Хүүхдэдээ хэдийд чихэр идүүлвэл шүдэнд нь халгүй вэ?
Өнөө үед “хорхойтоогүй” шүдтэй хүүхэд өдрийн од шиг ховор болжээ. Энэ нь эцэг эхтэй шууд холбоотой бөгөөд хүүхдийн эрүүл биш хооллолт болон тэдний шүдийг багаас нь зөв арчилж хамгаалаагүйгээс болдог байна. Хүүхдийн шүдийг багаас нь арчилж хамгаалахад юуны өмнө дараах зүйлсийг анхаарна.
Шүд өвдөхөд нөлөөлдөг хүчин зүйлс
Амны хөндийд байдаг нян чихэрлэг зүйлсийн нөлөөллөөр шүдэнд өөрийнхөө “үүр”-ийг бий болгосноор шүд хорхойтох эх үүсвэр тавигддаг ажээ. Тухайлбал, дараах тохиолдолд шүд амархан өвддөг.
- Чихэр, шоколад, жигнэмэг, бялуу, мөхөөлдөс, жимсний чанамал зэрэг чихэрлэг зүйлс байнга хэрэглэвэл
- Чихэрлэг ундаа, чихэртэй цай зэрэг саахар агуулсан зүйлс тогтмол уувал
- Зохистой хооллоогүй тохиолдолд, жишээлбэл, хоол хүнсээрээ кальц зэрэг эрдэс давсыг хангалттай аваагүй бол
- Хэрэв шүдээ тогтмол, сайн угаадаггүй бол
Шүд хорхойтохоос сэргийлж болно
Хүүхэд чихэрлэг зүйл идэхгүй байна гэж байхгүй, түүнийг хориход ч төвөгтэй. Гэхдээ хүүхдэдээ чихэрлэг зүйл аль болох бага хэрэглүүлэх, шүдийг нь хамгаалахтай холбогдох дараах 5 зүйлийг та хэрэгжүүлэхийг хичээгээрэй (1). Энэ нь практикаар батлагдсан, үр дүнтэй арга юм.
1. Өглөөний цайны дараа хүүхдийнхээ шүдийг угааж өгөх/угаалгах
2. Өглөөнөөс үд хүртэл чихэрлэг зүйл хэрэглэхгүй байх
3. Үдээс хойш чихэр агуулсан хүнсний зүйл, унд хэрэглэх давтамжаа цөөрүүлэх
4. Унтахын өмнө шүдийг нь угааж өгөх/угаалгах, угаасны дараа юм идүүлж,
уулгахгүй байх (зөвхөн цэвэр ус, эрдэст ус уулгаж болно)
5. Сургуульд орох хүртэл нь эцэг эх хүүхдийнхээ шүдийг орой унтахын өмнө тал бүрээс нь нэг бүрчлэн угааж өгч байх
Гаднаас ирж буй аюул занал, түүний хамгаалалт хоёр тэнцвэртэй байх тохиолдолд бидний шүд болон буйл эрүүл байна. Элсэн чихэр, ёотон, зөгийн бал, жимсэн дэх саахар болон бусад аль ч төрлийн чихэрлэг зүйл бүгдээрээ ялгаагүй шүдэнд муугаар нөлөөлдөг.
Харин бидний шүлс бол түүний эсрэг тэмцэгч, байгалиас заяасан хамгаалагч. Шүлс шүдийг зайлж, хамгаалж, засаж, бэхжүүлж байдаг.
Гэхдээ шүлс үүргээ гүйцэтгэхийн тулд чихрийн нөлөөлөлгүй байх тодорхой хугацааг шаарддаг байна. “Тухайлбал, ойролцоогоор 16 цаг чихрийн нөлөөлөлгүй байсан тохиолдолд шүлс шүдийг 8 цагийн турш хамгаалж чаддаг ажээ (2)”.
Хэрэв бид шүдээ орой угааж цэвэрлээд дараа нь чихэрлэг зүйл ууж, идэхгүй бол бүтэн шөнийн турш чихрийн нөлөөлөлгүй байна гэсэн үг. Тэгээд маргааш өглөө, үдээс өмнө нь чихэрлэг зүйл хэрэглэхгүй байвал чихрийн нөлөөлөлгүй байх цаг хугацаа уртсаж 16 цагт хүрнэ. Ийнхүү хүүхэд орой унтахаас эхлэн маргааш үд хүртэл чихэрлэг зүйл хэрэглэхгүй байвал шүд хорхойтохоос сэргийлэгдэнэ гэсэн үг.
Тэгэхээр үдээс өмнөдөө жишээлбэл, талхтай хиам, ааруул, бяслаг, жимс түүнчлэн шинэ өргөст хэмх, улаан лооль зэргийг хэрэглэхийн зэрэгцээ чихэргүй цай, сүү, хярам ууж болох юм. Энэ тохиолдолд хүүхэд үдийн хоолон дээрээ зүсэм торт эсвэл жаахан мөхөөлдөс, түүнчлэн үдээс хойшдоо бага зэрэг чихэр, чихэрлэг зүйл идэхэд санаа зоволтгүй ажээ.
Зохихтой хэрэглээнд сургах
Хүүхдийг чихэр битгий ид гэж хориглоход харин ч тэдний дурыг улам илүү өдөөх вий. Тэгэхээр энэ нь үр дүнтэй арга биш.
Зарим ээж аав хүүхдээ сайн байсных нь төлөө чихэр, шоколадаар шагнадаг. Энэ нь хүүхдийг байнга амттанаар шагнуулж байх эрмэлзэлд хүргэж болзошгүй. Мөн зарим аав ээж хүүхдээ аргадаж тайтгаруулахын тулд чихэр өгдөг. Энэ нь мөн хүүхдийг чихэр авахын тулд гонгинодог, уйлдаг болгочихож мэднэ. Түүнчлэн өглөө цэцэрлэгт нь хүргэхдээ ганц хоёр чихэр халаасанд нь хийх тун ч буруу аж.
Та дараах аргыг хэрэглээд үзээрэй. Чихрийн саваа нэг долоо хоногийн хугацаанд хүүхдийнхээ идэх чихэр, амттанаар дүүргэнэ. Ингээд хүүхэд өөрөө хэдийд алийг нь идэхээ шийднэ. Хэрэв хоёр хоногийн дотор дуусгасан бол тэгээд л тэр долоо хоногийн норм дуусна. Эсвэл өдөр бүр зохих хэмжээний амттанг чихрийн савандаа хийнэ, түүнийгээ өөрөө авч идэж байна гэж хүүхэдтэйгээ тохирно. Иймэрхүү байдлаар хүүхэд өөрийгөө удирдаж, чихэрлэг зүйлийг зохистойгоор хэрэглэж сурахад эцэг эх нөлөөлж болох юм.
Н.Норжхорлоо
Ашигласан материал:
- http://www.familienhandbuch.de/cmain/f_Fachbeitrag/a_Erziehungsbereiche/s_18.html
- http://www.familienhandbuch.de/cmain/f_Fachbeitrag/a_Erziehungsbereiche/s_729.html