Чөлөөт ажиглалтыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Чөлөөт ажиглалт бол цэцэрлэгт явагддаг хамгийн түгээмэл ажиглалт. Энэ нь урьдчилан тодорхойлсон шалгуур буюу тодорхой чиглэл, асуултын дагуу явагдахгүй. Хүүхдийн зарим зан үйл, үйл явдлыг зөвхөн чөлөөт ажиглалтаар л олж илрүүлэх боломжтой.

Оролцоотой болон оролцоогүй ажиглалт гэж бий. Жишээлбэл, хэрэв багш ажиглалтын үед хүүхэдтэй тоглонгоо ажиглавал энэ нь оролцоотой ажиглалт болно. Багш хүүхдэд ямар нэг нөлөө үзүүлэхгүй, өөрийг нь ажиглаж байгааг анзаарахгүй тохиолдолд тэд өөрийнхөөрөө байж, зан аашаа харуулж, чөлөөтэй тоглож нааддаг. Тэгэхээр тухайн хүүхдийн онцлог, нийтлэг дүр төрхийг илрүүлэхэд оролцоогүй ажиглалт зохилох байрыг эзэлнэ.  

Чөлөөт ажиглалт гэж хүүхэд бүрд (өргөн утгаар бол юмс, үзэгдэлд) мэдрэмжтэй хандан, тэдний үг яриа, үйлдлийг агуулгын ямар нэг шүүлтүүргүйгээр тусган авах үйл явц.

Багш чөлөөт ажиглалтаар хүүхэд өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны явцад юу хийж, яаж тоглож, биеэ хэрхэн авч явж, ямар зан ааш гаргаж байгаа, хөгжилд нь ямар онцлог зүйл анзаарагдсаныг хөндлөнгөөс оролцохгүйгээр тусган авч, тэмдэглэнэ.

Чөлөөт ажиглалт нь хүүхдийг таньж мэдэх, онцлогийг тодорхойлоход олон давуу талыг агуулдаг бөгөөд зарим хязгаарлагдмал талтай (B.Nagel. 2014 ).  

Давуу тал

  1. Нээлттэй, агуулгын шалгуургүй
  2. Хүүхдийн талаар үнэн зөв мэдээлэл авч болдог
  3. Үйл явцыг харж болдог
  4. Тодорхой үйлийн сэдэл болж өгнө
  5. Ажиглалтыг явуулахад харьцангуй амар
  6. Ажлынхаа явцад хийж болдог
  7. Төдийлөн их цаг шаарддаггүй 
  8. Хэл яриагаар илүү тодорхой мэдээлэл авч болдог
  9. Тухайн хүүхэд бүрт (эсвэл бүлэгт) чиглэсэн ажиглалт явуулж болдог.
  10. Хүүхэд тухайн зүйлийг хэрхэн хийж байна вэ гэдгийг харж болдог.    
  11. Байнгын ажиглалт, тэмдэглэлээс хүүхдийн хөгжлийн чиглэлүүдээр тодорхой загвар гарч ирдэг.
  12. Хүүхэд тус бүрт тохирсон сургалт хүмүүжлийн ажил явуулах боломж олгодог.

Хязгаарлагдмал тал

  1. Ажиглагчийн нөлөө орох магадлалтай
  2. Цогц бус, түгээмэл төлөөлөл бага
  3. Дүн шинжилгээ хийхэд ачаалалтай
  4. Хүүхдийн хөгжил/суралцахуйн талаар мэдлэг шаарддаг

Анхаарах зүйлс

Багш хүүхдийг ажиглахдаа дараах зүйлийг анхаарна.  

  1. Харсан, сонссон зүйлээ “эшлэл” хэлбэрээр, яг хүүхдийн хэлсэн, ярьснаар нь бичнэ. Мөн үг, хэллэг, агуулгын алдаа, нүүрний хувирал, дохио зангаа, биеийн хэлэмжийг тусган авч, тэмдэглэнэ. Жишээлбэл, хүүхэд эд зүйлсийг оноож тоолохдоо 1,2,3,5,6,10 гэж тооллоо гэж бодъё. Тэгвэл хүүхдийг үгүйсгэхгүй, хэлснээр нь л тэмдэглэж авна.
  2. Өөрийн дүгнэлт, санаа бодлыг бичихгүй. Жишээлбэл, “Туяа Сүрэнд дургүй” гэвэл дүгнэлт болно. Харин Туяа Сүрэн рүү “Би чамд дургүй” гэж хэлэв гэвэл эшлэл хэлбэртэй бөгөөд бодитой ажиглалт болно.
  3. Ажиглалт тухайн үйл ажиллагаатай зэрэгцэн явагдах бөгөөд тэр мөчид хүүхдийн хийсэн, хэлсэн зүйлсийг тусган авна. Ажиглалт бүр огноотой байна.
  4. Ажигласан зүйлээ тухайн үед нь тэмдэглэн бичнэ. Хэрэв багш эхлээд гол санааг тэмдэглэсэн бол ажигласнаа мартахгүйн тулд нэн даруй томьёолон бичнэ. Ингэснээр оролцоогүй хүмүүст ажиглалт ойлгомжтой болно.
  5. Чөлөөт ажиглалтын тэмдэглэл бүр (ялангуяа дутагдалтай талыг агуулсан)-ийг хүүхдийн Хувийн хавтасд хийхгүй. Харин хүүхдийн үндсэн өгөгдөлтэй файлд оруулж болно. Энэ нь багш тухайн хүүхэдтэй ажиллахад өөрт нь суурь мэлээлэл болон ашиглагдана.
  6. Ажиглалт болон ажигласан зүйлдээ эргэцүүлэл, дүгнэлт хийх хооронд их цаг хугацаа алдахгүй байх. Ажиглаж тэмдэглээд л орхичихвол тухайн нөхцөл байдлыг мартахын зэрэгцээ ажиглалтын дараа хүүхдэд үзүүлэх нөлөөлөл хомс болно.
  7. Ажиглалтынхаа талаар хамт ажиллагсадтай (ээлжийн багш, туслах багш, арга зүйч гэх мэт)-гаа ярилцаж байх. Тэд бодож байгаагаас тань өөрөөр тайлбарлаж, ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар санаа, сэдэл өгч магадгүй.

 

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

Nagel, B. (2014). Beobachtung und Dokumentation. MNUE. Ulaanbaatar.