Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан

Энэ нэр томъёо нь дараах үзэл санаанаас үүдэлтэй. Италийн Рижжио хотын оршин суугчид (эмэгтэйчүүд) олон янзын, гэхдээ хамтдаа хариуцлага хүлээдэг хүмүүжил, сургалтын үзэл баримтлалыг мэргэжилтнүүд, эцэг эх мөн хүүхдийг оролцуулан үүсгэн бий болгох, түүнийгээ хэрэгжүүлэх нь өөрсдийн үүрэг хэмээн үзсэн. Франц-Ёосеф Брокшниедер (Franz-Josef Brockschnieder) энэхүү үзэл санаа нь хэчнээн үнэ цэнэтэй, хэрхэн хөгжиж ирснийг энд толилуулж байна.

Үүссэн түүх

Бага насны хүүхдийн боловсролын гол онцлогийг агуулсан энэхүү Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан гэсэн нэр томьёо үүсэн бий болоход хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Эхнийх нь газар зүйн байршил. Италийн хойд хэсэгт орших Рижжио хотын цэцэрлэг, яслийн хүүхдийг хүмүүжүүлж, сургах үзэл баримтлалаар анх энэ нэр томьёо гарч ирсэн. 1960-аад оны сүүлээр “Сурган хүмүүжүүлэх төв”-ийн дээвэр дор энэхүү бие даасан үзэл баримтлал боловсруулагдсан бөгөөд тэр цагаас хойш тогтмол боловсронгуй болсоор ирсэн. Үзэл баримтлалын агуулга нь аль нэг сурган хүмүүжүүлэгчийн бодож боловсруулсан зүйл биш (нэрний хоёр дахь хүчин зүйл) байв. Энэхүү үзэл баримтлал нь эхнээсээ аваад өнөөг хүртэл өөрийнхөө хотын хүүхдүүдийг яаж хамгийн сайнаар хүмүүжүүлж, сургах вэ гэсэн  Рижжиогийн иргэдийн нийтлэг сонирхлын үр дүн юм.

Үндсэн суурь нь бүх оролцогчдын

холбоо харилцаанд оршиж байв.

Үүний эх үүсвэр нь бүр дээр үед 1900–гаад оны үед тавигдсан. Тэр үеийн хамтын аж ахуй болон үйлдвэрлэл дээр суурилсан “хамтын ажиллагаа”-ны үзэл санаанаас хүүхдийн хүмүүжилд нийтээрээ хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлага тавигдаж байсан бөгөөд энэ нь энэхүү үзэл баримтлалын нэг бүрэлдэхүүн хэсэг болж өгсөн. Хоёрдугаар дайны гашуун сургамжаас хүүхдийн хүмүүжилд хүчирхийлэлгүй, хүмүүнлэгээр хандах ёстой гэсэн санаа мөн хүчээ авсан. Ингээд хотын иргэд (эмэгтэйчүүд) “Ард түмний хүүхдийн цэцэрлэг” байгуулсан. Барьж ажиллах тодорхой үзэл баримтлалгүй, тусгай мэргэжил эзэмшсэн хүмүүжүүлэгч багшгүй байсан хүнд нөхцөл байдал нь Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухааны өнөөг хүртэл баримталж ирсэн зарчим үүсэж бий болоход нөлөөлсөн. Тухайлбал, хүүхдийн хүмүүжлийн үзэл баримтлал болон практик ажилд аль болох олон хүнийг оролцуулахыг зорьж, “хүүхдийн хүмүүжил бол нийт иргэдийн улс төрийн үүрэг” хэмээн үзсэн.

Хүүхдийн хүмүүжлийг улс төрийн үүрэг

хариуцлага гэдгээр авч үзсэн

Лорис Малагуцци (Loris Malaguzzi) 1970-1985 онуудад Рижжио дахь бага насны хүүхдийн боловсролын асуудлын нятаршгүй зохицуулагч байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн үеэ эргэн дурсахдаа “Вилла Селла (Villa Cella – Рижжиогийн ойролцоо байдаг жижиг тосгон)–гийн эмэгтэйчүүд хүүхдийг өөр шинэ арга замаар хүмүүжүүлэхийг эрэлхийлж байсан хүмүүс бөгөөд тэд ярилцлага, хүмүүсийн хоорондын харилцаанд л голлон анхаарч, цэцэрлэгт хүүхэд, гэр бүл, хүрээлэн буй орчныг салангадаар авч үзэж байсан тул сурган хүмүүжүүлэх ухааны үнэ цэнэтэй бүтээлүүдэд төдийлөн тэмдэглэгдэлгүй өнгөрсөн байдаг” гэжээ.    

Үндсэн онцлог

Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухааны үндэс суурь нь өмнөх гарчигт тодорхойлсноор хүүхэд хүмүүжүүлэх үйл хэрэгт оролцогч нийт хүмүүсийн хоорондын холбоо харилцаанд оршдог ажээ. Онолын санаанууд, сурган хүмүүжүүлэх практик үйл ажилагаагаа эцэг эх, хүмүүжүүлэгч багш нар болон хүүхдүүд хамтран ярилцаж, үр дүнг нь хянаж, мөн засаж, нэмж сайжруулж байдаг. Үүнээс үзэхэд сургаж хүмүүжүүлнэ гэдэг бол туршилтийн үйл ажиллагаа гэж ойлгогддог. Малагуццийн үзэж байгаагаар онол ба практик ийнхүү ямагт өөрчлөгдөн зохицож байх нь дутагдал биш бөгөөд харин сурган хүмүүжүүлэгч бүр дэлхий нийтийн байнгын өөрчлөлтийг мэдэрч, хариу үзүүлж чаддаг байх ёстой. Тэрбээр сурган хүмүүжүүлэх ухааны онол болон практик шинээр үүсэж бий болж байдаг гэсэн утгаар харж, ярьж байв. Сурган хүмүүжүүлэх ухаан бол урагшлан байдаг үйл явц гэж үзсэний зэрэгцээ, үүнд хүмүүсийн хоорондын холбоо харилцаа чухал ач холбогдолтой гэдгийг гаргаж тавьсан нь Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухааны нэн онцлог үзэл санаа юм.

 

Тэд хүүхдийг хэрхэн харж байв?

Хүмүүжүүлэгч багш бүр сурган хүмүүжүүлэх ажлынхаа явцад нийт хүүхдээс түүнчлэн өөрийн гэсэн онцлогтой хүүхэд тус бүрээс зориудаар мөн зориуд бусаар аяндаа ямар нэг нөлөөллийг авч байдаг. Энэ уялдаа холбоог Рижжиочууд аль эрт олж харсан бөгөөд үүнээс үүдэн хүүхэд гэж чухам хэн бэ гэсэн хэлэлцүүлгийг эрчимтэй өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн зорилго нь өөрсдөө болон олон нийт сурган хүмүүжүүлэх практикийн гүнд оршиж буй асуудлыг тодруулж ойлгоход чиглэж байв. Үүний үрээр тухайн үед хүүхдийн талаар  тогтсон ойлголт, ялангуяа хүүхдэд юу дутагдаж байна вэ гэдэг рүү чиглэн хардаг байснаас өөрөөр хүүхдийг авч үзэх болсон. Рижжиочууд хүүхэд бол дараах онцлогтой гэж үздэг:

·         Хүүхэд бол өөрийн гэсэн онцлог, уугуул шинж чанартай хамгийн үнэ цэнэ бүхий хүмүүн.

·         Хүүхэд бол аугаа их боломжийг агуулдаг бөгөөд энэ нь арилж алга болдоггүй.

·         Хүүхэд өөрийн боломжоо ашиглан хэрэгжүүлэх, хөгжүүлэхийн төлөө чармайж байдаг.

·         Хүүхэд мэдлэгээ өөрөө идэвхтэй бүтээдэг.

·         Хүүхэд бол судаач, шинийг нээгч.

·         Хүүхэд бол нийгмийн эд эс.

·         Хүүхэд янз бүрийн арга замаар өөрийгөө илэрхийлдэг.

·         Тэдний цаг хугацаа томчуудынхаас өөр.

Хүүхдийн энэхүү онцлог дүр төрхийг ямагт товойлгон авч үзэх биш, харин хүүхдийн тусгаж хүлээж авах чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх ажлын гарааны цэг хэмээн тэд үздэг. Иймээс багш хүүхдэд өөрийгөө олон янзын арга замаар илэрхийлэх боломж олгож, тухайн хүүхдээс ирж буй сигналын дагуу өөрийгөө өөрчилж, хүүхдийг илүү сайн ойлгохуйцаар сурган хүмүүжүүлэх ажлаа зохион байгуулдаг.

   Хүүхэд, эцэг эх, багш нарын эрх

Хүүхэд бол өөрийн гэсэн онцлог, уугуул шинж чанартай хамгийн үнэ цэнэтэй хүмүүн гэсэн үзэл дээрээ тулгуурлан Рижжиочууд хүүхдийн, түүнчлэн сурган хүмүүжүүлэх үйл явцад оролцогчдын эрхийг тодорхойлон гаргасан.

Хүүхэд дараах эрхтэй:

·         Өөрийнхөө чадавхийг хэрэгжүүлэх, өргөжүүлэх

·         Нийгэмшихүйн чадвараа хөгжүүлэх

·         Суралцах хүслээ хангах

·         Хайрлуулах, нөмөр нөөлгийг мэдрэх

·         Өөрийнхөө байгаа байдлыг хүлээн зөвшөөрүүлэх

·         Өөрийнхөө уугуул шинжийг олж авах

Эцэг эхийн эрх:

·         Хүүхдийнхээ асаргаа, хүмүүжил, сургалтад идэвхтэй оролцох

·         Эцэг эхийн зөвлөлд ажиллах

·         Хүүхэдтэйгээ ажилладаг хүмүүстэй ярилцлага хийх

Багш (хүмүүжүүлэгч)-ийн эрх:

·         Үзэл баримтлал боловсруулах, түүнийгээ цаашид хөгжүүлэхэд оролцож нөлөөлөх

·         Хамтран ажиллах

·         Зөвлөлдөх, практик үйл ажиллагааг судлах, турших 

Хүүхдийн эдлэх эрхээс харахад тэдний статус өөр түвшинд очсон нь илт харагдаж байна. Тэд хүмүүжил сургалтын овьект биш, харин өөрийн гэсэн эрхтэй субьект.

Үйл ажиллагааны чиглэл

Итали улс 1960-аад оны сүүлээр орон нутгуудад шашны бус, албан ёсны хүүхдийн өдрийн байгууллагууд (манайхаар бол цэцэрлэг) байгуулах боломжийг хуулиар олгосон.  Үүнтэй уялдан бага насны хүүхдийг хүмүүжүүлж, сургах ажлын чиглэл боловсруулагдан бий болсон бөгөөд тэр нь өнөөг хүртэл хэрэгжиж байна. Үйл ажиллагааны энэхүү чиглэлийн хүрээнд Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаанд амжилт авч ирсэн онцлог зүйлсийг тодруулъя.

Сурган хүмүүжүүлэх төв

Байгууллагууд (цэцэрлэгүүд)-ын хүмүүжил сургалтын ажилд туслан зөвлөдөг бүх хүн энд хамтран ажилладаг. Сурган хүмүүжүүлэх төв (СХТ)-д орон тооны нэг ажилтан байх бөгөөд тэрбээр тэдгээр хүмүүсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна. Нэг мэргэжилтэн (“pedagogista”) өөрийн хариуцдаг 4 байгууллагынхаа аль нэг дээр долоо хоногийн эхний дөрвөн өдөр ажиллаад долоо хоног бүр СХТ дээр туршлага солилцох уулзалтад оролцоно. Байгууллага тус бүрийн урлан (тайлбар: тэнд хүүхдүүд дүрслэн урлах, зохион бүтээх, өөрийн хэр хэмжээнд “үйлдвэрлэл” явуулах ажил хийнэ)-г удирддаг багш (“atelierista”)-д үүнтэй төстэй үйл явц бас тохионо. Тэд мөн долоо хоногийн нэг өдөр СХТ дээр ажиллана.

Хүүхэд бол хүмүүжил, сургалтын обьект

биш, өрийн гэсэн эрхтэй сувьект

СХТ–д мөн хурал, зөвлөлгөөн болж, холбогдох үзэсгэлэнгүүд гарна. СХТ нь ажиллагсдыг давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх үүрэгтэй. Төслийн ажлуудыг төлөвлөх, төслүүдэд арга зүйн зөвлөлгөө өгөх чиглэлээр байгууллагуудтай ойр дотно хамтран ажилладаг.

Алаг баг

Олон жилийн өмнөөс байгууллага (цэцэрлэг) бүрт урлагийн мэргэжил эзэмшсэн урлангийн багш, тогооч, аж ахуйн ажилтнууд хүмүүжүүлэгч багштай  адил тэгш эрхтэйгээр ажиллаж ирсэн. Тэд бүгдээрээ хүмүүжил сургалтын үйл явцад өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэдгээ ойлгодог. Тэд бүгд өөр өөр асуудлыг шийдвэрлэдэг зөвлөлийн гишүүд бөгөөд тэр шугамаараа давтан сургалтад хамрагдаж, багаараа тогтмол хуралдаж, өөрсдийнхөө мэргэжлийн чиглэлээр мэдлэг эзэмшин, асуудлыг харах өнцгөө тодотгож байдаг. Тэдний арга хэмжээнд мэргэшсэн сурган хүмүүжүүлэгч эсвэл сэтгэл судлаач оролцож шаардлагатай үед нь чиглүүлж өгдөг.

Хамтын удирдлага

Цэцэрлэгийн эрхлэгч гэсэн бидний мэддэг, дасаж хэвшсэн орон тоо Рижжиогийн цэцэрлэгүүдэд байхгүй. Тодорхой хугацаагаар ажлын хэсэг байгуулагдан шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тэр ажлын хэсгийг “Удирдах зөвлөл” гэж нэрлэдэг.  Удирдах зөвлөл нь тухайн байгууллагын ажилтнууд, СХТ-ийн мэргэжлийн зөвлөгч, 50-аас доошгүй хувь нь эцэг эхээс бүрддэг. Тэднээс гадна мөн сонирхсон иргэд тус зөвлөлд сонгогдон ажилладаг.

Хүүхэд бол шинийг нээж илрүүлэгч, бүтээгч.

Удирдах зөвлөл нь дотроосоо ажлын хэсгүүдийг байгуулна. Жишээлбэл, “Сургалт-дидактик” гэсэн ажлын хэсэг хүүхдүүдийн дунд явуулах төсөлт ажлуудын зорилгыг ярилцан томъёолж, хэрэгжилтийг төлөвлөж, төсөлт ажил явагдаад дуусахад үр дүнг нь тооцдог.

Өрөөнүүд, тэдгээрийн тохижилт

Цэцэрлэгийн дотор төв хэсэгт бүх зүйл холилдон байрласан талбай (Piezza) байна. Италийн жижиг хотуудын цэцэрлэг нийтдээ ийм талбайтай байх бөгөөд тэнд бүх төрлийн үйл ажиллагаа явагдана. Тухайлбал, янз бүрийн насныхан хоорондоо уулзана, хүмүүс мэдээлэл солилцоно, юм үзэж сонирхоно, сонсоно, түүнчлэн хүүхдүүд тоглоно, ер нь үзэсгэлэнгийн газар аятай байна. Бүлгийн өрөө тус бүр хажуудаа нэг өрөөтэй байх бөгөөд түүнийг нь “жижиг урлан” гэнэ. Тэнд хүүхдүүд тухайн үед ангид нь явагдаж байгаа төсөлтэй холбогдох урлан бүтээх ажил хийнэ. Ил задгай байрлах гал тогоотой зэрэгцэн хүүхдүүдийн хоолны танхим байх бөгөөд түүнийг “хүүхдийн ресторан” гэнэ. Тэнд ширээнүүд цагаан бүтээлгээр бүтээгдсэн, шаазан аяга, тавагтай,  ширээн дээр шинэхэн амьд цэцэг байрлуулсан байх бөгөөд ер нь л өндөр зэрэглэлийг рестораныг санагдуулна. Өдөр бүр хэд хэдэн хоол (салад, 1 ба 2 дугаар хоол гэх мэт)-оос бүрдсэн хоолны цэстэй. 

Цэцэрлэгийн “урлан” бол

хамгийн чухал ач холбогдолтой.

Хамгийн чухал газар бол цэцэрлэгийн “төв урлан”. Энэ нь цэцэрлэг бүрт орон тоогоор ажилладаг урлагийн мэргэжилтэй багш (atelierista)-ийн ажлын байр. Энд хүүхэд өөрийгөө “Би гэж хэн бэ?” гэдгээ мэдэрнэ, мөн сурах үйлд суралцана. Рижжиогийн цэцэрлэгүүдэд байдаг урлангийн өрөөг Малагуцци “урлан бол хүүхэд хорвоо ертөнцтэй танилцах, судлах, турших талбар” тэрбээр цааш нь өгүүлэхдээ “энэ өрөөнүүд бол хүүхэд элдэв янзын зүйлийг сонирхох, өдөр тутмын юмс, үзэгдлийг шинээр олж харах, нууцыг нь тайлах газар юм” гэжээ. 

 

 

Материалын бүрдүүлэлт: Тусгаж хүлээж авах, ойлгож ухаарах

Урлан дотор юу нь хамгийн онцлог вэ гэвэл тэнд байдаг материал, тэдгээрийн бүрдүүлэлт,  байрлал. Тэрхүү материалууд нь хүүхдэд орчноо тусгаж авах, ойлгож ухаарах хязгааргүй их боломжийг олгодог. Тэнд хүүхдүүдийн хүссэн мөн төлөвлөсөн янз бүрийн материал, мэдээллийг зэрэгцүүлэн байрлуулсан байна. Далайн дун, чулуу, өд, товч, шүр,  эмгэн хумсны гэр, хатаасан ургамлууд гэх мэт -  бүгдийг ширээн дээр эсвэл тавиур дээр хүүхэд авч хэрэглэж болохоор тус бүрийг нь янз бүрийн хайрцаг, саванд хийж байрлуулсан байна. Тэнд хамгийн ихээр байдаг зүйл гэвэл хүүхэд янз бүрийн зүйл хийхэд шаардагдах төмөр утас, баримлын шавар, цаас, картон, усан будаг/гуаш, өнгийн харандаа, эсгий харандаа, картонон хоолой, наадаг цаас, уяа/оосор болон урлан бүтээхэд зориулсан бүх төрлийн багаж хэрэгсэл байна. Энд хүүхдүүд зөвхөн тэдгээр материалыг ашиглагч биш, харин шинэ зүйлийг хийж, бүтээгчид байна. Тэд бүх зүйлийг хувирган өөрчилж, ямар ч янзаар хийж бүтээж болно. Дан бэлэн зүйлийг шууд аваад хэрэглэчихдэг тийм орчин нь идэвхгүй, нэг л хэвийн байдал руу хүнийг түлхдэг. Боловсруулж бэлэн болгоогүй зүйлс нь урлаж, бүтээж бий болгох дур сонирхлыг төрүүлдэг. 

 

Өрөөнүүдэд зөвхөн хүүхдэд зориулагдсан тавилга хэрэгсэл байна. Хэрэв өрөөнд “томчуудын” шүүгээ, буйдан, сандал зэрэг зүйлс байвал тэдгээр нь хүүхэд айл гэр болж тоглоход зориулагдана. Орчин үеийнхээс гадна дээр үеийн тавилга хэрэгслүүд ч байна. Энэ нь түүхийн янз бүрийн үе шатны соёл, түүний хөгжлийг харуулна. Үүнээс гадна хаа сайгүй толь  байрлуулсан байна. Энэ нь хүүхдэд ганцаараа болон бусдын хамт нүүр царай болон биеийн хөдөлгөөний элдэв хувиралыг илэрхийлэн гаргаж харах, тэр нь ямар нөлөөтэй болохыг турших боломж олгоно. Булан, тайзанд буй толь, мөн нөлөөтэй толь нь хүүхдэд орчноо, мөн өөрийгөө ердийн бус, өөр өнцгөөс харах, өвөрмөц мэдрэмж төрүүлэхэд нөлөөлнө. Өрөө бүрийн шалны тавцан янз бүрийн түвшинд байдаг нь мөн ийм зориулалттай.  

Цэцэрлэгийн байшингийн бүх өрөө уян хоолойгоор холбогдсон телефон утастай ба энэ нь өрөөнүүдийн хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүнэ. Хана болон хаалганд өндөр, нам адил бус түвшинд янз бүрийн нүх гарган цонх хийсэн байх бөгөөд энэ нь хажуугийн өрөөнд байгаа зүйлийг харах, аливааг хараандаа байлгахад тус болно. Хүүхэд бүр өөрийн “шуудангийн хайрцаг”-тай бөгөөд түүндээ ойр дотны хүнээс нь аялал, амралтаас ирүүлсэн ил захидал, амлалт тохиролцоо, жижиг бэлэг түүнчлэн “хайр сэтгэлээ илэрхийлсэн үгс” зэрэг зүйлсээ хийж хадгална. Нэг онцлог зүйл гэвэл гэрэл, сүүдрээр тоглож ажиллах, гэрэлтүүлэхэд шаардагдах кадоскоп, гэрэлтүүлэгч ширээ, гар чийдэн, диапроектор зэрэг хэрэгслүүд олноороо байна. Түүний зэрэгцээ компьютер зэрэг мэдээллийн орчин үеийн техник хэрэгсэл бас байх боловч хуучны бичгийн машин, хувилах машин зэрэгтэй хамтдаа байна. Кофены машин, дарсны янз бүрийн өнгөтэй лонхны цуглуулга, хивснүүд гэх мэт өдөр тутмын хэрэглээний зүйлс ч мөн эргэн тойронд нь байна. Ерөнхийд нь авч үзэхэд цэцэрлэгүүд бол хүүхдийн мөн томчуудад зориулсан газар бөгөөд тэнд ажиллагсад  ч өөрсдөө орчныг бүрдүүлэгч нэгэн бүрэлдэхүүн хэсэг. Цэцэрлэг бүр тэнд ажилладаг хувь хүмүүсийнхээ хувьд ч, мөн үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг илэрхийлсэн байдлаараа өөрийн гэсэн онцлогтой.

Үргэлжлэл бий.

Ном зүй:

Franz-Josef Brockschnieder, Reggio-Paedagogik,

Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, , s.41-44, Verlag Herder, Freiburg