Насан туршийн суралцахуй - шинэ зууны тэргүүлэх үзэл санаа
Манай орны хувьд “насан туршийн суралцахуй” (lifelong learning) гэдэг нэр томьёог 1997 оноос байгуулагдсан Албан бус боловсролын төв болон Насан туршийн боловсролын төвүүд хэмээн голдуу ойлгож, хэрэглэсээр байна. ЮНЕСКО-ийн Боловсролын бодлогын газар (2019)-аас гаргасан манай орны боловсролын бодлогын тойм шинжилгээний тайланд Монгол улсад “насан туршийн суралцахуй” гэдгийг бүхий л амьдралынхаа туршид янз бүрийн байдлаар суралцаж боловсролд хамрагдах үзэл санаа хэмээн бус, харин албан бус боловсрол, хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийг институцлагдсан бүтцээр дамжуулан дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамруулах явдал гэж ойлгодог гэж шүүмжлэн бичжээ. Бид шинэ зууны насан туршийн суралцахуйн үзэл санааны талаар хэлэлцэн нэгдсэн ойлголтод хүрч, хуучин уламжлалаас салах цаг болсон байна. Асуудлын мөн чанарыг түүхээс нь эхэлье.
Насан туршийн боловсролын үүсэл
1960-аад оны сүүлчээр насан туршийн боловсролын талаар өөр нэр томьёо (өргөн нэвтрүүлэгийн сувагт найдсан)-гоор үзэл санаа нь дэлгэрч эхэлсэн боловч 30 жил насан туршийн боловсрол нь үндэсний боловсрол, сургалтын тогтолцоог шинэчлэх, шинэчлэх хэрэгсэл болохоос илүү уриа лоозон төдий байсан (John Field. 2001). Гэтэл 1990-ээд оны эргэлтийн үеэс насан туршийн боловсролын үзэл санаа үндэсний боловсролын болон сургалтын тогтолцоог шинэчлэх хэрэгсэл болж хувирсан.
ЮНЕСКО-оос 1972 онд хэвлэн гаргасан Францын Ерөнхий сайд, Боловсролын сайд асан Эдгар Форийн “Хүн болохын тулд суралцах нь: Өнөөдөр ба маргаашийн боловсрол” илтгэлд уламжлалт боловсролын систем бэрхшээлтэй тулгарсан цаг үед суралцаж буй нийгэм, насан туршийн боловсрол гэсэн хоёр холбоотой ойлголтыг гаргаж тавьсан нь эргэлтийн цэг болсон байна. Технологийн дэвшил, нийгмийн өөрчлөлт хурдассанаар хүний олж авсан анхны боловсрол түүний амьдралынх нь туршид хангалттай гэж хүлээн зөвшөөрч болохгүй гэж энэ илтгэлд дурдаад, насан туршийн боловсролыг хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын боловсролын бодлогын тулгын чулуу гэж тодорхойлжээ. Мөн албан бус төдийгүй албан боловсролын үүргийг тодруулсан байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) хэд хэдэн судалгаандаа насан туршийн боловсролыг хэрэгжүүлэх бодит арга замыг засгийн газруудад олгох зорилготой "давтан боловсрол" (recurrent education) гэж нэрлэгддэг бодлогын арга хэрэгслийг боловсруулахыг оролдсон (OECD 1973). Зарим улс орон боловсролын хуульдаа насан хүрэгчдийн боловсролын асуудлыг тусган хэрэгжүүлж, зарим нь эргэлзэж байлаа. Жишээлбэл, Их Британид насанд хүрэгчдийн бичиг үсгийн шинэ агентлаг, Англи, Уэльсэд Насанд хүрэгчдийн боловсролын институт, Шотландад шинэ агентлаг байгуулагдсан. Гэвч энэ талаарх маргаан мэтгэлцээний хуримтлагдсан мэдээллийг нэгтгэн авч үзвэл ашиг тус бага байсан (Gustavsson, B. 1995). 1980-аад оны үед насан туршийн боловсрол нь ажилгүйдэлтэй тэмцэхтэй холбогдож ирсэн.
Насан туршийн боловсролын дахин сэргэлт
1996 онд 21 дүгээр зууны боловсролын олон улсын комиссын ЮНЕСКО-ийн тайланд Ж.Делор (Jacgues Delors, 1996, Боловсрол: түүнд нуугдсан эрдэнэс) насан туршдаа суралцах тухай ойлголтыг санал болгосон нь шинэ зууны боловсролын түлхүүр үзэл санаа болсон байна (S Tawil, M Cougoureux, 2013). Энэ илтгэлд шинэ зууны боловсрол оролт (Input)-д бус гаралт (Output)-д суурилна гэсэн шинэ чиг баримжааг өгч, гаралтыг 4 тулгуур багана байдлаар томьёолсон юм. Энэ нь боловсролын бодлогыг боловсруулахад ямар сонголтууд хийх талаар эргэцүүлэн тунгааж, санал бодлоо илэрхийлэх, маргалдан хэлэлцэх үндэс болгох зорилготой байлаа. Илтгэлд бид ямар нийгэмд амьдрахыг хүсэж байгаагаас хамаарч боловсролын сонголтууд тодорхойлогддог гэж үзжээ. Мөн боловсролын үндсэн үйл ажиллагаанаас гадна хүн төлөвшүүлэх асуудал бол боловсролын зорилгын чухал хэсэг болохыг онцгойлон авч үзсэн байна.
1999 онд ЮНЕСКО шинэ зууны боловсролын дээрх үзэл санааг дэмжиж, дэлхийн улс орнууд боловсролоо шинэчлэн хөгжүүлэх чиг баримжаа болохуйц хэд хэдэн тунхаглалын баримт бичгийг дэвшүүлсэн тавьсан юм. Мөн онд ЮНЕСКО болон ЭЗХАХБ-аас дэлхийн боловсролын шалгуур үзүүлэлтийг боловсруулан зарим улс орны боловсролын байдалд дүн шинжилгээ хийжээ. Уг хөтөлбөрийн гол зорилго нь улс орнуудын засгийн газарт боловсролын тогтолцоогоо сайжруулах чиглэлээр улс төр, захиргааны шийдвэр гаргахад ашиглаж болохуйц шалгуур үзүүлэлтийг санал болгоход оршиж байв (UNESCO/OECD, 1999). Хувь хүний нийгэм, эдийн засгийн хэтийн төлөвийг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй боловсролын бодлогыг эрэлхийлж, сургуульд сурч боловсрох, өөрийн нөөцийг дайчлахад туслах урамшуулал олгохыг эрэлхийлж, засгийн газрууд олон улсын харьцуулсан бодлогын дүн шинжилгээнд анхаарал хандуулсан байна. Боловсролын тогтолцооны үйл ажиллагааны тоон үзүүлэлт нь тухайн улс орон бусад улс орны гүйцэтгэлийн хүрээнд өөрсдийгөө эргэн харж, өөрсдийн боловсролын тогтолцооны давуу болон сул талууд болон ялгааг тогтоох боломж олгодог.
Уг баримт бичигт 1990-ээд оноос хойш дэлхий даяар бүх насны хүмүүс (хүүхэд, насанд хүрэгчид)-ийн суралцах, өсч хөгжих эрэлт хэрэгцээ улам гүнзгийрч, өргөжиж байгааг тэмдэглэсэн байна. Боловсрол олох хамгийн сайн арга нь эрэлт хэрэгцээгээ хангахад суралцах болохыг заасан байна. Улс орнуудын хөгжил шинэчлэл нь технологи, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг түлхүү бий болгож үүнтэй холбоотойгоор хувь хүний мэдлэг, чадвар, үзэл бодлыг дээдлэх, үнэ цэнийг дээшлүүлэхийг шаардаж, орлого ба баялаг нь суралцах эрэлтийг улам нэмэгдүүлж байна.
2000 онд Дакарын болон Мянганы Тунхаглалд бүх нийтийн Чанартай боловсролын асуудлыг дэлхийн улс орнуудад тунхаглан зарласан бөгөөд ЮНЕСКО (Refort to UNESCO of the International Commission on Education for the 21st Century)-оос боловсролын үндсэн зорилтыг Ж.Делорсын томьёолсон суралцахуйн 4 тулгуур баганын зарчим гэж үзэж баталсан байна.
Суурь компетенцийг олгох зорилготой насан туршийн боловсролд албан, албан бус, амьдралын орчноос эзэмших боловсрол хамаарна (SDBB|CSFO. 2016). Албан боловсрол нь хуулиар зохицуулагдсан байдаг бөгөөд албан журам (заавал суралцах)-ын сургуульд суралцсаны төгсгөлд улсаас хүлээн зөвшөөрөгдсөн төгсөлт (гэрчилгээ, диплом)-тэй байна. Албан бус боловсролд мэргэжил дээшлүүлэх бүх сургалт хамрагдах бөгөөд төгсөлтийг нь улсаас заавал хүлээн зөвшөөрч баталгаажуулах албагүй. Албан бус боловсрол нь суралцах ба багшлах харилцаа бүхий тодорхой сургалт, семинар, бие даан зохион байгуулсан сургалтуудаас бүрдэнэ. Амьдралын орчноос эзэмших боловсрол нь хувь хүний чанартай бөгөөд зохион байгуулалт, зохицуулалттай сургалтаас ангид явагдана. Энэ нь хувийн хэрэгцээнд тулгуурлан явагдах сайн дурын үйл ажиллагаа юм. Жишээлбэл, ганцаарчилсан сургалт, гэр бүлийн ажил, ажлын байрандаа суралцах зэрэг орно.
21 дүгээр зууны насан туршийн боловсролын төрөл, Н.Оюунцэцэг. 2021
Шинэ зууны насан туршийн боловсролын үзэл санаа
Шинэ зуунд насан туршийн боловсролыг нялх, балчир наснаас эхлэн ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэл хүний амьдралын бүх үе шатанд эзэмшдэг бөгөөд албан, албан бус, ахуй амьдралын бүхий л хүрээг хамардаг гэж үзэх болжээ. Энэ нь суралцах үйл явц бүх цаг үед бүх газарт, амьдралын төгсгөл хүртэл тасралтгүй үргэлжилнэ гэсэн үг юм.
21 дүгээр зууны хөгжил, нийгэм, түүхийн бодит шаардлагын улмаас бий болсон боловсролын хөгжлийн хувиран өөрчлөгдөх үйл явц нь насан туршийн боловсролын ач холбогдол, үүргийг улам тодруулж, үзэл санааг нь баяжуулж байна. Судалгааны зарим баримтыг авч үзье. Англи хүн амьдралдаа дунджаар 13 удаа ажлаа өөрчилдөг (City and Guild. 2006), АНУ-д хүн амьдралын туршид дундажаар 10.6 удаа ажлаа өөрчилж, 4.3 удаа мэргэжлээ өөрчилдөг (Kai ming Cheng.2017), одоо сургуульд орж байгаа хүүхдийн 65% нь сурч байгаагаасаа өөр ажил хийнэ (Mike Moradi. 2017), дараагийн 10 жилд хөдөлмөрийн зах зээлд 15-30 насны нийт 1.2 тэрбум залуучууд гарахаас 300 сая нь ажлын байраар хангагдах боломжтой (Martti Ahtisaari.2015). “Bizness insider” сэтгүүлд 2020 онд өнөөгийн цэцэрлэгийн хүүхдүүдийн бараг гуравны хоёр нь одоогоор огт байхгүй мэргэжлийг сонгох болно хэмээн бичсэн байна.
Нөгөө талаас ямар мэргэжил эрэлттэй, эсвэл эрэлтгүй болж байна гэж бид ярьдаг байсан бол маргааш ямар мэргэжил үлдэж, ямар нь устаж алга болох талаар таамаглах аргагүй хурдан өөрчлөгдөж ажил, мэргэжил шинээр үүсч, алга болсоор байна. Мэргэжлүүд илүү орчин үеийн, хэрэгцээтэй, эрэлт хэрэгцээтэй шинэ мэргэжлүүдээр солигдож байна. “Nesta” агентлагийн хийсэн судалгаагаар багшийн мэргэжил хэзээд эрэлттэй байх бөгөөд өнөөдөр багшийн ур чадварыг робот хараахан гүйцэтгэж чадахгүй гэжээ. Иймд роботын хийж чадахгүй ажил, үйлчилгээ л хүмүүст ажил болж үлдэнэ гэсэн үг. Удахгүй шуудан зөөгч, аялалын агентлаг, номын санч, оёдолчин, банкны теллер гээд олон мэргэжил алга болно.
Өөр нэг жишээг авч үзье. Эмчийн мэргэжлээр 6-10 жил суралцсан залуу эмчийн сурсан мэргэжлийн мэдлэг, ур чадвар нь ажлын байран дээр очиход өвчний шинж тэмдэг, эмчлэх, оношлох арга, техник маш хурдацтай өөрчлөгдөж байгаа тул нэгэнт хуучирсан байдаг болжээ. Өнөөдрийн нэгэн жишээ болох цар тахалын Ковид-19 вирус хоёрхон жилийн дотор хэдэнтээ мутаци үүсгэн хувирч, мутаци бүрийн шинж тэмдэг, онолшлох арга техник, эм, эмчилгээний арга эрс өөрчлөгдсөөр байна. Их сургууль төгсөхдөө эзэмшсэн мэдлэг, чадвараа тэр хэвээр нь ашиглан амьдарна гэх ойлголт байхгүй болж байна.
Энэ бүхэн нь боловсролын өмнө том сорилт, бэрхшээлийг үүсгэж байна. Тэдгээр бэрхшээлийг шийдэх гол арга зам нь шилдэг мэргэжил гэж байхгүй, суурь компетенцитэй, хөрвөх чадвартай иргэн хүнийг бэлтгэх гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бүх амьдралынхаа туршид өөрөө суралцах идэвх гаргаж, хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, хандага, төлөвшилтэй иргэн бэлтгэх. Иймд бүх нийтийн насан туршийн боловсролын шинэ эрэлт хэрэгцээг бий болгож, насан туршийн боловсролын зорилго, зорилт нь суралцагчийн эзэмших компетенци (competencies) гэж үзэж байна.
Үргэлжлэл бий.
Дараа 21 дүгээр зууны насан туршийн боловсролын төрлүүдийг дэлгэрүүлэн авч үзэх болно.
Н.Оюунцэцэг (Ph.D)
Эх сурвалж:
ЮНЕСКО-ийн Сантияго дахь төлөөлөгчийн газар. 2019. Насан туршийн суралцахуй. http://www. unesco.org/new/en/santiago/education/lifelong-learning/)
Billett, S. (2003). Sociogeneses, activity and ontogeny. Culture and Psychology, 9(2), 133–169. doi:10.1177/1354067X0392003
Gustavsson, B. 1995. Lifelong learning reconsidered. In M. Klasson, J. Manninen, S. Tøsse and B. Wahlgren (eds) Social Change and Adult Education Research (Linko$ping: Linko$ping University), pp. 89–110
City and Guild, 2006 Work & Career Change
John Field. 2001. John Field (2001) Lifelong education, International Journal of Lifelong Education, 20:1-2, 3-15
Kai ming Cheng. 2017. Advancing 21st century competencies in east Asian education system
Martti Ahtisaari. 2015. Северное сияние: секреты успеха школьных реформ в Финляндии, https://newtonew.com/school/finnish-lessons
Mike Moradi. 2017. 5 predictions for what life will be like in 2030
Scribner, S. (1985). Vygostky’s use of history. In J. V. Wertsch (Ed.), Culture, communication and cognition: Vygotskian perspectives (pp. 119–145). Cambridge, UK: Cambridge University Press.
SDBB|CSFO. 2016. www.berufsbildung.ch
Searle, J. R. (1995). The construction of social reality. London, UK: Penguin Books.
Stephen Billett. 2017. Distinguishing lifelong learning from lifelong education. Journal of Adult Learning, Knowledge and Innovation. Volume 2: Issue 1
Tawil, S. & Cougoureux, M. (2013, January 4). Revisiting Learning: The Treasure within. Assessing the influence of the 1996 Delors report. UNESCO Education Research and Foresight. Occasional papers. Paris: UNESCO
UNESCO/OECD, 1999. World Education Indicators. https://www.oecd-ilibrary.org/education/world-education-indicators-1999_wei-1999-en
Нүүр зураг: https://unicheck.com/blog/lifelong-learner