Сайн үйл ажиллагаа манай цэцэрлэгт (Эсээ)

Би жирийн л нэг багш. Гэхдээ хорвоог сониуч нүдээр харах балчир үрсийг   эрдэмд хөтөлсөн анхны багш. Өглөө бүр эртлэн босч цэцэрлэгээ зорин нэг л замаар алхана. Эргэн тойрны бүхий л зүйл надад танил. Хаана юу байдаг, шинээр юу нэмэгдсэн, ямар хүмүүстэй зөрөн өнгөрдөгийг ч мэднэ. Үүний адил ажлаа ч сайн мэднэ.  Өнөөдөр ямар сэдвээр, юуг, яаж заах нь санаанд минь тодорхой. Учир нь би цэцэрлэгийн багш болоод арван жилийг үджээ. Амьдралын энэ хэмнэл надад хэдийнэ дасал болсон байв.

Харин 2014 оноос эхлэн боловсролын шинэчлэл хийгдэж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тухай асуудал чухлаар тавигдав. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжин, багш бүр хуучин арга барилаа өөрчлөх шаардлага гарч ирсэн. Хүүхэд “бусдаар заалгаж биш өөрөө мэдэрч, сурч, хөгжинө” гэж үзэх болов. 

Манай цэцэрлэг Рижжогийн үзэл онолыг баримтлан “хүүхэд урлан бүтээх явцдаа хөгжинө“ гэсэн зарчмаар ажиллаж эхэллээ. Саяхан “Амьд орчин” (бодит орчин) гэсэн үйл ажиллагаа зохион байгуулагдав. Бүлэг бүрийн сонгосон орчин өөр өөр байсан. Харин би хүүхдүүдийнхээ сонирхлыг дагахаар шийдээд “Та нар хаашаа очиж, юу үзмээр байна?” гэхэд  Даваа “Тарвага” гэж хариуллаа. Бусад нь ч түүнийг дэмжив. Ингээд бид тарвага үзэхээр Байгаль экологийн музейд ирлээ. Урд нь би “Энэ ямар амьтан бэ?”, “Хаана амьдардаг вэ?” зэрэг асуултуудыг тавиад хариулт авахыг чухалчилдаг байсан  бол энэ удаа хүүхдүүд “Энэ яагаад энд байгаа юм бэ?“, “Хэн түүнийг авч ирэв?” зэргээр олон асуулт надаас асууна. Гэтэл Даваа:

- “Багш аа, тарвага ичэх гэж яадаг юм вэ?” гэж асуув.

- “Хүйтрэхээр тарвага бэлтгэсэн ичээндээ хураасан ноохойгоо дэвсэж унтахыг хэлнэ.” гэж намайг тайлбарлахад тэр ойлгоогүй нь илт байлаа. Бидний яриа тэгэсхийгээд  өндөрлөв.  

Ангидаа ирээд үзсэн тарвагаа зурцгаалаа. Өмнө нь хүүхдүүд багшийн заасан аргаар яг ижилхэн зургууд зурж, бүтээлийнхээ самбарт тавьдаг байв. Гэхдээ миний зааснаар дөнгөж 30-40% л зурж чадна. Өөр аргаар зурах хүүхэд тун ховор. Энэ удаа би ямар ч үзүүлэн, аргачлал хэрэглэсэнгүй. Гэсэн ч би баярласан, уурласан, ядарсан гэх мэт өөр өөрийн өнгө төрхтэй 50 янзын тарвагыг тэдний бүтээлээс олж харсан.

Би “Тарвага ичих” гэдгийг Даваад яаж ойлгуулахаа өдөржингөө бодлоо. Харин маргааш нь орцны  дэргэд хөрш өвөөтэй хуучилж суухдаа нэгэн домог сонссон юм. Тарвага их өрөвдмөөр амьтан, ичих болохоороо хамгийн хөгшин тарвага үр зулзагаа  ичээндээ үлдээгээд нүхээ гаднаас нь бөглөн өөрөө хөлдөж үхдэг юм гэнэ лээ” хэмээн тэр ярилаа. Би эрлээ олсон хүн шиг сэтгэл хангалуун ажилдаа ирээд тарваганы тухай домгийг хүүхдүүддээ ярьж өгөв. Яриаг минь чих тавин чагнах тэдний дунд Даваа нүдэндээ нулимстай сууна. Миний бяцхан шавь “тарвага ичих“ гэдгийг гүйцэд ойлгоогүй ч байж магадгүй. Гэвч харцнаас нь бусдыг өрөвдөх, амьтныг хайрлах сэтгэлийг би олж харсан юм. Үүнээс хойш манай ангийнхан тарвагыг сайн мэддэг болсон. Өнөөдөр би ажилдаа шинэ замаар урамтайхан алхана.

Энэ замыг би хэдхэн хоногийн өмнө өөртөө нээсэн юм. Ажилдаа очиход хамаагүй дөт энэ замаар алхахад орчин тойрны бүх зүйл сонин содон.   

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн Бэлтгэл “Б“ бүлгийн багш Ж.Банзрагч

 

Тарвагатай танилцаж байгаа нь

 

Гэр лүүгээ харих гээд инээгээд явж байгаа тарвага. (Г.Дөлгөөн, 6 нас)

 

        Багш: - Энхмөнх өө, Чиний зурсан тарвага хаана байна аа? (Б.Энхмөнх, 6 нас)

        Б.Энхмөнх: - Тарвага үүр лүүгээ орчихсон, ганцхан сүүл нь цухуйж байгаа.

 

Хоёр ач нь холын замд явж байгаа өвөөгөө дагаж байна. (Э.Тэнгис, 6 нас)

 

Гэрийнхээ дэргэд зогсож байгаа тарвага. (А. Билэгдэмбэрэл, 6 нас)

 

Нүх рүүгээ үсэрч орж байгаа тарвага. (А.Маргад, 6 нас)

 

Гэрээсээ төөрчихөөд уйлаад явж байгаа тарвага. (Г.Эгшиглэн, 6 нас)

 

Музей доторх инээж байгаа тарвага. (Н.Соёмбо,6 нас)

 

Модны хажууд зогсож байгаа том шүдтэй тарвага. (Х.Мөнхбамбар, 6 нас)