“Хувийн хавтас” сэдвээр эцэг эхийн хурал хийхэд

Цэцэрлэгийн багш нарын хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх үндсэн арга нь ажиглалт бөгөөд ажигласан зүйлсээ ажиглалтын тэмдэглэл болон Хувийн хавтас (Portfolio)-ын материалаар баримтжуулдаг. Манай цэцэрлэгийн багш нар хүүхэд бүрийн Хувийн хавтсыг эцэг эх болон тухайн хүүхэдтэй өөртэй нь хамтран бүрдүүлж байгаа билээ. Энэ нь хүүхэд өөрийн давуу тал, сурч хөгжиж байгаагаа мэдрэх, цаашдынхаа суралцах үйлд санаа, сэдэл авах, эцэг эхийн хувьд хүүхдийнхээ суралцаж хөгжиж байгаа талаар илүү тодорхой мэдээлэлтэй болох, хүүхдэдээ хэрэгцээтэй дэмжлэг үзүүлэх  ач холбогдолтой.

Хувийн хавтас бүрдүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан энэ сэдвээр эцэг эхийн хурал хийхэд ашиглах зарим санааг энд нийтэллээ.

Эцэг эхтэй хийх ярилцлагын эхлэл

Эцэг эхтэй хийх ярилцлагаа аятай эхлэх нь хамтын ажиллагааны үр дүнд сайнаар нөлөөлнө. Та дараах аргыг хэрэглээд үзээрэй.

“Таны хүүхдийн хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?”

Эцэг эх бодож байгаад хүүхдийнхээ хамгийн сайн чаддаг зүйлийг тарааж өгсөн жижиг цаасан дээр бичнэ. Бичсэн зүйлээ хуйлаад нарийхан уяагаар уяж, бэлтгэсэн цаасан хайрцганд хийнэ. Цаасан харцагнаас эцэг эх бүр нэг бичгийг сонгож аваад бусдадаа уншиж танилцуулна. Төгсгөлд нь эцэг эх дараах асуултын дагуу ярилцана. Хүүхдүүд юу юуг хамгийн сайн хийж чаддаг юм шиг байна? Та өөрийн хүүхдийнхээ дуртай, сонирхдог зүйлийг мэддэг үү? 

Алдаа (дутагдал-г олж засварлахын оронд хувь хүний ​​давуу тал дээр анхаарлаа төвлөрүүлэх нь илүү үр дүнд хүргэдэг. Иймд эцэг эх хүүхдийнхээ дуртай, сонирхдог зүйл, давуу талыг мэдэж, дэмжиж ажиллах нь чухал. Энэ талаар эцэг эх зөвхөн багштай мэдээлэл солилцох бус хүүхэдтэйгээ ярилцаж байх шаардлагатай.

“Миний хамгийн гоё бүтээл” үзэсгэлэн

Эцэг эхийн анхаарлыг Хувийн хавтас руу чиглүүлэхийн тулд та хурлын өмнө ангийнхаа хүүхдүүдтэй тохиролцож, хамтдаа ээж аавдаа зориулан дараах бэлтгэл ажлыг хийж болно. Хүүхэд бүр өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээрээ үзэсгэлэн гаргахад хувь нэмрээ оруулна. Үүнд зурсан зураг, урлаж бүтээсэн зүйл (эсвэл түүнийх нь фото зураг) гэх мэт өөрийнхээ саналаар хийсэн хүүхдийн ямар ч бүтээл байж болно. Эцэг эх тэрхүү үзэсгэлэнг үзнэ. Энэ явцад эцэг эхэд хүүхэд бүрийн сонирхол, давуу тал, суралцах үйл явц харилцан адилгүй тул өөрийнхөө хүүхдийн бүтээлийг бусад хүүхдийнхтэй харьцуулж дүгнэж болохгүй гэдгийг хэлнэ.  

Хувийн хавтсын ач холбогдол

Хувийн хавтас хүүхдэд ямар ач тустай талаар мэдээлэл солилцоно.

  1. Хүүхэд өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж байгааг таньж мэднэ.
  2. Хүүхэд багаасаа өөрийнхөө давуу тал, дуртай зүйлээ мэддэг болно.
  3. Хүүхэд бие даан ажиллаж сурна, бүтээж, хийж буй зүйлээ эргэн харж, эрэгцүүлэн боддог болно.
  4. Хүүхдэд цаашдынхаа хийх зүйлийг сонгох, сэдэл авахад тустай.  

 

Хувийн хавтсын сэдвүүд  

Манай цэцэрлэгийн багш нар хүүхдийн Хувийн хавтсыг янз бүрийн сэдэв буюу бүрэлдэхүүн хэсэгтэйгээр бүрдүүлэн ашиглаж байна. Энд зарим хувилбарыг жишээ болголоо. Өөрсдийн хуримтлуулсан туршлага болон дараах жишээнүүдээс санаа авч, Хувийн хавтас ямар бүрэлдэхүүн хэсэг\сэдэвтэй байж болох талаар танилцуулга бэлтгэн, эцэг эхчүүдэд танилцуулна. Мөн эцэг эхчүүдийн гаргасан саналыг хамтдаа ярилцаж болно.

Хувилбар 1: (bibernetz.de)

  1. “Миний дуртай зүйлс”

Хүүхэд багшийнхаа тусламжтайгаар дуртай зүйлээ нэрлэнэ. Дуртай өнгө, амьтан, хоол, хийх дуртай зүйл гэх мэт. Түүнийг нь зургаар баяжуулан илэрхийлж болно.

  1. Энэ миний хөрөг
 Хүүхэд тухайн үед өөрийгөө ямар байгааг зурна. Зурсан зургуудыг нь 
он, сар (мөн хэдэн нас, хэдэн настайдаа зурсныг)-аар дараалуулан 
байрлуулна.  
  1. “Би, манай гэр бүл”

Гэртээ хэн хэнтэй амьдардаг. Гэртээ болсон чухал үйл явдлуудыг зурсан зургаараа мөн фото зургаар тайлбарын хамт оруулж болно.    

  1. “Миний байх дуртай газар”

Гадаа талбай, биеийн тамирын зал, номын төв ч юм уу?   

  1. “Миний сайн хийж чаддаг зүйлс”

Дуулах, бүжиглэх, үлгэр ярих, зураг зурах гэх мэтээс алийг нь?

  1. “Миний очиж үзсэн газрууд”

Цэцэрлэг дээр аялал, зугаалгаар үзэж танилцсан газруудаас гадна гэр бүлтэйгээ очиж үзсэн газрууд

  1. “Миний бүтээлүүд”, “Миний туршилт”, “Миний бие”, “Миний байгаль дээр ажигласан зүйлс” гэх мэт.

 

Хувилбар-2 (Nagel.B.2017)

  1. “Энэ бол би“
  2. „Энэ бол манай гэр бүл“
  3. „Онцлог өдөр, үйл явдлууд“
  4. „Би үүнийг чадна“
  5. „Би үүнийг хийсэн“
  6. „Миний сонирхдог зүйлс“
  7. „Багшийн тэмдэглэл“ (Арын хуудсанд жилийн эцсийн дүгнэлтийг бичиж болно.)

 

Эцэг эхэд өгөх зарим санаа

 Эцэг эх хүүхдээ эргэцүүлэн бодоход нь зориулж, бүтээл дээр нь ямар асуултууд тавьж ярилцаж болох вэ?

  1. Эхлээд чи юу хийе гэж бодож байсан бэ?
  2. Үүнийгээ яаж хийж эхэлсэн бэ?
  3. Чи энэ бүтээлийнхээ юу нь хамгийн гоё болсон гэж бодож байна?
  4. Үүнийг хийхдээ ямар материалууд ашигласан бэ?
  5. Хийхэд юу нь амархан, юу нь хэцүү байсан бэ?
  6. Чиний хийсэн бүтээлийн талаар хүүхдүүд юу гэж хэлсэн бэ?
  7. Дараагийн удаа өөр зүйл хийх үү? Хэрэв хийвэл юу хиймээр байна?

 

Хүүхэд өөртэй зорилго тавих, амжилтаа баримтжуулахад яаж нөлөөлж болох вэ?

Хүүхэд өөртөө зорилго тавих, хийж чаддаг зүйлээ баримтжуулж сурахад зориулж олон янзын зурагтай хүснэгт бэлтгээд, эцэг эхчүүдэд харуулж, өөрсдөөр нь дараах чиглэлээр ангилуулна. Энэ байдлаар хүүхэдтэйгээ ажиллахыг эцэг эхэд зөвлөж болно. 

“Би үүнийг сурсан, хийж чадна”

"Би үүнийг сайн сурч байгаа"

"Би үүнийг хийж сурмаар байна"

"Би сайн ойлгохгүй байна. Нэг юм асууя"

 

Төгсгөлд нь эцэг эх хүүхдийн Хувийн хавтас хэрэгтэй юм байна, үүн дээр би хамтран ажиллах юм байна гэсэн санаа, сэдэл авбал хурлын зорилго биелэгдэх болно.

Та бүхэн өөрсдийн туршлагаасаа info.buuvei@gmail.com хаягаар  хуваалцана уу.

 

Н.Норжхорлоо

 

Ном зүй:

Elternabend zum Thema Portfolio. http://www.bibernetz.de/wws/elternabend-portfolio.html

Bernhard.N. 2017. Portfolioarbeit, МУБИС. Сургуулийн өмнөх боловсролын сургууль