Гадаа тоглохын 10 ач холбогдол
Навчаар шөл хийх, бутан дунд нуугдах байр олох эсвэл хоорондоо уралдах зэргээр хүүхэд гадаа зүгээр л сайхан гүйж харайж, чөлөөтэй тоглодог. Гадаа тоглох яагаад хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухлаар нөлөөлдөг вэ? “Өнөөгийн хүүхдийн цэцэрлэг” сэтгүүлийн 2021 оны 6 дугаарт нийтлэгдсэн нэгэн материалыг Танд орчуулан хүргэж байна.
Christiane Richard-Elsner
2021 оны 6 дугаар сар
1. Гадаа тоглох бол бүтээлч үйл
Хүүхэд гадаа өөрийхөө хэрэгцээ, санаа бодлын дагуу тоглодог. Гаднах хангалттай том, сонирхолтой орон зай нь тэдэнд тоглоомоо байнга өөрчлөх боломж олгодог. Гадаа тоглоход тэдэнд тэр бүр хязгаарлалт тулгарладаггүй. Дүрэм журамд баригдахгүй. Том жижиг багууд үүсгэнэ. Дүрд тоглох, хөдөлгөөнт эсвэл бүтээж байгуулах тоглоомоор аяндаа ээлжлэн тоглоно. Яагаад гэвэл хүүхэд бүрд хангалттай зай талбай бий. Хүүхдүүд яаж тоглохоо өөрөө олж шийднэ, шинэ ертөнцийг бүтээнэ.
2. Гадаа тоглох бол хөдөлгөөн
Хүүхэд гадаа тоглоход илүү хөдөлгөөнтэй байдаг. Хөдөлгөөний өдөөлт нь бие бялдрын хөгжлийн чухал хүчин зүйл. Хөдөлгөөн нь яс, булчин, зүрх судасны тогтолцоог бэхжүүлнэ, хүүхдийн сэтгэл санааг сэргээж, унтахад нь сайнаар нөлөөлдөг. Хүүхэд хөдөлгөөнөөрөө өөрийн бие махбодоо мэдэрч, удирдаж сурна. Тэд гадаа өөрийнхөө хэрэгцээгээр хөдөлнө. Энэ нь ялангуяа хүүхэд өсөж том болох эсвэл халдварт өвчнөөр өвчилсөн үед хэт ачаалалд орохоос хамгаалдаг.
3. Гадаа тоглосноор бие дааж байгаагаа мэдэрнэ
Гадаа тоглож байхдаа хүүхэд өөрийгөө байнга хөдөлгөөнтэй, идэвхтэй байгаагаа мэдэрдэг. Тэд ямар нэг зүйлийг өөрчилж чадах юм байна гэдгийг ойлгоно. Энэ нь өөрийгөө өөдрөг, бодитоор харахад нэн чухал. Хүүхэд өөртөө зорилго тавина, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар бодно. Ингэснээр тэд өөрийгөө болон хүрээлэн буй орчноо мэддэг болно. Мөн өөрийнхөө хязгаарыг мэдэрч, байгаль болон эд юмс тодорхой эсэргүүцэл үзүүлдэгийг мэдэрнэ. Өөрийнх нь чадвар өсч байгааг анзаарна.
4. Гадаа тоглосноор нийгэмшихүйн чадамж (компетенци) бэхжинэ
Гадаа тоглохоход тоглох орон зайнаас өөр юу ч өгөгдөөгүй байдаг бөгөөд тоглоомоо яаж үргэлжлүүлэхийг үргэлж идэвхтэй эрж хайх хэрэгтэй болдог. Дүрд тоглох нь ангийн өрөөний жижиг булан болон тэнд байгаа материалаар хязгаарлагдахгүй. Хүүхдүүд хоорондоо тохиролцоно. Тэд өөртөө итгэлтэй байдал, буулт хийх хүсэл эрмэлзлийн хоорондох жинг тааруулах хэрэгтэй болно. Бөмбөгөөр тоглох, үсэрч харайж тоглох нь шударгаар хамтран ажиллахад дасгалжуулдаг. Энэ нь тэдэнд харилцааны болон хэл ярианы чадамжаа байнга сайжруулах сургуулилалт болдог.
5. Гадаа тоглох нь эрсдлийн чадамжийг сайжруулна
Гадаа тоглоно гэдэг нь бэрхшээлийг даван туулна гэсэн үг. Энэ нь хүүхдийн төлөвшил дэх чухал, шаардлагатай үйл явц. Хүүхэд мэдэхгүй зүйлтэйгээ хэр зэрэг зориглож харьцахаа ухамсартайгаар авч үздэг болно. Би гуалин дээгүүр тэнцвэрээ хадгалан явж чадах уу? Савлуур дээр тоглохдоо би хэр зэрэг хол савлах вэ? Сэтгэл догдлуулсан хүндэвтэр зүйл хийж, түүнийг давж гарсандаа сэтгэл хангалуун байна. Гадаа тоглосноор мэдэхгүй зүйлтэйгээ хэрхэн харьцахыг мэддэг болно.
6. Гадаа тоглох нь дархлааны тогтолцоог бэхжүүлнэ
Гадаа тоглох нь биеийн эсэргүүцэх чадварыг дасгалжуулдаг. Тохиромжтой хувцастай ч гэсэн бие махбод халуун, хүйтэнд мөн бороо, наранд дасан зохицоно. Газар шороо буюу ургамамд хаа сайгүй байдаг бичил биетүүд (микроб)-ийг эсэргүүцэх урвал (вакцинжуулалттай төстэй) байнга явагдаж, дархлааны системийг дасгалжуулдаг. Байнгын хөдөлгөөн нь булчинд өдөөлтийг бий болгон сэргээж, дархлааны системийг хэвийн байлгана. Ийнхүү хүүхэд халдвар авах нь багасдаг.
7. Гадаа тоглох нь ойрын хараа муудахаас сэргийлнэ
Хүүхдийн хараа хөгжиж байх ёстой. Голдуу өрөө тасалгаанд байх, мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй зүйлсийг байнга ойроос үзэх нь олон ойрын хараа муутай хүүхдийг бий болгосоор байна. Энэ хандлага ялангуяа коронагийн цар тахлын үед улам ихээр мэдрэгдэх болов. Хүүхдэд өдрийн гэрэл хэрэгтэй бөгөөд ойр болон холын зүйлийг тогтмол ээлжлэн харж байх шаардлагатай. Энэ нь гадаа тоглоход аяндаа хэрэгждэг. Иймээс тэд өдөр бүр хэд хэдэн цагаар гадаа тоглож байх нь чухал. Ингэснээр тэдний хараа бэхжиж, хангалттай хөдөлгөөнтэй байна.
8. Гадаа тоглох нь байгальд туршлага хуримтлуулах боломж олгоно
Байгальд ойрхон газар нь хүүхдүүдэд хамгийн тохиромжтой тоглоомын орчин юм. Модны мөчир, чулуу, элс, усыг олон янзын тоглоомд бүтээлчээр ашиглах боломжтой бөгөөд аль ч насны хүүхдийг уйдаадаггүй. Тодорхой үйл ажиллагааны явцад хүүхэд материалтай хэрхэн харьцах, амьтан, ургамалд ямар хариу үйлдэл үзүүлэхэд суралцдаг. Байгальд байх нь таатай сэтгэлийн хөдөлгөөнийг бий болгоно. Байгальд тоглох нь бүх мэдрэхүйд нөлөөлдөг. Энэ нь хөдөлгөөний янз бүрийн чадварыг дэмждэг.
9. Гадаа тоглох нь тайван амгалан байх, амрах боломж олгоно
Хамтдаа байх, бусад олон хүүхдийн дуу чимээ (хэдийгээр цэлгэр том өрөөтэй байсан ч) стресс үүсгэдэг. Гадаа тоглох нь амрах, амгалан тайван байх чухал хэрэгцээтэй үе. Энэ үед хүүхэд сурсан зүйлээ боловсруулж ашиглана. Хүүхдүүд гадаа тоглохдоо өөртэй бүрэн төвлөрч, туршлага хуримтлуулдаг.
10. Цэцэрлэг хүүхдэд гадаа тоглох шаардлагатай чөлөөт орон зай олгодог
Цэцэрлэгт хүүхэд гадаа тоглох нь өсөлт хөгжилд нь нийцсэн нэгэн чухал үйл. Олон хүүхдэд цэцэрлэгээс өөр орчинд гадаа тоглох боломж бараг байдаггүй. Үүнд замын хөдөлгөөн, ногоон байгууламж ховортой орон сууцны хороолол, төлөвлөсөн хүүхэд нас, хэвлэл мэдээллийн хэрэглээ зэрэг олон зүйл нөлөөлдөг. Цэцэрлэгийн байгальд ойр байгуулсан гадаа талбай нь хүүхдэд чөлөөтэй тоглох боломж олгодог. Мөн хүүхдэд хангалттай чөлөөт орон зай олгохын тулд ойн өдөр, цэцэрлэгт хүрээлэнд хийх аялал зэргийг зохион байгуулж болно.
Н.Норжхорлоо
Эх сурвалж: Christiane Richard-Elsner. (2021). 10 Gründe, draußenzuspielen. Kindergarten heute. 6_2021, 51. Jahrgang, S. 24-25.
Нүүр зураг: © Imgorthand – GettyImages
Та мөн https://neguusel.com руу ороод “Хүүхдээ гадаа тоглуулахын ач тус” гэсэн материалыг үзээрэй. Нэгэн ээжийн бичсэн санаа авууштай, үндэслэлтэй, энгийн аятайхан материал байна лээ.
--- o O o ---