Хүүхэд үнэт зүйлийг хэрхэн эзэмшдэг вэ?

Хүүхдэд үнэт зүйлийг хэрхэн эзэмшүүлэх асуудлаар олон жил ажилласан ХБНГУ-ын Бавар мужийн Мертинген хотын бага ангийн багш Жулиа Шлимокын зөвлөмжийг орчуулан Танд хүргэж байна. Энэ нь манай цэцэрлэгийн болон бага ангийн багш нарт нэг бус нэлээд хэдэн зүйлийг бодогдуулах болов уу.

БЕРЛИН. Саксон-Анхалт (Sachsen-Anhalt) дахь тосгоны бага сургууль эсвэл өнөөгийн Берлин-Нойкөллн (Berlin-Neukölln) хотын бага сургуульд байна уу ялгаагүй: Олон багш дүрэм журмыг үл тоомсорлож, өөрсдийгөө хязгаарлахыг зөвшөөрдөггүй сурагчдын зан үйлд бууж өгсөөр байдаг.  Бага сургууль нь хүүхдэд үнэт зүйл эзэмшүүлдэгээрээ үнэхээр чухал үүрэг гүйцэтгэдэг. Баварын бага сургуульд олон жил үнэт зүйлийн боловсролыг хариуцаж ажилласан багш  Жулиа Шлимок (Julia Schlimok) үнэт зүйлийн боловсрол нь зөвхөн эцэг эхтэйгээ хамтран ажилласнаар амжилтад хүрнэ гэж үздэг. Зан харилцааны хэм хэмжээ, үлгэр дууриаллын тухай яриаг хүргэе. Энэхүү нийтлэл нь анх “Бага сургууль” (Grundschule) сэтгүүлийн 2017/10 дугаарт нийтлэгджээ.

Энэ асуудлаар олон жилийн туршлагатай багш юу зөвлөв?

Үнэт зүйлийн боловсрол

Мертинген (Mertingen) хотын бага сургуульд арван жил бага ангийн багшаар ажилласан Жулиа Шлимок "Олон нийтийн хэлэлцүүлэгт хүүхэд залуучуудын үнэт зүйл алга болсоор байгаа нь нэн таагүй үзэгдэл бөгөөд үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар үргэлж яригддаг"-ыг ажиглажээ. Үүний зэрэгцээ нийгэм дэх хамтын амьдрал таатай сайхан байхад нийгмийн хэм хэмжээнд тулгуурласан үнэт зүйлийн боловсролын эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэх болсныг анзаарсан.

Жулия Шлимокийн хувьд сурагчдын өдөр тутмын амьдралд үнэт зүйл чухал ач холбогдолтой бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд  эцэг эх- гэр бүлээс гадна багш нар гол үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь тодорхой байсан. Тийм ч учраас Баварын бага сургуулийн багш нар аав, ээж нартайгаа нягт хамтран бага сургуульд үнэт зүйлийг хэрхэн эзэмшүүлж болох вэ гэсэн асуултыг байнга өөртэй тавьдаг.  

Жулиа Шлимокийн хэлснээр сургуулийн хувьд хамгийн түрүүнд хийх зүйл бол эцэг эхчүүдтэй нэгдмэл чиг шугамаа тодорхойлох явдал юм. "Эцэг эхтэйгээ зорилго нэгтэй байгаарай" гэдэг нь түүний үнэт зүйлийн боловсрол бол урт хугацаанд явагдана гэсэн зөвлөмж юм. Тэд хамтдаа ямар үнэт зүйлийг хүүхдэдээ эзэмшүүлэх вэ гэдэгт санаа нэгдэн тохиролцох хэрэгтэй. Үүнийг оролцогчдын дунд явуулах санал асуулга эсвэл эцэг эхийн хурлын хүрээнд хийж болно, энэ явцад мөн багш өөрийн туршлагаас тайлбарлаж ярилцана.

Үнэт зүйлээ тогтоох

 

Дараагийн алхамд энэ үйл явцад сурагчдаа татан оролцуулна. Хэрэв бүх хүүхэд, багш нар заавал дагаж мөрдөх ёстой гэсэн үнэт зүйлийг бүхий л сургуулийнхаа хэмжээнд боловсруулсан байвал илүү сайн. Сургууль бүр ямар үнэт зүйлийг сонгохоо өөрөө шийдэх бөгөөд сонголтын шийдвэр нь сургуулийн онцлог (сургуулийн оршин байгаа газар эсвэл гадаад сурагчдын тоо хэмжээ гэх мэт) болон оролцогчдын хувийн хүсэлтээс хамаарна.

Жулиа Шлимок өөрөө сурагчид болон эцэг эхчүүдийнхээ дунд ямар үнэт зүйлийг онцгой  ач холбогдолтой гэж үзэж байгаа талаар асуулга явуулсан байна. Үүний үр дүнд гэр бүлийн бүх гишүүд санал нийлж болохуйц есөн үнэт зүйл бүхий жагсаалт гаргажээ. Гэхдээ тэдгээрийн ач холбогдлын тайлбарыг хийгээгүй:

  1. шударга
  2. үнэнч
  3. найдвартай
  4. хариуцлага
  5. эелдэг
  6. хүндэтгэл
  7. тусч
  8. хүлээцтэй байдал
  9. дэг журам

 

Гэхдээ Жулиа Шлимок энэхүү үнэт зүйлсийн жагсаалт нь зөвхөн ажлын эхлэл юм гэдгийг онцолсон. Учир нь үнэт зүйлийн боловсролын тухайд энэ тогтсон зан үйлийн хэм хэмжээг олон дахин тууштай дагаж мөрдөх шаардлагатай. Сурагчид үнэт зүйлд чиглэсэн харилцаа өөрсдөд нь болон эргэн тойрны хүмүүст ямар нөлөөтэй болохыг илүү сайн мэдрэх ёстой. Багш “сурагчид зөвхөн яагаад гэдгийг ухамсарласан тохиолдолд л үнэт зүйлд чиглэсэн хувь хүний төлөвшил нь яваандаа ач тустай байх болно” хэмээн тайлбарлав.

Үлгэр дуурайл үзүүлэх

Мэдээж, энэ бүх зүйл эхлээд онол байдлаар сонсогдох боловч багш хэрхэн хүүхдэд шууд мэдрүүлэн ажиллаж болохыг харуулсан практик жишээнүүдтэй. Тэрээр ярихдаа: Ялангуяа өдөр тутмын харилцаанд болон өдөр тутмын амьдралд үнэт зүйлийг мэдэрч олж харах боломж үргэлж байдаг. Жишээлбэл, найдвартай байдлыг авч үзье: Багш сурагчдын гэрийн даалгаврыг тогтмол шалгаж, цэвэр, бүрэн дүүрэн байдлыг нь үнэлж байх шаардлагатай. Тэгэхээр сурагчийн гүйцэтгэлийг аль болох товчхон дурдаж хэлэх боломж бий.  Ингэснээр хүүхдэд найдвартай байдлыг нь үнэлж байгаа сэтгэгдэл төрүүлнэ.

Гэхдээ хамгийн чухал зүйл нь багш нар үлгэр дуурайллынхаа нөлөөллийг ухамсарладаг байх шаардлагатай. Ялангуяа бага насны суралцагчид зан үйлдээ өөрийнхөө хүндэтгэдэг хүмүүсийн үлгэр жишээг даган дуурайх дуртай байдаг. Жишээлбэл, эмх цэгцийн талаарх ойлголт:  Багш нар өдөр бүр аливаа зүйлээ эмх цэгцтэй байлгах, өөрөөр хэлбэл ширээн дээрээ бичиг цаасаа овоолж үлдээхгүй байх, өөрийн ажлын байраа тогтмол цэгцтэй байлгадагаа харуулах. Мөн багш амьдрал дээрээ тусч байдлыг үг хэл, үйлээрээ харуулах эсвэл эелдэг байдлыг эзэмшүүлэхдээ “болох уу”, “баярлалаа” зэрэг харилцааны эелдэг үгсийг өдөр тутам хэрэглэх. Эдгээр нь жижиг зүйл мэт боловч хүүхдэд нөлөөтэй бөгөөд багш ажилдаа түүртэн хэрэглэхгүй, анзаарахгүй өнгөрөх нь бий.    

Дадал заншил (rituals)-ыг бий болгох

Дадал заншил нь хамгаалагдсан байдлыг бий болгож, айдас хүйдсийг бууруулдаг. Энэ нь сургууль дээрх хүмүүсийн өдөр тутмын харилцан үйлчлэлийг зохицуулдаг. Жулиа Шлимокын хэлснээр “Дадал заншлыг нэвтрүүлэх нь их цаг хугацаа, эрч хүч шаарддагийг багш бүр мэддэг. Гэхдээ энэ нь зохион байгуулалтын үүднээс өдөр тутмын амьдралыг илүү хялбар болгодог. Жишээлбэл, дадал заншил тогтсоноор чимээгүй тайван байдал бий болж, улмаар хичээлийн үнэ цэнэтэй цагийг хэмнэдэг." Тиймээс тэрбээр тохиолдол бүрт ямар дадал заншлийг хэрэгжүүлэх нь хүссэн зорилгодоо хүрэхэд тус болохыг сайтар бодож үзэхийг зөвлөж байна.

Түүний сурагчиддаа эзэмшүүлдэг дадал заншил:

Хүснэгт 1: Сургууль дээрх дадал заншил (Эх сурвалж: Julia Schlimock)

Төсөлт ажил төлөвлөх - Жишээ

Уг нь үүнээс гадна төсөлт ажлын хүрээнд үнэт зүйлийн боловсролыг сурагчид, эцэг эх, багш нар, сургуулийн удирдлагатай хамтдаа гүнзгийрүүлэх нь зүйтэй. Ийм төслийн агуулгыг сурагчид түүнчлэн эцэг эхчүүдийн хувийн эрэлт хэрэгцээнд нь хамааралтай болгоорой. Үнэт зүйлээ сонгоод, түүнийгээ батжуулахад илүү их хичээгээрэй гэж Жулиа Шлимок зөвлөж байна.

Жишээлбэл, өөрийгөө сайн сайхан байлгах уриан дор эсвэл үнэт зүйлийн боловсролын янз бүрийн чиглэлтэй холбоотой, хувь хүний ​​хөгжлийг дэмжсэн ямар нэг харилцааны сэдвээр  ажиллаж болох юм. Уриа буюу сэдвийг сонгохдоо сурагчдын төлөөлөл, эцэг эхийн зөвлөл, сургуулийн үнэт зүйлийн боловсролын асуудал хариуцсан ажилтан, багш нарын баг гэх мэт янз бүрийн бүлгүүдийг оролцуулах хэрэгтэй. Оролцогчид бүгдээрээ тухайн уриан\сэдэв дээр хэр зэрэг хугацаанд ажиллаж болохыг авч үзнэ. Жишээлбэл, сайн сайхан байх уриан дор долоо хоног эсвэл сарын турш ч анхаарч ажиллаж болно. Бага сургуулийн багш нар уриаг янз бүрээр томьёолж болно:  “Анхаарал халамж, эелдэг байдал үргэлж ялдаг!”,  Хэрэв чи ямар нэг хаалгаар орвол арын хүндээ хаалгаа үргэлж нээлттэй байлгаарай." “Эелдэг байхын тулд бид бие биетэйгээ мэндлэхдээ нүд рүү нь заавал харцгаая!” Хичээлийн жил бүрд зарим нь өөрчлөгдөхгүй хэвээр байна, жишээлбэл,“Бид хоорондоо эелдэгээр ярилцая, үргэлж БАЯРЛАЛАА, УУЧЛААРАЙ гэсэн үгсийг ашиглая”

Жулия Шлимокийн хэлснээр харилцаатай холбоотойгоор сонгосон сэдэв дээр идэвхтэй хамтран ажиллах нь чухал юм: Хэрэв энэ нь сургууль дотор эсвэл ангид ямар нэгэн нөлөөлөлгүйгээр зүгээр л өлгөөтэй байвал сурагчид үүнийг авч үзэхгүй. Жишээлбэл, тухайн сэдэв, уриан дээр ажиллахдаа ангийн хамт олон болон ангиас гадуурх хүмүүсийн дунд хэр зэрэг хэрэгжиж байгааг дахин дахин авч үзэж байх шаардлагатай. “Болох уу”, “баярлалаа” гэсэн үгсийг утга учиртай хэрэглэж байна уу, мөн завсарлагаанаар? Хичээл дуусахад хүн бүр хог цаасаа цэвэрлэж байна уу? Сурагчид харилцан бие биеэсээ туслалцаа хүсэж байна уу? гэх мэтээр.

 

Эх сурвалж:

Julia Schlimok. (2018). Wie lernen Kinder Werte? Was eine erfahrene Lehrerin, die sich seit langem damit beschäftigt, empfiehlt. https://www.news4teachers.de/2018/05/wie-lernen-kinder-werte-was-eine-erfahrene-lehrerin-die-sich-seit-langem-damit-beschaeftigt-empfiehlt/