Мариа Монтессори (үргэлжлэл)
Бэлтгэгдсэн орчин
Монтессорийн сургалтын дээр дурдсан үндсэн санааг хэрэгжүүлэх сургалт-арга зүйн цөм нь “бэлтгэгдсэн орчин” юм. Тодруулбал: Хүүхдийн байр буюу цэцэрлэгт гурваас зургаан насныхан байх ба тэндээс зургаагаас арван хоёр насныхан сургууль руу алгуурхан шилжин орно, төгсгөлд нь 12-18 насныханд зориулсан шинэлэг байдалтай нэгдмэл сургууль (“нийгмийн амьдралын туршлага хуримтлуулах сургууль”) залгана. Олон оронд Монтессорийн цэцэрлэг, сургууль салангид бус нэгдмэл зохион байгуулалттай байдаг. Бэлтгэгдсэн орчин нь дараах бүтцийн элементүүдийг агуулдаг:
1. Бие хүн-нийгэмшихүйн элемент
Энэ нь хүүхдийг нас, амжилт-чадвар, хүйсээр нь ялгалгүй холимог (заримдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй) бүлэгт байлгах бөгөөд үүнийг хүмүүжүүлэгчид “харилцааны загвар” гэж нэрлэдэг. Ийм холимог бүлэгт хүүхэд нийгэмшихүйн чадвар хийгээд өөрийнхөө болон ертөнцийн талаар бодит үзэл бодолтой болдог. Амжилт-чадвар, сонирхлын ялгаатай байдлаас хүүхдэд мөн бусдын чаддаг зүйлийг би ч бас чаддаг болъё гэсэн танин мэдэхүйн сэдэл төрдөг ажээ.
2. “Материаллаг” элемент
Энэ нь сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны үүднээс сонгож бэлтгэсэн, эрэмбэлсэн суралцах, судлах, тоглоход зориулагдсан материалууд юм. Үүнийг арга зүйн талаас авч үзвэл дараах салбаруудад хуваагдана.
· Сэрэл/хөгжүүлэх материалаар мэдрэхүйн үндсэн чадварт нөлөөлөх. Жишээлбэл, мэдрэхүй, ухаарал, сэтгэхүйг хөгжүүлэх
· Тоглоом, сургалтын материал, амьдралын практик үйлдлүүд, ажил хөдөлмөр (жишээлбэл, өөртөө үйлчлэх хөдөлмөр, орчноо арчилж цэвэрлэх), чимээ аниргүй байх дасгал, гимнастикаар хөдөлгөөнийг хөгжүүлэх
· Бүх дасгалуудын нэгдлээр хэл яриаг хөгжүүлэх, түүнчлэн материалуудын тусламжтайгаар хэл ярианы тусгай чадварыг дэмжих, бичихэд чиглүүлэх
· Мэдрэхүйн материалуудыг нэгдмэл байдлаар мөн математикийн материал ашиглан математикийн тодорхой суурь дэвсгэрийг бүрдүүлэх
· Байгалийн шинжлэх ухаан, техник, экологийн суурь дэвсгэрийг тавих (“сансрын ойлголт”)
· Насны холимог байдлаар нийгэмшихүйн нэгдмэл хүмүүжил олгох, хамтын амьдралын дасгал (дүрэм журам, харилцааны хэлбэрүүд)-уудаар нийгэмшихүйн тодорхой чадвар эзэмшүүлэх
· Хэмнэл-хөгжмийн чадвар олгох
· Урлагийн чадвар олгох (жишээлбэл, зурах, хөгжимдөх)
· Шашны хүмүүжил олгох
Дээрх өргөн хүрээтэйгээр нөлөөлөх материалуудаас гадна барилга байшин, түүний гоё сайхан, түүнчлэн гадаах цэцэрлэг, амьтан, аквариум, жижиг амьтдын байр гэх мэт зүйлс нь мөн хөгжүүлж хүмүүжүүлэх нөлөөтэй. Түүнчлэн хүмүүжүүлэгч бол үлгэр дуурайлагч, хариуцагч, мэдлэг, чадварыг зуучлагч гэдгээрээ энд мөн хамрагдана гэж үзэж байв.
3. Бүтцийн хөдөлгөөнт элемент
Энд бэлтгэгдсэн орчныг зохион байгуулах, сургалтын ажлыг явуулахад баримтлах зарчмууд хамрагдна. Үүнд жишээлбэл, дараах зарчмууд багтана:
· Эмх цэгцийн зарчим: Жишээлбэл, мэдрэхүй, хэл яриа, байгалийн шинжлэх ухаан гэх мэт сургалтын тодорхой чиглэлээр материалуудыг хувааж байршуулах, мөн хүнд хөнгөн, хийсвэрлэлтийн түвшингөөр үе шат болгон хуваах
· Түвшингийн чиглүүлэгч буюу Конусын зарчим: Энэ нь танин мэдэхүйн процесс эрэмбэ дараалалтай байна гэсэн үг. (Монтессори бие хүний хөгжил гэдэг нь компетенц үүсэн бий болох эрэмбэ юм гэж үзэж байсан. Тухайлбал, суурь чадвараас хийсвэрлэх ба ухаарах чадвар бий болж, түүнээсээ өөрийгөө бие дааж, бүтээлчээр илэрхийлэх, орчноо засч янзлах чадвартай болох бөгөөд үүн дээр сурган хүмүүжүүлэх арга зүй суурилах ёстой)
· Хязгаарлалтын зарчим: Жишээлбэл, сургалтын агуулга нь хэмжээ, хүнд-хөнгөний түвшин, түүнчлэн нийгмийн харилцаанд байж болохгүй зүйл зэргээр хязгаарлагдана.
· Үйл ажиллагааны чөлөөт сонголтын зарчим (“чөлөөт ажил”): Эд зүйлс, цаг хугацаа, хамтран ажиллагчаа сонгох боломжийг тодорхой хэмжээнд олгох
· Бие хүний суралцахуйн онцлогийн зарчим: Суралцах зүйл нь тухайн хүүхдэд тохирсон байх (хөгжүүлэх даалгавар)
· Бие хүний хөгжлийн зүй тогтлын зарчим: Хөгжлийн мэдрэмтгий үе шатыг харгалзах
· Шууд ба шууд бус нөлөөллийг хослуулах зарчим: Шууд бус нөлөөл гэж: Заавар, зөвлөгөө, чиглэл, санаа өгөх, гэхдээ тухайн хүүхдэд бус нийт хүүхдэд хандах
· Туслалцааны доод хязгаарын зарчим: Хүүхэд бие даан ажиллахад шаардагдах хамгийн наад захын туслалцаа үзүүлэх
Сургалт-арга зүйн хариуцлага бол шийдвэрлэх рольтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл:
1. Дээрх зарчмуудыг хувь хүнд зохицуулан хэрэглэнэ.
2. Бэлтгэгдсэн орчинг арга зүйн үүднээс ямагт шинээр авч үзэж байна. Энэ нь нэг талаас хүүхэд тус бүрийн сонирхол, авьяас чадварыг, нөгөө талаас өнөө болон ирээдүйн амьдралын нөхцөл байдалд нийцэхтэй холбогдон байнга өөрчлөгдөн буй шаардлагуудыг харгалзана. (= хөгжилд нийцэх, хувь хүнд тохирох)
Цэцэрлэгийн бэлтгэгдсэн орчинтой холбогдох жишээ
Өглөө 7.45 цагт үйл ажиллагаа эхэлнэ. Өрөөг хүүхдэд зориулан бэлтгэсэн байна. Энд хүмүүжүүлэгчийн өмнөх өдрийн ажиглалт тус болно. Ажиглалт нь хүүхдийн хөгжилд нийцсэн сургалтын үйл ажиллагаа явуулах суурь дэвсгэр болж өгнө. Тэрээр өөртөө “Хүүхэд бүр юу сонирхож байв?”, “Тэд ямар материал ашиглаж юу хийж байв? гэсэн асуултууд тавина. Уве өмнөх өдрүүдэд савтай ус, стакануудтай нэлээд ажилласан. Тэрээр усаа стаканууд руу дахин давтан аягалсаар байв. Үүгээр Уве орон зай, хэмжээтэй холбогдох ойлголттой болсон. Хүмүүжүүлэгч түүнд санал болгохоор дараах зүйлсийг бэлтгэв. Хүмүүжүүлэгч ширээг ус нэвтрэхгүй бүтээлгээр бүтээгээд дээр нь янз бүрийн хэмжээтэй стакан, дүүрэн устай савыг подносон дээр байрлуулж тавив. Хажууд нь мөн ширээ арчих нэг алчуур тавилаа. Эдгээр нь Увед зориулан бэлтгэсэн зүйл.
“Бэлтгэгдсэн орчин” бол сургалт-арга зүйн цөм
Анна төмөр таглаануудыг сонирхож байсан. Хүмүүжүүлэгч ширээнүүдийг нийтэд нь харж, бүх зүйл хүүхдэд зориулагдан бэлтгэгдсэн эсэхийг нягтална. Харандаанууд үзүүртэй байна уу?, Цаас хүрэлцээтэй байна уу?, Суурин дээрх нүхнүүдэд тохирох зүйлийг нь хийх боломжтой байна уу? гэх мэт. Михайл тоо бодох дуртай. Тоглох хивсэн дээр бөмбөлөгөн материалууд суурьтайгаа байх ёстой. Өглөөний цайны ширээ цэцгээр чимэглэгдсэн байна. Халбага, сэрээний бүрдэл, шаазан аяга таваг байрлуулна. Номын буланд хивс дэвссэн байна. Тэнд шинэ номнууд тавина. Петерт туршилт хийхэд нь зориулан соронз тавина. Тэнд хүүхдүүд очих боломжтой байна. Ийнхүү бүх зүйл хүүхдэд зориулан бэлтгэгдсэн байна. Хүмүүжүүлэгч хүүхдүүдийн сонирхол, авьяас чадварт тулгуурлан тэдэнд хөгжилд нь нийцсэн ажил үйл, материалыг санал болгоно. Харин хүүхэд тухайн саналыг хүлээж авах, эсэхээ өөрөө чөлөөтэйгээр шийднэ. (Hella Klein, Montessori-Paedagogin, 2005, s.26)
Анхаарлын туйлшрал ба чөлөөт ажил
Анхаарлын төвлөрөл буюу анхаарлын туйлшрал нь дараах нөхцөл байдалд суралцах үйлд хамгийн сайн суурь дэвсгэр болж өгнө.
· Айж эмээхгүй, амжилт гаргахыг шаардсан дарамт, шахалтгүй харьцангуй чөлөөтэй байдалд хүүхэд зоригтой, итгэлтэй, суралцах эрмэлзэлтэй байх бөгөөд тийм сургалтын уур амьсгал бүрдсэн нөхцөлд
· Хүүхэд тус бүрт зориулан бэлтгэгдсэн орчинд тэд харьцангуй чөлөөтэй хөгжих, гүйцэтгэх үйлээ сонгох боломжтой байхад
· Хүүхдийн хөгжлийн түүнчлэн мэдрэмтгий үеийнх нь хэрэгцээ чөлөөтэй, тэдний чөлөөт байдал хангагдсан тохиолдолд, жишээлбэл, хүртэж мэдрэх, хөдөлгөөн гүйцэтгэх, ярих хэрэгцээгээ илэрхийлэхийг зөвшөөрөх
Удирдах ба өөрөө өсөж хөгжихийн тэнцвэрийг зөв олох нь
шийдвэрлэх ач холбогдолтой.
Сонгох, суралцах, аливаа үйлийн энэхүү чөлөөт байдал нь хүүхдэд өөрийнхөө хөгжлийн хэрэгцээг илэрхийлж мэдэгдэх бололцоо олгохын зэрэгцээ багшдаа итгэх итгэлийг бий болгоно. Хүүхдийн энэхүү итгэл төгс нээлттэй харилцааг байнгын гадны хяналт, сургах зааварчилга, дарангуйлал (жишээлбэл, үнэ цэнэтэй мэдрэмж, сэдэл, сонирхлыг анзаарахгүй байх) алга болгож, улмаар тэднийг сонирхолгүйгээр зүгээр суух, уйдахад хүргэнэ. Монтессорийн дараагаар захиргаадалтын эсрэг гарч ирсэн зарим сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын дагуу хүүхдийг өөрт нь даатгаад зөнд нь орхиж байсан бөгөөд энэ нь хүүхэд компетенц эзэмшихэд мөн сөрөг нөлөөтэй байсан. Тэгэхээр хүүхдийн чөлөөт байдал/чөлөөт үйл ба холбоо харилцаа/удирдлага хоорондын тэнцвэрийг тохируулах нь хэцүү бөгөөд үүнийг хариуцлагатай сурган хүмүүжүүлэгч бол тодорхой шалгуурууд (жишээлбэл, Бусад хүүхдийн суралцахад саад болж байна уу?, Энэ үйл ажиллагаа суралцах, хөгжихөд нь авч ирж байна уу?, Хүүхэд одоо яг амарч амсхийж байна уу? гэх мэт)-ын дагуу хийсэн ажиглалт дээрээ тулгуурлан шийдвэрлэж чаддаг.
Чөлөөт үйлийн үе шатууд
Энэ үйл явц нь гурван үе шаттайгаар явагдана.
1. Эд материал болон гүйцэтгэх аль нэг үйлийг эрж хайх, олох
2. Олон дахин давтаж хийх, янз бүрээр гүйцэтгэх, улмаар орчноо анзаарахгүйгээр түүндээ улайрах, үүнийг “их ажил” гэж нэрлэнэ.
3. Сурсан зүйлээ эрэгцүүлэн бодох. Арга барил, агуулгын талаас нь ухамсарлан ойлгоно. Би юу сурав?, Үүнийг би яаж хийв?, Энэ нь миний сурсан зүйлсийн алинд нь хамрагдах вэ? гэх мэт.
Нэгэн жишээ:
Бэлтгэгдсэн орны дотроос хүүхэд ямар нэг эд зүйлсийг эрж, сонгоно. (жишээлбэл, мэдрэхүйн материал) Түүнийг хүүхэд ил тавиураас аваад түүгээр тоглож, барьж байгуулж эсвэл туршиж үзэж эхэлнэ. (Энэ нь 1 дүгээр үе шат) Багш түүнийг ажиглагдаж байх бөгөөд энэ үед сургамж/чиглэл өгнө. Энэ нь дараах байдалтай байна. “Үзүүлэлт ба дасгал: Хүүхэд хивсэн дээр ажиллана. Түүн дээр шоонуудыг эмх замбараагүй тарааж байрлуулсан байна. Хүмүүжүүлэгч хамгийн том шоог олж гартаа бариад түүнийг хүүхдийн өмнө тавьж, түүний дээр тавих дараачийн арай жижиг шоог олж, анхны шооныхоо дээр давхарлаж тавина. Энэ явцдаа тал талаасаа ямар зайтай байхыг анхаарч шоогоо голлуулан тавина. Ийнхүү шоонуудыг томоос жижиг рүү нь давхарлан тавьж цамхаг босно.
Хүмүүжүүлэгч хүүхдийг бие даан ажиллах зам руу хөтөлнө.
Алгаа цамхагт ойртуулан цамхагийн дээрээс доош, доороос дээш гараа хөдөлгөж, дагуулан харж болно. Шоогоо дээрээс нь нэг нэгээр авч цамхагаа буулгана. Хүүхэд дасгалыг дахин давтан хийнэ”. (Montessori-Material, Bd.I,S.25) Энэ хичээлийг явуулахдаа үгээр удирдаад байхгүй голдуу даган дуурайлгах аргыг хэрэглэнэ. Олонх материал хүүхэд зөв, буруу хийснээ шалгаж, алдаагаа хянах боломжтой байна. (Дүгнэлт хийх чадварт нь шууд бусаар нөлөөлнө) Үйл ажиллагаа бүрийн дараа хүмүүжүүлэгч хүүхдийг дахин ажиглана. (Ажиглалтын хуудас хэрэглэнэ) Өөрийнхөө сонгож, сэдсэн үйлдээ уйдатлаа өөрөөр хэлбэл, тухайн үйлд сонирхол, сэдэлтэй байх хугацаандаа хүүхэд уг дасгалыг дахин давтан гүйцэтгэнэ. Энэ бол “2 дахь их ажлын үе” бөгөөд үүнээс амсхийлт тайвшрал, эрэгцүүлэлт, ажиглалт бүхий цаашилбал түүнийхээ ач холбогдыг мэдрэх, сурснаа ашиглах эрэл хайгуул хийх 3 дахь үе шат залгагдана. Энэ явцад хүмүүжүүлэгч ажиглалтаа үргэлжлүүлсээр байх бөгөөд тухайн хүүхэд өөрийн “бүтээн байгуулалт”-аа дуусгахдаа ямар байдалтай байгааг мэдэрч, түүнийгээ тэмдэглэнэ. Хүмүүжүүлэгч мөн тухайн үйлийг хүүхэд хэр зэрэг чанартай гүйцэтгэснийг анзаарч тэмдэглэнэ.
Монтессори арга зүйн тов тодорхой байдалд их ач холбогдол өгч байсан бөгөөд энэ нь амжилттай, сэдэл бүхий суралцах үйлийн суурь дэвсгэр юм гэж үзэж байв. Ийм тодорхой хичээл/удирдлага нь хүүхдийн суралцахуйд загвар болж өгнө, өөрөөр хэлбэл, асуудлыг яаж шийдэх, даалгаврыг яаж гүйцэтгэх замыг зааж өгнө. Мөн хүүхдэд өөрийнхөө хүчинд итгэх итгэл, хамгаалалтанд буй мэдрэмж төрүүлнэ гэж үзэж байв.
Монтессорийн сургалтын шаардлага
Монтессорийн сургалтын үндсэн суурь дэвсгэр нь мэргэжил эзэмшүүлэх (хүмүүжүүлэгч, эрхлэгчийн) сургалт, түүн дээр Монтессорийн дамжааны сургалт. Монтессори хүмүүжүүлэгч болох хүний хувийн зан чанарын тохиромж, төлөвшсөн байдалд их ач холбогдол өгч байсан. Хувь хүний зан чанарын шаардлагад хүүхдэд хайртай, өөрийгөө хянах чадвартай, ажилдаа тухайлбал, хүүхдийг бие даасан байдал руу хөтөлж (“Өөрөө хийхэд минь надад туслаач”) замыг нь зааж өгөх эрмэлзэлтэй, сурган хүмүүжүүлэх мэргэжлийн чадвар (мэдлэг чадвараа дээшлүүлэх, өөрийгөө засаж залруулах эрмэлзэлтэй)-тай байхыг багтаан авч үзэж, ийм хүн бол хүүхдийг “бие даасан чадварлаг” бие хүн болгон төлөвшүүлж чадна гэж байв.
Өдөр тутмын практик дээр дараах үйл ажиллагаа ба мэргэжлийн чадварыг онцлон үзэж байв:
· Нөлөөлөл сайтай бэлтгэгдсэн орчныг бий болгох, түүнийгээ улам сайжруулах (хэрэгцээтэй сургалтын материалуудыг шинээр бий болгох, бүрдүүлэх, нөлөөллийг нь тооцох)
· Бэлтгэгдсэн орчныг хүүхдийн хөгжлийн түвшинд болон өнөө хийгээд ирээдүйн амьдралын шаардлага (техник, мэдээлэл, улс хоорондын хамаарал)-д нийцүүлэн бий болгох
· Хүүхдэд нийцсэн сургалтын үйл ажиллагаанууд (математик, хэл яриа, хөгжим)-ыг явуулах арга зүйг эзэмших, янз бүрийн төрлийн тоглоомыг эзэмшсэн байх гэх мэт
· Янз бүрийн арга барил, гол нь хүүхдийн өөрөө суралцах үйлд зохицох арга барил эзэмших (суралцагчид нийцэх зохицох зарчим)
· Сургалтыг хувь хүнд нийцүүлэх (агуулга, арга зүй нь нийцсэн байх, хөгжлийн түвшинд тулгуурлах гэх мэт)
· Хүүхэдтэй ажиллах чадамж (компетенц)-тай байх, энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхдэд хандах тодорхой (хүүхдийн бодгаль онцлогийг анхаарах, нэр хүндийг хүндэтгэх гэх мэт) хандлагатай байхаас гадна хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэх зарчмуудыг эзэмшсэн байх
· Туршилт ба сурган хүмүүжүүлэх чадамж (компетенц)-тай байх, энэ нь сурган хүмүүжүүлэх ухаан болон шинжлэх ухаанд тулгуурлан шинэ арга барил, сургалтын агуулга, материалыг шинээр бий болгож хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурган хүмүүжүүлэх асуудлуудыг шийдвэрлэх чадвартай байна гэсэн үг.
Ажиглалт ба сурган хүмүүжүүлэх “засал” бол хоорондоо салшгүй холбоотой бөгөөд хүмүүжүүлэгчийн зайлшгүй биелүүлэх үүрэгт ажил
Хүмүүжүүлэгчийн үндсэн үүрэг бол сургалтыг залж хөтлөх, ажиглахад оршино.
Ажиглалт ба баримтжуулалт
Ажиглалт ба сурган хүмүүжүүлэх “засал” бол хоорондоо салшгүй уялдаа холбоотой бөгөөд хүмүүжүүлэгчийн зайлшгүй биелүүлэх үүрэгт ажил юм. Яагаад гэвэл ажиглалтаас хүүхдэд ямар туслалцаа үзүүлэх шаардлагатай байгаа нь мэдэгдэх бөгөөд хүмүүжүүлэгч өөрийнхөө хүмүүжүүлж, зааж сургаж буй үйлээ хянаж, засан сайжруулах боломжтой байдаг. Хүүхдийг тогтмол ажиглах, хувь хүний хөгжлийн тайлан бичих нь өнөө цагт сурган хүмүүжүүлэгчдийн үндсэн үүрэг болж байна.
Монтессорийнхоор ажиглалт бол хүүхэд судлалын шинжлэх ухаанд тулгуурлах ёстой бөгөөд хүүхэд бусдаас хамааралгүй бие хүн болон төлөвшихөд сурган хүмүүжүүлэх үүднээс нөлөөлөхөд ажиглалтыг чухалчилж байлаа.
Ажиглалт нь юуны өмнө сургалтын ямар орчин (жишээлбэл, нийгэм ахуйн үйл явц, байдал, сонголт, суралцах зүйлийн онцлог) хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж эсвэл сарниулж байгаа зүйл, сургах ба суралцах арга барил, сургах явц дахь тодорхой харилцаа, анхаарлын төвлөрөл үүсч буй байдал, мэдрэмтгий үеүүд, хүүхдийн сонирхол, мэдээж сургалтын үр дүнг хамарна. Ажиглалтаар хүүхдийн хөгжлийн тодорхой чиглэлийг барих бөгөөд ингэснээрээ өөрийнхөө ажлыг тэмдэглэх (сурган хүмүүжүүлэгч өөрийгөө хянах), эцэг эх, бусад оролцогцдод мэдээлэл өгөх боломжтой болно. Үүгээр мөн хүүхдийн тодорхой авьяас түүнчлэн хөгжлийн саатал бэрхшээлийг эрт илрүүлэх, засах боломжтой байдаг.
Сурган хүмүүжүүлэх ажиглалтын хамгийн чухал нөхцөл бол урьдчилан дүгнэж өрөөсгөлөөр хандахаас зайлсхийж, хүүхдийг яг байгаа байдлаар нь авч үзэх, өөрийгөө ч мөн урьдчилан дүгнэхгүй байх явдал юм. Хүүхэдтэй ажиллах практик үйл ажиллагаандаа хүмүүжүүлэгч өөрийгөө байнга хянаж байх шаардлагатай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэв хүүхэд “алдаа” гаргасан бол энэ нь түүний анхаарлын төвлөрөлт сул байсан эсвэл чадвар нь дутагдсан үгүй бол багшийн урьдчилсан хийсэн дүгнэлт (жишээлбэл, эелдэг, түрэмгий, “хэвийн бус зан харилцаа”-тай хүүхэд)-д оршино. Үүнтэй холбогдуулан Монтессори “Хүүхдийн алдаа, таагүй хандлага юунд оршиж байгааг эхлээд өөрөөсөө хай” гэсэн байдаг.
Монтессорийн сургалт ба сургалтын хөтөлбөр
Хүүхэд судлал ба уураг тархинд хийгдсэн сүүлийн үеийн судалгааны нээлт нь хүүхэд 0-6 насандаа нэн өргөн хүрээнд суралцах чадавхтай гэдгийг баталж байгаа бөгөөд орчин үеийн бага насны хүүхдийн хүмүүжил, хөгжлийг боловсронгуй болгох мөн идэвхтэй суралцагч хүүхдүүдийн амьдрал-хувь заяанд илүү нөлөөлөх боломж бий гэсэн таамаглал бий. Үүний зэрэгцээ хүүхдийн бодит байдал дахь хүчтэй өөрчлөлт мөн хөгжил, амьдралын нөхцөл байдлын өөрчлөлт (глобалчлагдсан ертөнцийн олон талт байдал нь хүүхдээс техник, танин мэдэхүй, нийгэмшихүйн болон олон соёлын дунд орших чадварыг илүү ихээр шаардах болсон, мөн гэр бүлийн бүтцийн өөрчлөлт /гэр бүл салалт, эцэг эсвэл эх толгойлсон гэр бүл, хүний өөрийн хүүхдүүд нийлсэн гэр бүл /patchwork-families/, ядуурал, ажилгүйдэл гэх мэт/, хүүхэд хэвийн бус тогтворгүй амьдралд оршин байгаа зэрэг) нь жишээлбэл, хүүхэд “Би”-гээ хүчтэй болгож хөгжүүлэх, чадамж эзэмшихэд асуудлуудыг үүсгэж байгаа бөгөөд үүнийг гэр бүлээс гадуур сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны нөлөөллөөр шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санаа дэвшигдэн гарч байна. Энэхүү ойлголт шинээр боловсруулагдан гарч байгаа сургалтын хөтөлбөрүүдэд тусгалаа олж байгаа нь мөн ажиглагдаж байна. Жишээлбэл, Бавар болон Хессений сургалтын хөтөлбөрүүдэд дараах сургалт-арга зүйн “шинэ” зарчмууд томьёологдсоныг товчлон авч үзье:
· Бага насан дахь суралцахуй бол насан туршийн суралцахуйн үндэс суурь
· Тоглох ба суралцах үйлийг нэгдмэл байдлаар авч үзнэ
· Сургуулийн өмнөх боловсрол бол сурган хүмүүжүүлэх хариуцлагатай түншлэлийн байдлаар зохион байгуулагдсан нийгэмшихүйн үйл явц
· Хүүхэд бол идэвхтэй субьект, сургалтын үйл явцыг зохион байгуулахад хамтран оролцогч
· Томчууд бол хүүхдийн хувь хүний бодгаль чанарыг хүндэтгэх ёстой
· Хүүхдийн бие даасан байдал, өөрийгөө хариуцах болон орчиндоо хүлээх хариуцлагыг сайжруулах ёстой
· Хүүхэд ачаалал, зөрчилтэй тулгарч түүнийгээ шийдвэрлэх, өөрийнхөө хүчийг үнэлэх, асуудлыг шийдвэрлэж чаддаг болоход суралцах хэрэгтэй
· Мэдлэг олгохын оронд эхлээд суралцах арга барилын чадвар эзэмшихэд анхаарах
· Хүүхдэд хүндэдсэн мөн хөнгөгдсөн шаардлага тавихгүй байх (хүүхдийн боломжтой гүйцэтгэх даалгавар нь нийцэх)
· Хувь хүний ялгавартай байдлыг хүндэтгэх (бүгдэд адил тэгш боломж олгох) гэх мэт.
Монтессорийн сургалтын оруулсан хувь нэмэр
Монтессорийн сургалт нь гэр бүл, эдийн засаг-нийгмийн эсвэл боловсролын бодлогын асуудлыг шийдвэрлэхэд чиглээгүй. Хэрвээ тийм байсан бол тэрээр “Хүүхдийн асуудал эрхэлсэн яам” эсвэл “Хүүхдийн төлөөх нам” байгуулж, дарангуйлалаас хүүхдийн эрүүл байх, боловсрох, хамгаалуулах эрхийг хамгаалж, хүүхдийг “мартагдсан иргэн” болгохгуйн төлөө тэмцэх байсан.
Монтессорийн сургалт нь сургалтын хөтөлбөрийн
олон шаардлагуудыг гаргаж тавьсан.
Монтесорийн сургалт бол бие хүний төлөвшил хөгжил хэрхэн явагдах талаар шинжлэх ухааны үүднээс батлагдсан тодорхой хувь нэмрийг оруулсан бөгөөд энэ нь дараах санаануудаар илэрхийлэгдэнэ.
· Бид хүүхэд судлалыг шинэчилж, хүүхдийг хөгжүүлэх, сургах идэвхтэй үйл ажиллагааны төвд хүүхдийн өөрийнх нь зохион байгуулах чадвар, хөгжлийн чөлөөт байдал түүнчлэн тэдний мэдрэмтгий үеүүдийг авч үзэх ёстой.
· Бага насан дахь сурч боловсрох боломжуудаас тухайн бие хүний ирээдүйн төлөвшлийн суурь дэвсгэр хэрхэн тавигдах нь шалтгаална.
· Бага насны хүүхдийн хүмүүжил, сургалтын ажилд зохистой зан чанар бүхий, сурган хүмүүжүүлэх болон шинжлэх ухааны тодорхой мэдлэг боловсролтой хүн шаардагдана.
· Сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжил эзэмшилтийг жишээлбэл, Монтессорийн дамжаагаар баяжуулж, сайжруулах шаардлагатай. (мэргэшүүлэх)
· Сургах, суралцах, хүмүүжүүлэх арга барилыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бий болгох ёстой бөгөөд ингэснээрээ хүүхдэд “суралцах үйлд суралцах” дасгал хийх боломж олгон хүүхэд тус бүрийн цогц чадамжийг боломжийн дээд хэмжээнд хөгжүүлнэ.
· Янз бүрийн насны хүүхдүүдийг хамтад нь байлгах, тэдний хамтаараа суралцах үйлийг дэмжих нь хүүхдийн танин мэдэхүйд мөн нөлөөлнө (дуурайлтын үр нөлөө). Хамтаараа байх- сурч боловсрох үйл явц хоорондоо салшгүй холбоотой.
· Ганцаарчилан ажиллах ба хүүхдүүд хамтдаа хүмүүжих нь бие биесээ нөхнө. Жишээлбэл, чадварлаг хүүхэд байлаа гэхэд бусадтай зохицон нийцнэ (бусдад туслах, туслалцаа авах зэргээр), хүүхдүүд ардчилал, өөрийнхөө болон бусдын төлөө хариуцлага хүлээхэд суралцана.
· Хүүхэд цэцэрлэгт байхдаа байгалийн шинжлэх ухаан, техник, экологийн боловсролын суурь дэвсгэрийг авна.
· Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохиосон сургалтын материалууд (хөгжүүлэх үйл ажиллагаанууд) болон сургах ба суралцах тодорхой аргууд нь хүүхдийн мэдрэхүй-хөдөлгөөн, танин мэдэхүй, зориг тэмүүлэлд нөлөөлөн цаашдынх нь суралцах, бүтээлчээр зохион байгуулах, асуудал шийдвэрлэх үйлийн суурь болж өгнө.
· Цэцэрлэг ба бага сургуулийн сургалт-арга зүйн нэгдэл нь сургалт тасралтгүй, амжилттай явагдах суурь дэвсгэрийг бүрдүүлнэ.
Төгсгөлд нь дүгнэн хэлэхэд Монтессорийн сургалт нь “шинэ” сургалтын хөтөлбөрүүдийн олон шаардлагуудыг гаргаж тавьсан бөгөөд зарим талаараа цаашдын чигийг заасан. Энд ялангуяа хүүхдийн өөрөө оршин тогтнох эрх, хувь хүний чөлөөт байдал, нэр төрийн хамгаалалт, дарангуйлал, буруугаар ашиглахын эсрэг хүүхдийн сурч боловсрох, эрүүл байх, хамгаалуулах эрх зэргийг дурдаж болно. Эдгээр эрхийг хамгаалах нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны ёс зүйд хамрагдана.
Орчуулсан: Н.Норжхорлоо
Ном зүй:
Hans-Joachim Schmutzler: “Maria Montessori”
Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, s.20-25, Verlag Herder, Freiburg