Хүүхэд хамгаалал-Сайн туршлага (үргэлжлэл)
Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон замын хөдөлгөөнд хүүхдийг аюулгүй оролцоход хэрхэн сургаж буй сайн туршлагатай танилцана уу. Тэд жил бүрийн хавар, намар “Шар дарцаг” аяныг зохион байгуулдаг ажээ.
Манай цэцэрлэгийн хамт олон НЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын Газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран зохион байгуулсан “Шар дарцаг” аяныг Дорнод аймгийн цагдаагийн газар, Замын цагдаагийн тасагтай хамтран 4 дэх жилдээ орон нутагтаа зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү аянаар бид хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулж, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний хууль, дүрмийг нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан таниулж ойлгуулах, зарим дадлага сургуулилт хийх ажлыг зохион байгуулдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал-АХА тэмцээн болон жүжигчилсэн тоглолтыг бүлгийн багш нараас гадна хуваарийн дагуу багшийн туслах нар мөн идэвхтэй оролцож, бие даан явуулдаг.
Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийн нийгмийн орчны аюулгүй байдал агуулгын хүрээнд зам хөдөлгөөний аюулгүй байдлын талаар нөлөөллийн сургалтад эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар оролцдог нь илүү үр дүнтэй байдаг.
Энэхүү ажлынхаа хүрээнд бид хүүхдүүдтэйгээ хамтран хавар, намрын улирал бүр тогтмол сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт хийгддэг.
Та бүхэн манай цэцэрлэгээс өдгөө 4 дэх жилдээ сар тутам зохион байгуулж буй “Хүүхэд хамгаалал-Дадлага сургуулилт”-ийн дэлгэрэнгүй мэдээллийг 9-Р ЦЭЦЭРЛЭГ “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” БҮТЭЭМЖИЙН БАГ фэйсбүүк цахим хаягаас авах боломжтой. https://www.facebook.com/groups/467126648024513/
Дорнод аймгийн 9 дүгээр цэцэрлэгийн Багш Б.Бүжинлхам
Нэгэн санаа
Сэтгүүлч Г.Гэрэлмаагийн “Япон цэцэрлэгийн нууцууд” ном саяхан хэвлэгдэж гарсан. Тэрхүү номд манай цэцэрлэгийн багш нарт авууштай олон сайхан санаа агуулагдсаны дотор замын хөдөлгөөний осол гэмтлээс сэргийлэхтэй холбогдох нэгэн санааг нь дурдъя.
“... Хүүхэдтэйгээ хамт замаар гарахдаа гараас нь заавал барих хэрэгтэй гэж тэд хөмсөг зангидан чухалчлав. Гараас нь барихдаа зүгээр ч нэг атгачих биш, эрхий хуруугаа гарт нь атгуулаад, долоовор болон дунд хуруугаар гарын бугуйнаас нь зуурах маягаар хөтлөөрэй гэв. Хөтлөөд явж байтал сонирхолтой гялгар, гялтгар юм харахдаа гэнэт ухасхийж зам руу ороод осолдсон хүүхэд байдаг. Гараас хөлс ялгаварлахын зэрэгцээ хүүхдийн гар дорхноо мултраад зам руу гүйгээд орчих боломжтой учир ийн хоёр хуруугаараа түгжиж өгдөг техник байдгийг анх удаа сонссон минь энэ.”
Админ