэлж дуртай, бэлэн байдаг.

  • “Баярлалаа” гэдгийг сонссон хүнд сайхан сэтгэгдэл төрдөг. Хэрэв чи бусад хүнтэй сайхан харилцвал тэд чамд илүү найрсаг байх болно.

 

Ямар нэг зүйлийг асууж байж авах

Хүүхэд өөрт нь хамааралгүй зүйлийг авахаасаа өмнө ээж аав, найз нөхөд гэх мэт бусдаас зөвшөөрөл авдаг байх. Энэ нь хүний болон өөрийн эд зүйлсийг ялгаж сурахад тустай. Тэд мөн авч хэрэглэсэн бүхнээ эелдгээр талархал илэрхийлэн буцааж өгөхөд суралцах.

  • Хүний юмыг, найзынхаа тоглоомыг хамаагүй авбал тэд чамд дургүй байх болно. 

 

Алгаа тосож авах

Хүн юм (цай, бэлэг гэх мэт) өгөхөд хоёр гарынхаа алгыг тосож авах нь хүндэтгэлийн нэг хэлбэр.

  • Юмыг хоёр гараараа тосож авбал хүнийг хүндэтгэдэг ямар сайн хүүхэд вэ гэж бодно, баярлана.

 

“Уучлаарай” гэсэн үг хэрэглэх

Хүүхэд “Болох уу”, “баярлалаа” гэхийн зэрэгцээ буруу зүйл хийсэн үедээ “уучлаарай” гэж хэлж сурах. Жишээлбэл, бага насны хүүхэд бусдыг хазах, зодсоны дараа “Уучлаарай” гэж хэл гэж албадах нь зүгээр л  чин сэтгэлгүй, нөлөөлөлгүй үг болно. Иймд хүүхдэд юу буруу хийсэн, яагаад буруу байсан, нөгөө хүүхдэд хэрхэн нөлөөлсөн зэргээр бодох цаг хугацаа өгөөд, ярилцвал түүнд өрөвдөх сэтгэл суух, бусдыг ойлгож сурахад тустай.

 

Орохынхоо өмнө хаалга тогших

Хүүхэд айлд, бусдын  өрөө (багш, эмчийн өрөө, өөр анги танхим гэх мэт)-нд орохдоо хаалга тогшиж, зөвшөөрөл авдаг байх. Үүгээр хүүхэд бусдын орон зайд хүндэтгэлтэй хандахад суралцана.

  • Хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авалгүй орвол, хүн сандарна, хийж байгаа зүйлд нь саад болно.

 

Хүнийг шоолохгүй байх

Хэн нэгнийг бусдын дунд мөн ганцаараа байхад нь ч гэсэн шоолохгүй байх нь бусдыг ойлгох, гадуурхахгүй байх, бусдад адил тэгш хандаж сурахад тустай.

  • Шоолуулсан хүн гомдож, сэтгэл санаа нь хямардаг. Иймээс шоолох бол хэзээ ч байж болохгүй зүйл. 

 

Утсаар ярихад суралцах

Хүүхэд утсаар ярихдаа хэн ярьж байгааг эелдэгээр асуух, мэндлэх, сонсох. Энэ нь хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлнэ.

  • Уулзаагүй, хараагүй зөвхөн сонсож байгаа учраас хүн ярьж дуустал чимээгүй байж, сайн сонсоно.

 

Ахмадыг хүндэтгэх

Үүнд эцэг эх, эмээ өвөө, багш, бусад насанд хүрэгчид бүгд хамрагдана.

  • Ахмад хүмүүс олон жил амьдарсан учраас их эрдэм ухаантай байдаг. Иймд тэдний эрдэм ухаанд нь хүндэтгэх ёстой.

 

Хүн рүү заахгүй байх

Хүн өөрийг нь хуруугаараа зааж байгааг анзаарвал эвгүй сэтгэгдэл төрдөг.

  • Хүнийг хуруугаараа заамаар байгаа бол, чиний хуруу өөр рүү чинь чиглэсэн байна.

 

Хүний нэрийг тогтоох

Хэн нэгний нэрийг хэлж ярилцах нь түүнийг дурсаж, эргэн санаж байгааг харуулна. Мөн хүний нэрийг хэлж харилцах нь нэгэн хүндэтгэл.

  • Чи хамгийн сайн найзуудынхаа нэрийг хэл дээ?

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд эелдэг хандах

Хүүхдүүд төрөлхийн аливаа юманд сониуч байдаг тул аль нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харвал заах, чангаар асуулт тавих, зарим нь бүр айх зэргээр ханддаг.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол аав, ээж, найз нартай чинь адилхан баярладаг, гомддог, бусдыг хайрладаг. Иймд тэдэнтэй ижилхэн харилцах ёстой. Түүнд тусалбал их баярлах болно.

 

Сайн зочин байх

Хүүхэд айлд болон найзындаа зочлохдоо хүндэтгэлтэй, эелдэг байх. Дураараа аашлахгүй, өгч буй хоол, унданд нь дургүйцэж хямсаганахгүй байхын зэрэгцээ дуртай, дургүй зүйлээ илэрхийлж хэлж болно.

 

Өөрийгөө зөв илэрхийлэх

Хүүхэд хэчнээн уур, уцаартай байсан ч түрэмгийлэхгүй, санаа бодлоо үгээр илэрхийлдэг болох. Гонгинох, хашхирах, орилох, бусдыг цохиж авах нь харилцааны зөв арга биш гэдгийг мэддэг байх.

  • Гүнзгий амьсгаа аваад, яагаад уурласнаа ээждээ/багшдаа хэл дээ.

 

Өрөвч, тусч байх

Өрөвч байх нь бусдын зовлон, бэрхшээлийг арилгахад туслах хүсэл эрмэлзлийг агуулдаг. Өрөвч, тусч байснаар өөрт таатай сэтгэгдэл төрөхээс гадна бусдад таалагдахад тустай.

  •  Хэцүү үед найздаа тусалбал хамгийн сайн найз.

 

Үнэнч байх

Хүүхэд багаасаа үнэнч, худал хэлэхгүй байхад суралцах. Энэ нь үнэнч зан чанарын үндэс суурь бөгөөд итгэлцэл, хүндэтгэлийг бий болгодог. Хүүхэд ямар нэг дарамт, айдасгүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, хэрэгтэй зүйлээ хэлэх боломжтой байх нь хүүхэд үнэнч байхад тустай.

  • Үнэнийг хэлэх, хэлсэндээ хүрэх бол хамгийн сайн зан чанар.” “Үнэнч шударга байвал хүнийг аз жаргалтай болгодог.

 

Бусадтай харцаараа холбогдох

Ярилцаж буй хүнтэйгээ харцаараа холбогдох нь идэвхтэй сонсож, анхаарч, хүндэтгэж байгааг илтгэнэ. Үүнийг хүүхэдтэй ярилцаж байхдаа байнга дасгалжуулж болно. Хэрэв тэд энэ чадварт суралцвал хүнтэй сайхан харилцаа тогтоож чаддаг болно.

  • Нүд рүү нь харж ярьвал хүн чамд илүү найрсаг хандана, чи ч бас хүний ярьсныг сайн ойлгоно.

 

Хэзээ ч бүдүүлэг үг хэрэглэхгүй байх

Бүдүүлэг үг хэлэх нь хүнд огт хүндэтгэлгүй хандаж байгаа муу зан үйл. Хүүхэд зурагтаар эсвэл хэн нэгнээс ийм үг сонссон байсан ч түүнийг хэлэх нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг, хэрэглэж болохгүй гэдгийг мэддэг байх.

    -     “Муухай үг хэлбэл хүн дургүй байдаг, сэтгэл нь эвгүй оргидог.” 

 

Н.Норжхорлоо

Нүүр зураг: https://www.canr.msu.edu/news/the_power_of_good_manners