Нэг хүртэл насны хүүхдийн хооллолт
Та хүүхдээ анхнаасаа зохистой хооллох нь хүүхдийн тань эрүүл мэнд, бие махбодын болон оюун ухааны хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй. Тэгэхээр хүүхдээ нэмэгдэл хоолонд оруулахдаа ямар орц найрлагатай, ямар хоолыг яаж хийж өгөхийг мэдэж байх нь чухал.
Нэг хүртэлх насны хүүхдийн хоолны дэглэм
Хүүхэд 6 сар хүртэл тэдэнд эхийн сүү хамгийн хэрэгцээ шаардлагатай зүйл. Эхийн сүү нь нялх хүүхдийн ходоод гэдсэнд тохирсон, хадгалалт хамгаалалт шаардахгүй, байнга шинээрээ байдаг, хүүхдэд хэрэгтэй бүх зүйлийг агуулдаг.
Хүүхдэд 5-7 сартайд нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ. Ойндоо хүрэх үеэс тэд гэр бүлийнхэн нь хэрэглэдэг амархан зажлагдах хоолыг идэж чаддаг болно.
ХБНГУ-ын Дортмундын Хүүхдийн хоол судлалын институтээс “Нэг хүртэл насны хүүхдийн холлолтын дэглэм”-ийг гаргаж мөрдсөөр хэдэн жилийн нүүр үзэж байгаа бөгөөд энэ нь үр дүн сайтай байгаа ажээ. Үүнийг дараах зурагт харууллаа. [1]
Энэхүү хооллолтын дэглэмийн дагуу хүүхдэд хамгийн эхлээд өгөх хоол нь “хүнсний ногоо-төмс-махны зутан” байхыг санал болгосон байна. Үүнийгээ хөхөөр хооллох нэг удаагийн хооллолтын оронд өгч эхэлнэ.
Хүүхдэд эхлээд өгөх хүнсний ногоо ба төмсний зутанд мах оролцуулж байгаагийн учир нь энэ үест хүүхдийн эрчимтэй өсөлтөөс шалтгаалан хүүхдийн биемахбодод төмрийн хэрэгцээ ихэсдэг, мөн биемахбодод хуримтлагдаж байсан төмөр хэрэглэгдэж дуусдагтай холбоотой ажээ. Төмөр бол цусны найрлага дахь улаан цогцосыг бүтээгч гол элемент.
Цусны найрлага дахь улаан цогцосын тоо цөөрөхийг бид цус багадалт гэдэг.
Хүнсний ногооноос хамгийн эхэлж хэрэглэх нь шар лууван. Хэрэв хүүхэд луувангаар хийсэн зутан идэж чадахгүй бол оронд нь цэцэгт байцаа (цагаан), булцуут байцаа (Brokkoli)-г орлуулан хэрэглэнэ. Тосны хувьд бол раапсын тос илүү тохиромжтой. Раапсын тос нь оливын тос, шар буурцгийн тосыг бодвол ханасан өөх тосны хүчил харьцангуй бага агуулдагаараа давуу талтай байдаг байна.
Ингээд нэг сар орчим дээрх найрлага бүхий нэмэгдэл хоол өгсний дараа дараачийн шинэ хоол болох “Сүү-үр тариан бүтээгдэхүүний зутан”-г мөн нэг удаагийн хөхөөр хооллох хооллолтынхоо оронд нэмж өгч эхэлнэ. Сүү-үр тариан бүтээгдэхүүний зутан нь бие махбодод юуны өмнө кальц, эрдэс бодис нийлүүлнэ. Үүнд янз бүрийн үр тариан бүтээгдэхүүн хэрэглэж болно. Энэ зутанд С витаминыг жимсний жүүс эсвэл нухаш байдлаар нэмж хийж өгнө.
Гуравдахь шинэ төрлийн нэмэгдэл хоол бол сүүгүй “үр тариан бүтээгдэхүүн-жимсний зутан” байна. Үүнийг дээрх хоёр төрлийн хоолыг идэж сурсны дараа мөн нэг удаагийн хөхөөр хооллох хооллолтынхоо оронд нэмж өгнө. Энэхүү зутан сүүгүй байх нь хүнсний зүйлсээс бие махбодод төмөр үүсч бий болоход тустай. Зутангаа амт оруулах, мөн хүүхдийн өөх тосны хэрэгцээг хангахын тулд бага зэрэг масло нэмж хийнэ. Жимсний шүүс/нухашны хувьд бол алим, лийр, тоор зэргээс эхэлнэ.
Дээрх зутангуудыг өгөх явцдаа хөхөө давхар хөхүүлсээр байна. Нэмэгдэл хоолонд орох, хуурай юм барьж иддэг болох үеэс хүүхдийн уух шингэний хэрэгцээ нэмэгдэнэ. Тэгэхээр өдөрт 1 аяга (200 гр) орчим шингэн уулгана. Тэдэнд буцалсан ус, хярам, ургамал ба жимсний чихэргүй цай илүү тохиромжтой.
Зутангуудын орцын хэмжээ, бэлтгэх арга
Нэг хүртэлх насны нялх хүүхдэд дээрх байдлаар шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн хоолыг зохистой дарааллаар өгнө. Зутангуудыг өөрсдөө бэлтгэхэд зориулан орцын хэмжээ, бэлтгэх аргыг доор харууллаа. [2]
Ногоо-төмс-махны зутан (5-7 сартайгаас)
Орц:
- 100 гр ногоо (Жишээ нь: шар лууван, хулуу, цэцэгт байцаа, булцуут байцаа, бөөрөнхий байцаа гэх мэт.)
- 50 гр төмс
- 1,5 хоолны халбага жимсний шүүс эсвэл хоолны дараа жимсний дараа жимсний нухаш
- 1 хоолны халбага раапсын тос
- 30 гр мах (Жишээ нь: хонь, үхэр, гахай, тахианы мах)
Хийх арга:
Ногоогоо цэвэрлэж, төмсөө хальслаад жижиглэн дөрвөлжилж хэрчээд маш жижигхэн хэрчсэн эсвэл машиндсан махтай хамт бага зэргийн усанд чанаж болгоно. Дээрээс нь жимсний шүүсээ хийгээд бүгдийг нухаж нухаш болгоно.Тэгээд раапсын тосоо хийж хутгана. Заримдаа махны оронд загас хэрэглэж болно.
Сүү-үр тариан бүтээгдэхүүний зутан (6-8 сартайд)
Орц:
- 200 мг сүү (дэлгүүрт байдаг аль ч сүү, 3,5%-ийн тослогтой)
- 20 гр бүхэл үрийн үр тариан бүтээгдэхүүн (Жишээ нь: хүүхдийн будаа, маш жижиглэсэн овьёосны нэвс болон хүүхдэд зориулсан бусад)
- 2 хоолны халбага жимсний шүүс эсвэл жимсний нухаш
Хийх арга:
Үр тарианы нэвсээ хүйтэн сүүнд хийгээд хутгаж буцалгана. Буцалж байгаа сүүндээ хүүхдийн будаагаа нэмж хийж хутгана. Тэдгээрийг ойролцоогоор 3 минут хутгангаа буцалгана. Дээрээс нь жимсний шүүс буюу нухашаа хийж хутгана. Жимсний хувьд алим, лийр, тоор, банана, гүйлс \априкозе\ тохиромжтой. Банана хэт чихэрлэг бол бага хэмжээтэй аваад өөр жимстэй хольж хэрэглэнэ.
Үр тариан бүтээгдэхүүн-жимсний зутан (7-9 сартайд)
Орц:
- 20 гр бүхэл үрийн үр тариан бүтээгдэхүүн (Жишээ нь: хүүхдийн будаа, маш жижиглэсэн овьёосны нэвс)
- 90 мл ус
- 100 гр нухаж жижиглэсэн, үрсэн жимс эсвэл жимсний нухаш, жишээлбэл: алим, лийрний
- Раапсын тос 1 цайны халбага
Хийх арга:
Үр тарианы нэвсийг хүйтэн, хүүхдийн будааг буцалж байгаа сүүнд хийж буцалгана. Цааш нь 3 минут буцалгана. Жимсний шүүс юм уу нухашаа раапсын тостой хольж хутгана. Дээрээс нь жимс (жишээ нь: алим, лийр эсвэл тоор)-ээ үрэх юм уу эсвэл маш жижиглэж хийнэ. Банана хэт чихэрлэг бол бага хэмжээтэй аваад өөр чирхэрлэг багатай жимстэй хольж хэрэглэнэ.
Дээрх зутангуудыг идэж сурсны дараа хүүхдэд ногоо-төмс-үр тариан бүтээгдэхүүний орцтой зутан хийж өгч болно. Ээж нар ийнхүү хүүхдэдээ нэмэгдэл хоол бэлтгэж өгөх нь амттай, шинэ байх болно. Хүүхдийн нэмэгдэл хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг сайн мэдэж байх шаардлагатай. Шинэхэн, байгалийн цэвэр бүтээгдэхүүн байвал сайн. Нэг хүртэлх насны хүүхдийн хоолонд давс, саахар, амтлагч хийхгүй.
Зарим хүүхэд аль нэг ногоо, жимс, бусад хүнсний зүйлд харшил өгдөг. Тэгэхээр хүүхдэд шинэ хоол өгөхдөө дангаар (зөвхөн луувангийн гэх мэт) нь бага багаар өгөх бөгөөд хариу илрэлийг нь ажиглах хэрэгтэй. Хэрэв хүүхдийн арьс улайх, загатнах, туурах, гэдэс өвдөх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн хүнсний зүйл хүүхдэд таарахгүй байгаагийн шинж.
Өөрөө хоолоо барьж идэж сурах
Нэмэгдэл хоол иднэ гэдэг нь хүүхэд хоолыг халбагаар иднэ гэсэн үг. Тэгэхээр ээж, аав нар хоолыг нь дандаа халбагадаад өгөөд байлгүй аажмаар хүүхэд өөрөө халбагадан идэж сурахад анхаарч тусална. Эхлээд асгаж цутгаад төвөгтэй байх боловч яваандаа зүгширнэ. Хүүхэд ийнхүү өөрөө халбагадаж сурах нь хүүхэд бие даан хооллох болон хараа, гар хурууны хөдөлгөөний зохицуулалт сайжрахад тустай.
П.Жаргал
Ашигласан материал:
1. http://www.windeln.de/magazin/baby/ernaehrung/babys-ernaehrungsplan.html#Ern%C3%A4hrungsvorschl%C3%A4ge_ab_dem_5._Monat
2. http://www.kindergesundheit-info.de/themen/ernaehrung/alltagstipps/0-12-monate/brei-rezepte/