Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан (үргэлжлэл)

Вальдорфийн цэцэрлэгийн сургалт

Хүн амьдралынхаа янз бүрийн үе шатанд яаж суралцдаг вэ гэдэг нь ихээхэн ач холбогдол бүхий асуулт юм. Жишээлбэл, хүүхдийн дүрслэн бодох чадвар бол сургуулийн өмнөх насанд мэдрэхүйгээрээ хүртэж хүлээж авахтай нэлээд холбоотой хэвээр байна. Гэтэл сургуульд элсэхэд бэлэн болох үеийн хөгжлийн чухал шинж тэмдэг бол тэдний дүрслэн бодох чадвар нь чөлөөтэй болох бөгөөд үүний үр дүнд тэдэнтэй шууд ярилцах боломжтой болно. Тэгэхээр сургуулийн өмнөх насанд хүүхдийн амьдралын орчин нь тэдний  суралцахуйн талбар гэсэн үг юм.

Сургуулийн өмнөх насанд хүүхдийн амьдралын

орчин нь тэдний суралцах талбар.

Энэ насанд суралцах бол гол биш харин дагалдах үйл явц. Энэ үед хүүхэд болж буй үйл явцаас зайдуу байж байгаад суралцах бус тэрхүү үйл явцын дотор нь орж байж суралцана. Энэ нь сургуулийн өмнөх үеийн хүүхдийн төлөвшил (сургалт)-ийн бас нэгэн онцлог шинж тэмдэг: Мэдрэхүйгээрээ хүртэж хүлээж авах явцдаа хүүхэд мөн тухайн үзэгдлийн цаадах “утга учир”-ыг олж мэдэрнэ: Жишээлбэл, ямар нэг үйлийг гүйцэтгэж байгаагийн сэдлийг мэдэх.

Хөгжлийн талаарх сэтгэл судлалын онолдоо энэхүү онцлог үзэгдлийг  Рудольф Штайнер хүүхэд бол “бүхэлдээ мэдрэхүйн эрхтэн” хэмээн илэрхийлсэн. Энд Вальдорфийн цэцэрлэгийн дидактикийн үзэл баримтлалын түлхүүр оршино: Цэцэрлэгийн бүлэг дэх амьдрал хэдийд хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцэх вэ гэвэл бодит, зүй ёсоороо явагдаж буй, мэдрэхүйгээрээ тусгаж авч ойлгож болохуйц ажил үйл, үзэгдэл, үйл явдлаар баялаг тийм орчинд хүүхэд байх тохиолдолд, тэд “бүхэл бүтэн” амьдрал буцалж байгаа орчинд байх тохиолдолд нийцнэ. 

Цэцэрлэг дэх өргөн хүрээтэй баялаг амьдрал

бол хүүхдийг өдөөн дэмжсэн “суралцах талбар”

http://www.waldorfkindergarten-wurzelwerk.de/images/Garten.jpg

Өдрийн үйл явдал хөгжилтэй, ил тод, учир утгатай, аятай зохицуулагдсан байх нь үүнд мөн хамрагдана: Жишээлбэл, хоол унд бэлтгэх, ширээ засах, өрөө тасалгаануудыг эмхэлж цэгцлэх, цэвэрлэх, тухайн өрөөнд байгаа хүмүүсийн сэтгэлд нийцэхээр өрөөг чимэглэх, зочдыг найрсгаар хүлээж авах, эвдэрсэн эд зүйлсийг засварлах, нийтээрээ дуулах, ярилцах, баяр ёслол тэмдэглэх. Товчоор хэлэхэд: Цэцэрлэг дэх амьдрал хэдий чинээ “баялаг” байна, хүүхдийн суралцах үйлийг төдий чинээгээр өдөөн дэмжинэ. Гол нь амьдрал “байгаагаараа” л байх ёстой бөгөөд ингэснээрээ хөгжил, баяр баясгалан, хялбар байдлыг бий болгоно. Ийнхүү Рудольф Штайнерийн сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийг дэмжих орчныг тодорхойлж бичсэн зүйлсийн агуулгад “хөгжилтэй байх”, “амьдралын баяр баясгалан” гэсэн үгс гол байрыг эзлэн олонтаа тааралддаг.  

 

Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан ба сургалтын хөтөлбөр

Сүүлийн үед хүүхдийн сургуулийн өмнөх насанд, энэ насны хүүхдийн сургалтын нэгдмэл үйл явцад ач холбогдол өгч, их анхаардаг болж байна. Холбооны улсуудад өөр хоорондоо ялгаатай Сургалтын хөтөлбөр болон Үйл ажиллагааны нэгдсэн хүрээ бий болсоор байгаа нь үүний илрэл юм. Эдгээрийн зарим нь хүүхдийн эзэмшвэл зохих чадваруудыг тодорхой томьёолсон, зарим нь сургуульд бэлтгэгдсэн байдлын дүр төрхийг тодорхойлон түүний элементүүдийг авч үзсэн байх бөгөөд эцсийн эцэст эдгээрийн аль аль нь хүүхэд сургуулийн өмнөх насандаа хүрэх ёстой зорилтуудыг тодорхойлон гаргаж тавьж байгаа юм.

Вальдорфийн цэцэрлэгийн сургалт нь дараах хоёр үндэслэлээр ийнхүү зорилтууд дэвшүүлэн тавихын эсрэг байдаг. Нэгдүгээрт, хүүхэдтэй шууд харилцаж байхад тэр бүр ямар нэг зориудын бодол санаа (зорилго) өвөртлөөд байдаггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ялангуяа сургуулийн өмнөх жилүүдэд хүүхдийн суралцах үйл ажиллагаанд гаднаас нь тодорхой зорилго “шингээж хүчилснээр” тэд сурч боловсроно гэж үгүй. Нөгөөтэйгүүр, сургалтын хөтөлбөрт буй хүүхдэд эзэмшүүлэхээр заасан бүх чадамж (компетенц)-ыг тэд амьдралын “бодит” үйл явцыг зохистойгоор зохион байгуулсан нөхцөлд эзэмшиж чаддаг. Иймээс хүүхдийн суралцах үйл ажиллагаа бол бүхэлдээ хүүхдийн өөрөө суралцах үйл явц. Хэдийгээр хүүхэд сургуульд орохдоо цэцэрлэгээр тодорхой хэмжээнд бэлтгэгддэг ч Вальдорфийн цэцэрлэг бол сургуульд бэлтгэх байгууллага/газар биш гэж үздэг. Бага насны амьдралын жилүүдэд хүүхэд дарааны шатны амьдралд хамгийн зохистойгоор бэлтгэгдэнэ гэдэг нь “одоо цагаа чанартай өнгөрүүлэхэд” оршино. Энэ нь хүүхэд өөрөө бүхэлдээ тухайн цаг үеийн үйл явцад бүрэн эзэмдэгдэн оролцоно гэсэн үг.

Вальдорфийн цэцэрлэг дэх өөрөө суралцах үйл явц

Хүмүүжүүлэгч багш тодорхой зорилго тавиагүй нөхцөлд өрнөж буй чөлөөт тоглоомын явц дахь хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа бол байгалийн шинжлэх ухааны зүй тогтлыг энгийнээр өөрийн болгон хэрэглэж буй харилцааны үйл юм. 

Олон дахин давтан хийгдэх үйлийн нөлөөгөөр тэд амьдралдаа тооны ойлголтыг итгэлтэй хэрэглэдэг болно (жишээлбэл, байгаа хүний тоогоор ширээн дээр аяга таваг, халбага байрлуулж ширээ засах), зааварчилгагүйгээр өөрөө тогтмол зураад байвал бичиж сурахад чухал суурь дэвсгэр болох дүрсүүдийг чадварлаг зурдаг болно, янз бүрийн хэлбэр дүрстэй зүйлсээр өдөр тутам тоглосноор геометрийн ойлголттой болох бөгөөд хөдөлгөөн, дуу авиа, үгсийг хооронд нь уялдуулан хэрэглэснээр хэл ярианы хөгжил нь сайжирна, хэл ярианы хөгжилд мөн тогтмол явагддаг ярилцлага, ялангуяа үлгэр, хэмнэл бүхий өгүүллэг ярьж өгснөөр түлхэц үзүүлнэ, бие биендээ харилцан дэмжлэг үзүүлэх, туслах, хамтаараа гэр ахуйн өдөр тутмын тодорхой ажил үйл гүйцэтгэх явцад тэдэнд нийгэмшихүйн чадвар бий болно.

Вальдорфийн цэцэрлэгийн сургалтын зарчмаар хөгжлийн энэхүү алхмуудыг ухамсартайгаар зориуд зорилго болгон авдаггүй бөгөөд энэ нь дараа, сургуулийн насанд “дээр нь тулгуурлаж”, “сэргээгдэж” өөрийн болгоход зориулагдан зориудын бус, чөлөөт үйл байна гэж үздэг. Янз бүрийн, өргөн агуулга бүхий амьдрал нь бүх хүүхдэд өөрийн удирдлагатай суралцах үйл рүү алхан орох боломж олгодог.   

Хүүхэд тус бүрийн өөрөө суралцах үйл нь хүмүүжүүлэгч багшаас ганцаарчилсан ажиглалтыг шаарддаг. Хүүхдийг зөвхөн өөртэй нь харьцуулъя гэсэн Песталоццийн дэвшүүлсэн үзэл санааны дагуу хүүхэд тус бүрийн хувь хүний хөгжлийн алхмыг тогтоохдоо  тэднийг урьдчилан боловсруулсан шаталсан үзүүлэлтийн дагуу шууд дүгнэх буюу шалгахгүйгээр нэг бүрчлэн ажиглаж, баримтжуулна. Хүүхдийнх нь талаар  эцэг эхтэй тогтмол яриа хэлцэл, ярилцлага явуулснаар үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа хүүхэд тус бүрийн хувийн онцлогтой холбоотойгоор анхаарах зүйлсийг тодруулж гарааны цэгээ бий болгоно. Иймэрхүү байдлаар хүмүүжүүлэгч багш дараагийн шатанд хүүхдийг хүлээж авах багш нартай мөн холбоо тогтоохыг хичээж ажилладаг.

 

Орчуулсан: Н.Норжхорлоо

 

Ном зүй:

Wolfgang Sassmannshausen “Waldorfpaedagogik“

Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, s.30-31, Verlag Herder, Freiburg