Төсөлд суурилсан суралцахуйн үндсэн 6 зарчим (үргэлжлэл)

Хүүхэд төвт, тэдний сонирхон судлах эрмэлзлийг өдөөдөг, амьдралд ойр, бусадтай хамтран ажил үйл гүйцэтгэхэд дадлагажуулдаг чухал арга бол төсөлд суурилсан суралцахуй билээ. Төсөлд суурилсан суралцауйн явц, үр дүнг тодорхойлдог гол зарчмуудын үргэлжлэлтэй танилцана уу.

Төсөлд суурилсан суралцахуйн үндсэн зургаан зарчим: Судлан шинжлэх суралцахуй, Бодит амьдралын холбоо, Хамтын ажиллагаа ба багын ажил, Суралцагчдын дуу хоолой ба сонголт, Эргэцүүлэл ба эргэх холбоо, Жинхэнэ үнэлгээ. Энд дээрх 6 зарчмын сүүлийн 3-ыг нь нийтэллээ.

 

4. Суралцагчдын дуу хоолой ба сонголт

Суралцагчдын дуу хоолой ба сонголт нь төсөлд суурилсан суралцахуйн философийн гол хэсэг бөгөөд суралцагчдад ямар туршлага эзэмшиж байгаагаа хянах боломжийг олгодогоороо чухал. Энэ нь суралцагчдыг төслийнхөө удирдамж, ашиглах арга барил, эцсийн бүтээгдхүүнийнхээ талаар шийдвэр гаргахад зоригжуулж дэмждэг.

Суралцагчдыг чадваржуулахын ач холбогдол

Суралцагчдад санаа бодлоо илэрхийлэх, сонголт хийх боломж олгосноор тэд өөрийн хариуцлагаа мэдрэхийн дээр сэтгэлээсээ хийж бүтээх эрмэлзэлтэй болдог. Суралцагчид юу сурч, хэрхэн сурч байгаа талаар саналаа хэлэх тохиолдолд суралцаж буй зүйлийнхээ агуулгатай идэвхтэй ажиллаж, ажилдаа бахархалтай ханддаг. Энэхүү бие даасан байдал нь суралцагчдад сонголтуудаа үнэлж үзэх, үндэслэлтэй сонголт хийх, төслийнхөө үр дүнд хариуцлага хүлээх боломж олгож, улмаар тэдний шүүмжлэлт сэтгэлгээ, шийдвэр гаргах чадвар хөгжихэд дэмжлэг үзүүлдэг.

Суралцах явц дахь суралцагчдын бие даасан байдал нь нэн ач холбогдолтой болохыг судалгаанууд онцолсоор байна. Deci, Ryan (2000) нарын өөрийгөө тодорхойлох онолын судалгаанаас үзэхэд суралцагчид сургалтын орчинд бие даасан байдлаа мэдэрснээр илүү урам зоригтой, идэвх санаачлагатай байж, сурлагын академик амжилт нь илүү сайн байсан. Суралцагчдын дуу хоолой, сонголт нь хувь хүнд тохирсон, утга учиртай суралцах туршлагыг бий болгодгоороо төсөлд суурилсан суралцахуйн салшгүй хэсэг юм.

Суралцагчдын дуу хоолой ба сонголтын жишээ

Бага сургуулийн багш сурагчдаас эрүүл мэндтэй холбогдох өөрсдийн сонгосон аль нэг сэдвээр олон нийтэд сурталчилгаа явуулах кампанит ажил өрнүүлэхийг хүссэн төсөл явуулжээ. Сурагч буюу сурагчдын бүлэг бүр хоол тэжээл, дасгал хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд гэх мэт өөрт таалагдах сэдвээ сонгон, кампанит ажлынхаа хэлбэрийг товхимол, видео бичлэг эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах эсэхээ шийддэг. Энэхүү ажил нь сурагчдад сонирхолтой сэдвээ судлах, бүтээлч чадвараа ашиглан санаагаа өөрт тохирсон байдлаар илэрхийлэх боломж олгоно.

Шүүмжит шинжилгээ

Суралцагчдын дуу хоолой, сонголт нь тэднийг хүчирхэгжүүлдэг хэдий ч тэнцвэртэй байдлыг шаарддаг. Хэт их эрх чөлөө нь зарим суралцагч, ялангуяа бие даан суралцахад дадаагүй суралцагчдыг дарангуйлдаг. Иймд багш суралцагчдын сонголт нь тухайн суралцагчид нийцэж байгаа, эсэхийг анзаарч, үйл ажиллагааг нь сургалтын зорилттой нийцүүлэн чиглүүлнэ. Багш сурагчдын бие даасан байдлын янз бүрийн түвшинд тохируулан шаардлагатай бол ялгавартайгаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

 

5. Эргэцүүлэл ба эргэх холбоо

Эргэцүүлэл ба эргэх холбоо нь төсөлд суурилсан суралцахуйн салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь суралцагчдад суралцах үйл явц, үр дүнгийн талаар эргэн харах, шүүмжлэлтэй хандах боломжийг олгодог. Эргэцүүлэл гэж суралцагчид юу сурсан, хэрхэн сурсан, цаашдаа юуг өөрөөр хийж болох талаар бодохыг хэлнэ. Багш болон үе тэнгийнхэн нь суралцагчид ажлаа сайжруулах, ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг болох бүтээлч санааг санал болгохыг эргэх холбоо гэнэ.

Суралцах явц дахь эргэцүүллийн үүрэг

Эргэцүүлэн бодох нь суралцах үйлийг гүнзгийрүүлэх хүчирхэг хэрэгсэл юм. Суралцагч эзэмшиж буй туршлагаа эргэцүүлэн бодох цаг гаргаснаар өөрсдийн давуу талыг тодорхойлох, сайжруулах шаардлагатай талбаруудыг таньж мэдэх, суралцах үйл явцынхаа янз бүрийн талуудын хоорондын уялдаа холбоог хангах боломжтой. Энэхүү мета танин мэдэхүйн үйл явц нь суралцдыг сурч боловсроход зоригжуулж, бэрхшээлийг саад тотгор биш харин ахиж дэвших боломж гэж үзэж, өөрийгөө хөгжүүлэх  сэтгэлгээг төлөвшүүлдэг.

Судалгаанаас үзэхэд боловсрол дахь эргэцүүллийн үнэ цэнийг онцолж байна. Schön (1983) эргэцүүлэн бодох практикт хийсэн судалгаагаараа эргэцүүлэн бодох нь мэргэжлийн чадамж, ур чадварыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай болохыг тогтоожээ. Эргэцүүлэн бодох нь хүүхдэд төслийн хүрээнд олж авсан сургамжийг өөртөө шингээж  тогтооход тусалдаг. Энэ нь илүү утга учиртай, үлдэцтэй ойлголтод хүргэдэг.

Эргэцүүлэл ба эргэх холбооны жишээ

Үүнд STEM-ийн багш суралцагчид сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийн загвар зохион бүтээх инженерийн төслийг санал болгож болно. Суралцагчид эргэцүүлэн бодож хэлэлцүүлэгт оролцон, юу нь сайн болсон, ямар бэрхшээл тулгарсан, цаашдын давталтуудад загвараа хэрхэн сайжруулах талаар бодож үзнэ. Тэд мөн үе тэнгийнхэн, багш нараасаа гаргасан саналыг хүлээн авч, өөрсдийн загвараа мэргэжилтнүүдийн зөвлөлд танилцуулахаас өмнө сайжруулна.

Шүүмжит шинжилгээ

Эргэцүүлэл ба эргэх холбоо нь хэдийгээр суралцахад маш чухал боловч тэдгээрийг төсөлд суурилсан суралцахуйн үйл явцад зориуд бодлоготойгоор авч үзэх шаардлагатай. Багш төслийн явцад болон дараа нь суралцагчдад эргэцүүлэн бодох боломжуудыг байнга бий болгож, утга учиртай эргэцүүлэн бодоход нь туслахуйц тодорхой чиглүүлэг өгөх хэрэгтэй. Гаргасан саналууд нь цаг үеэ олсон, тодорхой, бүтээлч байх ёстой бөгөөд зөвхөн эцсийн бүтээгдэхүүнд төдийгүй суралцагчдын зорилгодоо хүрэхийн тулд явуулсан үйл явцад анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Эерэг үнэлгээ болон бүтээлч шүүмжлэлийг тэнцвэртэй байлгах нь суралцагчдын  сэдэл, урам зоригийг хадгалахын зэрэгцээ  үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахад тустай.

 

6. Жинхэнэ үнэлгээ

Жинхэнэ үнэлгээ нь суралцагчдын ажлыг бодит стандарт, шалгуурт үндэслэн үнэлэхийг чухалчилдаг төсөлд суурилсан суралцахуйн зарчим юм. Тест, тааварт тулгуурладаг уламжлалт үнэлгээнээс ялгаатай нь жинхэнэ үнэлгээгээр суралцагчдын ажил нь бодит амьдралд хэрхэн тусгалаа олж байгааг үнэлдэг. 

Жинхэнэ үнэлгээний ач холбогдол

Жинхэнэ үнэлгээ нь суралцагчдын юу мэддэгийг бус, харин тэдний мэдлэг, ур чадвараа ач холбогдолтой нөхцөлд хэрхэн ашиглаж байгааг хэмждэг тул төсөлд суурилсан суралцахуйн зорилготой нягт нийцдэг. Энэ төрлийн үнэлгээ нь суралцагчдын ажлын үйл явц, үр дүнг хоёуланг нь үнэлдэг тул суралцагчдын сурлагын амжилтын талаар илүү үнэн зөв, иж бүрэн дүр зургийг өгдөг. Энэ нь мөн суралцагчдыг цогц, бодит ажлуудад татан оролцуулж, илүү өндөр түвшний сэтгэн бодох чадварыг шаардан гүнзгий суралцахад түлхэц өгдөг.

Судалгаа нь суралцагчдын суралцах амжилтыг сайжруулахад жинхэнэ үнэлгээ нь үр нөлөөтэйг харуулдаг. Wiggins (1998) судалгаагаараа жинхэнэ үнэлгээний аргаар үнэлэгдсэн сурагчид уламжлалт аргаар үнэлсэн сурагчтай харьцуулахад мэдлэгээ илүү сайн ойлгож, хадгалж чаддаг болохыг харуулсан. Жинхэнэ үнэлгээ нь суралцагчдыг шүүмжлэлтэй сэтгэх, асуудлыг шийдвэрлэх, ангиас гадна бодит үнэ цэнтэй бүтээл гаргахад сэдэлжүүлж нөлөөлдөг.

Жинхэнэ үнэлгээний жишээ

Суралцагчид гарааны компанид зориулж бизнес төлөвлөгөө зохиох төсөл ажил явуулж болно. Үнэлгээ нь бичгээр үйлдсэн бизнес төлөвлөгөө, санхүүгийн дүн шинжилгээ, танилцуулга зэрэг олон бүрэлдэхүүн хэсгийг хамарна. Суралцагчид бизнес санаа нь хэрэгжүүлэх боломжтой эсэх, илтгэлийн ойлгомжтой, үнэмшилтэй байдал, санхүүгийн төсөөлөл нь зөв эсэх зэрэг жинхэнэ бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын ашигладаг шалгуурт үндэслэн үнэлнэ.

Шүүмжит шинжилгээ

Жинхэнэ үнэлгээ нь олон давуу талтай боловч хэрэгжүүлэлт, тууштай байдлын хувьд сорилттой байдаг. Бодит амьдралын стандартыг үнэн зөв тусгасан жинхэнэ үнэлгээг бий болгох нь нарийн төлөвлөлт, тухайн сэдвийн талаар гүнзгий ойлголттой байхыг шаарддаг. Багш бүх сурагчдад үнэлгээг шударга, тэгш байлгахад ялангуяа төслүүд нь хамрах хүрээ, цогц байдлын хувьд харилцан адилгүй байвал хэцүү байж магадгүй.

Багш төсөл тус бүрд ил тод, тууштай хэрэгжих тодорхой хүснэгт, шалгууруудыг боловсруулах шаардлагатай.

 

Орчуулсан Н.Норжхорлоо

Эх сурвалж: Rajeev Ranjan (2024). SIX Core Principles of Project-Based Learning (PBL). https://www.linkedin.com/