Явцын үнэлгээ гэж юу вэ?

Багшийн өдөр тутам болон аль нэг сэдвийн хүрээнд төлөвлөсөн үйл ажиллагаануудын зарим нь сонирхолтой, өгөөжтэй байдаг ч зарим нь санасанд хүрдэггүй. Тэгэхээр багш өөрийн туршлага, арга барил болон хүүхдүүд ямар эрэлт хэрэгцээ, сонирхол, бэрхшээлтэй байгааг эргэн харж, тохируулга хийх хэрэгтэй болдог. Үүнд явцын үнэлгээний мөн чанар оршино. Хүүхэд өөрт хэрэгцээтэй, зохицсон дэмжлэг, чиглүүлэг авсан тохиолдолд л сайн суралцдаг. Дэмжлэг туслалцаа хэтэрвэл дутсантай адил хортой.

Боловсролын нэр томьёо, концепт, стратегийг тайлбарладаг “Боловсролын шинэчлэлийн толь” байгууллагаас “Явцын үнэлгээ нь багш олон төрлийн арга хэрэглэн ээлжит хичээл, нэгж хичээл болон улирлын явцад сурагчдын ойлголт, суралцах хэрэгцээ болон сурлагын ахиц дэвшлийн үйл явцыг үнэлэхэд чиглэнэ. Явцын үнэлгээ нь багшид сурагчдын ойлгоход хэцүү байгаа ухагдахуун, эзэмшихэд хүндрэлтэй байгаа чадвар мөн суралцахуйн хараахан хүрч амжаагүй стандартыг тодорхойлоход тусалдаг бөгөөд үүгээрээ хичээл, багшлах арга техник, сурагчдын суралцахад үзүүлэх дэмжлэгт тохируулга хийх боломж олгодог” (The Glossary of Education Reform. 2014) гэжээ. Сургуулийн өмнөх боловсролын түвшинд дээрх тайлбарын “ээлжит хичээл” гэснийг “өдөр тутмын хичээл болон бусад үйл ажиллагаа”, “нэгж хичээл”-ийг “тодорхой сэдэв буюу төсөлт ажил дээр ажиллах үеийн бүхий л үйл ажиллагаа”, “сурагч”-ийг “хүүхэд” хэмээн ойлгон хэрэгжүүлж болно.

Явцын үнэлгээ гэж багш хүүхдийн байгаа байдал болон тэдний суралцаж буй үйлийн талаар мэдээлэл цуглуулж, цаашид хүүхдийн суралцах үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх шинэ боломжуудыг олж төлөвлөх үйл явц юм.

Явцын үнэлгээгээр хүүхдийн хөгжил төлөвшлийн ахиц өөрчлөлт илэрч харагдана. Явцын үнэлгээ нь багшид хүүхдийн суралцахуйн хэрэгцээ, бэрхшээлийг тодорхойлоход туслахаас гадна хүүхэд бүрийн сул, давуу талыг олж мэдэх боломж олгодог. Энэхүү үнэлгээ нь бага насны хүүхдэд чанартай боловсрол олгох суурь дэвсгэр нь юм.

АНУ-ын Оклахома мужийн цэцэрлэг (preK)-ийн багш Ходжесын явцын үнэлгээний арга барилаас: 

Би хичээлийн жилийн туршид өдөр бүр албан бусаар явцын үнэлгээ хийдэг. Явцын үнэлгээ нь сургалтын зайлшгүй хэсэг бөгөөд миний өдөр тутмын, долоо хоног болон сарын сургалтын төлөвлөгөөтэй уялдаатайгаар бий болсон. Би хүүхдийг ажиглаж, тэдэнтэй харилцаж байхдаа тэд ямар чадвар, ойлголтой, хэнд нь илүү их цаг зарцуулах хэрэгтэйг харж чаддаг. Мөн хүүхэд бүрийн суралцахуйд илүү дэмжлэг үзүүлэхийн тулд хүүхдийн амжилт, хэрэгцээ, гүйцэтгэл, зан байдал, нийгэмшихүйн чадвар, сонирхол, ерөнхий ахиц дэвшлийн талаар мэдээлэл цуглуулдаг (Rori Hodges.2020).

Явцын үнэлгээ нь багшид өөрийн дадлага туршлага, явуулж буй үйл ажиллагааныхаа агуулга, арга барилыг эргэцүүлэн бодож, өмнө нь харж, хийж байсан зүйлээ алхам алхмаар сайжруулах боломж олгодог. Ийнхүү багш явцын үнэлгээний мэдээлэл дээр тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөн явуулж, хүүхэд бүрийн хөгжил төлөвшлийг ахиулдаг. Багш цаашилбал, ангийн хүүхдүүд маань сургалтын хөтөлбөрт заасан хүрэх түвшинд очиход хэр зайтай байна, мөн тэд аймаг, дүүрэг, улсын хэмжээнд хүүхдүүдийн хөгжлийн хаана нь байгаа бол гэсэн асуулттай тулгарна. Энэхүү асуултын хариултыг багш үр дүнгийн үнэлгээнээс олж харна.    

Үргэлжлүүлэн үр дүнгийн үнэлгээний талаар өгүүлэх болно.

Н.Норжхорлоо

 

Ашигласан материал

1. The Glossary of Education Reform. 2014. https://www.edglossary.org/formative-assessment/

2. Rori Hodges.2020. View from the classroom: Formative assessments in early childhood education. https://ies.ed.gov/ncee/edlabs/regions/southwest/blogs/swece2-formative-assessment.aspx