Үр дүнгийн үнэлгээ гэж юу вэ?

Сургуулийн өмнөх боловсролын багш нарт явцын үнэлгээгээний явцад ажиглалтын тэмдэглэлүүд, фото зураг, хяналтын хуудсын тэмдэглэгээ, хүүхдийн бүтээлүүд, эцэг эхээс өгсөн мэдээлэл гэх мэт тухайн хүүхдийн суралцаж буй байдал, хөгжил төлөвшлийн талаар олон мэдээлэл цуглардаг. Багш хүүхэд бүрийн нийтлэг дүр төрх болон тодорхой цаг хугацааны дараа тухайн хүүхдийн ахиц дэвшил (мөн ухралт ч байж болно)-ийг тодорхойлохын тулд  тэрхүү бүх мэдээллээ нэг дор нэгтгэн ашиглах ёстой.

Манай СӨБ-ын багш нар цуглуулсан баримт, мэдээллээ тухайн хүүхэд суралцахуйн чиглэл бүрээр сургалтын хөтөлбөрт заасан хүрэх түвшний хаана нь байгааг дүгнэж бичих, ажиглалт-хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийх зэргээр өөр өөрийнхөөрөө ашиглаж ирсэн. Харин багш нарт тэрхүү цуглуулсан мэдээлэл буюу “нотлох баримт”-уудаа нэгтгэн дүгнэхэд чиглүүлэг болох “Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудас”-ыг 2016 оноос хэрэгжиж эхэлсэн “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-тэй хамтатган гаргаж өгсөн байдаг. Энэ нь багш нарын хүүхэд бүрийнхээ хөгжил төлөвшлийн үр дүнг үнэлэхэд нийтээр хэрэглэх ажлын багаж хэрэгсэл нь ажээ. Үр дүнгийн үнэлгээ (summative assessment)-гээр хүүхдийн нэг бүрчилсэн мэдлэг, чадвар бус суралцахуйн эцсийн үр дүн болох тэд сургалтын хөтөлбөрийн зорилго буюу хүрэх түвшний хаана нь байгаа, холбогдох чадамжуудыг ямар түвшинд эзэмшсэнийг үнэлнэ.

Үр дүнгийн үнэлгээ гэж тодорхой цаг хугацааны дараа хүүхэд хэр сурч, хөгжиж төлөвшнийг олон эх сурвалжаас цуглуулсан баримтуудаас "нэгтгэн дүгнэх" үйл явц.

Энэхүү үнэлгээ нь суралцах үйлд чиглэх бус, харин сурсан байдлын үнэлгээ юм. Сурагчдын хувьд анги төгсөх шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалт, жолооны курст суралцагчийн төгсөлтийн шалгалт зэрэг нь үр дүнгийн үнэлгээний жишээ юм. Багш хэсэг хугацаа (улирал, хичээлийн жил,  семестр гэх мэт)-ны дараа суралцагч юу сурсныг үр дүнгийн үнэлгээгээр тодорхойлно.

Зөвхөн ажиглалтаар л бага насны хүүхдийн чадамжийн жинхэнэ бодит дүр зургийг гаргаж ирж болдог тул үр дүнгийн үнэлгээ нь янз бүрийн нөхцөл байдалд, төрөл бүрийн үйл ажиллагааны явцад хийсэн ажиглалт дээр суурилна.  

Манай орны хувьд СӨБ-ын багш нар үр дүнгийн үнэлгээг хичээлийн жилийн төгсгөлд хийвэл илүү зохистой нь практикаас харагддаг. Хичээлийн жилийн туршид байгууллага дотроо тогтсон хугацаа (3 сар тутамд ч юм уу)-нд цугларсан баримтууд, дүн шинжилгээгээ нэгтгэж  байвал хичээлийн жилийн төгсгөлд хүүхэд бүрийн сонирхол, хэрэгцээ, чадамжийн дүгнэлт гаргахад хялбархан болно. Ийнхүү багш байнгын ажиглалт, ажиглалтын тэмдэглэл, хяналтын хуудас, хүүхдийн гүйцэтгэсэн ажлын жишээ, фото зураг, өөрийн эргэцүүлэл, эцэг эхээс авсан мэдээлэл гэх мэт зүйлсийг нэгтгэн дүгнэснээр тэдгээр нь утга учиртай, хоорондоо хамааралтай болж, эцэг эхчүүдэд хүүхдийнх нь талаар товч, ойлгомжтой мэдээлэл өгөх боломж бүрдэнэ. Ингэснээр эцэг эх ч хүүхдээ аль чиглэлээр хэрхэн дэмжиж хөгжүүлэх талаар илүү тодорхой ойлголттой болно.

Үр дүнгийн үнэлгээнд хүүхдийн байгаа байдал, бодит дүр төрх харагдахаас гадна цаашид тухайн хүүхдийн сурч боловсрох үйлийг хэрхэн дэмжих, өргөжүүлэх алхмууд мөн тусна. Хүүхэд бүрийн үр дүнгийн үнэлгээнд тулгуурлан багш ангийнхаа нийт хүүхдийн чадамж ямар байгаа, тэд аль чадамжаараа сайн, аль чадамжаараа тааруу байгааг нэгтгэн дүгнэх боломжтой бөгөөд ингэснээр  дараагийн хичээлийн жилийн төлөвлөлтийн шинэ үе шат эхэлнэ.   

 Явцын болон үр дүнгийн үнэлгээний ялгаа юунд орших вэ?

Тогооч шөлийг амталж үзэх нь явцын үнэлгээ. Үйлчлүүлэгч

шөлийг амтлах нь үр дүнгийн үнэлгээ юм. Пол Блэк (Paul Black)

Явцын үнэлгээ нь багшлах, суралцах үйл явцтай холбогддогоороо үр дүнгийн үнэлгээнээс ялгаатай. Үр дүнгийн үнэлгээнээс сургалтын тодорхой хугацааны дараа хүүхэд юу сурсан, сургалтын хөтөлбөр хэр үр нөлөөтэй хэрэгжиж байгааг олж харах боломж олддог.

Бага насны хүүхдийн явцын болон үр дүнгийн үнэлгээний ялгааг харуулъя.

Явцын үнэлгээ

Үр дүнгийн үнэлгээ

Хүүхдийн суралцах үйлд чиглэж, яаж суралцвал илүү өгөөжтэйг тодорхойлно.

Сургалтын тодорхой хугацаанд хүүхэд юу сурсныг тодорхойлно. 

Хүүхдийн суралцах үйл явцад бараг өдөр бүр тохиолдоно.

Тодорхой цаг хугацааны дараа хийгдэнэ.

Ихэвчлэн тухайн үеийн салангид мэдлэг, чадварыг үнэлнэ.

Хэсэг хугацааны дараа хүүхдийн нийтлэг хөгжил төлөвшил (жишээлбэл, чадамжууд)-ийг үнэлнэ.

Хүүхдэд тухайн цаг хугацаанд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд чиглэнэ. 

Өгсөн дэмжлэг, туслалцаа хэр оновчтой, үр нөлөөтэй байсныг үнэлнэ.

Ихэвчлэн албан бус арга, техникийг ашиглана (асуулт тавих, тоглоом тоглуулах гэх мэт).

Албан ёсны хэмжилт, үнэлгээний техниктээ ихэвчлэн тоон өгөгдлийг ашиглана (Jennifer Prescott. 2022).

Гэхдээ явцын болон үр дүнгийн үнэлгээ нь тэс өөр зүйл биш бөгөөд аль аль нь хүүхдийн хөгжил төлөвшлийн үйл явцын цаашдын төлөвлөлтөд хэрэглэгддэг, хүүхэд бүрийг дэмжихэд чиглэдэг, багшид хүүхэдтэй ажиллах арга барилаа сайжруулахад тусалдаг. Явцын үнэлгээний мэдээллийг үр дүнгийн үнэлгээнд ашигладаг тул энэ хоёр үнэлгээг хооронд нь холбон хэрэглэнэ. 

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

Jennifer Prescott (2022). Formative vs. Summative Assessment in the Classroom. https://www.hmhco.com/blog/difference-between-formative-vs-summative-assessment-in-classroom

Нүүр зураг:

Learning at City. University of London. https://blogs.city.ac.uk/learningatcity/tag/summative-assessment/