Монгол ахуйд тоглонгоо хөгжинө

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын улсын тэргүүний цэцэрлэгийн багш, ажилтнууд хүүхэд бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлалаа хэрхэн боловсруулж, хэрэгжүүлж байгаа туршлагаасаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцаж байна.

Монголын ард түмэн олон зуун жилийн турш бэлчээрийн мал аж ахуйг түшиж амьдарсаар иржээ. Тиймээс ардын сурган хүмүүжүүлэх зүй нь хүүхдийг малд дуртай хөдөлмөрч хүн болгоход түлхүү чиглэсэн байдаг. Манай нутаг мал аж ахуйд тулгуурлан хөгжиж ирсэн онцлогтой бөгөөд сүүлийн жилүүдэд үхэр сүргээрээ аймагтаа тэргүүн байрыг эзэлсээр байгаа. Тэгэхээр мал аж ахуйн сэдвээр хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахад хүүхдүүдэд илүү ойр, бодит орчин дэргэд нь байдаг учраас сонирхолтой байдаг.

Бид үзэл баримтлалаа боловсруулахын тулд даваа, пүрэв гариг бүр цугларч Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал гэж юу вэ?, Ямар бүтэцтэй байх вэ?, Ямар ач холбогдолтой вэ? Үзэл баримтлалыг хэрхэн боловсруулах вэ? гэх мэт асуултуудыг хөндөн, уншиж  судалж, хэлэлцүүлэг хийж ирсэн. Ингээд нэн түрүүнд “Эрхэмлэх зүйл”-ээ тодорхойлох юм байна гэдгийг ойлгон цэцэрлэгийнхээ үйл ажиллагаанд хамт олноороо дүн шинжилгээ хийж, орчин нөхцөлтэйгээ уялдуулан ардын өв уламжлалаа түлхүү авч үзэх нь зүйтэй гэж үзсэн.

Бидний эрхэмлэх зүйл

Бид ардын сурган хүмүүжүүлэх ухааны зарчмуудыг хэрэгжүүлж, хүүхдэд үйлийн эзэн, идэвхтэй харилцагч байх, эрэлт хэрэгцээ сонирхолдоо нийцсэн монгол  ахуйд  тоглонгоо хөгжих боломж олгоно.

Бид үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг баримтлан ажиллана.

  1. Хүүхдээ зөв хайрла
  2. Хүүхдээ хамгаалж яв
  3. Хүүхдэдээ сайнаар үлгэрлэ
  4. Хүүхэдтэйгээ цуг үйл хий
  5. Хүүхэдтэйгээ хамт тоглож наад
  6. Хүүхдэдээ амьдрах ухаан заа
  7. Хүүхдэдээ өөрөө хийж бүтээхийг зөвлө

 

Үзэл баримтлалынхаа “Эрхэмлэх зүйлс”-ийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт ямар байхыг хэлэлцэн шийдсэн. Тухайлбал: Анги зохион байгуулалт, өдрийн дэглэм ямар байх, арга зүйгээ баримтлан ажиллаж буй зарчмуудтайгаа хэрхэн уялдуулах, манай байгууллагад хүүхэд ямар эрхтэй байх, сургалтын орчны тохижилтод бид юу хийх, хүүхдийн дунд зохиогдох ажлын хүрээ, агуулга ямар байх, хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээг яаж хамтаараа үр дүнтэй хийх гэх мэт.

Ингээд хамт олны соёл, хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхэд хүн бүрийн үүрэг, оролцоо ямар байх, хариуцлагыг хэрхэн тооцох асуудлуудыг нарийвчлан тодорхойлсон. Жишээлбэл, бид хүүхдийн эрүүл мэнд, хооллолтод хэрхэн хандах, юу хийх, багшид ямар үүрэг, хариуцлага нэмэгдэх, туслах ажилтнуудаа сурган хүмүүжүүлэх ажилдаа хэрхэн татан оролцуулах гэх мэт.

Мөн эцэг эхтэй хэрхэн хамтран ажиллах, бусад байгууллага, олон нийттэй яаж ажиллахаа тодорхойлсон.  

Үзэл баримтлалынхаа дагуу ажлаа төлөвлөн хүн бүр үүрэг, хариуцлагаа мэдээд ирэхээр үйл ажиллагаа амжилттай явагддаг юм билээ.

Үзэл баримтлалаа хэрэгжүүлж буй зарим үр дүнгээс танилцуулъя.

  1. Орчинд гарсан өөрчлөлт

Бид үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн тулд өөрийн байгууллага, орон нутгийн онцлог, хүүхэд бүрийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн багш,  эцэг эхийн дэмжлэг туслалцаатайгаар хүүхэд бүр үйлийн эзэн байх, монгол ахуйд тоглонгоо хөгжих ая таатай орчин бүрдүүлж чадсан.

Орчин бүрдүүлэхэд эцэг эхийн оролцоо чухал байсан тул “СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эцэг эхийн оролцоо” сэдвээр сургалт явуулж, “Бүтээлч эцэг эхтэй анги” ажлыг зохион байгуулж, анги танхимаа тохижуулсан.

 

2. Уламжлалт наадам

Шагайн наадам нь хүүхдэд оюун ухаан, хөдөлмөр, бие бялдар, гоо зүйн хүмүүжил олгох нэн чухал хэрэглүүр болдог. Эрт үеэс монгол айл бүр малынхаа шагайг эрхэмлэн хүндэтгэж цуглуулан үе удмаараа уламжлуулан хадгалж, наадаж ирсэн түүхтэй учир бид хүүхдүүдтэйгээ хамтдаа шагайгаар тоглодог. Мөн жил бүрийн хоёрдугаар сард “Дээлтэй монгол”  буюу “Дөрвөн бэрх” тэмцээнийг бүлэг бүр зохион байгуулж, аав ээжтэйгээ нэг өдрийг шагайн наадгайгаар тоглож  хамтдаа өнгөрүүлдэг  уламжлалтай.

 

2015-2016 оны хичээлийн жилд манай цэцэрлэгийн бага бүлгийн Нандинбаярын Аав П.Батболд, ээж Д.Алтанжигүүр нар санаачлан “Бөхийн барилдаан” зохион байгуулж, эхний гурван байрт орсон хүүхдүүдийг өөрийн гараар урласан зодог шуудаг, 4 дүгээр байр болон уран барилдаанчаар шалгарсан хүүхдийг монгол цамцаар шагнаж урамшуулав. Цаашид хүүгээ төгстөл  жил бүрийн 5-6 сард  6 настай хүүхдүүдийн дунд бөхийн барилдаан зохион байгуулахаа амласан.

 

3. Урлагийн амжилт

Хөгжмийн багш Ч.Цэрмаа “Ардын язгуур урлаг”-ийн дугуйлан ажилуулж  хүүхдүүд маань  аймаг, улсад амжилт гаргаж байна.

Аймгийн хүүхдийн урлагийн 3 дугаар их наадмын Язгуур урлагийн төрөлд  1 дүгээр байр эзэлсэн Алтан медальт “Монгол аяс” хамтлаг

Аймгийн хүүхдийн урлагийн 3 дугаар их наадмын  “Ардын дуу”-ны төрөлд  2 дугаар байр эзэлсэн мөнгөн медальт Б.Мичидмаа

Архангай аймгийн Чулуут сумын уугуул МУСТА морин хуурч, уртын дуучин Д.Гойд-Одын нэрэмжит “Гэгээн нарны аялгуу“ монгол туургатны хүүхдийн урлагийн бэсрэг 3 дугаар наадамд  зургаан төрлөөр  нийт 19 цэцэрлэг, сургууль оролцсоноос манай цэцэрлэг 21 медаль авч, багаараа “ГРАНПРИ” шагналын эзэн боллоо.

 

4. Хүүхдүүд амьдрах ухаанд суралцсаар

 

5. Хүүхдүүдийн бүтээлээс

 

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын цэцэрлэгийн арга зүйч Т.Отгонбаяр