Хүүхдийг тайван орхи

Тоглоом бол хүүхдийн хувьд ажил нь. Харин үүнийг сүүлийн үед анхаарахаа болио юу даа. Ганц манайд ч биш юм аа. Чөлөөтэй тоглохын ач холбогдлыг эцэг эхчүүдийн дунд тусгайлан таниулах хэрэгтэйг АНУ-ын хүүхдийн эмч нарын холбооноос зөвлөмж болгосон байв. Улам олон хүүхэд сургуульд ч орж амжаагүй байхдаа өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл санаагаар унаж эхлэх болсныг эмч нар ажиглаад ийм зөвлөмж гаргахад хүрчээ. Цэцэрлэгт ч орж амжаагүй хүүхдэд үсэг, цифр нүдлүүлэн, англи үг цээжлүүлээд үүгээрээ их бахархах аав ээж нар олширлоо. Үүний тулд хүүхдээ хэчнээн зовоож буйгаа тэд ер тоохгүй, тоохгүй ч юу байхав ойлгохгүй л байгаа хэрэг. Судалгаа хийж тогтоогоогүй л болохоос биш дээрх америк эмч нарын ажигласан зүйл манайд ч байгаа, өөрөөр хэлбэл энэ зөвлөмж бидэнд ч хамаатай гэсэн үг. Гэтэл хүүхэдтэйгээ зүгээр л хамтдаа байж,  ярилцаж, зугаатай цагийг өнгөрүүлэх нь л хүүхдийн хувьд хамгийн тохиромжтой зүйл гэж эмч нар зөвлөх болов. Маш энгийн зүйл биш гэж үү? Ямар ч төвөггүй, ердөө хялбархан, хүүхдээ ч зовоохгүй, өөрсдөө ч үйлээ үзэхгүй.

Эцэг эхчүүд хүүхдээ дээд зэргийн сайн хүн болгохыг хүсдэг. Ядаж л хажуу айлын эсвэл өөр нэгэн мэдэх хүүхдээс нь л лав илүү сайн байх ёстой. Ийм хандлага, арга барилаас аль болох татгалзахыг сурган хүмүүжүүлэгчид зөвлөдөг. Ямар аргатайдаа “Хүүхдээ тайван орхи!“ гэсэн ном хүртэл бичигдэж байхав дээ. Эцэг эхчүүдийн хүүхдээ хайрлах сэтгэлд хязгаар байхгүй нь үнэн, гэхдээ хэт их хайр нь буруу алхам руу түлхээд байвал яахав? Тэмээ гэдгэрээ мэдэхгүй гэгчээр эцэг эхчүүд өөрсдийн сул талаа олж хардаггүй. Тийм болохоор мундаг эцэг эхийн хүүхэд бас л бусдын хүүхдээс илүү мундаг байх ёстой болж таарна. Ямар ч муу ааш, алдаа гаргадаггүй, маш сайн сурлага, сахилга баттай, хэлсэн ярьсныг ягштал баримталдаг, үг хэлмэгц л за гээд гүйдэг үлгэр жишээ хүүхэд. Робот л биш бол ийм, ёстой нөгөө идеал хий гэдэг шиг бүх сайн чанарыг цогцлоосон хүүхэд байна гэдэг чинь биелэх боломж багатай мөрөөдөл биз дээ. Тэгээд ч өөрийн гэсэн сэтгэлгээтэй бие даасан хүн хэрэгтэй болохоос бус ийм робот шиг хүүхэд орчин үед хол явахгүй. 

Цюкерберг Facebook бүтээхдээ 19 настай, Билл Гэйтес программ хангамжийн компаниа байгуулахдаа 14 настай байсан бол Беатлесчүүд ч энэ л насандаа бүтээлээ туурвицгааж эхэлсэн. Тэд энэхүү санаануудаа ямар ч байсан эцэг эх, эмээ өвөө нараасаа өвлөж аваагүй нь ойлгомжтой. Хүүхдийнхээ алхам тутмыг хянаж, зааварддаг эцэг эхтэй байсансан бол тэд ийм амжилтанд яагаад ч хүрэхгүй байсан биз. Хичээлээ бус өөр аахар шаахар зүйлээр оролдох болсон хүүхдээ эцэг,  эх нь сургаж өгөөд ширээнийх нь ард номын ёсоор суулган, дундаж нэгэн албан хаагчийн замналаар явуулах байсан болов уу.

Хөгжимдүүлж сургах гэж албадаад, хүчээр тооны гүнзгийрүүлсэн сургалттай ангид оруулах нь оновчтой шийдэл огт биш. Олон эцэг эхийн хувьд хүүхэд нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтанд суугаад, гадаадад явж сурч ирээд, төрийн өндөр алба хаших нь амьдралын зорилго нь.

Эцэг эхийн чаддаг, сонирхдог болгоныг хүүхэд чадаж, сонирхох албагүй. Хүүхдийнхээ сонирхлыг юун түрүүн анхаарч үзэх нь чухал гэхдээ энэ нь дураар нь тавь гэсэн үг биш л дээ.
Томчууд зааж зааварлах нь бус харин дэргэд нь хамтдаа байх нь л хүүхдийн хувьд хамгийн чухал зүйл. Энэ нь аав ээж нь, эмээ өвөө нь аль эсвэл хөрш нь байна уу хамаагүй, гол нь тэдний хувьд харилцах хүн л хэрэгтэй. Цаг зав гаргахгүй бол харилцаа байхгүй, харилцаагүйгээр хүмүүжил байхгүй гэдэг бол хүүхдийн хүмүүжлийн алтан дүрэм. Одооны хүүхэд өөр болжээ гэж үглэцгээдэг маань ч үүнтэй холбоотой. Ажил төрөл гэж гүйсээр бид чинь яг үнэндээ хүүхдэдээ цаг зав гаргаж чадахаа байсан. Томчуудын ааш аягийг харан даган дууриах замаар л хүүхэд хүмүүждэг. Гэтэл тэр үлгэр дууриал болох аав ээж, хамаатан садан нь хүүхдэд олддоггүй, арай гэж дэргэд нь ирэхээрээ элдэв курс дугуйлан руу л албадан чирж гүйцгээдэг. 

Хүүхдийнхээ төлөө хэт их анхаарч ийш тийш нь чирч гүйсээр хүүхдээ ч өөрсдийгөө ч балладаг нь асар их хор хөнөөлтэй бөгөөд үүнээс сэргийлэх ямар арга зам байгааг хүүхдийн сэтгэл судлаач Михайл Винтерхофф „Яагаад бидний хүүхдүүд тиран болцгоогоод байна аа? буюу алдагдсан хүүхэд нас?”, “Тиран байх албагүй шүү дээ”
номууддаа дурайтал бичсэн байна.

Хүүхдийг бага насанд нь хэт их ачаалалд оруулахгүй байх талаар хөгжингүй орнуудын боловсролын байгууллагууд ч  анхаараад эхэлсэн аж. Германы Баваар муж улсын 20 сургуульд  2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан бага анги нь янз бүрийн хугацаатайгаар, өөрөөр хэлбэл 3-5 жил байхаар зохицуулж эхэллээ.  Энэ бол цаашдын ирээдүйн чиг хандлага гэж тус муж улсын Соёлын сайд (Германд сургуулийг муж улсынх нь соёлын яам хариуцдаг) нь мэдэгджээ. Германы 16 муж улсын 13 нь үүнийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн бөгөөд Баваар муж харин ч оройтож эхэлж буй аж. Энэ хорин сургуульд сайн, муу, хотын, хөдөөгийн гээд янз бүрийн төлөөлөл орсон байгаа гэнэ. Хүүхдүүд хэр чадлынхаа хэрээр л уншиж, бичиж, тоо бодож сурна, анги дэвших албадлага байхгүй, тийм болохоор 3-5 жилийн ялгаа гарч буй хэрэг. Онцлог нь хичээл нь нээлттэй өөрөөр хэлбэл нэг ангид сайн, муу сурлагатай, насны ялгаатай хүүхдүүд хамтдаа суралцана. Мэдээж энэ хорин сургууль дээр дагалдан судалгаа хийгдэж, үнэлэлт дүгнэлт гарган цааш улам төгөлдөржүүлэхээр төлөвлөжээ.

Дашрамд сонирхуулахад Голландын Цандвоортэд өдөр бүр 8-18 цагийн хооронд, жилийн 50 долоо хоногт ажилладаг бага сургууль нээгджээ. Учир нь энэ сургуульд улирлын амралт гэж байхгүй. Эцэг эх нь дуртай үедээ амралтаа аваад хүүхдээ дагуулан аялж болно. Сургуулийн амралт тогтмол цагт болдог нь орчин үед тохиромж муутай. Энэ чинь хүүхдүүд эцэг эхийнхээ ургац хураалтанд тусалдаг байсан уламжлалаас л үүдэлтэй гэж Голландын Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Шарон Дийксма мэдэгдсэн ажээ.

Ц.Даланцагаан