Төрсөн өдрийн хөгжилтэй тоглоомууд
Багачууд маань хүсэн хүлээдэг төрсөн өдрөөрөө нэгээр нэмэгдсэн лаа үлээж, бялуу идэж, бэлэг авахаас өөр юу хийж болох вэ? Төрсөн өдөрт нь санаа тавьж бэлтгэн, мартагдашгүй дурсамжтай өнгөрүүлэхэд аав ээж нар ч бас баяр баясгалантай байх болно. Хүүхдүүд төрсөн өдрөөрөө гэрт, гадаа хаана ч тоглож болох зарим хөгжилтэй тоглоомуудыг нийтэллээ. Үүнийг багш нар мөн ашиглаж болох юм.
Сав нүдэх
Энэ тоглоомд нэг хоолны сав, хоолны хутгуур, алчуур хэрэглэгдэнэ. Мөн чихэр, үсний боолт, харандаа зэрэг жижигхэн бэлэг бэлтгэнэ.
Эхлэн тоглогч хүүхэд алчуураар нүдээ боож зогсоно. Бусад нь түүнийг байран дээр нь хэд хэд эргүүлнэ. Ингэхэд тоглогч чиглэлээ алдах тул савыг хайж олох үйл явц сонирхолтой болно. Хоолны савны дор ямар нэг бэлэг хийгээд доош нь харуулж тавьсан байна. Тоглогч сөхөрч суугаад мөлхөж, гараараа тэмтрэн савыг хайж, гартаа барьсан хоолны хутгуураар савыг олж онож цохихыг эрмэлзэнэ. Тоглогч савнаас холдоход бусад нь “хүйтэн”, саванд ойртож ирэхэд “халуун” гэж хашгирч түүнийг чиглүүлнэ. Савыг олж, нүдсэн тохиолдолд тоглогч сав доорх бэлгийг авч, бусад нь баяр хүргэнэ. Дараагийн хүүхэд тоглогч болно.
Инээхийг хориглоно
Хүүхдүүд тойргоор сууна. Тоглоомыг эхлүүлэх хүүхэд тойргийн голд зогсоно. Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүүхэд ч тоглоомыг эхлүүлж болно. Тойргийн голд зогссон хүүхэд нүүр царайгаа хувиргах, элдэв хөдөлгөөн хийх эсвэл онигоо ярих зэргээр бусдын инээдийг хүргэнэ. Түрүүлж инээсэн хүүхэд тоглоомын голд орж тоглоомыг үргэлжлүүлнэ.
Бөмбөлөгтэй бүжиг
Бөмбөлөгтэй бүжиг тоглоомын явцад хүүхдүүд үнэхээр дуу шуугиантай, хөгжилтэй байх болно. Хүүхэд бүр нэг бөмбөлөг авч, хөлийнхөө шагайнд тогтоож уяна. Хөгжим эхлэхэд хүүхдүүд бүжиглэж эхлэх бөгөөд бүжиглэх явцдаа өөрийнхөө бөмбөлөгийг хамгаалахын зэрэгцээ бусдын бөмбөлөгийг гишгэж хагалахыг оролдоно. Бөмбөлөгөө хагалуулаагүй үлдсэн хүүхэд ялагч болно.
“Зогс” бүжиг
Хөгжмийг чанга тавихад, хүүхдүүд баяр хөөртэй, хүссэн хөдөлгөөнөө хийж, эрч хүчтэй бүжиглэнэ. DJ хөгжмийг зогсооход тэд ямар хөдөлгөөн хийж байсан яг тэр чигээрээ “хөшөө” болж зогсоно. Хөдөлсөн хүүхэд ялагдагч болж, DJ-гийн ажлыг хүлээж авна.
Иерусалим рүү аялах
Сандлуудыг тойргоор зассан байна. Тоглогчдын тооноос сандлын тоо нэгээр дутуу байна. Хүүхдүүд хөгжим дуугарахад сандлыг тойрч гүйнэ. Хөгжим гэнэт зогсоход бүх хүүхэд яаран нэг нэг сандал олж сууна. Сандал олж сууж чадаагүй хүүхэд тоглоомоос хасагдана. Дараагийн удаа сандлуудаас нэгийг нь авч, тоглоом үргэлжилнэ. Сандалгүй хоцорсон бас нэг хүүхэд хасагдана. Энэ байдлаар тоглоом үргэлжилж, хамгийн сүүлд үлдсэн хүүхэд ялагч болно.
П.Жаргал
Эх сурвалж:
- https://www.spielregeln.de/topfschlagen.html
- https://www.kindergeburtstagsspiele.net/lachen-verboten/
- http://ideas4parents.com/6-lustige-spiele-fuer-den-kindergeburtstag/