Цэцэрлэгт хүүхдийг ажиглах, баримтжуулах гэж юу вэ?
Ажиглалт, баримтжуулалт нь цэцэрлэг болон багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь болдог тул багшийн зайлшгүй гүйцэтгэх нэгэн чухал үүрэг юм. Иймд ихэнх улс орон бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөртөө ажиглалт, баримтжуулалтыг тусгасан байдаг. ХБНГУ гэхэд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хуулиндаа ажиглалт, баримтжуулалтыг багшийн зайлшгүй гүйцэтгэх үүрэгт ажил гэж зааж, тодорхойлсон байдаг ажээ.
Багш хүүхэд бүрийн суралцаж, хөгжиж төлөвшиж буй үйл явцыг системтэй ажиглаж баримжуулна. Системтэй ажиглалт гэдэг нь хүүхдийг янз бүрийн нөхцөл байдал (ангид, гадаа талбайд, үзвэр үйлчилгээний газарт; ганцаараа эсвэл бусадтай хамтран гүйцэтгэх үйлийн явцад гэх мэт)-д, төрөл бүрийн үйл ажиллагаа (тоглоом, сургалт, зугаалга, хөгжөөн баясгах ажил гэх мэт)-ны явцад тогтмол явагдах ажиглалтыг хэлнэ. Мэргэжлийн хүмүүсийн хийсэн ажиглалт, баримтжуулалт, түүнд хийсэн дүн шинжилгээнээс тухайн байгууллагын үйл ажиллагааны чанарыг харж болно.
Ажиглалт гэж юу вэ?
Ажиглалтын зорилго нь хүүхэд бүрийн хувийн боломж, онцлог, сонирхол болон хөгжлийн үйл явцыг тогтсон цаг хугацаанд анхаарсны үндсэн дээр тухайн хүүхдэд юу хэрэгтэй байгааг мэдэж, түүнийгээ тусган ажиллах, эцэг эхтэй мэдээлэл солилцоход оршино (Senatsverwaltung fuer Bildung, Jugend und Sport. 2004). Багш юун түрүүнд хүүхдийн зан чанар, гүйцэтгэж буй үйл, сэтгэл санааны байдал, чадвар, чадамж (хэл ярианы чадамж, хөдөлгөөний чадамжгэх мэт) суралцах хүсэл эрмэлзэл, бусадтай харилцах харилцаа зэрэгт онцгой анхаарал хандуулна.
Багш ажиглалт явуулахдаа аль нэг хүүхэд эсвэл хэд хэдэн хүүхдэд зориуд анхаарлаа хандуулж мэдэрнэ. Мөн зориуд бусаар анзаарагдсан онцлог зүйлийг тусган авч, тэмдэглэх тохиолдол ч бий.
Ажиглана гэдэг нь хүүхдийг, тухайлбал түүний зан харилцаа, бусадтай зохицож буй байдал, оролдлого, тулгарсан асуудлаа давж гарч буй байдал, орчноо нээж таньж мэдэж, ойлгож буй байдлыг илүү эрчимтэй анхаарна гэсэн үг. (Kazemi-Veisari. 2004. Zitiert in Kindergarten heute. 2016; Kinder beobachten und ihre Entwicklung dokumentieren. wissenkompakt. S.6. Verlag Herder) |
Хүүхдийг ажиглахдаа багш тэднийг аль болох мэдрэхийг зорино. Мэдэрнэ гэдэг нь хүүхдэд хүндэтгэлтэй хандаж, тэднээс ирж буй мэдээлэл нь юуг илэрхийлээд байна вэ гэдгийг ойлгоход оршино. Үүний тулд багш тухайн хүүхдээс ирж буй мэдээлэлд хариу үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ үзсэн, сонссон зүйлийнхээ талаар хүүхэдтэй ярилцаж тодруулах зэргээр хүүхдийн дотоод ертөнцийг нээх оролдлого хийж, зан үйлийнх нь үндэслэлийг олохыг хичээнэ.
Ямар ажиглалт хамгийн үр дүнтэй байдаг вэ?
- Цаг хугацаанд баригдаагүй
- Ямар нэг хүлээлтгүй
- Дарамт шахалтгүй
- Тогтмол явагдсан
- Янз бүрийн нөхцөл байдал болон төрөл бүрийн үйл ажиллагааны явцад хийгдсэн
Жишээлбэл, цэцэрлэгийн удирдлага багшид “Нэг сарын дотор бүх хүүхдээ ажигласан бай” гэсэн шаардлага тавибал энэ нь цаг хугацаанд баригдсан, хоёрдугаарт дарамт шахалттай тул бодитой бус ажиглалт болох магадлалтай.
Багш ажигласан зүйлтэйгээ холбогдуулан дараах асуултыг өөртөө тавьж ажиллана. Юу анзаарагдав?, Энэ нь юу гэсэн үг вэ?, Тэгвэл би түүнтэй яаж ажиллах вэ?
Баримтжуулалт гэж юу вэ?
Ажиглалт нь баримтжуулалттай салшгүй холбоотой. Ажиглалт, баримтжуулалтаар багшид хүүхэд бүрийн суралцахуйн үйл явц буюу хөгжил төлөвшил ямар түвшинд байгааг мэргэжлийн түвшинд тогтоох, сурган хүмүүжүүлэх ажлаа эргэцүүлэн сайжруулах, тухайн хүүхдэд тохирсон оновчтой хариу үйлдэл үзүүлж, хөгжлийн түвшин, сонирхолд нь нийцүүлэн ажиллах боломж бүрддэг.
Баримтжуулалт нь мөн хүүхэд бүрийн сэтгэл санаа, хөгжил төлөвшлийг ил тод, ойлгомжтой болгодог. Чөлөөт болон системтэй ажигласан үр дүнгээ аль алиныг нь баримтжуулна. Баримтжуулалт нь хүүхдийн хөгжил төлөвшлийн ахиц дэвшлийг үнэлэх нотолгоо болдог.
Баримтжуулалт гэж ажигласан зүйлээ бичгээр болон зураг, бичлэг зэргээр буулгаж, системтэйгээр нэгтгэж эмхэтгэх үйл явц. |
Баримтжуулалтад дараах зүйлсийг хамруулан ойлгож болно. Жишээлбэл,
- Ажиглалтын бичиж авсан тэмдэглэл, фото зураг, соронзон бичлэг
- Хүүхдийн бүтээл, аль болох бүтээлийнхээ талаар хэлж ярьсан зүйлсийн хамт
- Тодорхой үйл ажиллагаа эсвэл үйл явдлын зураг, тайлбартайгаа
- Хүүхдийн үйл ажиллагааны видео болон аудио бичлэг, тэдгээр нь бичгээр үйлдсэн тайлбартай байвал сайн
- Хүүхдийн хэлсэн үг, ярьсан онцлог санаа, үлгэр, өгүүллэг, шүлэг, хүүхдүүд болон хүүхэд багшийн хоорондох ярилцлага зэргийн тэмдэглэл буюу аудио, видео бичлэг
- Хүүхдээс тавьсан асуултуудын тэмдэглэл (Энэ нь багшид сургалтын ажлаа төлөвлөхөд ихээхэн тустай.)
Ажиглалт, баримтжуулалт нь багшид дараах боломжийг олгодог.
- Хүүхэд цэцэрлэгийн орчинд тав тухтай байгаа эсэхийг мэдэх
- Хүүхдэд тав тух, таатай сайхан байдлыг бий болгох
- Цаашдынх нь хөгжилд шаардлагатай зүйлсийг сурч эзэмшсэн эсэхийг тогтоох
- Өөрийнхөө сурган хүмүүжүүлэх ажлыг эргэн харах
- Нэг буюу хэд хэдэн хүүхэд эсвэл ангийнхаа бүх хүүхдийг илүү зорилтот хэлбэрээр дэмжих
- Эцэг эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Оношилгоо, эмчилгээний тусгай арга хэмжээ шаардлагатай хүүхдэд дэмжлэг үзүүлэх, тухайлбал, хэл яриа, хөдөлгөөн хоцрогдол гэх мэт.
Түүнчлэн ажиглалтын хуудсын дагуу явагддаг ажиглалт нь янз бүрийн харьцуулалт (нас, хүйс; хот, хөдөө; улс, хувийн цэцэрлэг гэх мэт.) хийх боломж олгодог.
Н.Норжхорлоо