Таны хүүхэд цэцэрлэгт юу сурдаг вэ?
Улс орнуудын бага насны хүүхдийн суралцахуйн чиглэлүүд олон, цөөн янз бүр ч бидний уламжлан хэрэгжүүлж ирсэн дараах суралцахуйн чиглэлүүд ерөнхийдөө түгээмэл байдаг.
Хөдөлгөөн, эрүүл мэнд
Хөдөлгөөний хөгжилд хүүхдийн бие махбодын өсөлт; яс, булчингийн бэхжилт болон хөдөлгөөн гүйцэтгэж, хүрээлэн буй орчиндоо хүрч харьцах болон аливаа хөдөлгөөнөө хянах, зохицуулах чадвар хамрагдана. Хөдөлгөөн нь хүүхэд эрүүл чийрэг өсөн бойжих, өөрийгөө илэрхийлж, бусадтай харилцах, бие даах, орчноо таньж мэдэх зэрэг хүүхдийн бүх талын хөгжлийн суурь нь болдог. Хөдөлгөөний хөгжил нь хүүхэд толгойгоо даах, суух, мөлхөх, алхах, гүйх, харайх зэрэг биеийн хөдөлгөөн болон бугуй, гарын хуруу, хөлийн хуруу, уруул, хэлний зэрэг жижиг булчингийн хөдөлгөөн гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.
Эрүүл мэндийн боловсрол нь хүүхдийн бие бялдрын хөгжлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үүнд эрүүл амьдрах дадал хэвшил (ариун цэвэр сахих, эрүүл хооллох, өлчир чийрэг болох), сэтгэл зүйгээ сайн сайхан байлгах, гэмтэл бэртлээс болгоомжлох, өвчлөлтөөс сэргийлэх мэдлэг, чадвар, дадал зуршил багтана.
Хэл яриа
Хэл ярианы хөгжил гэж хүүхэд хэл яриагаар өөрийгөө илэрхийлэх, бусадтай мэдээлэл солилцож, ойлгон харилцаж, өөрийгөө болон бусдыг ойлгохыг хэлнэ. Үүнд бусдыг сонсох (яриа, дуу, шүлэг, үлгэр, өгүүллэг), ойлгох, үгийг зөв дуудах, өөрийн ойлголт, санаа бодол, сэтгэгдлээ илэрхийлэн ярих, эхийг ойлгох, утгыг ярих, номыг сонирхож номтой ажиллах, тэмдэг, тэмдэглэгээг ойлгох, ашиглах, мэдээллийн хэрэгсэлтэй зохистой харьцах, мэдээллийн хэрэгслээс авсан мэдээллээ бусадтай хуваалцах чадвар хамрагдана. Энэ суралцахуйн чиглэлд мөн биеийн хэл, дүрс, зураг, бичиг, дуу чимээ ашиглан мэдээлэл солилцох чадварыг хамруулан ойлгож болно.
Байгаль, нийгмийн орчин
Байгаль, нийгмийн орчны суралцахуйн чиглэл нь хүүхдийн төрөлхийн сониуч байдлыг өдөөх, хадгалах, тэдэнд орчноо сонирхон өөрийн биеэр мэдрэх, хүсэл сонирхлоороо судлах, турших, өөртөө шинэ зүйлийг олж нээх, юмс, үзэгдэл, ойр орчныхоо үйл явдлын учрыг олох боломж олгоно. Энэ нь хүүхдэд орчиндоо идэвхтэй хандах, хариуцлагатай байх, бусдыг хайрлах, амьтан, ургамалтай зохистой харьцахад нөлөөлнө. Энэхүү суралцахуйн чиглэл нь хүүхдийн сониуч байдал, сонирхлыг тогтвортой хөгжүүлэхэд ашиглах өргөн боломжтой.
Математикийн энгийн төсөөлөл
Математик нь хүүхдэд өдөр тутмын амьдралд тоог ашиглах, цаг хугацаа, орон зайн байрлалын туршлага хуримтлуулах, тоглох байдлаар хөгжилтэйгээр эд зүйлсийг хэлбэр дүрс, хэмжээ, өнгө, жингээр нь ялгах, таамаглах, харьцуулах, дараалуулах, хэмжих зэргээр математик сэтгэлгээнд суралцах боломж олгоно.
Хөгжим, дүрслэх урлаг
Хөгжим, дүрслэх урлаг (зурах, барих, наах, урлан\зохион бүтээх) нь хүүхдэд хорвоо ертөнцтэй илүү нарийн танилцах, хүрээлэн буй орчныхоо юмс, үзэгдэл, үйл явдлын талаар олж мэдсэн зүйлээ боловсруулж, өөрийнхөө санаагаар бүтээлчээр илэрхийлэх, урлагийн сайхныг мэдэрч таашаах, баясах боломж олгодог. Хөгжим нь хүүхдийн сонсголын нарийн чадвар, дуу хоолой эсвэл хөгжмийн зэмсэг эзэмших чадварыг хөгжүүлээд зогсохгүй хүүхдийн оюун ухаан, зүрх сэтгэлд нөлөөлж, хүүхдийн оюуны чадамж, сэтгэлийн тэнцвэрт байдлыг дэмждэг.
Дүрслэх урлаг нь хүүхдэд бие даан ажиллах түүнчлэн өөрийгөө "үр бүтээлтэй байж чаддаг", бүтээлч, чадварлаг гэдгээр мэдрэх боломжийг олгодог. Тэд бүтээлээрээ өөрсдийн хүсэл, сэтгэж бодсон зүйл, уран дүрслэл (фантази)-ээ илэрхийлж, бусадтай хувааалцах боломжтой. Зурах, урлан бүтээх үйлээр хүүхэд зөвхөн цаас, харандаа, будагтай харьцах бус тэдэнд элс, талбай, самбар дээр зурах, шавраар барьж байгуулах, гарын доорх материал (картонон хайрцаг, өнгийн цаас, утас, уяа гэх мэт), байгаль (навч, боргоцой, үр жимс гэх мэт)-ийн материалаар урлан бүтээх зэрэг өргөн боломж олгодог.
Нийгэмшихүйн чадамж
Хүүхэд нээлттэй, хүлээцтэй байх, бусдыг хүндэтгэх, өр нимгэн байх зэрэг үнэт зүйлийн суурь, харилцааны хэм хэмжээ эзэмших, мэдрэмжээ ялгах, ойлгох, янз бүрээр илэрхийлэх, зохицуулах болон бусадтай харилцахдаа өөрийн хүсэл, хэрэгцээг илэрхийлэх, өөрийгөө бусдын оронд тавьж, тэдний хэрэгцээ, хүслийг өөрийн үйл ажиллагаандаа харгалзан үзэх, зөрчилдөөнтэй үед шийдэл хайх, олох мэдлэг, чадвар, хандлага үүнд хамрагдана. Сэтгэлийн хөдөлгөөн болон нийгэмшихүйн чадамж нь ямагт хоорондоо харилцан нөлөөлж байдаг тул ихэвчлэн холбоотойгоор авч үздэг.
“Зөөлөн ур чадвар” чухлаар шаардагдах болсон өнөө цагт энэхүү суралцахуйн чиглэлийн ач холбогдол улам нэмэгдэж байна. Энэ суралцахуйн чиглэл нь дангаараа бус бусад суралцахуйн чиглэл болон хүүхдийн өдөр тутмын бүхий л амьдралаар дамжин хэрэгждэг нийлмэл зүйл тул “чадамж” хэмээн нэрлэв.
Н.Норжхорлоо