Гурав хүртэлх насны хүүхдийн хооллолт

Болдоо хүүгийн хоолыг идүүлэх гэж гэрт бага зэргийн жүжиг ший, үзүүлэх тоглолт хийж, заримдаа уур уцаар бараг “дайн” болох дөхнө. Хүүхдээ хэвийн жинд нь байлгаж хөгжүүлэхийн тулд ээж нь хүүдээ “хоолоо идвэл чихэр өгнө, тоглоом авч өгнө” гэх мэт хүсэлтэй бүхнийг нь амлаж хахууль өгч эхэлнэ. Энэ нь бага насандаа авч, хэвшүүлж буй жижиг хүний “том авилгал” болно. Тэгээд ч амалсан бүгдээ биелүүлэх боломж, цаг ээжид нь байхгүй тул худал хэлэхийн сургуульд Болдоо хүүг үлгэрлэн суралцуулна.

Хүн амын дунд тураал, цус багадалт, ясны сийрэгжилт, элдэв бодисын дутал, халдварт болон халдварт бус архаг өвчин, тухайлбал зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт болон хоол боловсруулах замын олон өвчин айдас төрүүлэх хэмжээнд хүрчээ гэсэн эрүүл мэндийн байгууллагын мэдээ манайд байдаг. Энэ бүхэн зохистой хооллолтын боловсролыг нялх, бага насанд нь суулгаж өгөөгүйтэй ихээхэн холбогдоно.

Хоёр насанд хүүхдийн сүүн шүд ургаж дуусдаг учир хүүхэд томчуудын идэж буй хоолыг идэх боломжтой болдог. Гэхдээ тэдний  идэх дуртай бантан, зутан, нухашийг нь хийж өгөхөө зогсоох албагүй.

Хүнсний зүйлсийн сонголт

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл Мэндийн хүрээлэнгийн “Хоол судлалын төв”-өөс гаргасан “ГЭР” зөвлөмжид балчир болон цэцэрлэгийн насныхан Үр тариан бүтээгдэхүүн, Мах, махан бүтээгдэхүүн, Хүнсний ногоо, Сүү цагааан идээ, Жимс, жимсгэнэ гэсэн таван төрлийн бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх шаардлагатайг зөвлөсөн байдаг (1). Та тус төвөөс гаргасан “Цэцэрлэгийн хүүхдийн зохистой хооллолтын зөвлөмж”-өөс энэ талаар дэлгэрүүлэн уншиж танилцаж боломжтой бөгөөд “Цэцэрлэгийн хоолны цэс” номноос нь багачуудад зохицсон маш олон төрлийн хоолны цэсийг ашиглаж болно. Эдгээр ном нь аймаг, нийслэлийн бүх цэцэрлэгт бий.

Хүүхэд өдөрт хэрэглэх нийт хүнсний бүтээгдэхүүний 40%-ийг Үр тариан бүтээгдэхүүн, 23 хувийг Хүнсний ногоо, 17 хувийг Мах махан бүтээгдэхүүн, 10 хувийг сүү цагаан идээ, 10 хувийг Жимс жимсгэнэ эзлэх нь бага насныханд зохистой байдаг байна. Харин хоолонд маш бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг амьтны гаралтай өөх тос, давс, чихэр нь эдгээр 5 үндсэн бүлэг хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг тул нэмэгдлээр хэрэглэх шаардлагагүй гэж үздэг.

Сайн зажилж идэхэд сургах

Насанд хүрсэн хойно ч засч залруулж болдоггүй нэгэн буруу зуршил бол хоолоо зөв, сайн зажилж иддэггүй зуршил байдаг. Иймд балчир насанд хүүхэд нэмэгдэл хоол иддэг болох үеэс нь тэдэнд хоолоо хоёр талаараа ээлжлэн олон удаа, сайн зажилж иддэг хэвшлийг эзэмшүүлэхэд анхаарна. Иймд та хоолоо идэх гэж түүртэн удаж байхад хүүхдээ бүү яаруулаарай. Хүүхдийг хоолоо зөв, сайн зажилж идүүлж сургах нь дараах ач холбогдолтой (2)

• Эрүүл шүдтэй болж шүд бэхжинэ, шүд өвчлөх нь багасна
• Эрүүний цусан хангамж сайжирч шүд зөв ургахад нөлөөлнө
• Хацар, нүүрний булчин чангарч нүүрний булчин тэнцвэртэй хөгжинө
• Хоол боловсролт, шингэц сайн болно
• Тархины цусан хангамж сайжирна
• Сайн зажилж идэхэд цадах мэдрэмж эрт төрдөгөөс хэт идэх, таргалахаас сэргийлнэ
• Сайн зажлахад шүлс сайн ялгарна. Шүлс сайн ялгарснаар амны хөндийд явагдах хоолны анхны боловсруулалт сайжирна

Хамтдаа хооллох тэдэнд сонин, амттай

Хооллох гэдэг бол тааламжтай үйл явц, хүүхдэд ч мөн адилхан. Хүүхэд томчуудтай  хамтдаа сууж хоолох нь тэдэнд сонин гоё байхаас гадна тэдэнд янз бүрийн зүйлсээс амсаж амтлах боломж олддог. Олон төрлийн хоол хүнс хэрэглэхийг чухалчилж буй өнөө үед хүүхэд томчуудын хоолны зах зухаас амталж идэж байхад гэмгүй. Сайн хоол гэдэг бол олон төрлийн хоол гэсэн үг. Хэрэв та долоо хоногийн турш олон төрлийн хоол хийдэг, хүүхэд тань тэдгээрийг идэж чаддаг байвал таны хүүхэд хэрэгцээтэй шим тэжээлт бодисоо авч чадна гэдэгт итгэлтэй байж болно.

Хүүхэд ширээ, бүтээлэг дээр хоолоо асгаж бохирдуулсан ч тэвчээртэй байгаарай. Хүлээцтэйхэн байвал хүүхэд тань 3 нас хүрэхдээ асгалгүй, цэвэрхэн хооллодог болно.

 

Хоолондоо дургүйцээд  байна уу?

2-оос 3,5 насанд хоолноос татгалзах зан байдал зарим хүүхдэд, ялангуяа айлын ганц хүүхдэд ажиглагддаг. Тэд эрүүл мөртлөө хоолоо идэхгүй байх үе байдаг. Үүнд эцэг эх санаа зовсны хэрэггүй. Хүүхэд хүсэхгүй бол хичнээн албадаад нэмэргүй. Хүүхдэд хооллох бие махбодынх нь хэрэгцээ учраас тэр өдөр, орой аль нэг цагт  хоолоо идэж таарна. Харин та хүүхдэдээ хоолны хооронд жижиг сажиг янз бүрийн зүйл идүүлэхгүй байх, аль болох хөдөлгөөнтэй байлгах, гадаа агаар салхинд авч явах, бусад хүүхэдтэй хамт хооллох зэрэг аргыг хэрэглээд үзээрэй.

П.Жаргал

 

Ном зүй:

1.    Цэцэрлэгийн хүүхдийн зохистой хооллолтын зөвлөмж, Ж.Батжаргал, М.Оюунбилэг нар, 2009 он, х.22, “BCI” хэвлэлийн компани

2.    http://www.davalgaa.mn/index.php?option=com_content&view=article&id=249:2009-12-18-07-59-42&catid=48:2009-11-27-02-07-23&Itemid=305