Мюнхен хотын Вилли алтхоф цэцэрлэг

ХБНГУ-ын Бавар мужид ажиллах үеэр бидэнд Мюнхен хотын Вилли алтхоф цэцэрлэг (Städtischer Willy-Althof Kindergarten)-тэй танилцах боломж олдсон нь ихээхэн олзуурхууштай байлаа. Энэхүү цэцэрлэгийн сургалтын орчин, үйл ажиллагаанаас танилцуулъя.

Цэцэрлэгийн онцлог, нийтлэг зүйлс

Тус цэцэрлэг одоогоос 20 жилийн өмнө 1996 онд байгуулагдсан. 75 хүүхэдтэй, нийт 3 бүлэг, 9 багштай. Гурван бүлэгт яагаад 9 багш ажилладагийг тодруулахад нэг ангид 2 багш ажилладаг бөгөөд зарим нь бүтэн өдөр бус цагаар ажилладаг аж. Энэ цэцэрлэг өглөө 7.30-аас орой 17.00 цаг хүртэл ажилладаг. Цэцэрлэгт хүүхэд бүтэн өдрөөр эсвэл хагас өдрөөр байх уу гэдгийг эцэг эх ажлынхаа цаг, боломжоор шийддэг. Тэгээд хэдийд хүүхдээ цэцэрлэгээс авч байхаа гэрээндээ тусгадаг. Гэхдээ хүүхэд цэцэрлэгт явагдах үйл ажиллагаанд оролцож, хөгжих шаардлагын үүднээс 9.00-14.00 цагийн хооронд цэцэрлэгт заавал байх ёстой. Энэ хугацааг “цөм цаг” гэж нэрлэнэ.

Эцэг эх 14.00 цагаас хойш хүүхдээ авч болно. Гэхдээ таралт байнга үргэлжлээд байдаггүй. 14.00 цагт авах хүүхэд, 15.00 цагт авах хүүхэд гэхчилэн цаг тутам хэн хэн тарж явах нь тодорхой байдаг байна. Хүүхэд цэцэрлэгт хэдэн цаг байхаас хамаарч эцэг эх харилцан адилгүй төлбөр төлдөг.

Ангиуд нь “улаан”, “хөх”, “ногоон” анги гэсэн нэртэй. Бүлэг бүрт 3-аас 6 хүртэлх насны хүүхэд холимогоор байдаг. Анги бүр өөрийн онцлогтой. Жишээлбэл, хүүхдүүд “улаан” ангид дүрслэн урлах, мужааны ажил хийх, ногоон ангид өрж байгуулах тоглоомоор тоглох илүү боломжтой. Гэхдээ анги бүрт хүүхэд төрөл бүрийн үйл гүйцэтгэх, янз бүрийн тоглоомоор тоглох боломжтой.

Өглөө 9.00 цагаас анги тус бүрт “өглөөний тойрог” эхэлнэ. Өглөөний тойргоор явагдах үйл ажиллагааны агуулга янз бүр. Дуу дуулах, үлгэр, өгүүллэг ярилцах, хамтаараа тухайн өдөр явагдах үйл ажиллагаатай холбогдох тоглоом тоглох гэх мэт. Дараа нь “Чөлөөт тоглоом”-ын үе эхэлж, 12.00 цаг хүртэл үргэлжилнэ. 12.00-13.00 цагт хүүхдүүд өдрийн хоолондоо орно.   

Энэ цэцэрлэг “нээлттэй” ажиллахыг зорьдог тул “Чөлөөт тоглоом”-ын цагаар хүүхэд аль ангид очихоо өөрөө сонгодог. Анги ангиас хүүхэд цугларан ирэхэд тухайн ангийн багш тэднийг чиглүүлж, төлөвлөсөн үйл ажиллагаагаа явуулна. 

Тус цэцэрлэг хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалдаа дараах зүйлийг эрхэмлэн ажилладаг ажээ.

  • Дотроо болон гадагшаа нээлттэй
  • Оролцоо бол боловсролын түлхүүр
  • Суралцах туршлагыг төсөлт ажил ба “чөлөөт тоглоом”-оор
  • Тоглоом бол “хаан”-ы зам
  • Хувь хүн, бие даасан байдал
  • Олон талт үйл ажиллагаа, төрөл бүрийн хөдөлгөөнтэй байх боломж
  • Эцэг эхийн хамт хүүхдийн сайн сайхны төлөө

 

Манай цэцэрлэг байгуулагдсан цагаасаа л нээлттэй, өөрсдийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж ирсэн. Гэхдээ зам маань шулуун дардан байгаагүй, замд тохиолдсон олон чулууг давж гарах шаардлага тулгарч байсан.

Цэцэрлэгийн эрхлэгч бидэнд дор буй өөрсдөө хийсэн нэгэн ил захидал бэлэглэсэн. Ил захидлыг шар өнгийн зузаан цаасан дээр бэлэн зураг нааж энгийн аргаар хийсэн байв.

Ил захидлын ар талд “Амьдралын хивс олон хөдөлгөөнөөр нэхэгдэнэ.” гэсэн бичигтэй бөгөөд “бидний хүүхэдтэй ажиллах үзэл баримтлалын үндэс үүнд байгаа юм” гэж байлаа.

 

Цэцэрлэгийн сургалтын орчин, үйл ажиллагаанаас 

Үүдний нийтийн талбай дахь хүүхэд хүлээж авах хэсэг, эндээс хүүхдүүд анги анги руугаа орно. 

 

Улаан анги (Анги бүр хүүхдүүд шатаар дээш гарч тоглох орчин бүрдүүлсэн.)

Улаан ангийн мужааны ажлын талбар

  • Ийм багаж хэрэгсэлтэй ажиллахад хүүхдэд осолтой биш үү?
  • Хүүхэд хэрэглэж үзэж байж л осолгүйгээр ажиллаж сурна шүү дээ.

 

Хөх ангийн хүүхдүүд. Х.Тамир захирал баримлаар морины толгой хийхэд хүүхэд ихэд сонирхож байлаа.

 

Хөх ангид “Дизайнер” сэдэвтэй үйл ажиллагаа явагдсан аж.

 

Хүүхдийн Хувийн хавтас

 

Ногоон анги

Ногоон ангийнхан

 

Чөлөөт ажиглалтын тэмдэглэл

 

Чөлөөт ажиглалтын тэмдэглэл. (Жишээ нь: Д үсэгний ар талд Д-гээр эхэлсэн нэртэй хүүхдүүдийн ажиглалтын хуудас байна. Багш тухайн хүүхдийн хуудсан дээр он, сар, өдрийг тавиад ажиглагдсан зүйлсийг бичнэ.)

 

Цэцэрлэг хүүхдийн дунд явуулсан үйл ажиллагаануудаа жил бүр баримтжуулдаг.

  • Багш нар явуулах үйл ажиллагааныхаа төлөвлөлтийг хэрхэн хийдэг вэ? Хэр их зүйл бичиж бэлтгэдэг вэ?
  • Бид урьдчилан бичиж төлөвлөхөөсөө илүү явагдсан үйл ажиллагааг баримжуулахад ач холбогдол өгдөг. Түүндээ дүгнэлт хийдэг.

 

Багш нарын танилцуулга (нийтийн талбайд)

 

Байгууллагын хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалын танилцуулга (нийтийн талбайд)

Модны гол дээрх урт нарийхан цааснууд дээр багш нарын анхаарч ажиллах зүйлс (ко-конструктив суралцахуй, сурахад суралцах, өрөөний тохижилт, төсөлт ажил, тоглоом, амьдралд хэрэгтэй чадварууд, нийгэмшихүйн олон талт үйл явц ба хувь хүний интеграчлал, оролцоо, цэцэрлэгийн нээлттэй үйл ажиллагаа, сургуульд шилжих шилжилт) модны мөчрүүд дээр явагдах үйл ажиллагааны чиглэлүүд (хэл яриа, хөгжим, хөдөлгөөн, соёл урлаг гэх мэт)-ийг бичжээ.

 

Биеийн тамирын заалан дахь хэрэглэлүүдийг маш бат бөх тогтоожээ.

Заалыг биеийн тамир, хөгжим, баяр ёслолын үйл ажиллагаа, эцэг эхийн хурал цуглаан гэх мэт олон хувилбараар ашигладаг.

 

Гадаа талбайн нэг хэсэг.

Цэцэрлэгтэйгээ танилцах боломж олгож, байгууллагынхаа үйл ажиллагааг сэтгэл харамгүй танилцуулсан цэцэрлэгийн эрхлэгч Ренате Оолиг (Renate Ohlig)-д гүн талархлаа илэрхийлье!

 

Н.Норжхорлоо