Бага насны хүүхдийг үнэлэхдээ юуг анхаарах вэ?
Бага насны хүүхдийн хөгжил төлөвшлийг бодитой үнэлэхийн тулд багш нар бага насныхны хөгжлийн онцлог болон үнэлгээ явуулах үйл явцдаа зарим зүйлийг анхаарна. Багш хүүхэд бүрийг бодитой үнэлснээр тэдэнд тохирсон, оновчтой дэмжлэг үзүүлж чадна.
Тэд их зүйлийг мэддэг, чаддаг
Нэг япон багш “Монголын цэцэрлэгийн багш нар их мундаг, хүүхэд юу мэддэг, мэддэггүйг хэлээд байдаг” гэсэн байдаг. Энэ нь сайндаа ч биш, манай зарим багш хүүхдийг урьдаас өөрийн хүлээлтээрээ үнэлдэгтэй холбоотой болов уу. Иймд багш тухайн хүүхэд үүнийг мэддэг ч байж магадгүй, мэдэхгүй ч байж мэднэ; чаддаг ч байж магадгүй, чадахгүй ч байж болзошгүй гэсэн өнцгөөс харж хандвал бодит байдлыг илүү сайн илрүүлнэ.
Забина Пауэн (Pauen, S. 2017)-ий сүүлийн үеийн нялх хүүхдийн хөгжлийн судалгааны нээлтээс үзэхэд тэд төрөхдөө л өндөр мэдрэмжтэй, суралцахад бэлэн, зарим үндсэн өвөрмөц мэдлэг, чадвартай байдаг ажээ. Жишээлбэл, шинэ төрсөн хүүхэд бусдын нүүрний энгийн дохио зангааг дуурайж чаддаг, төрснөөс хэдхэн долоо хоногийн дараа амьд биетийг амьгүй биетээс ялгаж чаддаг байна. Тэд “цагаан цаас” биш ажээ.
Хүүхэд бүрийн хөгжил адилгүй
Хүүхэд нэг чадамжаараа сайн байхад нөгөө чадамжаараа тааруу байж болно. Энэ бол хэвийн үзэгдэл. Хүүхэд бүр өөрийн гэсэн хөгжлийн хурдацтай. Ялангуяа 3 хүртэл насны хүүхдийн хөгжил ихээхэн ялгаатай. Жишээлбэл, нэг хүүхэд ой хүрээгүй шахам анхны үгээ хэлж байхад нөгөөх нь үг хэлэхгүй ч бие даан чадварлаг алхаж, хөдөлгөөний чадвар сайтай байж болно. Тэдний ялгаа нас ахих тусам багасаж ирдэг.
Тэдний хийж буй үйлдэл нь хэлж байгаагаасаа зөрдөг
Хүүхдийг хэлж байгаагаар нь бус, үйлийн гүйцэтгэлээр нь үнэлбэл бодитой. Жишээлбэл, зураг дээр нэгнийхээ гэзэгнээс татаж байгаа зураг харуулаад “Энэ хүүхдийн үйлдэл зөв үү?” гэхэд бараг бүгд л “буруу” гэх байх. Гэтэл бодит байдал дээр ямар байх бол?
Бага насныхан, ялангуяа 3-4 насныханд заримдаа худлаа ярих ч тохиолдол бий. Энэ нь тэд бодит үйл явдлыг зүүд, үлгэр, өгүүлэл дээрх үйл явдал зэрэг хийсвэр зүйлээс сайн ялгаж салгаж чаддаггүй, хольж хутгадагтай холбоотой.
Тэд ойр дотны хүнтэйгээ чөлөөтэй харилцдаг
Бага насныхантай харилцаж, мэдээлэл солилцох амаргүй. Нэлээд нь нүүрний хувирал, дохио зангааг чухалчилна. Тэд бусдын биеийн хэлэмж, сэтгэлийн хөдөлгөөнөөс их зүйлийг ойлгодог. Зарим нь танихгүй хүний дэргэд биеэ барьж, мэддэг зүйлээ хэлэхгүй, чаддаг зүйлээ ч хийхгүй. Уурласан, зөрүүдэлсэн үедээ амнаасаа үг унагах нь ховор. Энэ үед ярилцахаас илүүтэй тэврэлт илүү нөлөөтэй байх жишээтэй. Иймээс гадны ямар нэг хүн ангид орж ирээд тэднийг үнэлнэ гэвэл бүтэхгүй, бодитой бус, харин ажиглаж л болох юм. Тэдэнтэй байнга хамт байдаг, сайн мэддэг багш нар болон эцэг эх л бодитой мэдээлэлтэй байдаг.
Үнэлгээний үндсэн арга нь ажиглалт
Олон дахин давтаж байж хүүхдэд чадвар нь дадал болдог. Европын Нийгмийн сэтгэл судлалын сэтгүүл (Phillippa Lally. 2009)-д хүнд шинэ дадал зуршил суухад 18 хоногоос 254 хоног зарцуулдаг гэсэн судалгаа нийтлэгдсэн байдаг. Хүүхдэд аль нэг дадал зуршил суухад дунджаар 2 сараас илүү хугацаа шаардагддаг бөгөөд тухайн хүүхдийн онцлог болон орчны нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг ажээ. Мөн хүүхдийн хөгжил шугаман хэлбэрээр явагддаггүй. Заримдаа сурсан, чаддаг болсон зүйлээсээ ухрах тохиолдол ч бий. Иймд хүүхдэд тодорхой чадвар болон эрүүл ахуй, харилцааны аливаа дадал зуршил сууж байна уу, энэ нь хэр зэрэг ахиц дэвшилтэй байна гэдгийг байнга ажиглаж, тэмдэглэж байх шаардлагатай бөгөөд нэг удаагийн ажиглалтаар илрүүлэх боломжгүй.
Хүүхдэд дадал зуршил болсон зүйл л бидний тэдэнтэй ажилласны эцсийн үр дүн бөгөөд энэ нь тэдэнд амьдралынх нь туршид хэрэглэгдэнэ. Тухайлбал, өглөө, оройд тогтмол шүдээ угаах, бусадтай эелдэг мэндчилэх, хог хамаагүй хаяхгүй байх гэх мэт.
Хүүхдийн бүх талын хөгжил төлөвшлийг хамрах
Үнэлгээ нь хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүй-сэтгэлийн хөдөлгөөний хөгжлийг бүхэлд нь хамрах бөгөөд хөгжлийн чиглэлүүдээ ерөнхий нэршлээр нь авснаас хөдөлгөөн, эрүүл мэнд; хэл яриа; математик; хөгжим; дүрслэх урлаг; сэтгэлийн хөдөлгөөн; бусадтай харилцах харилцааны чадамж гэх мэтээр нарийвчлан авч үзэж мөн тэдний сонирхлыг илрүүлэхэд анхаарвал тухайн хүүхдийн дүр төрх; сул, давуу тал илүү тодорч харагдана. Бидэнд хүүхдийн сэтгэл санааны байдал руу сайн өнгийн харж, хэр зэрэг таатай байна гэдгийг илрүүлэхэд дутмаг анхаардаг дутагдал бий.
Давуу талыг нь олж илрүүлэх
Хүүхэд гэлтгүй томчууд ч сул талыг нь барьж аваад байвал сэтгэл санаа, идэвх зүтгэл, оролцоонд нь халтай. Бидний өнгөрсөн практикаас харахад эхлээд хүүхэд юуг мэдэхгүй, чадахгүй байна гэдгийг нь голлон хараад, түүнийг нь сайжруулахад анхаардаг байв. Хүүхдийн давуу талыг танин мэдэж, дэмжиж, урам өгөхөд өөртэй итгэх итгэл нь сайжирч, бэрхшээл, бүтэлгүйтлийг давж гарах бэлтгэлтэй болно. Хүүхэд бие даасан байдал, бусадтай харилцах харилцаа; математик, техник сэтгэлгээ; зурах, урлан бүтээх үйл; хэл яриа, биеийн хөдөлгөөн, хөгжим зэрэг аль ч талаараа давуу байж болно.
Үр дүнд бус үйл явцад анхаарах
Хүүхдийг өдөр тутам гүйцэтгэж буй үйлээр нь дамжуулан баяр баясгалантай, сэтгэл санаа өөдрөг байлгах болон анхаарлаа төвлөрүүлэх, зүтгэл чармайлт гаргах, тууштай байх, эмх цэгцэд суралцах, бүтээлчээр ажиллах, санаа бодол, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бусадтай хамтрах гэх мэт олон зүйлд дадлагажуулж суралцуулах нь бидний эцсийн зорилго билээ. Иймд багш ажиглалт хийхдээ юун түрүүнд хүүхэд тухайн үйлийг гүйцэтгэхдээ дуртай/дургүй байна уу, ямар арга замаар гүйцэтгэж байна, хэр зэрэг зүтгэл чармайлт гаргаж байна гэх мэт үйл явцад нь анхаарлаа төвлөрүүлнэ.
Хүүхдийн бүтээлийг дүгнэхгүй байх
Бага насныханы хамгийн дуртай, байнга шахуу гүйцэтгэдэг үйл бол зурах, урлах. Тэдний бүтээлийг “Сайн зурсан байна”, “Энэ чинь тааруухан болж дээ” гэх мэтээр үнэлж дүгнэх нь дээр дурдсан үйл явцад бус, үр дүнд төвлөрөөд байгаагийн илрэл. Харин юу бодож зурсан, ямар үйл явдлыг илэрхийлж байгаа зэргээр ярилцах нь чухал.
Мэдээллийг эцэг эхтэй хуваалцах
Багш хүүхэд бүрийн үнэлгээтэй холбогдох мэдээллийн сангийн нууцлалыг хадгалах бөгөөд түүнийг зөвхөн тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчидтай хуваалцана. Энэ нь жишээлбэл, багш аль нэг хүүхдийн Хувийн хавтсын мэдээллийг бусад эцэг эх, хүүхдэд үзүүлээд байхгүй (Хүүхэд өөрөө бүтээлүүдээ бусдад үзүүлж, тайлбарлахдаа дуртай, түүгээрээ бахархаж байвал өөр хэрэг) гэсэн үг. Гэхдээ нийт хүүхдийн үнэлгээний үр дүнгийн нэгтгэл (тайлан)-ийг хамт ажиллагсад болон байгууллагын удирдлага, бусад холбогдох хүмүүстэй хуваалцаж болно. Энэ нь боловсролын чанарыг сайжруулахад багш нарт хаана илүү дэмжлэг, мэргэжил дээшлүүлэх ажил хэрэгтэйг тодорхойлоход хэрэг болно. Ер нь бага насны хүүхдийг үнэлэх нь ур чадвар шаардсан, амаргүй ажил тул сургалт, дадлагажуулалт ихээр шаардана.
Н.Норжхорлоо
Эх сурвалж:
1. Pauen, Sabina. (2017): Wie lernen Kleinkinder? Entwicklungspsychologische Erkenntnisse und ihre Bedeutung fuer Politik und Gesellschaft.
2. Phillippa Lally. (2009). How are habits formed: Modelling habit formation in the real world pdf.