Сайн баг үүсэхэд юу нөлөөлдөг вэ?
Хэсэг хүмүүс зэрэгцэн адилхан ажил үүрэг гүйцэтгэж байвч, тэнд шууд сайн баг-хамт олон (Team) үүсэж бий болдоггүй байна. Гишүүн бүр нэг зорилгын төлөө тэмүүлэн эрч хүч, урам зоригтой ажиллах тохиолдолд хүчтэй баг бүрдсэн байна гэж үзэж болох ажээ. Энэ нь цэцэрлэгийн удирдлага болон багш бүр цаашилбал тухайн цэцэрлэгийн хамт олны хүүхэд бүрийг хөгжүүлэх шийдэл (үзэл баримтлалт)-тэй холбоотой. ХБНГУ-ын “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлийн 2018 оны 2 дугаарт Бавар мужийн Роттенбух (Rottenbuch) дахь Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүйн Мэргэжлийн академийн нийгмийн ажилтан, сургагч багш Михеал Фройнднер (Michael Pfreundner)-ийн “Сайн баг үүсэхэд юу нөлөөлдөг вэ?” гэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
“Хамгийн сайн багт гишүүн бүр нь нэг зорилгын төлөө сэтгэл тэмүүлэлтэй, хүчээ дайчлан ажилладаг. Гишүүн бүр өөрийнхөө хүчтэй тал, авьяас чадвараа дайчлахын зэрэгцээ бүгд бие биеэ маш сайн ойлгодог.“4 Практикаас харахад энэхүү нөхцөл байдал бий болоход байнгын ажиллагаа шаардагддаг ажээ. Ихэнх багууд байнга хамтын ажиллагаагаа оновчтой болгох, хоорондын итгэлцэлээ бэхжүүлэх замыг туулдаг. Багууд дараах хүчин зүйлсийг анхаарваас амжилттай ажилладаг.
1. Нийтлэг зорилго чиглэл
Цэцэрлэгийн зорилго буюу Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалаа хамтаараа тодорхой томьёолж, багийн гишүүн бүр түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байна. Амжилттай ажилладаг баг бол түүнийгээ сохроор дагадаггүй. Багийн гишүүн бүрд ямар зорилгын төлөө ажиллах, ажлаа юунаас эхлэх нь тодорхой байна. Нийтээр мөрдөх зорилго нь суурь зөвшилцлийг бий болгож, хүмүүсийг хооронд нь холбож өгөхөөс гадна хүн бүрд зорилгоо хэрэгжүүлэхэд өөрийгөө зориулан ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Шинэчлэлийг эрэлхийлэгч баг бол мэдээж цаашдаа ямар зорилго тавихаа авч үзэж, шинэчлэн томьёолж ажилладаг.
2. “Бид” мэдрэмж
Үнэнч сэтгэл, бие биедээ туслах, хоорондоо анхаарал тавьж харилцах нь “бид” мэдрэмж бодитой бий болсны илрэл. Багийн гишүүд бид бусдаас юугаараа онцлог билээ гэдгээ мэднэ, түүгээрээ бахархана. Сайн багт “Энэ бол надад хамаагүй, энэ миний хариуцлага хүлээх ажил биш” гэсэн үг ер сонсогддоггүй. Баг дотор харилцан итгэлцэл бий болно, багийн гишүүн бүр хариуцлага хүлээнэ. Ийм орчин бүрдсэн тохиолдолд баг ачааллыг илүү сайн сөрөн зогсоно, хямралыг хамтаараа эвлэгээр зохицуулна. Ийм багт зөрчил нь давж гарахааргүй саад учруулагч биш, харин сайн шийдвэр гаргахын төлөө бүгд хариуцлага хүлээж, хүчин чармайлт гаргахад нөлөөлнө.
3. Тодорхой, бүтээлч мэдээлэл солилцоо
Амжилттай ажилладаг багт “ганцаарчлан тоглогч” байдаггүй. Чухал шийдвэрүүдийг зарчмын хувьд хамтдаа гаргадаг. Хувь хүн бүрт түүний талаар мэдээлээд байх шаардлагагүй бөгөөд утгагүй. Бүх гишүүдэд мэдээлэл болон шийдвэр гаргах арга зам тодорхой, ойлгомжтой байвал гишүүн бүр өөрийнхөө ач холбогдлыг мэдэрч, өөрийн ажлын байрандаа хүндэтгэлтэйгээр хандан ажилладаг.
4. Бүтэц
Багууд ихэвчлэн эрэмбэ дараатайгаар зохион байгуулагдаж бий болдог. Энэ нь туршлагаас үзэхэд шаардлагатайн дээр мөн ачаалалгүй. Ингээд явц дундаа хэн нэг нь зохион байгуулалтын болон удирдлагын гол асуудлыг хариуцан тодорч гарч ирдэг. Гэхдээ багийн гишүүдийг хяналт, хууль эрх зүйд чиглүүлэх, түүнчлэн зарим нэгний өрсөлдөөний мэдрэмжийг өдөөх зэрэг нь энэхүү эрэмбэ дараалалд нөлөөлдөг. Удирдлагын хувьд өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлж хамгаалах, зохистой бүтцийг хадгалах, мэдээлэл солилцоо-харилцааны арга зам тодорхой байхыг шаардах нь үүнд мөн хамаатай.
5. Тодорхой үүрэг
Сайн ажилладаг багийг тоног төхөөрөмжийн араа бүр яаж нэг нэгэнтэйгээ уялдан ажилладагтай зүйрлэж болно. Багийн гишүүн бүр хариуцах ажил үүргээ сэтгэлээсээ хүлээн авбал, түүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Баг доторх хүлээх үүргийг жишээлбэл, Ажлын байрны тодорхойлолт шиг тодорхой томьёолж, хувь хүний ажил үүргийг ач холбогдол, хэрэгцээтэй нь холбон ойлгуулах нь ажилдаа сэтгэл ханамжтай байх чухал нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнээс гадна багт ажлаа эргэн авч үзэх үйл явц хэрэгтэй бөгөөд урьдчилан ярьж тохироогүй гэнэтийн ажил үүрэг нь хамтын ажиллагаанд саад учруулах талтай.
6. Ил тод, ойлгомжтой дүрэм журам, норм хэмжээ
Дүрэм журам гэдэг нь тодорхой нөхцөл байдалд багийн гишүүд хоорондоо хэрхэн харилцах талаар зориуд журамласан тохиролцоо (гэрээ) юм. Дүрэм журам нь ажлын явц яаж явагдах, түүнийг хэрхэн хялбаршуулах болон ажиллах арга барилыг бүгдэд ойлгомжтой болгоход үйлчилнэ. Баг бүрт мөн явцын дунд ярилцаж тохироогүй харилцааны норм-хэм хэмжээ үүсч бий болдог. Жишээлбэл, “Оройтлоо гэхэд хамгийн наад зах нь ажил эхлэхээс 5 минутын өмнө цэцэрлэгт орж ирсэн байна.” Харилцааны ийм тогтсон хэм хэмжээг шинэ ажиллагсдаас хүлээхэд хэцүү. Тэгэхээр ийм хэм хэмжээг ил тод болгох шаардлагатай. Дүрэм журам, норм хэмжээ нь хувь хүн бүрт итгэлтэй байдал, чиг баримжааг бий болгодог. Гэхдээ дүрэм журам нь хувь хүний үйл ажиллагааны зохион байгуулалтыг хязгаарлах, улмаар бүтээлч байдал, шинэчлэлд саад болохоор байж болохгүй.
7. Ялгаатай байдалд нээлттэй байх ба шаардлагатай өөрчлөлтүүд
Олон янзын байдал (diversity) нь багийг уян хатан болгохын зэрэгцээ хүмүүсийн чадварыг нэмэгдүүлж, шийдлүүдийг олоход нөлөөлдөг. Өөр өөр үзэл бодол нь тухайн зүйлийн талаар өргөн хүрээтэй ойлголт бий болгож, шинэ санаачилга гарах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг. Бүтээлч баг бол шаардлагатай үед тогтсон бүтэц болон ажлын арга барилаа эргэн харж, шинэ арга зам олох чадвартай байдаг. Ялангуяа тогтсон дэг журам алдагдах зарим үед шинэ санаа гарч ирдэг.
Орчуулсан: Н.Норжхорлоо
Эх сурвалж:
Pfreundner, M., (2018), Was macht ein gutes Team aus?, “Kindergarten heute”, Ausgabe 2_2018, Verlag Herder GmbH, https://www.herder.de/kiga-heute/fachmagazin/archiv/2018-48-jg/2-2018/was-macht-ein-gutes-team-aus/