Хүүхэд хамгаалал-Сайн туршлага

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн хамт олны хүүхэд хамгааллын чиглэлээр зохион байгуулж буй сайн туршлагатай танилцана уу. Тус цэцэрлэг 2021 оноос эхлэн жил бүр сар тутмын 10-ны өдрийг "Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилт"-өдөр болгон олон үр дүнтэй ажлыг зохион байгуулж иржээ.

Манай цэцэрлэгийн хамт олон 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн сар тутмын 10-ны өдрийг "Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилт"-ын өдөр нэртэйгээр хүүхэд багачууддаа эрсдэлгүй хамгаалагдсан орчин бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга ухаанд сургах ажлуудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Өнөө цагт аль ч насны хүүхэд аюул осол, гэмтэл бэртэлд өртөх тохиолдол тасрахгүй байна. Иймд хүүхэд ихээр өртдөг эрсдэлт хүчин зүйлсийг багасгах, цаашдаа нэг ч хүүхэд аюул осолд бүү өртөөсөй, эцэг эх хүүхдээ сайтар хамгаалж, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулаасай, улмаар хүүхэд хамгаалал бүрэн утгаараа хэрэгжиж, хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгоосой гэсний үндсэн дээр бид энэ ажилд нэгдэн орсон.  Мөн  Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөр гарсан нь бидний ажилд сэдэл өгсөн.

Ажлын зохион байгуулалт

Манай цэцэрлэг “Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилт”-ыг дараах байдлаар зохион байгуулан дагуу явуулдаг.

  1. Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилтыг ямар сэдвээр, хэзээ, хэн хариуцан явуулах хуваарь гаргах;

 

  1. “Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилт”-ын хуваариа “Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа”, “Багш, ажилчид, эцэг эх, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа” гэсэн хоёр чиглэлээр төлөвлөх;  

 

  1. Дадлага сургуулилтыг Аймгийн Онцгой байдлын Газар, Аймгийн Цагдаагийн газар, Аймгийн Улаан Загалмайн Хороо, Дорнод аймгийн Зүүн бүсийн Оношлогоо эмчилгээний Төв гэх мэт мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

 

  1. Гаргасан хуваарийн дагуу бүлгийн багш нар ээлжлэн хичээлийн жилд нэг удаа тухайн “Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилт”-ийн ажлыг нарийвчлан төлөвлөж, мэргэжлийн байгууллагууд, хүүхэд хамгааллын багтай хамтран зохион байгуулах;

 

  1. Зохион байгуулсан үйл ажиллагааны мэдээллийг 9-Р ЦЭЦЭРЛЭГ “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” БҮТЭЭМЖИЙН БАГ цахим хуудсанд байршуулан эцэг эх, олон нийтэд сурталчлан таниулж, туршлагаа хуваалцах.

 

Дашрамд дурдахад дадлага сургуулилтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран явуулж, анхны тусламж, гамшиг осол, бусад эрсдэлт хүчин зүйлээс хүүхдийг хэрхэн урьдчилан сэргийлэх, бусдад туслах, хамгаалах,  ямар нэг эрсдэл тулгарсан үед авах арга хэмжээний талаар мэргэжлийн арга зүйн зөвлөгөө зөвлөмж авч, даган хийж гүйцэтгэн мэдлэг, чадвараа сайжруулах нь илүү үлдэц өгөөжтэй, сонирхолтой байдаг.

Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилтын агуулга

Бид хүүхэд хамгааллын дадлага сургуулилтаа дараах сэдэв (чиглэл)-ээр явуулж ирсэн.

а) Хүүхдэд чиглэсэн дадлага сургуулилт

  1. Газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах  дадлага сургуулилт
  2. Галын хор уршиг, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт
  3. Салхи шуурганы аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт
  4. Тээврийн хэрэгслийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт
  5. Товч, шүр зэрэг зүйлсийг ам, хамартаа хийснээр гарах хор уршгаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт
  6. Өнгөц хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж дадлага сургуулилт
  7. Хамраас цус гарах үед үзүүлэх анхны тусламж
  8. Гялгар уут ашиглан анхны тусламж үзүүлэх дадлага сургуулилт
  9. Гол, нуурын усны аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт
  10. Олон нийтийн гудамж талбайд аюулгүй тоглох дадлага сургуулилт
  11. Хүний цус, шүлс, бөөлжис зэрэг биологийн шингэнээс халдвар тархах хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт
  12. Наршсан үед үзүүлэх анхны тусламж

 

б) Багш, эцэг эх, олон нийтэд чиглэсэн  дадлага сургуулилт

  1. Гаднын биет залгин, хахах үед үзүүлэх анхны тусламж
  2. Бэртэлд үзүүлэх анхны тусламж
  3. Шөрмөс таталтын шокийн үед үзүүлэх анхны тусламж
  4. Хэт шахалдааны үед ухаан алдсан хүнд үзүүлэх анхны тусламж
  5. Газар хөдлөлтийн үед үзүүлэх анхны тусламж
  6. Химийн бодис, эмэнд хордсон үед үзүүлэх анхны тусламж
  7. Ахуйд хэрэглэгдэж буй зориулалтын бус хуванцар савны тэмдэг, тэмдэглэгээг таних дадлага сургуулилт
  8. Гурвалжин алчуураар үзүүлэх анхны тусламж
  9. Уснаас аврах ажиллагааны техник арга зүй
  10. Угаартсан үед үзүүлэх анхны тусламж
  11. Цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
  12. Осгосон үед үзүүлэх анхны тусламж
  1. Анхны тусламжийн иж бүрдэл, түүний хэрэглээ дадлага сургуулилт
  2. Түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж
  3. Объектод гал гарсан үед авах арга хэмжээ дадлага сургуулилт
  4. Галын хорыг зөв зохистой хэрэглэх дадлага сургуулилт
  5. Зүрх, уушигны сэхээн амьдруулах дадлага сургуулилт
  6. Ясны хугарал, үений мултралын үед үзүүлэх анхны тусламж
  7. Шарханд даралттай болон чиг тавин боолт тавих дадлага сургуулилт
  8. Өвчтөнг зөв тээвэрлэх дадлага сургуулилт
  9. Нуруу гэмтсэн үед үзүүлэх анхны тусламж
  10. Хөлийн шагай гэмтсэн үед үзүүлэх анхны тусламж

 

Хүүхдэд чиглэсэн дадлага сургуулилтын жишээ

Бид сургуулийн өмнөх насны хүүхдэд ахуйн, зам тээврийн осол гэмтэл, тохиолдож болзошгүй аюул гамшиг зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн талаар бодит амьдрал дээр тулгуурлан мэдээлэл өгч, аюулгүй амьдрах арга барилын талаар ойлголт, үүссэн нөхцөл байдлын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, хохирол багатай даван туулах дадлага чадвар олгох нь чухал гэж үздэг. Үүнтэй холбогдох дадлага сургуулилтыг бүлгийн багш, багшийн туслах нар хамтран бүлгийнхээ хүүхдүүдийн дунд явуулдаг. Зарим тохиолдолд мэргэжлийн байгууллага, хүмүүстэй мөн хамтардаг. Энд зарим жишээг харууллаа.

 

 

 

 

Багш, эцэг эх, олон нийтэд чиглэсэн  дадлага сургуулилтын жишээ

Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилтыг зөвхөн хүүхдэд чиглэгдсэн үйл ажиллагаагаар дагнан зохион байгуулж болох боловч, багш, эцэг эх өөрсдөө гамшгийн талаар ямар ч ойлголтгүй, хүүхдэд осол гэмтэл, эрсдэл тохиолдсон үед үзүүлэх хариу үйлдэл, авах арга хэмжээ, анхны тусламжийн талаар мэдлэг тааруухан байсан тул бид багш, эцэг эх, олон нийтэд чиглэгдсэн давхар нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байж ажил маань амьдрал дээр үр дүнтэй хэрэгжих боломжтой гэж үзсэн.

 Бүлгийн багш, багшийн туслах нар нь өдрийн турш сургуулийн өмнөх насны хүүхдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж ажилладаг ажлын онцлогтой тул гамшиг болон хүүхдэд осол, гэмтэл тулгарсан үед хариу үйлдэл үзүүлж, анхны тусламжийг зөв, цаг алдалгүй хүргэх чадвар дадалтай байх нь чухал юм. Бид бүхэн түүнчлэн эцэг эхчүүд энэхүү чадвар дадлыг “Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилт”-ын үйл ажиллагаар эзэмшиж байна. Зарим жишээг харуулъя.

Анхны “Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилт”-ыг 2021.09.10-ны өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Аймгийн Улаан Загалмайн хороотой хамтранШатсан барилгаас хүүхэд эрэн хайх үйл ажиллагаасэдвээр зохион байгуулсан.

 

Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийн нийгмийн орчны аюулгүй байдал  агуулгын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар нөлөөллийн сургалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд Аймгийн Замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулсан.

 

2024-2025 оны хичээлийн жилээс бид "ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-ХҮНДЭТ ЗОЧИН" хэлэлцүүлгийг шинээр төлөвлөн хэрэгжүүлж  эхэлсэн. Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Дорнод орон нутгийн хөтөлбөрийн менежер Г.Лхагвасүрэн оролцож "Эрүүл харилцааны арга" сэдвээр хэлэлцүүлгийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, багш, багшийн туслах нартай хэлэлцсэн.

 

Үргэлжлэл бий.

Бид дараагийн дугаарт хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн сургаж байгаа туршлагаасаа хуваалцах болно.

 

Та бүхэн манай цэцэрлэгээс өдгөө 4 дэх жилдээ сар тутам зохион байгуулж буй “Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилт”-ийн дэлгэрэнгүй мэдээллийг 9-Р ЦЭЦЭРЛЭГ “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” БҮТЭЭМЖИЙН БАГ фэйсбүүк цахим хаягаас авах боломжтой. https://www.facebook.com/groups/467126648024513/

 

                     Дорнод аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн Багш Б.Бүжинлхам