Миний ээж аз жаргалтай зургийн багш
Ээж бүрийн заавал мэддэг байх ёстой хүүхдийн зураг зурах арга барил
Зохиолч, судлаач Бау Мари Солонгосын Кён вон их сургуулийг төгссөн бөгөөд хүүхдийн дүрслэх урлагийн хөгжлийн талаарх боловсролыг судалж, зааж байгаа билээ. 2006 оноос өнөөг хүртэл хүүхдийн дүрслэх урлагийн боловсролын онлайн нийгэмлэгийг удирдан олон төрлийн дадлага олгох материалыг судалж байгаа судлаач юм.
“Миний ээж аз жаргалтай зургийн багш” хэмээх судалгааны ном нь түүний хүүхдийн дүрслэх урлагийн боловсролын судалгааны ажлын нэг бөгөөд үнэтэй зургийн сургалт явуулалгүйгээр хүүхдээ багаас нь зураг зурах арга барилд сургах чухал зүйлсийг судалж нийтэлсэн болно.
Хүүхдийн дүрслэх урлагийн хөгжлийн үе шат
Хүүхдийн дүрслэх урлагийн хөгжлийг судалсан Америкийн Пенсильванийн их сургуулийн профессор V.Lowenfeld-ийн судалгаан дахь хөгжлийн үе шатнаас их ялгаатай биш ч өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн түүнтэй зуун хувь санал нийлэхгүй байна. Өөрийнхөө туршлагад тулгуурлан хүүхдийн дүрслэх урлагийн хөгжлийн онцлогуудыг тэмдэглэлэлээ:
- Сараачих үе: 4 хүртэлх насны хүүхэд ямар ч ойлгомжгүй юм сараачдаг
Ихэвчлэн 18 орчим сартайдаа хүүхдүүд зургийн хэрэгслийг амандаа хийж, барьж эхлээд, удалгүй ямар нэгэн юм сараачиж эхэлнэ. Зургийн хэрэгсэл байдаггүй айлд хүүхдийн энэ үе байхгүй ч байж мэднэ. Зарим эцэг эх хүүхдээ ингэж энд тэнд юм сараачихад нь уурлаж харандааг нь булаан авдаг. Гэтэл хүүхдийн энэхүү сараачиж буй зүйлс нь зураг зурах эхний үе шат юм. Энэ үед хүүхдийг зуруулахгүй байвал тэд цаашид зураг зурах сонирхолгүй ч болж мэднэ. Хүүхэд дугуй дүрс зурж эхэлчихээд дөрвөлжин болгож, сүүлд тэр нь ромбо хэлбэртэй ч болчихсон байж магадгүй. Ийнхүү хүүхдийн зурах чадвар бага багаар хөгждөг. Мөн ямар ч хэлбэр дүрсгүй юм зурчихаад энэ бол ээж, энэ аав гэх мэтээр нэр өгч өөрөө төсөөлөн бодож, аажмаар хөгждөг.
Энэ цаг хугацаа бол тусгай зорилготой зураг зурах бус элдэв юм сараачдаг үе юм. Хүүхдэд энэ үед цаасан дээр зураг зурдаг гэсэн ойлголтыг л өгөхөд болно. Ямар нэгэн зүйл зааж өгөхөөсөө илүү зүгээр л хамт байх нь чухал.
- Зураг зурах суурь үе: 5 орчим нас
Зургийн сэдвийн талаар ямар ч ойлголт байдаггүй учраас үргэлж өөрийгөө зургийн төв болгож зурна. Гэхдээ зарим хүүхэд ямар нэг зүйл зураад үүндээ сэдэв өгөх нь ч бий. Уг нь эхлээд зурах сэдвээ олоод зурах хэрэгтэй байдаг. Ингэж чадаагүй хүүхэд нэг зүйлээ л дахин дахин зураад байдаг. Ийм тохиолдолд хүүхдэд туслахгүй бол үүнээсээ салахад их төвөгтэй байх болно.
Тусална гэдэг нь зөвхөн гүнж л дахин дахин зурдаг хүүхдэд ордон, ордны эргэн тойронд цэцэг, эрвээхий, ханхүү зэргийг зурж болохыг хэлж сануулна гэсэн үг. Энэ явцад хүүхдэд амьдралын туршлага чухал ач холбогдолтой. Галын машин ганц ч харж байгаагүй хүүхэд галын машин ирж байгаа зураг зурах нь байтугай төстэй зүйл ч зурж чадахгүй шүү дээ. Хүүхэд энэ үед мөн харагдаж байгаа зүйлсийг тэр чигээр нь зурж чаддаггүй. Өөрийнхөө харсан зүйлсийг толгойдоо бодож, өөрийн чадах аргаараа зурдаг. Өөрөөр хэлбэл харагдаж байгаа зүйлээ зурах биш өөрийн төсөөлж байгаа зүйлээ л зурдаг.
Мөн зураг нь их холимог байдаг. Өөрөөр хэлбэл ширээ зурахдаа хөлийг нь гадагш нь салгаж зурах ч юм уу эсвэл хажуу тал, дээрээс нь харж зурах нь бий. Энэ үеийн онцлог нь нүүр зурж буй хүүхэд бүрийн нүд, хамар, ам зурж буй арга барил нь харилцан адилгүй байна. Хүний гадаад төрхийг зурахдаа гар, хөлийг нь биетэй нь наалдуулан зурж ч магадгүй. Энэ үесд анхаарвал зохих зүйл бол тосон харандаа биш харин үндсэн зургийг нь балын харандаа өгч зуруулах нь зохистой. Үндсэн зургийг нь салгаж зуруулж мөн буруу зурвал засвар хийлгэх хэрэгтэй. Хэрвээ энэ үед засахад хэцүү тосон харандаагаар зураг зуруулвал зуршил болж, хожим нь зургаа засах талаар бүүр бодох ч үгүй болж мэднэ.
- Дамжин өнгөрөх үе: 7 насны үед зураг зурах хоёр дахь суурь бий болно.
Хоёр дахь суурь үед хүүхдийн зурганд уул их зурагддаг. Суурь зураг нь давхардах ч үе байх бөгөөд зураг зурахдаа үргэлж доороос нь эхлэх нь бий. Энэ үеийн хүүхдийн зураг арай илүү чимэглэлтэй болж ирдэг бөгөөд хүний чихэнд ээмэг зурж, нүүрээ будсан байх жишээтэй. Амьдралдаа үзэж харсан зүйлсээс хамааран хүүхэд бүрийн зурсан зурганд ихээхэн ялгаа харагдаж эхэлдэг.
Усан будгийн талаар
Усан будаг нь ээжүүдийн дуртай зүйлийн нэг ч хүүхдэд зурахад хэцүү байдаг. Солонгост 4 настай хүүхдэд усан будгаар зурах аргыг заадаг бол барууны орнуудад 6 дугаар ангиас нь эхэлж усан будгаар зурах аргыг зааж эхэлдэг. Үүний шалтгаан нь усан будаг хэцүү байдаг.
Усан будгаар зурах нь хүн бүр амархан эзэмшдэг арга техник биш, харин ч зургийн хэцүү төрөл юм. Нэгэнт зурсан зүйлээ арилгах юм уу, засах боломжгүй болохоор усан будгаар сайн зурж сурахаасаа өмнө хүүхэд зураг зурах сонирхолгүй болох муу талтай. Олон төрлийн зургийн хэрэгслээр дамжуулан хүүхдийн дүрслэх урлагийн чадварыг хөгжүүлэх нь чухал ч гэсэн зурж сураагүй хүүхдийг усан будгаар зурахыг шаардах нь үсэг сураагүй хүүхдийг өгүүллэг бич гэж хэлэхтэй адилхан юм.
Бүтээлч сэтгэлгээ
Бүтээлч сэтгэлгээ нь дүрслэх урлагаар дамжуулан хөгждөг зүйл биш, харин дүрслэх урлагаар илэрхийлэгддэг зүйл юм!
Хүүхдүүдэд багшлах хугацаандаа ээж нартай хамгийн их зөрчилдсөн зүйл бол бүтээлч сэтгэлгээний асуудал байлаа. Мэдээж хүүхэд зураг зурах бүрдээ чадвар нь улам сайжирдаг боловч бага сургуульд орох хүртэл хүүхдийг орчинтой танилцуулж, юмыг бодитоор үзүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Зургийн чадварыг сайжруулахын тулд орчинтой танилцуулж баруун, зүүн тархины хөгжлийг сайжруулах хэрэгтэй. Зураг сайн зурахаасаа илүү зураачийн бодол санаа зурганд тусгагдах нь чухал гэсэн үг.
Дүрслэх урлаг болон бүтээлч сэтгэлгээ нь хоорондоо холбоотой нь мэдээж. Төрөхөөсөө эхлээд байсан төрмөл бүтээлч сэтгэлгээ нь хөгжсөөр тэр хүний боловсрол болно. Энэ нь 5 настай хүүхдийн тасралтгүй асуух асуултнаас эхэлнэ. Хүүхдэд зурахад нь туслах юм уу, юм харж зуруулах нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг устгаж буй хэрэг биш харин бага насны хүүхдийн тасралтгүй асуух асуултанд хариулахгүй байх нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг устгаж буй хэрэг юм. Дүрслэх урлаг гэдэг нь зургаар дамжуулан өөрт байгаа бүтээлч сэтгэлгээг дүрслэн гаргахыг хэлнэ. Үнэндээ бага насны хүүхэд өөрөө зохиож зурна гэж байхгүй. Мөн өөрөө хөгжинө гэж байхгүй. Загасыг мэдэхгүй атлаа далайн ертөнцийг, цэцгийг хараагүй мөртлөө цэцгээр дүүрэн талбайг зурна гэж байхгүй нь тодорхой. Шүлэг зохиох дуртай хүүхэд байлаа гэхэд үсэг мэдэхгүйгээр шүлгээ бичиж чадахгүйтэй адилхан юм. Тэгвэл хүүхдийн төсөөлөн бодох чадварт саад бололгүйгээр зурах аргыг яаж заах вэ? Хүүхдэд зорилготой зурахад нь туслах хэрэгтэй юм. Жишээ нь:
Амьтан зурж байгаа хүүхдэд толгой, их бие, хөл гээд хэсэгчлэн зурж болохыг хэлж өгч болно. Хүүхэд юмыг зүгээр зурчихаад түүндээ нэр өгч болох боловч дүрслэх урлагийн туршлагаар дамжуулан өөрийнхөө бодлыг чөлөөтэй дүрслэн харуулах бүтээлч сэтгэлгээг хүүхэд бүр зүгээр нэг эзэмшчихэж чадахгүй. Үүнд зөв чиглүүлсэн эцэг эхийн үүрэг чухал нөлөөтэй юм.
Хүүхдийн сэтгэл зүй, дүрслэх урлагийн талаарх ойлголтууд
Хүүхдийн дүрслэх урлагтай холбоотой бүтээлч сэтгэлгээний дараа ээжүүдийн хамгийн их сонирхдог зүйл бол хүүхдийн сэтгэл зүй ба дүрслэх урлаг юм. Хүүхдийнхээ зурсан зурганд хэт их анхаарал хандуулж, хүүхдийнхээ сэтгэл зүйг мэдэх гэсэн ээжүүд цөөнгүй байдаг. Магадгүй хүүхэд элдэв үйл хөдлөл хийх явцдаа зураг зурсан бол тэр нь бүтээлд нь нөлөөлж болно, харин түүнийг нь тухайн хүүхдийн хөдөлгөөнд асуудал гарлаа гэж ойлгож болохгүй. Хүүхэд зургандаа хэтэрхий их улаан өнгө юм уу, хар өнгийг ашиглалаа гээд гайхаад байх шаардлагагүй.
Ихэнх хүүхэд 5 нас өнгөрч байж өнгийг мэдрэмжээрээ ялгаж сурдаг бөгөөд үүнээс өмнө улаан өнгө бол цусыг, хар өнгө нь харанхуй болон зовлон зүдгүүрийг илэрхийлж болохыг ойлгоогүй байдаг. Тиймээс сонгосон өнгө нь ямар ч утга илэрхийлээгүй байх ба нэг бол тохиолдлоор эсвэл тэр үедээ таалагдсан өнгөөрөө зурсан байдаг. Хүүхдийн сэтгэл зүйн байдал зурсан зурганд илрэх ихэнх тохиолдол ээж аав нь хүүхдээс хэт их зүйл хүсэх юм уу, эсвэл ах дүүтэй нь харьцуулж үнэлэхэд илэрдэг стресснээс болсон байдаг.
Эцэг эхчүүд хүүхдэдээ яаж зурахыг заах хандлагатай байдаг ба харин заах биш зүгээр хамтарч зурах нь чухал юм. Үнэндээ бүх зүйлийг өөрийн нүдээр үзээгүй бага насны хүүхэд зураг зурахдаа адил төстэй зурж чадахгүй гэдгийг ойлгож, харин орчинтой танилцуулж өөрийнх нь мэддэг дуртай зүйлсийг нь зорилготой зурж сурахад тусалвал ямар ч ээж хүүхдийнхээ сайн зургийн багш байж чадна. Өөрөө хүүхдээсээ илүү зурж байгаагаа үзүүлж, хүүхдээ дахин дахин зураг зуруулвал чадвар нь дээшилж магадгүй гэж боддог бодол их муу нөлөөтэй бөгөөд хүүхдэд би яаж ч зураад ээжээс сайн зурж чадахгүй гэсэн мэдрэмж төрж, түүнчлэн алдвал яана гэсэн айдас хүүхдийг зураг зурах дургүй болоход хүргэдэг.
Эцэст нь хэлэхэд нэгэн зургийн хичээл дээр сурагч багшаасаа “ –Багш аа ямар зургийг сайн зураг гэх вэ? гэж асуутал, чи өөрийнхөө толгойд байгаа бодлыг тэр чигээр нь илэрхийлж чадсан зургийг” гэж хариулсан гэдэг. Хүн харахад сайн зурсан зурагнаас илүү хүүхэд өөрийн бодолд буй зүйлээ санаснаараа илэрхийлж чадсан зураг нь жинхэнэ сайн зураг болохыг мэддэг ээж л аз жаргалтай зургийн багш билээ.
Солонгос хэлнээс орчуулсан:
Орчуулагч Б.Баярмаа
Сургуулийн Өмнөх Боловсролын сургуулийн
багш Д.Үнэнбаяр
2015-01-21