Бидний эцэг эхтэй ажилладаг туршлага

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Элит” цэцэрлэгийн эцэг эхтэй ажилладаг туршлагаас танилцуулъя. Та үүнээс тус цэцэрлэгийн багш нар эцэг эхтэй ойр дотно хамтран ажилласнаар эцэг эхчүүдийн хүүхдэдээ хандах хандлага, үзүүлэх үлгэр дуурайлал, нөлөөлөл хэрхэн өөрчлөгдөж байгааг харах болно.

Бүлгийн багш нар эцэг эхтэй ажиллах арга барилаа оновчтой сонгож чадаагүйгээс тэр бүр үр дүнд хүрдэггүй. Ийм тохиолдолд эцэг эхчүүд хурал цуглаанд дуудуулж ирэх эсвэл хэрэгцээтэй үед нь мөнгө өгдгөө хүүхдийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, оролцоо мэтээр явцуу хандах нь бий.

Иймд эцэг эхчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах, тэдэнд санал хүсэлтээ илэрхийлэх, мэдээлэл авах боломж олгох, ангийнхаа хүүхэд бүрийн хөгжил, төлөвшилд эцэг эхээс ямар хувь нэмэр авах, хамтран ажиллахад ямар арга барил чухал болохыг мэдэж, түүнд суралцах нь багш нарт хамгийн хэрэгцээтэй чухал асуудал болж байна. Бид дараах зүйлсийг анхаарч ажилладаг.

1. Эцэг эхтэй ажиллахад хамгийн чухал асуудлын нэг бол тэдний цагийг зохицуулж, үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд ингэхийн тулд судалгаа авах шаардлага тулгардаг. Ингээд багш бүр хичээлийн жилийн эхэнд эцэг эхэд санхүүгийн дэмжлэгээс илүүтэй өөрт байгаа нөөц боломжийн судалгааг дараах асуултуудын дагуу авч, үр дүнг  тооцдог.

Судалгааны агуулга

  1. Эцэг эх ямар ажил хийдэг;
  2. Өдөрт хэдэн цагийг хүүхдэдээ зарцуулдаг;
  3. Тухайн гэр бүлийн эрхэмлэдэг болон үнэт зүйл юу болох;
  4. Хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар мэдэхийг хүсч буй зүйл;
  5. Эцэг эх, асран хамгаалагчийн хэрэгцээ, сонирхол;
  6. Хүүхдэдээ үзүүлдэг үлгэр дууриал;
  7. Хүүхдийнхээ төлөө санаачилан хийсэн зүйл.

 

2. Судалгаанд үндэслэн ажлын төлөвлөгөө боловсруулна. Үүнд цаг хугацааг нийтийн чиг хандлага, нөхцөл боломж, санал хүсэлтэд тулгуурладаг. Судалгааны үр дүнд суурилан ажлуудыг төлөвлөж, түүнд эцэг эхээ баг болгон оролцуулах, сонирхлоор нь нэгтгэх, бусдадаа хийсэн зүйлээ бичлэг, цахим хэлбэрээр хүргэх нөхцөл бүрдүүлэх зэргээр ажиллаж чадвал эцэг эх жигд оролцоотой байх боломж бий болдог.

3. Аливаа үйл ажиллагааг төлөвлөхдөө аль болох тодорхой давтамжтай, цаг нь уян хатан байхад анхаарна. Үйл ажиллагааг зохион байгуулахад цаг баримтлах нь эцэг эхэд хамгийн чухал байдаг. Цагтаа эхлэх, цагтаа дуусгах. Үүнд сурснаар багш, эцэг эх аль аль нь ажлаа зохицуулж сурдаг.

Жишээ 1

“Гэр бүлдээ цаг гаргахын үнэ цэнэ” сурган хүмүүжүүлэх сургалтын явцад “Гэр бүлийн үнэт зүйл” гэж юуг ойлгож байгаа талаарх ярилцлагын хэсгээс:

Нэгэн хүүгийн аав

Манай гэр бүл эрүүл байхыг чухалчлан, баримталдаг үүнийгээ гэр бүлийн үнэ цэнэ гэж ойлгодог. Тиймээс өглөө, өдөр, орой заавал шүдээ угаахыг гэртээ хэвшил болгосон. Миний хувьд гэр бүлдээ баримталдаг дүрмийг хэвшил болтол хийж сургах нь чухал. Энэ нь бидэнд эргээд хэрэгцээтэй зөв зүйл болдог. Түүнийг бас нэгэн үнэт зүйл гэж ойлгодог.

Хоёр ихэр хүүхдийн ээж

Манайх 4 хүүхэдтэй, хамгийн бага хоёр маань ихэр. Миний хувьд манай гэр бүлийн үнэ цэнэ өглөөний цайгаа заавал уух. Өглөөний цай уулгүйгээр хэн нэг нь ажилдаа явдаггүй. Тиймээс нөхөр бид хоёрын аль завтай нь өглөө эрт босоод цайгаа бэлтгээд хамтдаа ширээгээ тойрч суугаад, өдрийн ажилд нь, хичээл сурлагад нь бие биедээ амжилт хүсээд явуулдаг. Саяын аавын ярьсан шиг хэвшсэн зүйл бол манайд ийм жишээ байна, энэ нь манай гэрийн үнэт зүйл гэж ойлгож байна. 

Нэгэн 3 настай охины ээж

Би 1 хүүхэдтэй залуу гэр бүл боловч хадам аав, ээж, нөхрийнхөө эмээ, 2 охин дүүтэй нь хамт амьдарч байна. Одоогоор өнөр гэр бүл юм уу даа. Нэг гэрт олуулаа, би хадмындаа байдаг ч би эднээрээ дандаа бахархаж явдаг. Манай гэр бүлийн үнэ цэнэ бол талархал байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид дараах зүйлсийг мөрдлөг.

  1. Унагасан бол ав
  2. Асгасан бол арч
  3. Ууж идсэн бол цэвэрлэ
  4. Нээсэн бол хаа
  5. Унтсан бол ороо хураа
  6. Өмссөн бол тайлаад эвх
  7. Уурласан бол уучлал гуй
  8. Талархсан бол баярласнаа хэл
  9. Гэр бүл бол хайр, энэрэл, итгэл
  10. Байсан юм байрандаа

Анх үүнийг сонсоод шал тэнэг юм гэж боддог байсан, бас төвөгшөөдөг байсан. Гэтэл одоо гурван настай миний охин хүртэл үүнийг баримтлахыг хичээдэг, эмх цэгцэд сурч байгаад хамгийн их баярлаж байгаа. Хүүхдээ зөв хүн болж төлөвшихөд энгийн зүйлээр л томчууд бид үлгэрлэдэг гэдгийг ойлгосон. Тэгээд бие биеэ зөвөөр дэмждэг, талархал илэрхийлдэг. Чи сая асгаснаа арчлаа баярлалаа, чи сая ороо хураагаад гарсанд баярлалаа эндээс хүүхэд бас бусдад талархаж сурдаг.

Аавын яриа

Манай гэрийн үнэ цэнэ аялал. Манайх 6 хүүхэдтэй хамгийн бага маань одоо 4 настай. Жилийн 4 улиралд заавал аялдаг маршруттай. Эхнэр бид хоёр үүнийгээ хүүхдүүдийнхээ саналд үндэслэж гаргадаг. Энэ нь хүүхдүүдийн танин мэдэх чадварт чухал ач холбогдолтой байдаг. Аялах маршрут гараад л хүүхдүүд маань тухайн очих газрынхаа талаар эрэл хайгуул хийдэг, уншиж судалдаг. Олон хүүхдээ сургаж, хүмүүжүүлэх арга гэх үү дээ, энэ нь манай гэр бүлийн үнэт зүйл болсон.

Нэгэн ээжийн яриа

....Би залуу ээж байна аа. Миний үнэт зүйл бол ээж. Би ээжийгээ харж аливаа зүйлд суралцаж ирсэн. Ээж минь хөдөө олон жил цэцэрлэгийн эрхлэгч хийсэн хүн байдаг. Сайн ээжийнхээ үлгэр жишээгээр би гэр бүлийн үнэ цэнээ бий болгож ээж шигээ байхыг хичээдэг.

Би бас ингэж бодож байна аа. Хүмүүс өөрсдөө худлаа хэлдэг мөртөө хүүхдээ худлаа хэлэхээр уурлаж шийтгэдэг. Манай гэр бүл худлаа хэлэхгүй, хэлсэндээ заавал хүрнэ гэдэг үнэт зүйлтэй. Хүүхэдтэйгээ кино үзнэ гэсэн л бол заавал үздэг. Маргааш гэж хойшлуулдаггүй. Харин танай байгууллагад маш их баярлаж байна. Хүн урьж авчраад ийм сонирхолтой сургалт зохион байгуулж байгаад. Одоо бид 21 дүгээр зуунд амьдарч байна шүү дээ. Хэдий болтол 19-20 дугаар зууны аргаар ажиллах билээ. Бидний төлөвлөсөн зүйл удирдлагаас болоод зөрчилддөг. Тэр тусмаа улсын ажил хийж байхад амралтын өдрөөр хүүхэд гэр бүлтэйгээ ажил төлөвлөсөн байхад дуудна, түүнээс болоод амлалтаа биелүүлэхгүй байхад хүрдэг. Үүнийг л шийдчихвэл.

Эдгээрт нь тулгуурлаад эцэг эхийг үүрэгжүүлж багаар ажилуулна. Жишээ нь: Сондорын гэр бүлийн “Талархалын сар” цэцэрлэгийн бүх багш, ажилчид, эцэг эх, хүүхдүүд оролцоно. Ийнхүү сард хийх ажлууд эцэг эхийн сургалтын үеэр болон судалгаанаас гарсан санал зэргээс урган гарч, төлөвлөгдөж байвал илүү үр дүнд хүрч байгаа нь ажиглагдсан.

Жишээ 2

“Хүүхдэдээ цаг гаргадаг тухай, хүүхдийнхээ төлөө санаачилан хийсэн зүйл” гэсэн эх, асран хамгаалагчдын дунд зохион байггулсан ажлыг бүлэг тус бүрт өөр өөр сэдвээр явуулсан.

1. Бага, дунд бүлэг:  “Миний хүүхдийн сонирхол” (Эцэг эх, асран хамгаалагчдын дунд гар зургийн үзэсгэлэн зохион байгуулсан.)

2. Ахлах бүлэг: “Таны хүүхдийнхээ төлөө санаачилан хийсэн зүйл” санал, сэтгэгдэл

3. Бэлтгэл бүлэг: “Хүүхдээ баярлуулан хамтдаа хийсэн зүйл” (Ярилцлага хийж, туршлагаа хуваалцсан.)

Үйл ажиллагааны үр дүнг тайлагнаж, хэлэлцүүлсэн сэтгэгдлээс танилцуулъя.

Сэтгэгдэл-1

Би бага бүлгийн хүүхэдтэй миний зурсан зураг “Зураач” гэдэг нэртэй гээд зургаа эцэг эхэд харуулав. Гар зургийн үзэсгэлэн их сонирхолтой байлаа. Би эхлээд юу байхав дээ зураад л өгчихнө гэж бодож байлаа. Яг цаас харандаа бариад суутал хүүхдээ юунд сонирхолтойг нь мэддэггүй. Гэр бүлээрээ суугаад ярилцлаа нөхөр маань ийм жаахан хүүхдэд ямар сонирхол байдгийн миний хүү мөөмөө хөхөх сонирхолтой түүнийг нь л зурчихгүй юу гэсэн. Тэгээд л 2-3 хоног бодсон. Эцэст нь хүүхдээ ажиглаж эхэлсэн. Тоглоомтойгоо яаж харьцаж байна гэдгийг ажиглалаа нэг их юм мэдэгдсэнгүй, хэдэн машин, чихмэл тоглоомоо аваад ийш тийш зөөж байгаад орхисон. Ингээд шөнөжин бодоод маргааш нь би номын дэлгүүрээс хэдэн ном, буддаг ном, тосон харандаа авчирч тавиад ажигласан. Хүү маань номыг нэг их тоосонгүй, бас л аваад хажуу тийш нь тавьснаа тосон харандаа аваад шууд инээмсэглээд номон дээр сараачиж гарсан. Номон дээрээ болохгүй гээд авах гэтэл уйлаад булаацалдсан. Буддаг номыг харуулж, үүнийг ингээд буд гээд зааж өгтөл шал өөр газар нь зөрүүдлээд сараачсан. Хүүхэд маань зурах сонирхолтой байгааг олж чадсандаа баяртай байгаа тийм ч учраас хүүгээ зураач болно гэж бодоод ийм зураг зурсан. Цаашид ч бас зурах олон зүйл авч өгнө гэж бодож байгаа.

Сэтгэгдэл-2

Би дунд бүлгийн хүүхэдтэй. Хүүхэд маань загвар зохион бүтээгч болох байхаа. Байнга л миний хэдэн алчуурыг янз бүрээр хувцас шиг болгоод донжтой нь аргагүй алхаж үзүүлдэг. Найз маань ч гэсэн танай хүүхдэд загвар бүтээх авьяас сонирхол байна гэж хэлсэн болохоор би бүр итгээд байгаа. Би бас өөрөө жижигхэн зүйлээр чимэглэл болгоод нэг хувцсыг хэдэн янзаар шинэлэг байдлаар өмсөх сонирхолтой болохоор хүүхдэд маань өвлөгдсөн гэж бодож баярладаг. Тиймээс “Загварын хатан хаан” гэдэг нэртэй зураг зурсан.

Сэтгэгдэл-3

Би ахлах бүлгийн багш. Манай ангийн эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө олон зүйлийг санаачилгаараа хийсэн. Энэ ажил нь хүүхдэд хэчнээн их ач холбогдолтой болохыг мэдэрлээ. Хүүхдүүд маань маш их баярласан. Тэр тусмаа миний аав ээж, өвөө эмээ миний төлөө ийм их зүйлийг зориулан хийж байна гэсэн мэдрэмжийг төрүүлсэн, ээж аав, эмээ өвөөдөө талархаж, тэднээрээ бахаргасан ажил болсон. Жишээлбэл,

-Нэгэн ээжийн санаачилга: Эмч болохыг мөрөөддөг хүүхдэдээ эмч тоглоомын хэрэгсэл авч өгсөн.

-Нэгэн аавын санаачилга: Хүүхэд маань гэртээ орохдоо үүдний шатан дээр хальтираад байдаг тул СӨХ-д хэдэн удаа хэлж байсан. Энэ ажлаар харин хүүхдийнхээ төлөө хивсэнцэр авч наасан.

-Нэгэн эмээгийн санаачилга: Хүүхэд маань ном уншуулах дуртай тул хүүхдэдээ ном авч өгөөд, өдөрт бага багаар уншиж өгч байгаа.

Ийнхүү эцэг эхтэй ойр дотно, сэтгэлээ хуваалцан, харилцан итгэж ажилласнаар тэдний оролцоо сайжирч, хүүхдүүдэд үр өгөөжөө өгч байна.

 

Элит цэцэрлэгийн багш нар