Хүүхдийг хэдийд технологитой танилцуулах вэ?
Технологи нь суралцах, сургах үйл ажиллагааг сайжруулахад улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгааг бид харж байна. Багш, боловсролын байгууллагуудын хувьд энэ нь илүү сайн, илүү шинэлэг заах аргыг нэвтрүүлэхэд хэрэгтэй. Хүүхдүүдийн хувьд технологи нь ангид болон хичээлээс гадуур бүтээлчээр туршиж суралцах үүд хаалгыг нээж өгдөг. Гэхдээ бага насны хүүхэд хэдийд технологийг суралцахуйн хэрэгсэл болгон ашиглах нь тохиромжтой вэ? Хөгжлийн эгзэгтэй энэ үе шатанд байгаа хүүхдүүдийн сурч боловсрох, өсөж хөгжихөд технологи ямар нөлөө үзүүлдэг вэ, хүүхэд бүр технологиос хэрхэн ашиг тус хүртэх вэ?
Эдгээр асуулт нь MEST Africa (Африк дахь технологийн бизнес эрхлэгчдийн сургалтын хамгийн том төвүүдийн сүлжээ)-тай Mastercard сан хамтран сургах ба суралцахад технологийг ашиглах талаар EdTech платформоор явуулдаг шүүмжлэлтэй яриа хэлэлцүүлгийн нэгэн гол цэг байлаа.
Үүнд эцэг эх, эрүүл мэндийн мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч, бодлого боловсруулагчид хүүхдэд технологи нэвтрүүлэхийн ашиг тус, айдас, нөлөөллийн талаар санал бодлоо хуваалцсан юм.
Аль нас технологи ашиглахад тохиромжтой болон юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Ихэнх эцэг эхийн хувьд технологи нь амьдралын зайлшгүй нэг хэсэг болсон тул хүүхдэд түүнийг ашиглахыг өдөөх хөшүүрэг болжээ. Гэсэн хэдий ч хүүхдийн аюулгүй байдал, ёс суртахууныг алдагдуулахгүйгээр сурч боловсроход нь технологийг нэвтрүүлэх хамгийн тохиромжтой цаг хугацааны талаар хуваагдмал байр суурьтай байна.
Эцэг эх (Afawubo Twum-Ampofo): “Миний хувьд хүүхдэд интернет, технологийн төхөөрөмж ашиглуулахыг 2+ наснаас л шийдэх болно.”
Өөр нэг ээж (Kukua Apenteng): “Хүүхэд технологийн төхөөрөмжийг ашиглах хамгийн тохиромжтой нас нь 5 нас, учир нь энэ насанд хүүхэд хүрээлэн буй орчинтой харьцах болон интернетэд ороход хангалттай чадвар эзэмшсэн байна гэж үздэг”. Гэхдээ тэрбээр хүүхдийнхээ интернетэд юу үзэж байгааг хянах боломжгүй тул хэт донтох, бодит амьдралын туршлагаас холдох вий гэж санаа зовдогоо илэрхийллээ.
Экспертүүд юу гэв?
Тархи-сэтгэл судлал (Brain & Mind Centre)-ын клиникийн сэтгэл судлаач, доктор Абишай Анлимах (Abishai Anlimah) эл асуудлаар Америкийн Хүүхдийн эмнэл зүйн Академиас гаргасан судалгааны үр дүнг дурдаад, хүүхэд технологи ашиглахад насны онцлогт нь тохирсон хязгаарлалт хийх шаардлагатайг ярив. Тэрбээр “Төрснөөс хойш 18 сар хүртэлх хугацаанд эцэг эх хүүхдэд дэлгэц үзүүлэх, таблет өгөхгүй байхыг хатуу анхаарна. Хүүхэд 18-аас 24 сартай байх үед өдөрт 30 минутаас дотогш хугацаанд зурагт үзүүлэх болон бусад төхөөрөмж дээр технологи ашиглаж болно. Дараа нь 2-оос 5 насанд хүүхэд эдгээр технологийн төхөөрөмж дээр нэг цагаас илүү цаг зарцуулахгүй байх хэрэгтэй. 6-12 насныханд эцэг эх энэ хугацааг өдөрт 1-ээс 2 цаг хүртэл сунгаж болно.” гэж ярилаа.
Тэрбээр цааш нь эцэг эхчүүд хүүхдээ ямар хугацаагаар технологи хэрэглэхэд сургаж, хүүхдийнхээ цахим үйл ажиллагааг ажиглаж, хянахын тулд үргэлж хамт байлцаж байх ёстойг онцолсон. Эрүүл мэндийн шинэ нээлтүүд тархи 18-24 нас хүртэл бүрэн хөгждөггүйг харуулж байгаа тул энэхүү хяналт зайлшгүй шаардлагатайг дурдаад “Тиймээс эцэг эх тархины хөгжилд нөлөөлж болзошгүй зарим төхөөрөмж, контентоос болгоомжлох хэрэгтэй» гэж нэмж хэлэв.
Альфа Бета боловсролын төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, доктор Наоми Агьепон (Naomi Agyepong): “Хүүхэд бүрийн хөгжлийн үндсэн зорилго нь тэднийг нийгэмшил, бие бялдар, ёс суртахууны хувьд хөгжүүлэхэд оршино. Youtube дээрх видео бичлэг, апп, бусад онлайн хэрэглүүрийн аль нь ч бай хүүхдийг суралцахад хэрэгтэй технологитой танилцуулахдаа сурган хүмүүжүүлэгчдийн анхаарах ёстой гол зүйл бол хүүхэд түүнээс үр шимийг нь хэрхэн хүртэх талаар бодох хэрэгтэй. Жишээлбэл, багш, эцэг эх, асран хамгаалагчид зааж буй зүйлийг бататгахын тулд видео эсвэл дуу зэрэг туслах материалыг ашиглаж болох юм.”
Хэрэглээг хэрхэн баталгаатай байлгах вэ?
Гана зэрэг дэлхийн ихэнх хэсэгт сургалтын технологийн дэд бүтэц, төхөөрөмжүүдийн хүртээмж нь хүүхдийг сургахад гол үүрэг гүйцэтгэдэг. Доктор Агьепонг (Agyepong): “Багш сургалт явуулахад туслах технологийн төхөөрөмжтэй байх нь асар их өөрчлөлтийг авчирдаг ч байгалийн шинжлэх ухаан зэрэг хичээлийг явуулахад хүүхдийн хүрээлэн буй орчны судалгаа, сониуч зан чухал байдаг.”
ЮНЕСКО-гийн Гана улсын комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Ама Серва Неркуае-Тетти: “Сургалтын материалын ихэнх нь бусад орноос гаралтай байдаг тул хүүхдүүд гадны соёлд автахгүйн тулд өөрийн орны контентыг бий болгож хадгалах шаардлагатай. Хэрэв гадны контент манай сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг байх юм бол бид өөрсдийн дуу, түүхийг онлайнаар олж авах боломжтой байхад анхаарах шаардлагатай” хэмээн ярилцлагыг төгсгөв.
Орчуулсан: П.Жаргал
Эх сурвалж: When is the right time to introduce kids to technology for learning?
Written by MEST Africa. 2022