Нойр-Хүүхдийг ухаалаг болгодог
Эцэг эх бүр л ухаалаг хүүхэдтэй байхыг хүсдэг. Гэхдээ их зүйлийг л мэддэг болговол энэ хүсэл маань биелэгдэнэ гэж боддог. Гэтэл хүүхдийн оюун ухааны хөгжил болон сурлагын амжилтад эцэг эх бидний ойшоож анзаардаггүй мөртлөө нэн чухлаар нөлөөлдөг хүчин зүйлс байдаг ажээ. Үүний нэг нь хүүхдийн нойрсолт.
Хангалттай хугацаагаар, тогтмол цагт
Саяхан британчууд нэгэн шуугиан тарьсан судалгааны үр дүнгээ танилцуулсан. Тэдний судалгаагаар шөнөдөө тогтмол цагт, наад зах нь 11 цаг унтдаг балчир насныхан тэднээс богино хугацаагаар унтдаг үе тэнгийнхнээсээ хавьгүй хурдан хөгжиж байсан нь тогтоогджээ.
Британы Вестчестерийн SRI судалгааны институтын эрдэмтэд 8000 хүүхэд дээр тэдний хөгжлийг нойрсох хэвшилтэй нь уялдуулан 9 сартайгаас нь эхлэн таван нас хүртэл нь судалсан аж. Судалгааны дүнгээс үзэхэд удаан унтдаг хүүхдүүд сонссоноо ойлгох, авиаг дуудах, математикийн энгийн ойлголтоороо бага унтагчид болон тогтмол цагт унтдаггүй үе тэнгийнхнээсээ илт давуу байв. Судалгааны багийн удирдагч Эрика Гаулор (Erika Gaylor) “эцэг эхчүүд хүүхдээ тогтмол цагт унтуулдаг бол хүүхдийнхээ хэл ярианы хөгжил, бичиг үсэгт суралцах үйлд хүчтэй дэмжлэг үзүүлж чадна” гэжээ.
Сургуулийн өмнөх насны хүүхэд шөнөдөө 11 цаг унтахын зэрэгцээ унтах дэглэмийг тогтмол барьсан тохиолдолд тэдний бие бялдар болон оюун ухаан нэн зохистой хөгжих боломжтой гэж Америкын нойр судалгааны институтээс мөн зөвлөсөн байдаг. Тел Абивын их сургуулийн Др.Ави Садех (Avi Sadeh) судалгаагаараа дутуу унтсан 6 дугаар ангийн хүүхэд зөвхөн 4 дүгээр ангийн хүүхдийн л амжилт үзүүлдэг гэж баталжээ.
Дутуу унтах тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?
Нойр дутмаг байхад оюуны үйлдэл хийхэд шаардагддаг тархин дахь мэдрэлийн эсүүдийн холбоос (Synapse) үүсэх боломжгүй болдог байна. Ийм холбоосгүйгээр хүүхэд сурсан зүйлээ эргэж санаж чаддаггүй. Түүнээс гадна дутуу угтсан хүүхдийн цусны саахар (энэ нь энергийн эх үүсвэр)-ийн боловсруулалт саатдаг аж. (1)
Унтаж байхад хүүхдийн тархи өдөртөө хүлээж авсан мэдрэмж, ойлголт төсөөллөө боловсруулдаг. Энэ явцад мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдон сурсан зүйл нь батжиж байдаг ажээ. Харин хүүхэд хэтэрхий бага унтах эсвэл дутуу унтаж нойрмог байхад тэдний сурсан зүйл нь ой ухаанд нь хагас дутуу үлддэг байна.
Хүүхэд ямар хугацаагаар унтах шаардлагатай вэ?
Энэ асуултад Биелефелдын хүүхэд залуучуудын эмч Др.Увэ Бүэшинг (Dr. Uwe Buesching) дараах хариулт (2) өгсөн байна.
Нярай хүүхэд
Хүүхэд төрснийхөө дараах 3 сардаа их унтах эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэд хоногтоо 14-18 цаг унтах шаардлагатай.
Нялх хүүхэд
Гурваас зургаан сартайдаа хүүхэд хоногтоо 16 цаг хүртэл хугацаатай унтах хэрэгтэй. Энэ удаа хэдэн удаа унтах нь (хоёр, гурав, дөрвөн удаа) хамаагүй. Зургаагаас найман сартайдаа хүүхэд шөнөдөө сэрвэл хооллох шаардлагагүй.
Балчир хүүхэд
Дөрвөн нас хүртлээ хүүхэд 11-14 цаг унтах шаардлагатай.
Сургуулийн хүүхэд
Сургуульд элсэхийн өмнөх нас болон бага ангийн хүүхдүүд 10-12 цаг унтах шаардлагатай. Өдрийн унтлага тэр бүр шаардлагатай биш.
Хүүхэд залуучууд
15 буюу 16 нас хүртлээ хүүхэд ойролцоогоор 10 цаг унтаж байвал тэдний нойрсох хэрэгцээ хангагдана.
Хангалттай унтахад нь хүүхдэдээ яаж туслах вэ?
Хүүхэд тань өглөөд ямар нэг асуудалгүй сэрж, босож чадаж байвал нойр нь ханасан байна гэсэн үг. Хүүхдээ хангалттай унтахад та дараах байдлаар тусалж болно.
- Тогтмол цагт хооллож, унтуулж, босгож байвал хүүхэд тань түүндээ дасан зохицно.
- Ихээхэн хөдөлгөөн шаардсан (гүйх, харайх, үсрэх) мөн хөдөлгөөн багатай тайван байх (ном үзэх, эвлүүлж угсарч тоглох гэх мэт) янз бүрийн үйлийг хослуулан хийх боломжийг хүүхдэдээ олгох.
- Унтахын өмнө тайван байлгах, дуртай зөөлөн тоглоомыг нь өгч хэвтүүлэх, үлгэр ярьж өгөх, ном уншиж өгөх зэргээр таатай унтах бэлтгэл хийх. Унтахынх нь өмнө усанд оруулбал, тайван унтахад мөн тустай.
- Унтахынх нь өмнө зурагт үзүүлэхээс аль болох зайлсхийх. Янз бүрийн үйл явдал бүхий нэвтрүүлэг үзсэнээр тэд сэтгэл нь догдлох, эмзэглэх тохиолдол гарч, түүнийгээ зүүдлэх зэргээр тавгүйтдэг. Ялангуяа хэт мэдрэмтгий хүүхдэд энэ нь илүү нөлөөлнө.
Н.Хорлоо
Ашигласан материал:
2. http://www.bild.de/ratgeber/kind-familie/alter/wieviel-braucht-ein-kind-10620844.bild.html