Хоёр настнууд нэг ангид хэдүүлээ байх ёстой вэ?
Хүүхдийн хөгжил, боловсрол төрөхөөс эхэлнэ. Иймд сургуулийн өмнөх боловсролыг төрөхөөс сургуульд элсэх хүртэлх насанд эзэмшинэ гэж улс орнууд үздэг. Бид ч тэгж үзсээр ирсэн. Манай уламжлалт сэтгэлгээнд хүүхдийг бүр төрөхөөс нь өмнө эхийн хэвлийд бүрэлдэх үеэс сайн хүн болоход нь анхаарч, хүүхэд төрөхөд "хий нас"-тай буюу нэг нас хүрсэн гэж үздэг.
Гурав хүртэл насны хүүхдийн хөгжил төлөвшил яагаад чухал вэ?
Гурав хүртэл нас бол хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа, тархины хөгжил эрчимтэй явагддаг, түүнчлэн болно, болохгүйг мэддэг болох, харилцаа, хооллолт, ундлалт, хөдөлгөөн, эрүүл ахуйн зарим хэвшил дадал эзэмших зэргээр төлөвшлийн суурь тавигддаг чухал нас. Жишээлбэл, 3 хүртэл насанд хүүхдийн тархи эрчимтэй хөгжиж, хэмжээ нь насанд хүрэгчдийн тархины 80%-д хүрдэг ажээ (Arizona State University. 2017.)
Бид ямар уламжлалтай вэ?
Манай улс 1985 оноос эхлэн Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалтын хөтөлбөр (АБЯ. 1985)-төө 3 хүртэл насны хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх зорилго, агуулгыг тусган хэрэгжүүлж ирсэн. 3 хүртэл насныхныг асарч халамжлах, хөгжүүлж төлөвшүүлэхийн тулд 1970-аад оны дундаас дагнасан яслиас гадна “Ясли, цэцэрлэгийн комбинат” хэмээх яслийн бүлэгтэй цэцэрлэгүүдийг байгуулж ажиллуулсаар ирсэн билээ. Энэ нь хүүхдийн хөгжил төлөвшилд сайнаар нөлөөлөхөөс гадна балчир насны хүүхэдтэй эцэг эхчүүд, ялангуяа ээжүүдэд хөдөлмөр эрхлэх боломжийг олгож ирснээрээ нийгэмд нэн ач холбогдолтой байв.
Нэг багшид хэдэн хүүхэд ногдох нь зохистой вэ?
Цэцэрлэг, яслийн нэг ангид хэдэн хүүхэд байх, өөрөөр хэлбэл нэг багшид хэдэн хүүхэд ногдох нь үйл ажиллагааны чанарт нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл болохыг олон улсын судалгаагаар тогтоогдсон байдаг (Martin R. Textor). Гурав хүртэл насныхан, тухайлбал, 2 настнууд нэг багшид хэдэн хүүхэд ногдодгийг тив тус бүрээс нэг улсаар төлөөлүүлэн авч үзье.
Тайлбар: Сингапурт хүүхэд 18-30 сартай бол нэг багшид 8 хүүхэд, 30-36 сартай бол нэг багшид 12 хүүхэд ногддог байна.
Нэг багшид хэдий чинээ цөөн хүүхэд ногдоно төдий чинээгээр хүүхэд болон багшид ээлтэй бөгөөд хүүхдэд чанартай үйлчилгээ үзүүлж, эрүүл өсөн бойжих, хөгжиж төлөвшихөд нь хамгийн сайнаар нөлөөлөх боломж бүрддэг байна. Манайд 2 настнууд нэг ангид хэдүүлээ байх ёстойг тогтоосон дүрэм журам хэр үндэслэлтэй бөгөөд хэрхэн хэрэгждэг юм бол?
Н.Норжхорлоо
Эх сурвалж:
1. АБЯ. 1985. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалтын хөтөлбөр (Нэмэлт өөрчлөлт оруулсан хоёр дахь хэвлэл). АБЯ-ны Сурах бичиг, сэтгүүлийн нэгдсэн редакци. Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн комбинат. Улаанбаатар
2. Arizona State University. 2017. Early childhood brain development has lifelong impact.https://azpbs.org/2017/11/early-childhood-brain-development-lifelong-impact/
3. Bertelsmann Stiftung. 2013. Betreuung in Krippen und Kindergärten: Eine Erzieherin, neun Kinder.
4. JoBeth Williams. 2019. Teacher-Child Ratios in Singapore Preschools: What Do They Mean and What Is An Optimal Number?
https://www.mindchamps.org/blog/singapore-preschool-teacher-child-ratio/
5. Martin R. Textor. Qualität von Kindertageseinrichtungen-Internationale Forschungsergebnisse. KiTa Handbuch. https://www.kindergartenpaedagogik.de/fachartikel/qualitaet-und-qualitaetssicherung/qualitaet-standards-forderungen-studien/363
6. The National Quality Framework. 2016. Educator to child ratios. Australia. https://www.acecqa.gov.au/nqf/educator-to-child-ratios
7. U.S. Department of Health and Human Services. Administration for Children and Families. Ratios and Group Sizes. Washington, DC. https://www.childcare.gov/index.php/consumer-education/ratios-and-group-sizes