Балчруудын хөдөлгөөнт тоглоомууд

Хөдөлгөөн нь хүүхдийн бие махбодын үйл ажиллагаа сайжрах, орчноо таньж мэдэх, сэтгэл санаа өөдрөг, баяр баясгалантай байх, бусадтай харилцаж сурах гол суур дэвсгэр болж өгдөг. Иймд та хүүхдээ багаас нь аль болох их хөдөлгөөнтэй байлгахыг хичээгээрэй. Тэд ч хөдөлж л байвал дуртай байх болно. Энд балчир хүүхэдтэйгээ гэртээ тоглож болох зарим энгийн хөдөлгөөнт тоглоомыг танилцуулж байна (1).

 

Нисгэгч
Аав дээшээ харж хэвтээд хөлийнхөө улан дээр хүүхдээ тэнцвэрийг нь олж хэвтүүлж, нэг эсвэл хоёр гараас нь барина. Энэ нь “нисгэгч”-ийн тэнцвэрээ хадгалах, мөн нуруу болон гэдэсний булчинг чангаруулахад тустай.

 

Хөдөлдөг хөнжил
Хийлдэг том бөмбөгийг хийлнэ. Эсвэл сулхан үлээсэн (хагарахгүйгээр) бөмбөлөгүүдийг  хөнжлийн углаа даавуун дотор хийнэ. Түүгээр хүүхэд хөгжилтэй тоглох болно.

 

Адуучин давхи, давхи
“Аав\ээж морь” догшин, болгоомжтой! Бяцхан адуучин аав юм уу ээжийнхээ  гэдсэн дээр суугаад тал дундуур давхиж гарна. Энэ нь хүүхэд биеийнхээ тэнцвэрийг хадгалж сурахад тустай.

 

Таван жижигхэн хуруу
Хурууныхаа үзүүрээр хүүхдийн хөлийн хурууг нэг нэгээр нь имэрч, мөн хүүхэдтэйгээ хамт бага зэрэг найган дараах үгсийг хэлнэ:
Энэ нь ус руу уначихлаа (эрхий хуруу)
Энэ түүнийг уснаас гаргалаа (хоёр дугаар хуруу)
Энэ түүнийг гэрт нь аваачлаа (гурав дугаар хуруу)
Энэ түүнийг хучиж хэвтүүллээ (дөрөв дэх хуруу)
Харин энэ бяцхан хүү түүнийг сэрээчихлээ (сүүлчийн жижиг хуруу)
Энэ байдлаар нөгөө хөлний хуруунуудыг имэрнэ. Энэ нь биеийн мэдрэхүй, хөдөлгөөний зохицуулалтад тустай.

 

Нуугдая
Нэг, хоёр, гурав нуугдаарай, оллоо шүү! Жаахан хүүхэд ч нуугдаж тоглох дуртай. Юмны цаагуур орчихоод “Намайг олоорой” гэнэ. Очоод олоход баясан хөөрнө.

 

Бүтээлгэн савлуур
Орны бүтээлэг/даавуун дээр хүүхдээ хэвтүүлээд аав, ээж бүтээлгэнийхээ хоёр үзүүрээс хумиж бариад жигд хөдөлгөөнөөр хоёр тийш нь савж хөдөлгөнө. Энэ хөдөлгөөн тэнцвэрээ хадгалахад тустай.

 

“Ээж” дүүжин даажин
Хүүхдийнхээ цээжээр хоёр гараараа бөх тэврээд хоёр тал руу нь савлаж хөдөлгөнө. Энэ нь тэнцвэрийн эрхтнүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

 

Морин дүүжин даажин
Урагшаа, арагшаа савлан хөдөлдөг морь нь тэнцвэрээ хадгалж сурахад сайн дасгал болно.

 

Миний машин
Миний машин хаа сайгүй давхина. Энэ нь чийрэгжих, хөдөлгөөнөө зохицуулахад   тустай.

 

Дамждаг бөмбөг
Хүүхэд ээж аавтайгаа шалан дээр дундаа тойрог үүсгэн хэвтэнэ. Тэгээд жижиг бөмбөлөг эсвэл одон бөмбөгийг бие биедээ дамжуулна. Энэ нь нуруу болон мөрний булчинд сайн.

 

Хамгийн намхан, хамгийн өндөр
Хүүхэд сандал доогуур (хонгил) мөлхөж гарч ирээд, давхарлаж тавьсан дэр дээр авирч гарна. Гараас нь бариад  дэрэн дээр зогсооно. Хүүхэд суугаад бөгсөөрөө гулсаж  бууна. Энэ нь хөдөлгөөнөө удирдан зохицуулж сурахад тустай.

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

1.    http://www.eltern.de/baby/4-8-monate/bilderstrecke-bewegungsdrang.html?r...