Хэр хэмжээгээр идэхээ өөрөө шийдэх

Хойч үеэ идэвхтэй, оролцоотой иргэн болгон төлөвшүүлэхийн тулд тэдэнтэй бага балчраас нь эхлэн ажиллах шаардлагатай ажээ.  ХБНГУ-д яслийн хүүхдийн оролцоог багш нар хэрхэн ханган ажиллаж байгаад нэгэн судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнтэй танилцаад, Та балчир насныханд хэр зэрэг бие даасан байдалд нь дэмжлэг үзүүлдэг, оролцоог нь хэрхэн хангадгаа эрэгцүүлэн авч үзээрэй. 

Бика судалгаагаар цэцэрлэг/ясийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхдүүд хэр оролцоотой байгааг судалжээ.

Хатагтай Перганде, таны ажиглалтаас юу хамгийн сонин содон нь юу байв?

Яслиудын хооронд зарим чанарын томоохон ялгаа харагдсан. Зүүн болон Баруун Германы яслид хүүхэд өөрөө болон хамтдаа шийдвэр гаргах, тэдний бие даах боловсролыг дэмжихэд ихээхэн ялгаа байсан.  Жишээлбэл, хооллолтын үеийн хоёр жишээг дурдъя: Зүүн Германы яслийн 40 хувьд нь хүүхэд хоолны ширээ засахад оролцож байсан бол Баруун Германд зөвхөн дөрөвний нэгд нь л ийм тохиолдол байсан. Харин нөгөөтэйгүүр Баруун Германы яслийн 97%-д хооллолтын үеэр уух зүйл байдаг бол Зүүн Германы яслийн гуравны хоёрт нь л байсан.

Өөр нэг содон зүйл бол боловсролын салбарын мэргэжилтнүүдийн бага наснаасаа эхлэн хэрхэн орололцоотой байсан намтар түүх нь хүүхдийн оролцоонд хандах өнөөгийн хандлагад мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг нь харагдсан. Хэрэв мэргэжилтнүүд оролцооны талаар эргэлзээтэй байдаг бол энэ нь тэдний зан үйлд нөлөөлж, хоололтын нөхцөл байдлыг хүүхдийн оролцоо багатай зохион байгуулж байсан.

Энэ нь нэг багшид ногдох хүүхдийн тооноос шалтгаалж байсан уу?

Зарим талаараа тийм. Хүүхэд цөөн байх тутам багш хүүхдийн тухайн үед анхаарал татсан зүйлд илүү анхаарал хандуулж, харилцаж байсан. Хүүхдийн үгээр илэрхийлсэн зүйл, асуултад илүү цаг зарцуулж байв. Гэсэн хэдий ч хүүхдүүдэд хэр зэрэг оролцооны боломж олгож байгаа нь нэг багшид ногдох хүүхдийн тооноос хамаарахгүй байсан. Тэдний өөрсдийнх нь хүүхдийн оролцоог дэмжих болон дэмжихгүй байгаа байдал нь мөн хүүхдийн тооноос хамаарахгүй байсан.

Ямар үед хүүхдийн оролцоог хангаж болох вэ?

Чөлөөт тоглоомын үед хүүхдүүд оролцооны хамгийн их боломжийг мэдэрдэг. Дөрвөн яслийн гуравт нь хүүхдүүд хаана тоглохоо өөрөө шийдэж байсан. Тэд багшийнхаа дэргэд чөлөөтэйгээр тоглоомынхоо санаа, агуулга, явцыг өөрсдөө шийдэж зохицуулж байсан. Энд тэд хоорондоо зохицох үйл явц явагдаж байгааг мэдэрч, туршлагаждаг. Ерөнхийд нь хэлбэл, тэд ангид зааварчилга дагахгүй, чөлөөтэй байх тусам хаана суух, хэнтэй харилцах, хэрхэн ажиллах зэрэг сонголт хийх нь элбэг байдаг.

Яслид явагддаг ямар үйл ажиллагааг зориуд зохицуулдаг вэ?

Хооллолт (үдийн) бол яслид онцгой зохион байгуулалттай явагддаг. Яслиудын гуравны нэгд нь л хүүхдүүд хооллохдоо суудлаа чөлөөтэй сонгож байв. Яслиудын ойролцоогоор дөрөвний нэгд нь л бүх хүүхэд тавган дээр юу авах, юуг амталж үзэх, эсэхээ сонгох эрхтэй байсан. Хоёрны нэг нь хүүхэд хэр хэмжээгээр идэж, уухаа өөрөө сонгох боломжгүй байсан.

Багш нар хооллолтын үеэр хүүхдэд яаж өөрөө шийдэх боломж олгох вэ?

Тэд хүүхдүүдтэй хамт ширээний ард сууж, боломжтой бол тэдэнтэй адилхан хамтдаа хооллох нь хамгийн сайн арга. Энэ нь зөвхөн хооллолтыг зохион байгуулах бус ширээний ард яриа өрнүүлэх сайхан боломж. Ингэснээр хүүхэд хаана, хэний хажууд суух, хоолноос юуг нь амталж үзэх, хэр их зүйл уух, идэх зэргээ шийдэхэд өөртөө итгэлтэй байдлыг бий болгоно. Тэд аяга, таваг, халбагаа сонгох боломжтой байх бөгөөд мөн хооллохын өмнө ямар үг хэллэг хэлэх, дуу дуулах зэргийг шийдэж болно.

Оролцооны судалгаа

Зорилго: Ясли дахь хүүхдийн оролцооны чанарыг судлах

Хугацаа: 2018-2020

Хүүхдийн нас: 1,5-аас 2,5 нас

Явц: 13 муж улсын 89 цэцэрлэг\яслид видео бичлэг, ярилцлага, асуулгаар хүүхдийн оролцооны эрхийг хэр зэрэг хангаж байгааг судалсан. Судалгааг хооллолт, зурагт ном дээр ажиллах, тоглох үйл ажиллагаанууд дээр явуулсан.

Удирдлага: Фрауке Хилдэбранд (Frauke Hildebrandt) –Подсдамын Мэргэжлийн дээд сургууль,  Катеринэ Валтер-Лаагер (Catherine Walter-Laager) – Грацийн Сурган хүмүүжүүлэх ухааны их сургууль

 

Хэрэгслийн хувьд анхаарах зүйл бий юу?

Ширээн дээр нэвт харагддаг тунгалаг сав, аяга, данх\гүцтэй байх нь зүгээр. Ингэснээр хүүхэд аягалж байгаа зүйл нь хэр дүүрч байгааг сайн харж, мэдэх болно. Бага насныхан барьж болохоор жижигхэн шанага байна. Хашлага, өндөр сандал, тавцантай сандал зэрэг хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарласан бүх тавилга, туслах хэрэгслийг солих шаардлагатай. Хүүхдүүд өөрөө суух, хэвтэх, босох боломжтой байх нь чухал.

Мэргэжлийн хүмүүс юуг онцгой анхаарах ёстой вэ?

Ялангуяа балчир насны хүүхдийн хувьд бие даасан байдлын түвшин, бие даасан байдлын хэрэгцээ нь хоорондоо зөрөөтэй байдаг. Энэ нь нэг талаас тэдний хөгжлийг хангахад нөлөөтэй боловч, нөгөөтэйгүүр бухимдлыг төрүүлдэг. Насанд хүрэгчид хүүхдэд үйлд нь дэмжлэг үзүүлэхийг хүсдэг ч зарим нь ийм тусламжийнхаа хэмжээг хэтрүүлэх хандлагатай байдаг. Бидний судалгаанаас харахад сурган хүмүүжүүлэгчдийн туслах үйл ажиллагаа нь ихэнхдээ хүүхдийн оролцоог нь хангахгүйд хүргэж байсан. Мөн тэд асуухгүйгээр хүүхдийн үйлдлийг таслах эсвэл хүүхдийн оронд бүх зүйлийг хийдэг тал байна. Түүнчлэн тусламж нь хэмжээнээс хэтэрч бие махбодын контакт үүсгэх эсвэл илүү тайлбар хийх тохиолдол байсан.

Үүнд ямар үйлдлүүд ажиглагдсан бэ?

Үүнд хүүхдийг асуулгүйгээр тэвэрч авах, сандал дээр суулгах, сандлыг ширээ рүү түлхэх, ханцуйг нь шамлах, хэрэглэгдэхүүнийг эмхлэх, нүүр гарыг нь цэвэрлэх зэрэг үйлдлүүд байсан. Эдгээр нь хүүхэдтэй шууд холбогдон хийсэн эсвэл бүр бие махбодтой нь контакт үүсгэсэн үйлдлүүд. Ийм нөхцөл байдал нь ямар ч хүүхдэд сонин биш байдаг.

Багш нар яаж илүү мэдрэмжтэй хариу үйлдэл үзүүлж ажиллах вэ?

Тусламж нь үнэхээр хэрэг болохуйц байх бөгөөд хүүхдийн өөрөө шийдэх хэрэгцээг  бэхжүүлэхийн тулд хүүхдээс дэмжлэгийнхээ талаар үргэлж урьдчилан асууж, мөн татгалзвал түүнийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүүхдэд хэл яриагаар туслалцаа үзүүлэх нь ихэвчлэн хангалттай байдаг. Жишээлбэл, мэргэжилтнүүд өөрсдийн гараар шууд оролцон хийх бус, шийдлүүдийг амаар санал болгож болно.

Ярилцсан: Барбара Брэнгартнер (Barbara Brengartner)

Орчуулсан: Н.Норжхорлоо

 

Эх сурвалж: “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүл. 2022 оны 3 дугаарт. Хуудас: 24-26

Barbara Brengartner. 2022. Selbst entscheiden, wie viel sie essen möchten. Bika-Studie untersucht Beteiligung von Kindern im Kita-Alltag. Kindergarten Heute. Fachmagazin 2022 (52.Jg). 3_2022. S.24-26.

https://www.herder.de/kiga-heute/fachmagazin/archiv/2022-52-jg/3-2022/selbst-entscheiden-wie-viel-sie-essen-moechten-studie-untersucht-beteiligung-von-kindern-im-kita-alltag/?knr=72998016&utm_source=kg-newsletter&utm_medium=email&id=d985cbe7-15bb-e711-80f0-005056b47dda