Шведийн цэцэрлэгийн сониноос

Балжиннямын Баяртуяа 1975 онд төрсөн. Сурган хүмүүжүүлэх ухааны коллежийг 1996 онд цэцэрлэгийн багшийн мэргэжлээр төгсгөсөн. 1996-2005 онд Говь-Алтай аймгийн төвийн 5 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан. 2005-2009 онд Швед улсад Стокольм хотын Taedy дүүргийн Brinellvagen цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байгаад эх орондоо буцаж иржээ. Тэрээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад одоо нийслэлийн 163 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байна. Б.Баяртуяа арга зүйч ажиллаж байсан цэцэрлэгийнхээ сонин хачнаас мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцаж байна.  

Швед улсад цэцэрлэгт ажиллаж байгаад ирсэн нь их сонин байна. Тэгээд ч өөрөө цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад өөр улс орны цэцэрлэгт “халуун цэгт нь”  ажиллахад онцлог зүйл нэлээд ажиглагдсан байх. Ер нь яагаад тэнд цэцэрлэгт ажиллах болов?

Би цэцэрлэгт багшаар биш, үйлчлэгчээр ажиллаж байсан. Би өөрөө цэцэрлэгийн багш болохоор тэнд ажиллах нь надад сонин, тэгээд ч их дуртай байсан. Тэндхийн цэцэрлэгийн анги танхим, тоглоом наадгай, багш нарынх нь хүүхэдтэй ажилладаг арга барил гээд бүх зүйл нь манайхаас нэлээд өөр юм билээ. Би өдөрт 4 цаг цэцэрлэгт, 2 цаг хажуугийнх нь бага сургуульд ажилладаг байсан. Тэндхийн цэцэрлэгт манайх шиг анги бүрт туслах багш байдаггүй. Ангидаа мэргэжлийн багш нар ажиллаад ангиудын дунд үйлчлэгч цэвэрлэгээ үйлчилгээг нь хариуцан ажилладаг.  

Цэцэрлэгийн орчин нөхцөл манайхаас өөр гэв уу?

Миний ажиллаж байсан цэцэрлэг бол улсын, 4 бүлэгтэй жижигхэн цэцэрлэг. Гэхдээ нэг анги нь 3-4 өрөөтэй. Охид, хөвгүүдийн тоглоомын өрөө тусдаа байх жишээтэй. Тэр цэцэрлэгт 1-5 насны хүүхдүүд явдаг байсан. 1 настай хүүхдийн анги гэхэд 5 хүүхэдтэй, түүнээс дээш насныхан бол нэг ангид 12-15-уулаа байдаг. Нэг ангид 2 багш ажиллана. Цэцэрлэг өглөө 8.30-аас үдээс хойш 16.00 цаг хүртэл ажилладаг. Тэндхийн хүмүүсийн ажлын цаг нь ийм юм л даа.

Анги доторх тавилга хэрэгсэл нь гэрийн орчинтой яг ижилхэн. Тоглоомын өрөөнд том сандал, ширээ, диван гэх мэт зүйлс байна. Хүүхэд тэр сандал дээр нь сууж, диван дээр нь хэвтээд тоглоно. Тоглоом наадгай нь их том. Жишээлбэл, охидын тоглоомын өрөөний хувцасны шүүгээнд олон төрлийн платье, цүнх, гутал, сандаал байна. Тэдгээрийг охидууд сольж өмсөөд л тоглож гарна. Хүүхэд бүх биеэрээ хөдөлж, мэдэрч тогловол сайн гэж үздэг юм билээ.

Ангийн доторх байдал ямаршуухан байдаг вэ?

Манайхан ангидаа хэвлэмэл материал, танихгүй хүний зураг өлгөчихдөг. Тэнд бол бүх хана нь тухайн ангийн хүүхдийн бүтээлээр л дүүрсэн байдаг. Өдөр явуулсан үйл ажиллагааныхаа зургийг аваад өнгөт принтерээр гаргаад ангидаа өлгөчихнө. Энэ нь хүүхэд үзсэн зүйлээ эргэн санах, мөн эцэг эх нь харж байхад хэрэгтэй. 

Зарим хана нь хүүхдийн бүтээлийг шууд бичгийн хадаасаар тогтоочихож болдог нь их аятайхан.

Энгийн зүйлийг их ашигладаг. Жишээлбэл, энэ 4 өнгийг жаазанд хийгээд л чимэглэл ч юм шиг, үзүүлэн ч юм шиг ашиглачихсан байгаа биз?

Хүүхдийн гар хуруу сайн ажиллаж хөдөлж байвал тархи нь сайн хөгждөг юм байна. Тиймээс хүүхэд жижиг шүр хэлхэх, дотроо нарийн төмөртэй юм шиг утсаар хэлбэр дүрсийг нь өөрчлөн дүрс, амьтан бүтээж  их тоглоно. Янз бүрийн хэмжээтэй шүрнүүд энд тэндгүй хөглөрч өгнө дөө. Тэр нь цэвэрлэгээ хийхэд тоос сорогч руу шажигнаж ороод л.

Унтлагын өрөө

Эцэг эх, багш, хүүхдийн хоорондын харилцаа ямаршуухан байх юм бэ?

Эцэг эх, хүүхэд, багш гурав яг нэг гэрийн хүмүүс шиг. Хоорондоо илэн далангүй маш ойр дотно ярилцаж харилцана. Эцэг эх цэцэрлэгт хэзээ ч орж ирж, хаагуур нь ч явж болно, цэцэрлэгийн юу, хаана байгааг андахгүй мэднэ. Тэд хааяа манайхан шиг хүүхдийн дунд ажил зохион байгуулна. Нэг удаа эцэг эхчүүд хүүхдүүдийн дунд тоглоом наадам, урлагийн ажил зохион байгуулах боллоо. Багш нь хүүхдүүдээ хүлээлгэж өгөөд л явчихсан. Тэр арга хэмжээг зохион байгуулсан эцэг эх хөгжим, энэ тэр гээд гэрийнхээ бараг бүх зүйлийг нүүлгээд ирэх шиг болсон. Би тарахыг нь хүлээгээд удаад байхаар нэг ээжид “Би жаахан яараад байна, цэвэрлэгээ хийх ёстой” гэхэд “Та яв яв, бид өөрсдөө цэвэрлэчихнэ, тэгээд дохиоллыг нь тавиад явчихъя” гэсэн. Тэд тэр цэцэрлэгийн дохиолол хаана байдаг, яаж ажиллуулдагийг хүртэл мэдэж байгаа юм чинь. Эцэг эх хүүхдийнхээ асуудал, цэцэрлэгийн ажилд үнэн сэтгэлээсээ ханддаг.

Хүүхдийг анх цэцэрлэгт явуулахдаа шинэ орчинд тайван байдлаар дасгахад эцэг эх, багш хоёулаа их анхаарна. Жишээлбэл, 1 настай хүүхдээ бүтэн долоо хоног ээж, аавын нэг нь цэцэрлэгт асарч хамт байна. Энэ хугацаанд багш тухайн ээж/аавын хүүхэдтэйгээ ажилладаг арга барилыг судалж, тэр арга барилаар нь цаашдаа ажиллаад явна. Энэ нь хүүхдэд их хэрэгтэй юм билээ. Би энд ирээд хүүгээ цэцэрлэгт өгөхдөө багшид нь шууд өгөөд оруулчихсан. Тэгсэн чинь хэдэн хоног тун ууртай, гарт барьсан бүх зүйлээ шидээд л их хэцүү байсан.

Хүүхдийн сургалтанд ямар онцлог зүйл ажиглагдав?

Сургалтын арга нь их энгийн. Багш хүүхдийн хүсэж сонирхож буй зүйл,  хийж буй үйл дээр нь их тулгуурлана. Манайхан хүүхдийг арай л их шахдаг юм байна даа гэж бодогдож байсан. Жишээлбэл, ногоон өнгөтэй танилцууллаа гэхэд хүүхэд гар хуруугаа будганд дүрж үзнэ, өөрсдөө ногоон өнгө үүсгэнэ, гарынхаа алгаар будгаа цаас, ширээн дээгүүр нялж байж ч мэднэ. Шалан дээгүүр хөлөөрөө ногоон өнгийн будаг татуулаад алхаж байх жишээтэй.

Будаг гэснээс усан будгаар хүүхэд их зурна. Энэ үед нь хүүхдэд халад маягийн юм өмсгөчихнө. Өөр нэг анзаарагдсан зүйл бол хүүхэд гол төлөв том талбайгаар зурдаг. Энэ нь хүүхдийн гар хурууны хөгжилтэй холбоотой. Мөн янз бүрийн өнгийн цаас, ялангуяа хар өнгөн дээр нэлээд зуруулдаг юм билээ. Манайхан голдуу цагаан цаасан дээр зуруулдаг. Цагаан цаасан дээр ямар ч өнгөөр зурж болдог. Харин хар өнгөн дээр зурахад хүүхэд тэр өнгөнөөс ямар өнгө ялгагдаж харагдах вэ гэдгийг бодож, өнгө тохируулж сурдаг юм байна л даа.

Ер нь тэгээд энд тэнд юмнууд нь хөглөрөөд нэг талаар их замбараагүй гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр хүүхдийг маш их чөлөөтэй байлгана даа. Хүүхдүүдийг гадаа их удаан тоглуулна. Бороо орж байсан ч хүүхдүүд шавартайгаа хутгалдаад л тоглож байна.

Хүүхдэд хандах хандлага, харилцаанд онцлог зүйл анзаарагдав уу?

Хүүхдэд “болохгүй”, “үгүй” гэж хэлж байгааг нь би 3 жил ажиллахдаа ер сонсоогүй. Хүүхдийн хүсэл, сонирхлыг маш их анхаарна. Нэг өдөр манай нэг багш дэлгүүр явах болов. Гэтэл хоёр хүүхэд хамт дэлгүүр явна гээд болдоггүй. Тэгсэн чинь тэр хоёрыг дагуулаад дэлгүүр яваад ирж байгаа юм чинь.

Багш нарын ачаалал бага, ажил нь ч амгалан тайван юмаа даа?

Харин тиймээ. Нэг ангид байх хүүхдийн тоо цөөн, тэгээд 2 багш ажиллана. Нөгөөтэйгүүр хүүхэдтэй ажиллахад хэрэгтэй зүйлсээ багш нар улиралд 1 удаа захиалаад авчихна. Бичиг цаастай зууралдаад байхгүй. Тоглоом наадгай, бүх зүйл бэлэн болохоор багш нар нь хүүхэдтэйгээ сайн ажилладаг юм билээ.

Тэндхийн болон манай хүүхдүүдийн хооронд ялгаа ажиглагдав уу?

Хүүхдүүдийн хувьд бол хаа газрын хүүхэд ижилхэн дээ. Манай хүүхдүүд их авъяастай. Сэдэвт зургийг манай хүүхдүүд аягүй гоё сэтгэж баяжуулж зурдаг. Тэндхийн хүүхэд бол “ийм байх ёстой”, “энэ бол аюултай” гээд нэг л ойлгуулчихвал түүнээс гажна, зөрнө гэж байхгүй тууштай шүү дээ.

Ийнхүү “холоос ирсэн мэргэжлийн хүний хувьд түүний яриа хоргойноос илүү сонин” байлаа. Б.Баяртуяа мэргэжлийн хүний нүдээр ажиллаж байсан цэцэрлэгийнхээ онцлог зүйлсийг гярхай ажигласан нь мэдрэгдэж байлаа. Түүний “би өөртөө л хэрэг болж магадгүй гэж авсан юм” гэж үзүүлсэн зургуудын заримыг энд тавилаа.

 

Ярилцсан:  Н.Хорлоо

 

pdf: 
https://buuvei.mn/sites/default/files/Bayartuya_Schweiz.pdf