Шоог ашиглах нь

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Чулуунчимэг: Шоог бүх суралцахуйн чиглэлээр ашиглах боломжтой. “Цэцэг” сэдвийн хүрээнд бүтээсэн шоо болон үүнтэй холбоотойгоор төлөвлөж явуулсан зарим үйл ажиллагаагаа танилцуулъя.

Үйл ажиллагаа 1 (Хэл яриа)

  1. Зургаас юу харж байгаа талаарх хүүхдийн сэтгэгдлийг сонсоно.
  2. Бадамлянхуа цэцэг хаана (усан дээр) ургадаг тухай ярилцана.
  3. Цэцгийн нэрийг хэн зөв дуудав? (нэрлүүлнэ)
  4. Бадамлянхуа цэцгийн зурагтай карт эвлүүлж тоглоно.

 

Үйл ажиллагаа 2  (Математикийн энгийн төсөөлөл)

  1. Зургийг ажиглаад бадамлянхуа цэцгийг ялгаж, нэрлэнэ.
  2.  Цэцгийн дэлбээг тоолно.
  3. Зургаас өдөр, шөнийн ялгааг олж заана, нэрлэнэ.
  4. “Цэцэг унтлаа” хөдөлгөөнт тоглоом тоглоно. (Цэцэг шөнө унтана, дэлбээгээ хумина. Өдөр сэрнэ, дэлбээгээ дэлгэнэ.)

 

Үйл ажиллагаа 3  (Байгаль нийгмийн орчин)

  1. Зургийг ажиглан байгальд ургадаг болон тасалгааны цэцгийг ялгаж хэлнэ.
  2. Тасалгааны цэцгийн ач холбогдлын талаар ярилцана.
  3. Тасалгааны цэцэг үрслүүлнэ.

    • Хэрэглэх зүйлсээ бэлтгэнэ. (сав, хөрс, үр, ус)
    • Хэн, ямар цэцэг үрслүүлэхээ сонгоно. Сонгосон цэцгийн үр нь бусад үрээс ямар ялгаатайг хэлнэ.
    • Хэрхэн үрслүүлэхээ ярилцана (савандаа хэр хэмжээний хөрс хийх, үрээ хэр гүн суулгах, хэрхэн услах гэх мэт)
    • Үрслүүлсэн сав бүрдээ өөрийн нэр эсвэл таних тэмдгээ наана.
    • Хүүхэд бүр тарьсан үрээ усалж арчилж байх бөгөөд хэд хоногийн дараа хэний үр ургаж гарч ирэхийг хэлнэ, тэмдэглэнэ.  

 

Үйл ажиллагаа 4 (Хөгжим, дүрслэх урлаг)

  1. Бадамлянхуа цэцгийг шооны талууд дээр зурна.
  2. Хэн хэдэн цэцэг, ямар өнгөөр хэрхэн зурснаа бусдад танилцуулна.

 

Үйл ажиллагаа 5 (Хөгжим, дүрслэх урлаг)

Ая З.Хангал, Үг З.Түмэнжаргал

“Алтан зул” дууг сурцгаана.

 

Үйл ажиллагаа 6 (Хөдөлгөөн, эрүүл мэнд)

Хөгжмийн аянд болон хөгжимгүйгээр төрөл бүрийн хөдөлгөөнт тоглоом тоглоно. Жишээлбэл, “Цэцэг болцгооё” – Хөгжмийн аянд:  4-5 хүүхэд цэцгийн цомирлог болно. Бусад нь 4-5-уулаа гар гараасаа барин цэцгийн дэлбээ болж, цомирлогийн гадна талд цэцгийн дэлбээ үүсгэн сууцгаана.

Зарим ажиглалтаас

Энжи 4 нас 9 сартай

Энжи тоглоомыг хараад эхэндээ сонирхохгүй, “Энэ ямар цэцэг бэ?” гэсэн асуултад хариу өгөхгүй тоглоомыг хараад л байв. Тоглоом эргээд өөр дүрс гарч ирэхэд баярлан, асуултад хариулж эхэлсэн.Тэрбээр миний туслалцаагүй тоглохыг илүүд үзэж байсан. Энжи цэцэгтэй шоогоор ганцаараа 16 минут тоглов.

Учрал 4 нас 6 сартай охин

Хоёулаа усанд дээр ургадаг цэцгийн тухай тоглоом тоглох уу? гэж асуухад Учрал “Усан дээр үү? гээд гайхаж, инээмсэглэв. Түүнд салфетик дээр цэцэг зураад дээрээс нь ус хийхэд цаас хөвөн гарч ирэхэд зурсан цэцэг тодорч байгааг харуулсан. Учрал түүнийг хараад, “Юу бэ? Нэг л ойлгохгүй байна даа” гээд нүдээ томруулан сонирхов.

 

Хүүхдийн үйл ажиллагаанаас

 

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Чулуунчимэг