Сар шинийн тоглоом наадам

Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна дом, засал тахилгын шинжтэй байдагт оршино. “Алаг мэлхий” тоглоомыг битүүний орой тоглодог бол “Хорол”, “Дөрвөн бэрх”, “Үүчүүр” тоглоомуудыг сар шинээр тоглодог.

Монгол түмний оюуны соёлын өвийн нэг хэсэг нь монгол ардын тоглоом наадам билээ. Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна домын шинжтэй, засал тахилгын шинжтэй байдагт оршино. “Алаг мэлхий” хэмээх шагайн тоглоомыг битүүний орой тоглодог бол “Дөрвөн бэрх”, “Үүчүүр”, “Хорол” тоглоомуудыг цагаан сарын шинийн нэгний өдөр тоглодог заншилтай байна. Шинийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом дэлгэж, наргиж цэнгэвэл гэрийн жавар үргэдэг гэж үзэх бөгөөд шинийн нэгэнд тоглоомд хожсон хүн тэр жилийг эрүүл саруул, аз хиймортой сайн давах, онд мэнд орох юм байна хэмээн бэлгэшээх, тоглоомд тэнцэх буюу “хайнцвал”, “хавантай” буюу барцад саадтай байна гэж үзэх, улмаар “хавангаа хагалах”, буюу барцад саадыг арилгах дом засал болгож, заавал дахин тоглох зэрэг өвөрмөц зан заншлууд буй [1].

Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна дом, засал тахилгын шинжтэй байдагт оршино. “Алаг мэлхий” тоглоомыг битүүний орой тоглодог бол “Хорол”, “Дөрвөн бэрх”, “Үүчүүр” тоглоомуудыг сар шинээр тоглодог.

ХОРОЛ

Хорол тоглоом нь билэгдэл болоод оюун санаа, уламжлалын тал дээр агуу тоглоом. Монгол айл бүрийн шүтээн болох тоглоом гэж хэлж болно. Энэхүү тоглоомоор цагаан сарын өдрүүдээр гэр бүлээрээ тоглож, тухайн жилийнхээ мууг арилгаж,сайныг дууддаг домын тоглоом юм [2].

Хорол нь гарын мод, газрын мод гэсэн нийт 60 модноос бүтнэ. Гарын болон газрын мод хэд байх нь нутаг нутгийн  (баруун аймгийнхан, төв халх гэх мэт) уламжлалын дагуу өөр өөр байх нь бий. Тухайлбал:

Хувилбар 1:

Гарын мод хорол, чандмань, гарьд, арслан нийт дөрвөн толгой мод тус бүр 4 ширхэг байна. Гарын мод нь бүх газрын модоо ахлах ба гарын модны зиндаа нь хорол хамгийн дээд гарын мод, чандмань удаалж, дараа нь гарьд, сүүлд нь арслан орно.

Газрын модонд хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн арван хоёр жилийн амьтад байх бөгөөд амьтдын хувьд хулгана ахалж, үхэр удаалах гэх мэтээр үргэлжлэн гахай сүүлдэх дараалалтай буюу яг жилийн дарааллаар нь ахлуулж тоглодог. Газрын модны нохой, гахай тус бүр 2 ширхэг, бусад амьтад нь бүгд 4 ширхэг байна. (Энэ нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд нутаглах өөлд ястны Хорол тоглоомын хувилбар болой.)

Хувилбар 2:

Гарын мод нь эрхэм шударгын бэлгэдэл болсон хорол, эрдэнэсийн бэлгэдэл болсон чандмань, аз жаргалын бэлгэдэл болсон өлзий хээ гэсэн гурван толгой модноос бүрдэнэ. Эдгээр гарын мод тус бүр 4 ширхэг байна. 12 жилийн амьтад бүхий газрын мод тус бүр 4 ширхэг байна. Дээрхийн адил дарааллаар тоглоно.

“Хорол” тоглоомын тоглох цаг хугацаа, журам дэг бүгд нарийн байдаг. “Хорол”-ыг тэнгэрийн дуутайд тоглох нэн цээртэй бөгөөд намар тэнгэрийн дуу татарч, ус гол хөлдөхөөр тоглож эхлээд, хавар цагаан сараар хамгийн сүүлд дэлгэж тоглоод, ирэх намар болтол хураадаг. Учир нь луу, могой гээд лусын амьтдаар наадаж буй болохоор зөвхөн лус ичсэн цагт л тоглодог гэдэг байна [1].

Тоглоомын дүрэм

Тоглоомонд 2-4 ба 6 хүн оролцож болох ба ихэнхдээ 4 хүн тоглох нь илүү тохиромжтой байдаг. Тоглоомонд тэгш тоотой хүн оролцвол талцаж тоглоно. Жишээлбэл, 6 хүн тоглож байгаа бол модоо доош харуулан хооронд нь сайн холиод модоо 5, 5-аар давхарлан өрж дугуйлан тавина. Нэг хүн 2 гэр буюу 10 модтой тоглоно. Насаар хамгийн бага оролцогч хулгана жилээс эхлэн 12 жилээ магтаж дуулж эхний удаад тоглоомыг эхлүүлэх бөгөөд бусад оролцогч дараа нь ээлжлэн тоглоомыг эхлүүлэх боломжтой.

Эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гарч дараагийн хүн ахлах буюу дагуулан өгөх журмаар тоглоом үргэлжилнэ. Тоглоом дуусахад олон гэр барьсан тал нь хожно.

Тус тоглоомын зан үйлд морийг ихэд хүндэлж бэлгэшээдэг. Хэрэв тоглож байх явцад нэг хүнд зэрэг 4 морь ирвэл “Азын 4 морь” гэж үздэг бөгөөд 4 мориороо зэрэг 4 гэр барьж болно. 4 морийг өөр юу ч ахалдаггүй дүрэмтэй. Харин хүчин чадлаараа туулай хүртэлх бүх мод 3-4 ширхэг нэг хүнд ирсэн тохиолдолд тухайн хүн ээлжээ ирсэн тохиолдолд моднуудаа зэрэг гаргаж болно. Бусад мод буюу Тахиа, Мич, Хонь, Могой, Луу жил 3 ижил байсан ч зэрэг гарах боломжгүй.

АЛАГ МЭЛХИЙ

Монголчуудын битүүлэх ёсны салашгүй нэгэн хэсэг нь “Алаг мэлхий өрөх” наадам юм. Хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор Алаг мэлхийн эрхтэн бүрийг тодорхой тоогоор өрдөг. Нийтдээ 92 эсвэл 108 шагай хэрэглэгдэнэ. Битүүний орой алаг мэлхий өрж тоглохоос гадна битүүнд Алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэн буцаан авч тоглодог уламжлал ч бий.

Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагайг өрнө. Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт 5 буюу нийт 20 шагай өрнө. Нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр өрнө. Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2 болгож өрнө. Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө. Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсгийн нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.

Алаг мэлхий тоглоомын дүрэм

Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.
Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.
Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина. Хамгийн олон шагай авсан хvн нэгдvгээр суурийг эзлэн хожно.

ДӨРВӨН БЭРХ

Дөрвөн бэрхийг тоглохдоо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлэн дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, түрүүлж 100 оноо авсан хүн хожно. Хэдэн оноогоор тоглохоо дараах байдлаар тогтооно. 

Дөрвөн морь – 100 оноо 
Дөрвөн тэмээ -95 оноо 
Дөрвөн бэрх – 80 оноо 
Гурван морь, нэг хонь – 75 оноо 
Гурван тэмээ, нэг ямаа – 45 оноо 
Дөрвөн хонь – 25 оноо 
Дөрвөн ямаа – 15 оноо 
Хонь, ямаа хоёр хоёроороо ижил бол – 5 оноо авна. 

Бага насныхан тоглохдоо дараах оноогоор тоглож болох юм. Түрүүлж 10 оноо авсан хүүхэд хожно.

Дөрвөн морь – 10 оноо 
Дөрвөн тэмээ -9 оноо 
Дөрвөн бэрх – 8 оноо 
Гурван морь, нэг хонь – 7 оноо 
Гурван тэмээ, нэг ямаа – 4 
Дөрвөн хонь – 3 оноо 
Дөрвөн ямаа – 2 оноо 
Хонь, ямаа хоёр хоёроороо ижил бол – 1 оноо авна.

 

Эх сурвалж:

  1. https://www.facebook.com/ODLMongolia/posts/1816808158590546/
  2. https://mass.mn/n/27821
  3. https://www.facebook.com/mongolsiilber.mn/posts/1559028434386026/
  4. http://www.olloo.mn/n/61211.html

 

buuvei.mn