Сэлестан Фрэнэ (эхнийх)
Сэлестан Фрэнэ (Ce’lestin Freinet) нь Францын зүүн хэсэгт орших нэгэн тосгоны сургуулийн багш бөгөөд тэрээр зуу орчим жилийн өмнө сурган хүмүүжүүлэх ухаанд тодорхой шинэчлэлийг хийж тэр нь дэлхий нийтийн хөдөлгөөн болон өрнөсөн билээ. Түүний сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал нь хүүхдийн чадварт бүрэн итгэх итгэлд тулгуурласан бөгөөд өдөр тутмын амьдрал бол аливаа онолын эх сурвалж гэж үзсэн. Энэ талаар Лотар Клайн (Lothar Klein)-ы бичсэн материалыг толилуулж байна.
Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаан - хүүхдэд төвлөрсөн чиглэл
Хүүхэд өөрийгөө янз бүрийн арга хэлбэрээр илэрхийлдэг. Жишээлбэл:
- Өгүүллэгээр: “Нэгэн одой хүн байжээ. Тэр 1,80 м өндөр. Тэгэхээр тэр арай ч одой хүн биш байлаа”
- Угсарч бүтээх модон тоглоомоор: “Энэ бол пийшин, цонхтой чарга. Хэрэв хүйтэн байвал цонхоо хаана”
- Зургаар: “Энэ бол 2 Габи. Эд нар манай хүмүүжүүлэгч багш нар. ‘Хүүхдүүд ээ, нааш ир‘ гэхэд үгийг нь сонсохгүй болохоор 2 Габи тэнэг царай гаргадаг”
- Анги доторхи өдөр тутмын тохиролцоогоор: “Тавиурыг хөхөөр будаад үз дээ. Хэрэв бидэнд таалагдахгүй байвал түүнийг дахиж харахгүй л байя”
- Цэцэрлэгийн үүдэнд жижиг цаасан дээрх зарлалаар: “Хайрцагтай усан цэргүүдээ алга болгосон тул тусална уу. Шагнал нь 1,5 DM. Бамбарууш бүлэг, Христиан, Баярлалаа”
Энэ байдлаар хүүхдүүд өөрийгөө хүрээлж байгаа хорвоо ертөнцтэй танилцах, өөрийнхөө төсөөллөөр аливааг зохицуулахыг оролдож байна. Энэ нь тэдний хувьд өөртөө хорвоо ертөнцийг нээх аялал юм. Чадаж байгаа зүйл дээрээ хүүхэд өөрийнхөө хэрэгцээ, сонирхлыг дагана. Тэдний хийж байгаа энэхүү үйлд асар их зүтгэл чармайлт, амжилт агуулагдаж байдаг. Томчууд бид хүүхдийн идэвхтэй үйл ажиллагааных нь цаана ямар утга учир, сэдэл агуулагдаж байгааг тэр бүр тайлж, ойлгож чаддаггүй. Тийм учраас Фрэнэ-сурган хүмүүжүүлэх ухаан бол хүүхдэд зааж зааварлахыг хүсдэггүй бөгөөд тэднээр өөрсдөөр нь барьж үзүүлж, оролдуулж, туршуулж, нээлт хийлгэдэг. Фрэнэ-сурган хүмүүжүүлэх ухаан нь ийнхүү хүүхдэд төвлөрсөн сургалтын чиглэл бөгөөд хүүхдэд өөрт нь хэлэх үг, хийх үйлийн шийдвэрийг тууштайгаар өгсөн байдаг.
Сэлестан Фрэнэ гэж хэн байв?
Францын Сэлестан Фрэнэ (1896-1966) бол тосгоны сургуулийн багш, сурган хүмүүжүүлэх ухааны нэгэн шинэчлэгч байв. Түүний сурган хүмүүжүүлэх зам нь өнгөрсөн зууны эхний гучаад жилд явагдсан боловсролыг шинэчлэх үзэл санааны дор шинэчлэгдэн тогтсон. Тэр үед үүсэж бий болсон хүүхэд бол өөрөө хөгждөг гэсэн үзэл санааны нөлөөгөөр тэрээр уламжлагдан ирсэн (багш урд нь зогсож нийтийг хамран явуулдаг) хичээлээс татгалзаж, хүүхдэд ихээхэн бие даан ажиллах боломжийг олгосон.
Фрэнэ 1920 онд 24 настай байхдаа Ницца (Nizza)-гийн ойролцоо Барсур-Лоуп (Barsur-Loup)-д хоёр ангитай тосгоны сургуульд туслах багшаар шалгалт өгөлгүйгээр ажиллаж эхэлсэн. Түүний ангид 47 хүүхэд байсан бөгөөд бүгдээрээ хөвгүүд. Багш дадсан заншлаараа юу хийхийг хэлдэг ч хүүхдүүд итгэлгүй мөн тогтворгүй шуугиантай байдаг байсан ба хүсэж хүлээсэн үр дүн нь гарч ирэхгүй байгааг тэрээр нэгэн удаа ажигласан. Сурган хүмүүжүүлэх ухааны реформын үзэл санаанд тулгуурлан Фрэнэ хүүхдүүдэд өөрсдийнхөө үгийг хэлэх боломжийг олгож эхэлсэн. Тэрээр сургалтын үйл явцыг өөрсдөө зохион байгуулахыг хүүхдүүдэд зөвшөөрч зоригжуулж байсан бөгөөд харин хариуцлагаа өөрсдөө хүлээнэ гэдгийг ойлгуулж байв. Хүүхдүүдийг гадагшаа авч гарч, ажиглалт явуулж, тэдэнд юу сонирхолтой байгааг нь яриулж, өгүүллэг зохион бичүүлж, түүнийгээ “чөлөөт техт” хэмээн нэрлэж байлаа. Фрэнэ тэр үед зэмлэлээс өөрийгөө хамгаалах ёстой, “зөвхөн” ажиглая, “зөв” гэж үзэхгүй ч гэж байв. Зарим нь хүүхдүүд хангалттай юм (асуухад хариулах хэмжээний мэдлэг) сурахгүй байна гэж үзэж байсан. Фрэнэгийн хувьд үүнийг өөрөөр харж байлаа. Тэрээр ажиглалтаа үргэлжлүүлж, өдөр бүр хүүхэд тус бүр дээр нарийн тэмдэглэл хөтөлж байв. Энэ байдлаар тэрээр яваандаа хүүхдийн амьдралд юу ач холбогдолтой, тэдэнд ямар асуудал тулгардаг, тэд юуг өөрсдөө судалж, нээж, суралцахыг хүсдэгийг олж харж, гаргаж тавьсан. Ийнхүү Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх бодол санаа нь “өөрөө”, “хүсэх” гэсэн үгсээр илэрхийлэгдэж байв.
Фрэнэ сурагчдаа сургалтын үйл явцыг өөрсдөө
зохион байгуулахыг дэмжиж зоригжуулж байв.
Фрэнэ өөрийн сургуулиас гадна бусад сургуулийн багш нартай холбоо харилцаа тогтоож эхэлсэн. Тэрээр хүүхдийн сургалтыг зохион байгуулах энэхүү шинэ арга хэлбэрээ бусад багш нарын практик дээр туршиж үзэх, хамтран судлахыг хүсэж байлаа. Ийнхүү ардчилалын суурин дээр зохион байгуулагдсан “Францийн шинэ үеийн сургуулийн хөдөлгөөн” үүсэн бий болсон. Үүнийг тэр үеэс “Фрэнэ-хөдөлгөөн” хэмээн нэрлэх болсон. 1927 онд “Францийн шинэ үеийн сургуулийн хөдөлгөөн”-ий анхдугаар их хурал болсон бөгөөд үүнд нийт 90 сургууль хамрагдан оролцжээ. Өнөөдөр дэлхийн 40 улсад “Фрэнэ-хөдөлгөөн”-ий ажлын хэсгүүд байдаг бөгөөд 1964 оноос ХБНГУ-д ийм ажлын хэсэг байгуулагдсан байна.
Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх үзэл санаа
Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаан нь практик үйл ажиллагаанаас үүсэн бий болсноороо онцлогтой. Фрэнэ хүүхдийн өөрөө суралцах үйлийг ямагт эрхэмлэж ирсэн. “Хүүхдийн амьдрал, тэдний эрэлт хэрэгцээ, боломж”-ийг практик үйл ажиллагааны шийдвэрлэх цэг болгосон, ажлын арга барилаа хүүхдийн толгойноос холуур авч үзэхгүй байхыг шаардаж байснаараа энэ нь хүүхдийг бүхний төвд авч үзсэн сурган хүмүүжүүлэх чиглэл юм. Ийм сургалт нь өөрийн гэсэн зохион байгуулалтын хэлбэр, ажлын арга барил, ажлын хэрэслүүдээ хүүхэдтэй ярилцах явцдаа олдог. Энэ нь олон жилийн туршид үргэлжилсэн.
Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаан нь практик үйл
ажиллагаанаас үүсэн бий болсноороо онцлог
Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд Фрэнэ-гийн хийсэн өөрчлөлтийн заримаас, хамгийн сэтгэл татахуйцыг нь товчоор авч үзье:
Сургалтын ялгавартай орчин
Ангийн голд дугуй эсвэл ам дөрвөлжин хэлбэртэйгээр хичээлийн ширээнүүдийг нийтээр явагдах үйл ажиллагаануудад (ангийн зөвлөлгөөн, долоо хоногийн ажлын төлөвлөлт, “чөлөөт техт” дээр ажиллах гэх мэт) зориулан засна. Түүний гадна талаар эргэн тойрон ажлын байр (урлан)-ууд ангилагдан байрлана: Мужаан, хэвлэл, вааран сав суулгын урлан, урлаг, театр, газар зүй гэх мэт маш олон. Хүн аль нэг Фрэнэ-ангиар ороход амьдралын бүх талыг хамарсан өргөн хүрээтэй ажлын уур амьсгалыг мэдэрнэ. Үүний зэрэгцээ янз бүрийн даалгавар-ажил үйлийг бүрэн бие даан гүйцэтгэж буй хүүхдүүд харагдана.
Сурагч бүрт нийцсэн сургалт
Нэг долоо хоногоос нөгөө долоо хоногт шилжихэд хүүхэд бүр багшийнхаа тусламжтайгаар өөрийнхөө сургалт-ажлын төлөвлөгөөг хийж, түүнийхээ дагуу ажиллах хариуцлагаа өөр дээрээ авна. Суралцах арга барил нь мөн тухайн хүүхдэд нийцсэн байна: нэг төрлийн хичээл дээр зарим нь туршилт хийж байхад зарим нь өгүүллэг унших, нөгөө нэг хэсэг нь магадгүй театрчилсан тоглолт бэлтгэж байх жишээтэй.
Амьдрал ойр сургалтын агуулга
Фрэнэ-сурган хүмүүжүүлэгчид бол хүүхдэд өөрсдөө хэлэх, шийдэх боломж олгоход тууштай зогсдог. Үүнийг нь тэд ажлын материал, сурах бичгийг томчууд ганцаараа санаачлан зохиохгүй гэж үздэгээс харж болно. Хүүхдүүдтэй өргөн хүрээнд ярилцлага явуулах бөгөөд хүүхдүүд өөрсдөө ажлын картын сан, бичиг баримтын цуглуулга, бусад сургуультай харилцсан бичиг баримт, ажлын номнуудыг бий болгоно. Хүүхдүүдийн өөрсдийн сонирхол, хэрэгцээгээ тусгасан “чөлөөт техт”, бусад санаанууд, бүтээгдэхүүнүүд нь тэдгээрийн суурь дэвсгэр нь болж өгдөг байна.
Фрэнэгийн хүүхдэд хандах хандлага
Францын Фрэнэ-багш Пол Ле Боэк (Paul Le Bohec) хэлэхдээ: “Би ангидаа бүх Фрэнэ-арга техникийг туршиж үзсэн. Жилийн дараа гэхэд би сурагчдын сонин, хэвлэлийн газар, сурвалжлагууд, ангийн амьдрал-үйл ажиллагаа хамтаараа явагдах зохион байгуулалттай болсон байсан. Дараа нь нэг туршилтад хамрагдсанаар би тэдгээрийг бүгдийг алга болгосон. Хүүхдэд болон надад юу дутагдаж байсан гэж? Юугаар ч дутагдаж байгаагүй. Харин ч эсрэгээрээ. Тэгээд бид ажлаа цааш нь үргэлжлүүлсэн” гэжээ.
... Фрэнэ-сурган хүмүүжүүлэх ухаан бол томчуудаас эрх мэдлээ хязгаарлахыг шаардаж, өөрт нь чухал бүхий л үйл хэрэгт хүүхдийг бие, сэтгэлээрээ оролцуулахыг чухалчилдаг. Иймээс Фрэнэ-сурган хүмүүжүүлэх ухаан руу орох гэж буй хүн бүр эхлээд өөрийнхөө хүүхдэд хандаж буй хандлага, түүнтэй холбоотойгоор хүүхэд, томчуудын хоорондын харилцаа ямар байхыг эргэн харах шаардлагатай болдог.
Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухааныг анхаарч хэрэгжүүлдэг хүмүүжүүлэгч багш бол хүүхэд өөрийн хийх гэж байгаа зүйлээ өөрийнхөө арга замаар, мөн өөрийнхөө хурдац (хэмнэл)-аар хэрэгжүүлэхэд тэдэнд хэрхэн туслахад анхаардаг. Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаан нь хүүхдэд төвлөрөх үндсэн хандлагыг агуулдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл:
· Нийт ангид хандсан бодол санаа, үйл ажиллагааны оронд хүүхэд тус бүрийн эрэлт хэрэгцээ, сонирхол, хурдацаас бүх зүйлийг эхэлдэг.
· Хүүхдийг яг одоо байгаагаар нь мэдэрч, бүхий л ажил үйлийг энэ өнцгөөс хардаг.
· Хүүхдийн хүч чадварт итгэл өгч, алдаа гаргаж болно гэсэн үндсэн үзлийн дор өөрсдийнх нь туршилтийг зоригжуулдаг.
· Хүүхдийг чухал шийдвэр гаргахад ямагт оролцуулж, үгийг нь сонсдог.
· Томчуудын урьтаж яаравчилдаг, илүү мэддэг, чаддагийг хойш нь тавьж, тэдний оролцоооны оронд хүүхдэд өөрийнхөө ертөнцийг судлах боломж олгодог.
· Хүүхдийн хөгжлийн нөхцөлийг сурган хүмүүжүүлэх ажлынхаа суурь дэвсгэр болгодог.
· Хүүхэдтэй ярилцлага явуулдаг. Энэ нь суралцагчийн байр суурийг хүлээж зөвшөөрч, үйл ажиллагаагаа өөрчлөхөд хүүхдийн нөлөөллийг хүлээж авахад бэлэн байна гэсэн үг.
Хүүхэд бол үйл ажиллагаа гүйцэтгэгч сувъект
Фрэнэ өөрөө ийнхүү томъёолоогүй ч түүний хүүхдийн дүр төрхийг хэрхэн харж байснаас нь үндэслэн орчин үеийн хэллэгт оруулан хүүхэд бол үйл ажиллагаа гүйцэтгэгч сувъект хэмээн томъёолж болох юм. Үүний цаана хүүхэд бол өөрийгөө бүтээгч гэсэн санаа агуулагдаж байгаа болно. Тэд бол өөрийн амьдралын, өөрийн оюун санааны, өөрийн ертөнцийн, өөрийн ёс суртахууны үнэлэмж (эдгээрийг нийлүүлэн “бие хүн” хэмээн тодорхойлдог)-ийн зохион бүтээгч нь. Хэдийгээр орчин болон нийгмийн хүрээлэл хүүхдийн өөрийнх нь идэвхитэй хөгжилд нөлөөлдөг ч эцсийн эцэст хэн ч түүний хувийн замнал ямар байхыг төгс шийдэхгүй. Томчуудаас хүүхдэд юу өгч, тэднээс юу шаардаж, юу хүсэн хүлээж байдгийн хариу үйлдэл нь хүүхдийн үйл ажиллагаагаар илэрдэг. Гэхдээ тэд хүссэн хүлээсэн бүгдэд нь хариу үйлдэл үзүүлдэггүй. Тохиолдол бүрт тэд санаатай болон санамсаргүйгээр илүү өөрөө бие даан шийдэж ажилладаг, тэд сувъект байдлаар ажилладаг. Ингэснээр хүүхдэд дараах чадвар бий болдог:
· Хүүхэд өөрийнхөө сэдлийн дагуу ярьж, хийж ажиллаж чадна. Тэд оролцсон үйл явдлынхаа талаарх дурсамж, туршлага, ажил үйлийн санаагаар ямагт дүүрэн байдаг. Фрэнэ “Хүүхэд бол амьдрал, идэвхтэй ажил үйлийн өлсгөлөнд байдаг” гэсэн байдаг. Фрэнэ-сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүд юу хийж байна тэр нь тэдний тухайн үеийн хэрэлт хэрэгцээний илэрхийлэл тул түүнээс нь өө эрж үглээд байх хэрэггүй гэдэг. Хүүхдийн тоглох явц дахь тэдний туршилт, ажил үйлд тэдний санаа зорилго агуулагддаг учраас жишээлбэл, асуусан зүйлийг нь хүндэтгэх ёстой. Хүүхэд бол хүмүүжүүлэх ажил хичээл зүтгэлийн овъект биш харин өөрийнхөө амьдралын субъект.
· Хүүхэд бол өөрийнхөө хөгжлийг бий болгогч. “Хүүхэд бол томчуудын дэмжлэгтэйгээр өөрөө өөрийгөө хүмүүжүүлэгч, өөрөө өөрийгөө сургагч байх ёстой”. Хэрэв хүүхэд өөрөө чөлөөтэй шийдэх боломжтой мөн түүний амьдрал нь сургалтын материалд тусгалаа олсон байх юм бол тэд өөрийгөө нээж урагшлуулахдаа өөрийн зүгээс хангалттай санаачилга зүтгэл гаргана. Томчуудын дэмжлэг туслалцаа бол хүүхдэд тэмүүллээ хааш нь залахыг чиглүүлсэн хөгжлийн хүрээг тогтоож өгөхөд л оршино.
· Хүүхэд хариуцлага хүлээх чадвартай байдаг: “Хүүхдийн оюун санаа болон бие махбодын эрэлт хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааг санал болгосон тохиолдолд тэд ямагт сахилга баттай байдаг, өөрөөр хэлбэл, дүрэм журам мөн гаднаас ямар нэг хариуцлага хүлээлгэхийн аль аль нь энэ үест шаардлагагүй бөгөөд ийм тохиолдолд тэд ганцаараа эсвэл хамтаараа хүнд хэцүү ажлыг ч гэсэн хүлээж авч хийдэг”. Хүүхэд гаднаас чиглүүлээгүй харин өөрийнх нь санаачилгаар, өөрийнхөө тавьсан зорилгын дагуу хийж байна гэдгээ мэдрэх юм бол ажил үйл бүрт хамгийн хариуцлагатайгаар ханддаг.
Фрэнэгийн сургалтын дүр төрх
“Хэрэв та хүүхдэд ямар нэг зүйлийг сургах гэвэл хүүхэд өөрөө нээлт хийхийг нь хааж боогдуулна. Та хор хохиролыг л ивээн тэтгэнэ” гэж Жан Пиаже хэлсэн байдаг. Энэ үгс бол Фрэнэгээс үүсэлтэй байж ч болох.
Фрэнэ хүүхэд бүр өөрийнхөө арга замаар
суралцахыг хүлээн зөвшөөрсөн.
Түүний ойлгож байснаар бол хүүхэд аль нэг эд зүйл ба туршлагыг хэрэглэхээсээ өмнө түүнийг ойлгож ухаарч авдаг. Энэ нь “гараас толгой руу очих замаар” явна: Мэдрэхүйгээр хүртэж хүлээж авах, үйл гүйцэтгэх, боловсрол (мэдлэг) эзэмших бол нэгдмэл үйл явц. Фрэнэгийн хувьд хүүхэд насанд тоглоом, ажил, сургалт бараг ижилхэн нэг зүйл. Хүүхэд бүр өөрийнхөө хурдацаар, өөрийнхөө арга зам мөн тойруу арга замаар суралцах эрхтэй. Тэд байгаа боломж, өөрийнхөө хүч, харилцаа, материал, багаж хэрэгслээ байнга оролдож, үзэж, сорьж, туршиж байна. “Алдаа” болон уналт унжийлт байх бөгөөд энэ нь цаашдаа туршлага хуримтлуулах үнэт эх сурвалж болж өгнө. Хүүхэд хийсэн зүйлээ томчуудын өгсөн үзүүлэлтийн дагуу хянахгүй байх тохиолдолд тэд түүнийгээ улам боловсронгуй болгохыг өөрөө эрмэлздэг. Нэгэн жишээ: Нэгэн цэцэрлэгт гурван настнууд өрж байгуулах модон тоглоомоор яаж бөмбөрдөж болохыг нээж олсон. Хүчтэй цохисны улмаас эхний хуванцар хувин хагарч эвдэрсэн боловч тэд дараагийн өдрүүдэд дахиад ийнхүү бөмбөр цохиж тоглох сонирхол, эрэлт хэрэгцээтэй байгаа нь илт байв: Хүмүүжүүлэгч багш хүүхдүүдэд “Бидэнд бөмбөрийн цохиур шиг цохиур хэрэгтэй байна. Гэхдээ их бүдүүн биш, харин чанга дуугаргаж болдог” гээд хүүхдүүдээс цөмөөрөө хамтран бөмбөрийн цохиур хийе, тохирох мод авч ирээрэй гэж хүссэн. Маргааш нь авч ирсэн модоо хөрөөдөн бөмбөрийн цохиур хийж, сав, хуванцар хувин дээр цохиж, туршиж үзэцгээсэн. Хүүхдүүд тэрхүү хийсэн цохиур нь хэтэрхий чанга дуугарахгүй боломжийн байгааг олж мэдсэн. Тэгээд өрж байгуулах буланд энд тэндгүй бөмбөрийн булангууд бий болж байв. Энэхүү “Бөмбөрийн хөдөлгөөн”-ийг сониучирхан ажиглаж байсан хүмүүжүүлэгч багш: “Нэг удаа би, хүүхдүүд нийтээрээ байхад нь цөмөөрөө мэддэг дуунуудынхаа аяыг бөмбөрөөр тоглож үзэцгээх үү гэсэн. Хүүхдүүд туршин үзэж, түүндээ нэн тааламжтай байсан хэдий ч дараа нь хэзээ ч өөрсдийнхөө санаачилгаар үүнийг хийгээгүй. Би юу гэж ойлгосон бэ гэхээр: Тэд өөрсдийнхөө замаар явахыг хүсдэг, яг цагтаа бол тэд намайг, миний санааг хэрэглэдэггүй” гэжээ.
Амьд (оролцоогоор) суралцахуй
Хүүхдийн өдрийн байгууллага (цэцэрлэг) – д олон төрлийн ажил явуулах боломж байдаг: Модоор юм хийх урлан, ваар сав урлах газар, хэвлэж барлах, урлан бүтээх, гар хөдөлмөр, мэдээлэл, техникийн эсвэл гэр ахуйн ажлын урлан гээд. Хүүхдүүд гадаа талбай, гал тогоо, номын санд эсвэл угаалгын өрөөнд ямар нэг ажил үйл хийж байдаг. Өдөр тутмын амьдралд байдаг, хийдэг зүйлсийг шинээр нээн олж харсан нь Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухааны гавьяа, учир утга юм.
Хүүхдүүд хоол хүнс цуглуулах, бэлтгэх, арчилж хамгаалах ажил үүрэг гүйцэтгэхэд оролцоно, тэд мөнгө төгрөг эрхлэн зарцуулна, телефон үйлчилгээ, засварын ажил үйлчилгээ үзүүлнэ. Хэн нэгэнд ямар нэг зүйл хэлж дамжуулахыг хүсвэл бичиг өлгөнө, захидал, зарлал бичнэ. Тэд хуучин эд зүйлсийн зах, диско, кофений газар зохион байгуулж ажиллуулна, найз нөхдөө урина, өдөр тутам хэрэг болоод байдаг унааны цагийн хуваарь, янз бүрийн байгууллагуудын ажиллах цаг, чухал утасны дугаарууд гэх мэт бичиг баримтын цуглуулга хийнэ.
Фрэнэ хүүхдийн бүтээж бий болгосон бүтээгдэхүүнүүдээр нь “хүүхэд гэж хэн болох, тэдний дотоод ертөнцийг” илрүүлэн олж харж байсан. “Бүтээгдэхүүн” гэдгийн дор тэрээр хүүхдийн үйл ажиллагаагаар бүтэж бий болсон бүх зүйлсийг ойлгож байв. Хүүхдийн хөгжил нэг алхмаар ахих бүрд тэдний дотоод “өв баялаг” гадагшаа илэрхийлэгдэн харагдаж байдаг ба тэд хийсэн зүйлээ сайжруулах талаар бодох тохиолдолд шинээр оролдож туршиж эхэлдэг. Суралцахуй бол амьд үйл явц. Зохиомлоор бий болгосон сургалтын агуулга, материал бус харин бодит амьдралд өөрийн бие сэтгэлээр туулсан зүйл л тэдэнд урам зориг өгдөг.
Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаан нь практикт ойрхон арга, техник, зохион байгуулалтын элементүүдээр дүүрэн байдаг бөгөөд энэ нь үрлэг зарлага багатайгаараа давуу талтай, цэцэрлэгт ч хэрэгжүүлэх боломжтой. Энэ нь урт хугацааны хичээл зүтгэлийн үр шимээр бий болсон: Герман оронд 70-аад оны сүүлээр Фрэнэгийн сургалтыг сонирхож хэрэгжүүлж эхэлсэн хүмүүжүүлэгч багш нар өнөөгийн цэцэрлэгүүдэд тохирох ажлын арга барилыг олтлоо олон жил зарцуулсан. Энэ хооронд хүүхдийн бүх насны ангилал болон янз бүрийн хэв шинжийн байгууллагад тохирсон Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухааны элементүүд бий болсон бөгөөд үүний заримыг нь Фрэнэ өөрөө ч бий болгож чадаагүй байсан. Ийнхүү түүний үзэл санаа нээлттэйгээр цаашаа хөгжиж байгааг тэрээр сайшаах байсан байхаа.
Ном зүй:
Lothar Klein “Ce’lestin Freinet“
Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, s.38-40, Verlag Herder, Freiburg