Бага насныхны төлөвшилд ашиглаж болох зүйр цэцэн үгс
Үр хүүхдээ хүнлэг энэрэнгүй, төлөв даруу, хөдөлмөрч хичээнгүй, зоригтой, ухаалаг, уужим сэтгэлтэй болгон төлөвшүүлэх нь эцэг эх төдийгүй багш нарын эрхэм үүрэг зорилго билээ. Үүнд монголчууд Ардын сурган хүмүүжүүлэх ухаан, түүн дотор зүйр цэцэн үгсийг өргөнөөр ашиглаж ирсэн байдаг. Зүйр цэцэн үгэнд монголчуудын хүүхдээ хүмүүжүүлж ирсэн гүн ухаан, ёс суртахууны хэм хэмжээ шингэсэн байдаг бөгөөд товч, тодорхой хэллэг, сэтгэлд шингэхүйц зүйрлэл, дүрслэлээрээ хүүхэд хорвоо ертөнцийн ааш араншинг таньж мэдэх, амьдралын ухаанд суралцах, үг, үйлдлээрээ зөв байхад ашиглах боломжтой.
Энд бага насныхны төлөвшилд ашиглаж болох зарим зүйр цэцэн үгийг нийтэллээ. Эдгээрийг хүүхдэд зөвхөн цээжлүүлснээр төдийлөн ахиц дэвшил гарахгүй. Иймд зүйр цэцэн үг бүрийн утга учрыг тайлан ярилцах, холбогдох зураг, үлгэр, өгүүллэг ашиглах, хийж гүйцэтгэж буй сайн, саар үйлтэй нь холбон хэлж магтах, сануулах, агуулгыг нь зурж урлах гэх мэт олон арга барилаар ажиллаж болох юм.
Зүтгэл чармайлттай байхад
Мэдье гэвэл мэрий
Чадъя гэвэл чармай
Эзэн хичээвэл
Заяа хичээнэ
Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал
Ажил хийж хүн болдог
Ар давж морь болдог
Ажилд даллага
Ачаанд татлага
Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар
Зүүдэлж олбол үрэгддэг
Зүдэрч олбол үрждэг
Оролдлого сайт оройд нь
Оволзуур аашит ёроолд нь
Ажлын сайнаар амьдрал дээшилнэ
Бэлчээрийн сайнаар мал таргална
Мөс чанарыг төлөвшүүлэхэд
Сайн хүн нэг үгтэй
Сайн морь нэг явдалтай
Инээсэн бүхэн нөхөр биш
Уурласан бүхэн дайсан биш
Даруу зан
Залуу хүний чимэг
Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар
Ачийг ачаар
Тусыг тусаар
Байна гэж бүү бард
Бага гэж бүү гол
Бардам зан балаг тарина
Бариу гутал хөл барина
Нэр хугарснаас яс хугарсан дээр
Үг хатуу боловч амьдралд тустай
Эм гашуун боловч аминд тустай
Хамтач зан чанарыг төлөвшүүлэхэд
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Бүлээн усаар угаавал хиргүй
Нэг үхрийн эвэр доргивол
Мянган үхрийн эвэр доргино
Олны хүч
Оломгүй далай
Дэм дэмэндээ
Дээс эрчимдээ
Үүл хуралдвал хур
Хүн хуралдвал хүч
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдүү явахад тэвнээр тусалсан дээр
Хүлээцтэй байхад
Ам алдвал барьж болдоггүй
Агт алдвал барьж болдог
Овоо босгоогүй бол
Хэрээ юундаа суух вэ
Онгирч хэлээгүй бол
Хэрүүл юунд гарах вэ
Үг алдсанаас
Үхэр алдсан нь дээр
Гомдлыг уураар тайтгаруулдаггүй
Галыг тосоор унтраадаггүй
Тэвчээр хүнд ухаан хайрладаг
Тэмцэл хүнд жаргал хайрладаг
Магтлаа гэж бүү баяс
Мууллаа гэж бүү гунь
Эв эе, нөхөрлөлийг эрхэмлэхэд
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Сайн хүнд нөхөр олон
Сайн моринд эзэн олон
Зуун төгрөгтэй байснаас
Зуун найзтай байсан нь дээр
Танилтай бол талын чинээ
Танилгүй бол алгын чинээ
Зовох цагт нөхрийн чанар танигдана
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Эрдэмтэй хүн улсын чимэг
Эвтэй хүн олны чимэг
Агтны сайныг унаж мэднэ
Хүний сайныг ханилж мэднэ
Сайныг дагавал сарны гэрэл
Мууг дагавал могоон хорлол
Эрдэм номыг эрхэмлэхэд
А үсэг эрдмийн дээж
Аяга цай идээний дээж
Аавын бийд хүн тань
Агтны бийд газар үз
Эрдэмтэй хүн даруу
Их мөрөн дөлгөөн
Эдээр биеэ чимэхээс
Эрдмээр биеэ чим
Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм
Тэнэг хүн эд хураана
Ухаант хүн эрдэм хураана
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Эдийн баянаас эрдмийн баян
Эрдэм билэг эрхэм баян
Сурсан бүхэн эрдэм
Сураагүй бүхэн балай
Хүндэтгэлд суралцахад
Ой мод урттай богинотой
Олон хүн сайнтай муутай
Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэм
Буурлаас үг сонс
Болсноос ам хүр
Ахмадаа хүндлэх нь цэцний шинж
Арсалдаж маргах нь тэнэгийн тэмдэг
Аавын хүү адилгүй
Арван хуруу тэгшгүй
Шударга ёсонд суралцахад
Хурц хутга гарт халтай
Худал үг өөрт халтай
Довтолж буй дайснаас биш
Долигнож буй андаасаа болгоомжил
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
Үг хэлбэл эзэнд нь
Үхэр тавибал ижилд нь
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Нүүр зураг: ШУА, Хэл зохиолын хүрээлэн
Админ