Сургуулийн өмнөх боловсролын чанарт ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

Сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээнд юуг авч үзэх шаардлагатай, өөрөөр хэлбэл, СӨБ-ын чанар юунаас хамаардаг болохыг тодруулахын тулд зарим улс орны хууль, чанарын стандарт болон судалгааны үр дүнгээс жишээлэн авч үзье.

Сайн цэцэрлэгийн хууль (ХБНГУ)

“Сайн цэцэрлэгийн хууль”-аар цэцэрлэгийн үйл ажиллагааны чанарыг сайжруулахтай холбогдох ажлыг 10 чиглэлээр авч үзсэн (BMFSFJ. 2019)-ийг Хүснэгт 1-д харууллаа.

Хүснэгт 1. Чанартай холбогдох ажлын чиглэл, заалт

Үндэсний чанарын стандард (Австрали)

Австрали улс бага насны хүүхдийн боловсрол, асаргааны чанарын үндэсний стандарт (Australian Children's Education&Care Quality Authority. 2018)-аа дараах 7 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр авч үзжээ. Үүнд:

1. Боловсролын хөтөлбөр ба практик үйл ажиллагаа

2.  Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал

3.   Материаллаг орчин

4.   Ажилтнуудын ажлын зохион байгуулалт

5.   Хүүхэдтэй харилцах харилцаа

6.   Гэр бүл, олон нийттэй хамтран ажиллах ажиллагаа 

7.   Засаглал ба манлайлал

Хэсэг тус бүр дотроо 2-3 стандардтай бөгөөд стандард бүрийг илэрхийлэх үзүүлэлтийг тодруулан томьёолсон байдаг. Жишээлбэл, “Хүүхэдтэй харилцах харилцаа” гэсэн 5 дугаар хэсгийг Хүснэгт 2-д харууллаа.

Хүснэгт 2. Хүүхэдтэй харилцах харилцааны стандард

Олон улсын судалгааны үр дүн

Удаа дараагийн олон улсын судалгаанаас сургуулийн өмнөх боловсролын чанарт нөлөөлдөг хамгийн чухал 6 хүчин зүйл тогтоосон (Textor, Martin R. 1996)-ыг Хүснэгт 3-д харууллаа.

Хүснэгт 3. Сургуулийн өмнөх боловсролын чанарт хүчтэй нөлөөлдөг хүчин зүйл

Судалгаанд мөн эцэг эхийн оролцоо, эрхлэгчийн удирдах ур чадвар, багийн гишүүдийн хоорондын харилцаа, хандлага; сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд тавигдах шаардлага зэрэг нь тухайн байгууллагын хамт олон өөрсдөдөө чанар, үр дүнгийн талаар тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд ихээхэн нөлөөлж байсныг дурджээ.

Хүснэгт 3 - д харуулсан хүчин зүйлсээс хамт олон эерэг хандлагатай, чадамж сайтай байсан тохиолдолд хүүхэд суралцахдаа илүү их амжилтад хүрч байжээ. Тухайлбал, хүүхдүүдийн хэл ярианы чадвар сайжирч, нийгэмшихүйн чадамжаа харуулж, тэд өөрийгөө эерэгээр харж, сурган хүмүүжүүлэгчидтэй  илүү нээлттэй, дотно харилцаатай болсон. Тэд илүү дуулгавартай, өөрсдийн зан харилцааг зохицуулдаг, илүү анхаарал халамжтай, зөрчилдөөнийг өөрсдөө шийдвэрлэж чадаж байжээ. Тэд мөн сургуульд орсноор илүү сайн сурч, ангийнхантайгаа харилцаа сайтай, зан авирын асуудал багатай байсан байна.

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

1.  BMFSFJ. (2019): Fruehe Bildung gemeinsam weiterentwickeln. Das Gute Kita Gesetz. Bundesministerium fuer Faminie, Senioren, Frauen und Jugend. pdf. S.6-7

2.   Australian Children's Education & Care Quality Authority. (2018): National Quality Standard. https://www.acecqa.gov.au/nqf/national-quality-standard

3. Textor, Martin R. (1996): Qualitaet von Kindertageseinrichtungen – Internationale Forschungsergebnisse. KiTaHandbuch. online. Fachartikel https://www.kindergartenpaedagogik.de/fachartikel/qualitaet-und-qualitaetssicherung/qualitaet-standards-forderungen-studien/363