Балчир нас: Хүүхэд хэрхэн суралцдаг вэ ?
Яагаад хүүхдийн нялх, бага нас цаашдынх нь амьдралд шийдвэрлэх нөлөөтэй гэж?
Нялх, бага насандаа хүүхэд цаашдынхаа амьдралд шаардлагатай бүхий л тоног хэрэгслийг цуглуулдаг. Барилга барихад бөх бат чанар нь түүний суурь хэрхэн тавигдсанаас бүрэн шийдвэрлэдэгтэй адил. Хүүхэд бие даасан хувь хүн болоход түүний тодорхой чадварууд нь хөгжих шаардлагатай. Үүнд юуны түрүүнд итгэл мөн бусдад туслах эрмэлзэл багтана. Энэхүү энгийн суурь дэвсгэр тавигдахад эцэг эхчүүд хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Хүүхэд бүр хорвоо ертөнцтэй өөрөө танилцаж “нээх”, оролдож үзэх гэсэн итгэхийн аргагүй их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бага наснаас өөр хэзээ ч амьдралтай танилцах гэсэн ийм сониуч зан хүнд тохиодоггүй. Бага насныхны хамгийн үнэт зүйл бол тэдний хэмжээлшгүй их нээлттэй байдал бөгөөд түүнийг нь бид зориудаар мэдэрч, хамгаалах ёстой.
Энэ нь тэгээд цаашдаа яахав?
Өнөөг хүртэл хүүхдэд тодорхой мэдлэгүүдийг олгох оролдлого түгээмэл байсан. Гэвч орчин үеийн тархины судалгаа энэ талаар илүүг хэлж байна: Гаднаас хүүхдийн тархи руу элдэв зүйлс хийснээр сургалтын процесс явагдахгүй, хувь хүний үндсэн авьяас чадвар болох сэдэл, өөрийн хяналт, бусдыг ойлгох чанар бол хичээлээр олгогдохгүй. Иймд эцэг эх мөн цэцэрлэгийн багш нар хүүхдэд өөрөө суралцах, өөрөө оролдож хийх тийм л орон зайг олгох шаардлагатай. Өөрөө өөртөө нөлөөлөх ийм үзэл баримтлалын хэрэгжилт маш чухал. Харамсалтай нь бид хүүхдэд бүгдийг бэлэн зэлнээр халбагадаж өгөх тал руу хэлбийгээд байдаг. Жишээлбэл, хүү гадаа тоглож байгаад нэгэн цох хорхой олоод аавдаа бөөн баяр хөөр болон үзүүлнэ. Аав нь хүүдээ цохны тухай өөрийнхөө мэддэг бүхнээ дэлгэж “пээдийнэ”. Ингэснээрээ үр удмынхаа сониуч зан, догдолж буй сэтгэлийг унтрааж байна гэсэн үг. Харин аав өөрийнхөө мэдлэгийг ил гаргалгүй биеэ барьж, амбицтай жижигхэн судлаачийг номын тавиур руу явуулбал энэ нь түүнд жинхэнэ “хүчит тэжээл” болно. Өөрийнхөө жижиг ертөнцийг бүтээхэд-өдөр бүр шинийг нээхэд эцэг эх хүүхдээ зоригжуулах, урам өгөх, тухайн зүйлд нь сэтгэл хөдлөлтэйгээр хандах үүрэгтэй.
Энэ явцад тархинд юу болдог вэ?
Өнөөг хүртэл бидний мэдэж байснаас хүүхдийн тархи бол хавьгүй их хэлбэршүүлж болдог зүйл. Тэдний тархинд янз бүрээр холбогдон мэдрэлийн эсүүдийн зангилаа үүсгэж болох олон тооны илүүдэл эс байдаг. Хүүхэд өөрөө оролдож, туршиж байх явцад энэхүү илүүдэл ханган нийлүүлэлт идэвхтэй ашиглагдан дурын холбоосууд үүсэн бий болж байдаг.
Сүүлийн үеийн тархины судалгаагаар зургаан нас хүртэлх хүүхдийн мэдрэлийн эсийн холбооны тоо хожим амьдралынх нь туршид хэдийд ч байхгүй тийм олон байдаг нь тогтоогдсон. Тэрхүү бүх холбоо нь төдөлгүй суларч ашиглагдахгүй болдог. Өөрийн оролдлого-үйл бол мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдоход зүйрлэшгүй их нөлөө үзүүлдэг. Тийм учраас хүүхэд нялх, багадаа болж л өгвөл маш олон янзын мэдрэмжүүдийг авч байх шаардлагатай. Үүнд аавтайгаа хөгжилтэйгээр хөөцөлдөх, өөрөө анх удаа алимны нухаш чанах, авирч байгаад модноос унах ч хамрагдана. Энэ бүх үйл явдал тархинд зөвхөн хадгалагдан үлдээд зогсохгүй, хоорондоо холбогдож байдаг. Энэ явцад дуртай, сэтгэл догдлон хийсэн, сурсан зүйлс нь дургүй, цээжээр тогтоосон зүйлсээс хавьгүй илүүтэйгээр үлдэн хоцорч, тархинд бэхлэгдэнэ. Суралцахуй, чин сэтгэл хоёр хоорондоо нягт холбоотой.
Тархины судалгааны талаас Та үүнийг хэрхэн дүгнэмээр байна вэ?
Өнөөгийн байдлаар бага насны хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд аль болох багаас нь тэдэнд аль болох их мэдлэг олгох гэсэн хандлага байна. Амьдрал дээр аль нэг асуудал, шинэ сорилттой тулгарахад зөвхөн янз бүрийн зүйлсийн талаар мэдэж байх нь хангалтгүй. Хүүхдэд мэдлэгээс илүү зүйл бас хэрэгтэй: тэгэхээр юуны өмнө мэдлэгээ хэрэглэх, түүгээрээ дамжуулан шинэ мэдлэг бүтээх чадвар. Амьдралынх нь анхны үе шатанд мэдрэлийн эсүүд олноороо холбогдож байдаг тэрхүү их нөөц боломжоороо хүүхэд бараг бүх зүйлийг сурч чаддаг. Тэгэхээр эцэг эх хүүхдээ багад нь уншуулж сургах, гадаад хэл сургах гэх мэтэд ач холбогдол өгч байна. Ийм тохиолдолд хүүхдийн тархинд мэдрэлийн эсийн янз бүрийн холбоосууд үүсдэг. Гэхдээ тухайн зүйлийг сурч байхад хүүхдэд бүтээлчээр ажиллах орон зай байхгүй бол эцэг эхийн “сайн” гэж бодсон тэрхүү зүйл нь харин хор болдог. Үлдэж хоцрох зүйл бага, яагаад гэвэл тархи гацаанд (blokiert) ордог. Ийм хүүхэд шинэ зүйлтэй тулгарахад түүнд байнга бэрхшээл учирдаг. Тэгэхээр өөрөө суралцсан сургалтын үр ашиг ямагт өндөр байдаг.
Тэгэхээр ер нь хүүхэд энэ бага насныхаа үе шатанд юуг сурах ёстой вэ?
Урьдчилан бодох, цогц асуудлыг ойлгох, өөрийнхөө дотоод импульсийг удирдаж чадах гэх мэтийн чадваруудыг сургалтын хөтөлбөрөөр шаардаж зохицуулах төвөгтэй. Зөвхөн бие сэтгэлээрээ хуримтлуулж буй туршлагууд тархин дахь суралцах үйл явцыг өдөөж хөдөлгөөнд оруулдаг. Шинэчлэх санаа, шинээр шийдвэр гаргах эрэл хайгуулын үе дэх бүтээлч байдал зэрэг ирээдүйд хэрэг болох зүйлс хүүхдийг задалж хөгжүүлж өгдөг. Сайн санаануудыг хэрэгжүүлэх сэдэл, эрмэлзэлийг тэсвэр хатуужил, итгэлтэй хослуулж болно. Тэд өөртөө нөлөөлж болохыг өөрөө мэдэрсэн тохиолдолд хожим мэдлэг эзэмших, хэрэглэх нь тэдэнд асуудалгүй.
Хүмүүжил сургалтын асуудлыг хөндөхөөр өнөөгийн эцэг эхчүүд эргэлздэг. Залуу эцэг эхэд Та юу зөвлөмөөр байна?
Эцэг эхчүүдэд дарамт их байна. Анхных нь гараа сайнгүй бол барианы цаана үлддэгийг олон эцэг эх өөрсдийнхөө туршлагаас мэддэг. Тийм болохоор тэд өөрсдийнхөө ойлголтоор үр хүүхдээ аль болох багаас нь зориуд хөгжүүлэхийг оролддог. Ингэснээр хүүхэд нь чадварлаг, хүчтэй хувь хүн болно гэж үздэг. Хүмүүжил сургалт гэдэг бол хүүхдэд тодорхой үүрэг даалгавар санал болгох, түүгээр нь хүүхэд өсөж дэвших, түүндээ тэд сэтгэл догдлон эрч хүчтэй байх. Хоцрогдсон тохиолдолд үг дуугүйгээр өөрийг нь хайрладаг, хүнд нөхцөл байдалд зоригжуулдаг эцэг эх хүүхдэд хэрэгтэй. Заримдаа хүүхэд үед тохиолдож байсан өөрийнхөө хүндэвтэр үеэ эцэг эхчүүд эргэн санах тустай. Ингэхэд хоёр настайд нь англи хэл сургах, дөрвөн настайд нь цэцэрлэгт байгалийн шинжлэх ухааны туршилт хийлгэх, таван настайд нь сургуульд оруулах гэхгүй байх. Харин эрч хүчтэй байлгах үйл явдал-тохиолдлууд хүүхдэд түүнээс ихээхэн ач тустай. Бид тэднийг үүргэвч үүрүүлсэн амьдралд тавихдаа тэдэнд ер нь юу хэрэгтэй билээ гэдгийг сайн анхаарахгүй байна.
Проф.др. Гералд Хүетер (Prof.Dr.Gerald Hьther)
Гөттинг (ХБНГУ)-ийн Их сургуулийн Сэтгэцийн клиникийн Урьдчилан сэргийлэх төвийн захирал, Маннхайм/Хайделбергийн Их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн Институтын захирал
Эх сурвалж: http://kinder-lobby.at/hirnforschung-wie-lernen-kinder-2/