
Багш нар сэтгэл хангалуун, урам зоригтой ажиллахад юу нөлөөлдөг вэ?
Багш нар сэтгэл хангалуун, урам зоригтой ажиллахад бидний мэддэгээр мэдээж хангалттай цалин хөлс. Хангалттай цалин хөлстэй байх нь тэдэнд орон сууцтай болох, гэр бүлээ тэжээх зэрэг үндсэн хэрэгцээгээ хангах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн эрх чөлөөтэй байх боломж олгодог. Гэхдээ мөнгө нь үндсэн хэрэгцээг хангасны дараа урт хугацааны дотоод сэдэл тэмүүлэлд хязгаарлагдмал нөлөө үзүүлдэг байна.
Судлаачдын үзэж байгаагаар тэднийг аз жаргалтай болгодог, идэвх зүтгэлтэй ажилахад дан ганц цалин хөлс бус, түүнээс ч илүү урт хугацаанд нөлөөлдөг хүчин зүйлс бас байдаг ажээ.
Фриедрик Херцверг (Frederick Herzberg) 1959 онд хийсэн “Ажлын байран дахь сэтгэл ханамж” хэмээх эмпирик судалгаагаараа мөнгө, байр суурь, эрүүл ахуйн нөхцөл гэсэн 3 хүчин зүйл хүн ажлын байрандаа сэтгэл ханамжтай байхад нөлөөлдөг гэж тогтоожээ. Гэвч эдгээр нь удаан хугацааны урам зориг, сэдлийг бий болгохгүй байсан.
Харин үүний эсрэгээр тухайн хүний ажил бол өөрөө бодитой идэвхжүүлэгч нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, ажлын агуулга (утга учир), чадамж, хариуцлагын түвшин, удирдлага, хамт олон (1).
Сэтгэл зүтгэл, урам зоригийг худалдаж авах боломжгүй. Тэгэхээр дараах хүчин зүйлс идэвх зүтгэл, урам зоригтой ажиллахад урт хугацаанд хүчтэй нөлөө үзүүлдэг байна (2).
- Утга учиртай ажил
Хүн бүр эрхэлж буй ажил нь үнэ цэнтэй, энэ нь чухал бөгөөд зайлшгүй гэдгийг мэдэхийг хүсдэг. Үүнийг мэдэрч ойлгож, сонсож дуулснаар ажилтнуудын урам зориг сэргэнэ.
- Багийн ажил
- Хүн бол нийгмийн амьтан. Хүн бол нийгмийн амьтан. Бид хувийн болон мэргэжлийн аль алинд нь харьяалагдах мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг. Байгууллагууд болон багууд бие биенээ урамшуулан дэмжих замаар хамт олны мэдрэмж, жинхэнэ багийн уур амьсгалыг бий болгох хэрэгтэй. Энэ нь цэвэр санхүүгийн урамшууллаас илүү урам зориг өгдөг.
- Шударга байдал
Шударга бус эсвэл дур зоргоороо харилцдаг харилцаа жинхэнэ урам зоригийг сөнөөгч. Цалин, урамшуулал, магтаал ч бай: Хэрэв урамшуулал нь ил тод, хариуцлагатай биш бол ажлын уур амьсгал, ажилтнуудын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлнө. Хэн ч хэнийг ч талцуулах, тойрон хүрээлэгчид болгох дургүй.
- Хүлээн зөвшөөрөгдсөн байдал
Хүний хөдөлмөрийг хүлээн зөвшөөрөх, чин сэтгэлээсээ үнэлэх нь хүмүүсийн хувьд маш чухал. Амжилтанд хүрсэн мэт санагдахаас илүү урам зоригийг өгдөг зүйл цөөхөн.
- Өсөлт хөгжил
Олон жил байрандаа зогсох уу? Энэ нь хэний ч хүсдэг зүйл биш. Хүмүүс карьераа хөгжүүлэх, өсөх, илүү хариуцлага хүлээх, шинэ ур чадвар эзэмших, бусад шинэ зүйл дээр ажиллахыг хүсдэг. Энэхүү хүсэл тэмүүлэл нь тухайн хүнийг хийж чадах боломжит өндөрлөгт нь хүргэдэг.
- Бие даасан байдал
Зөвхөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид биш, байгууллагын аль нэг ажилтан ч бие даан ажиллах боломжтой байхыг хүсдэг. Тэд шийдвэр гаргах, ажлаа зохион байгуулахад илүү их эрх чөлөөг хүсдэг. Энэхүү эрх чөлөө, өөрийгөө үнэлэх нь хөдөлмөрлөх гол хөдөлгөгч хүч юм.
Иймд байгууллагын удирдлага бүр, цаашилбал хамт олон хангалттай цалин хөлсний төлөө тэмцэхийн зэрэгцээ дээрх хүчин зүйлсийг авч үзэж, анхаарч хэрэгжүүлснээр тухайн хамт олны ажлын үр дүн, чанарт ахиц гарах боломжтой.
Н.Норжхорлоо
Эх сурвалж:
- http://karrierebibel.de/geldverdienen-motiviert-es-wirklich/
- Macht Geld glücklich? https://karrierebibel.de/macht-geld-gluecklich/
Нүүр зураг: Mehr Gehalt gleich mehr Motivation? Diesen Einfluss hat Geld wirklich. https://www.impulse.de/personal/geld-motivation/7622883.html#