Кремроли цэцэрлэг

Бидний очиж танилцсан ХБНГУ-ын Баварын Холбооны Улсын Лауф хотын Шөнберг дэх Кремполи цэцэрлэгийн тухай танилцуулъя. Кремполи цэцэрлэг анх 1956 онд байгуулагдсан бөгөөд эхэн үедээ 3-6 насны хүүхдийг авч хүмүүжүүлдэг цэцэрлэг байсан. Одоо нийт 155 суудалтай, үүнээс яслийн 2 (нийт 26 хүүхэдтэй), цэцэрлэгийн 3 (70 хүүхэдтэй), өдөр өнжүүлэхийн 2 (40 хүүхэдтэй) бүлэгтэй. Энд хөдөө тосгоны хүүхдүүд голдуу явдаг. Ийм өргөн бүтэцтэй учраас цэцэрлэг гэхээсээ илүү “Хүүхдийн байгууллага” хэмээн нэрлэгддэг аж. Бүлэг тус бүрт 3 багш ажилладаг. Эргэн тойрон ой модтой, нам гүм сайхан орчинд байв. Үүсгэн байгуулагч нь Шөнберг дэх Христийн холбоо.

Цэцэрлэгийн барилга

2009 онд шинэ байранд орсон. Гэхдээ хуучин байраа мөн ашиглаж байгаа. Шинэ байшингийнхаа зураг дизайныг энэ байгууллагынхан өөрсдийнхөө захиалгаар хийлгэжээ.

Einweihung08 001

Шинэ барилга нь байгалийн материалаар баригдсан, гадагшаа байгаль, орчноо шууд ажиглан харах боломж бүхий бараг шалнаасаа эхэлсэн том том цонхнуудтай, хоёр бүлэг дундаа айл гэр болж тоглох болон гал тогооны өрөөтэй, дээд давхарт буй бүлгийн өрөө гэхэд хүүхэд дээшээгээ шатаар гараад тэндээ тоглох боломжтой, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдэд зориулсан лифттэй.

Bilder Haus Nov09 008.JPG

IMG_4313.jpg

Үүдний өрөө нь гэрэлтэй, том зай талбайтай, тэнд хүүхэд хооллох болон эцэг эх кофе уух боломжтой. Усаар тоглох, амрах, урлан бүтээх, мэдээлэл, хүүхдийн гал тогоо, биеийн тамир-хөдөлгөөний өрөөнүүдтэй.

Цэцэрлэгийн эрхлэгч: Манай цэцэрлэгийн архитектур бол бүхэлдээ Баварын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын “Сургалт-хүмүүжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зохицож чиглэсэн.

Үйл ажиллагааны зохион байгуулалт

Хүүхэд яслиас цэцэрлэгийн бүлэгт, цэцэрлэгээс сургуульд орсны дараа мөн энэ байшиндаа өдөр өнжүүлэхэд явдаг тул тэд дассан орчиндоо аятай тохитой байдаг ажээ. Цэцэрлэгийн 3 бүлэгт хүүхэд нас насаараа бус 2,5-6 насны хүүхдүүд холимог байдлаар нэг бүлэгт 25 хүүхэд байдаг. Гэхдээ аль ч бүлгийн хүүхэд өөрийнхөө сонголтоор цэцэрлэгийн бүх өрөө тасалгааг ашиглана. Жишээлбэл, урлангийн өрөөнд очно гэвэл хүүхэд таних тэмдгээ самбарт буй тэр өрөөний зургийн дор байрлуулаад тэнд очиж ажиллана. Ийнхүү хүүхдэд сонголтоороо аль ч бүлэгт очиж тоглож наадах, үйл гүйцэтгэх боломж олгож, нээлттэй ажиллахын зэрэгцээ бүлэг дотроо явагддаг үйл ажиллагаануудад оролцох боломж олгодог ажээ. Эрхлэгчийн ярьснаар эхлээд бүлэг дотроо л бүх үйл ажиллагаа явагддаг байсан бол одоо нээлттэй ажил руу шилжиж, энэ нь зонхилох хандлагатай болж байгаа гэнэ. 

    Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал

Эрхлэгч: Манай байгууллага дагнасан нэг сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалыг барилгүйгээр сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалуудаас хүүхдүүд маань өөртөө итгэлтэй, тайван амгалан, амьдралаа сонирхолтой болгож чаддаг болох, ирээдүйд бэлэн байхад юу нь хэрэгтэй вэ гэдгийг эцэг эхтэйгээ хамтран сонгож, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Бид хүүхдийг “Хүүхэд бол төрөхөөсөө эхлэн өөрөө орчинтойгоо харьцаж, мэдэрч танилцаж эхэлдэг” гэж үздэг. Бид дараах зүйлсийг эрхэмлэн, баримталж ажилладаг бөгөөд бидний сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал маань цаашид байнга боловсронгуй болж байх болно.  

·         Амьдралд ойр байх

·         Нээлттэй ажиллах

·         Суралцах-үйлдвэрлэлийн газар

·         Нөхцөл байдалд тулгуурлах /Төсөлт ажил/

·         Ярилцлага / Бүгдийн оролцоо (эцэг эх, хүүхэд гэх мэт)

·         Монтессори, Вальдорфийн сургалт гэх мэт

Эдгээрийг энэхүү цэцэрлэгийн хамт олны томьёолсноор тодруулан авч үзье.

Амьдралд ойр байх

Хүүхдийг сургаж-хүмүүжүүлэх санаанууд нь хүүхдийн оршин буй бодит амьдрал, орчноос үүдэн бий болох бөгөөд түүнийгээ тэдний сонирхол, хөгжлийн түвшинд нийцүүлэн хэрэгжүүлнэ. Энд юуны өмнө хүүхэд бодит байдал (амьдрал)-ыг биеэрээ, мэдрэхүйгээрээ, цогцоор нь, байгаа байдлаар нь, жинхэнээр нь мэдэрдэг. Амьдралд суралцах өөрийн гэсэн зорилго, агуулга, арга зүй бүхий сургалт энд явагдах бөгөөд хүүхэд жинхэнэ амьдрал дотор байж, өөрсдийн болон хүмүүсийн бодит амьдралтай хангалттай танилцдаг.

Нээлттэй ажиллах

Үүгээр хүүхэд өөрийнхөө бүлэгтээ л байдаг уламжлалт ойлголт уусан алга болж байна. Хүүхэд төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцож болохуйц өрөө тасалгаануудыг бий болгож, тэдэнд өөрсдөө сонгох, хөгжих боломж олгоно. Хүүхэд бие даан үйл гүйцэтгэх субьект болж, түүний унаган төрх нь өөрийнх нь бүтээлч үйлийн явцад хөгжинө. Энэ тохиолдолд багш хүүхдийн сэтгэл санааг ойлгож мэдрэх хандлагатай байх бөгөөд ингэснээр хүүхдийг өөрийнхөө үйл ажиллагааг хариуцах, зоригтой байхад хөтөлнө. Хүүхэд тоглох өрөө тасалгаа, хамтран тоглогч, гүйцэтгэж буй үйлүүддээ өөрийн хариуцлагыг хүлээж хандана. Багшийн үүрэг бол энэхүү нээлттэй үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулахад оршино.

 

IMG_9496.JPG

Суралцах-үйлдвэрлэлийн газар

Энэ нь боловсролын шинэчлэлтэй холбоотойгоор анх үүссэн бөгөөд сүүлийн үед боловсролын асуудлаарх хэлэлцүүлгийн явцад өргөжин хөгжиж  байгаа. “Суралцах-үйлдвэрлэлийн газар” гэдэг нь хүүхэд өөрөө тодорхой суралцах үйл гүйцэтгэхэд зориулагдсан өрөө тасалгааг хэлнэ. Энд судлах, “нээлт” хийх, туршилт хийх үйл гол байрыг эзэлнэ. Багш нар хүүхдэд өрөө тасалгаа, материалуудыг бэлтгэн өгөөд тодорхой цаг хугацаа олгоно. Энэ утгаараа “Суралцах-үйлдвэрлэлийн газар” нь “бэлтгэгдсэн орчин” юм. Хүүхэд “судлаач”-аар ажиллаж байх явцдаа дэмжлэг хүсвэл багш туслалцаа үзүүлэх бөгөөд ялангуяа өөртөө итгэлгүй хүүхдийг өөрөө хийж гүйцэтгэхэд нь зоригжуулна.

 

Knauer, Lernwerkstätten August 2009 107.JPG

KrippeFebr09 027.jpg

Нөхцөл байдалд тулгуурлах /төслийн ажил/

Сургалтын агуулга болон сургалтын хэлбэр нь хүүхдэд ач холбогдол бүхий амьдрал дахь бодит үйл явдлууд. Ийм үйл явцад хүүхэд илүү бие даан бодитоор оролцож, ажил үйл гүйцэтгэх чадвар эзэмшдэг. Хүүхдийн сургалт, өдөр тутмын амьдрал зөвхөн цэцэрлэгийн өрөө тасалгаа, гадаад талбайд бус гудамж, талбай, дэлгүүр, малчин, тариаланчийн амьдардаг газар зэрэг бусад байгууллага, хүмүүсийн дунд явагдана. Хүүхэд хүрээлж буй орчинтойгоо ухамсартайгаар танилцаж, тэнд байдаг насанд хүрэгчид анхааралд нь өртөж, өөрт нь ямар ач тустай болохыг мэдэрнэ. Ингэж орчноо нээн харах нь  хүүхэд амьдралын учир холбоог ойлгоход тустай.

Schweine, Projekte, Vernissage Juni07 007

Knauer, Lernwerkstätten August 2009 028.JPG

Ярилцлага / Бүгдийн оролцоо (эцэг эх, хүүхэд гэх мэт)

Ярилцлагаар хүүхдийн санаа бодол, хүслийг бие хүн гэдгээр нь үнэн сэтгэлээсээ сонсон авч үзэж, түүн дээр нь тулгуурлан асуулт тавьж харилцан ярилцана. Мөн эцэг эхтэй сургалт-хүмүүжлийн ажлын талаарх ярилцлага явагдана.

Оролцоо гэдэгт хүүхэд, эцэг эх, эмээ, өвөө, багш бүгдийнх нь хамтран гүйцэтгэх, шийдвэрлэх үйлийн бүхий л хэлбэр хамрагдана. Энд байгууллагын өдөр тутмын амьдралд хүүхэд өөрийнхөө хэр хэмжээнд идэвхтэй оролцох оролцоо чухал байр эзэлнэ. Үүний тулд юуны өмнө хүүхдийн санаа бодол, санал, үнэлэмжийг олж мэдрэхтэй холбогдох ярилцлага явагдана.  

Vater Kind 2 Okt 09 002.JPG

Тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах явцад анзаарагдсан нэг зүйл бол багш нар нь маш бүтээлч, манай цэцэрлэгийн багш нарын адил юмхнаар, хаягдал материалаар тоглоом, наадгай, хэрэглэгдэхүүн, чимэглэл олноор хийсэн байлаа.

 

September 09 Paten 002.JPG

 

www.Haus-für-Kinder-Krempoli.de
 

Н.Норжхорлоо