Сэлестан Фрэнэ (үргэлжлэл)

Цэцэрлэгийн багш, удирдлага, мэргэжилтнүүддээ зориулан Фриедрих Фребел, Мариа Монтессори, Рижжио, Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухааны үзэл баримтлал, онцлогийн талаарх материалыг бид вэбсайтдаа цувралаар тавьж байгаа билээ. Энэ удаад сурган хүмүүжүүлэх ухааны шинэчлэлд тодорхой хувь нэмэр оруулсан Францийн багш Сэлестан Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх үзэл санааны талаарх материалын үргэлжлэлийг орчуулан хүргэж байна. 

Хүмүүжүүлэгч багш бол хүүхдийн хөгжлийг дагагч

Фрэнэ хүүхэд бол насанд хүрэгчдийн туслалцаатайгаар өөрөө хөгждөг гэж үздэг. Тэгэхээр насанд хүрэгчдийн туслалцаа юунд орших вэ? Тэрээр сургалтыг Мария Монтессоритой төстэйгээр авч үзэж байсан. Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухааны хувьд томчууд хүүхдэд юун дээр нь туслах вэ гэхээр юуны өмнө “тэд өөрөө хийхэд” нь тусална. Монтесоригоос ялгагдах нь хүмүүжүүлэгч багшийн үүрэг бол хүүхэд бодит амьдралд оролцож өөрийгөө илэрхийлэх, эрэлт хэрэгцээгээ хангахад дэмжиж, дагаж байхад оршино. Тэгэхээр томчууд бол хүүхдийн хөгжлийг хараанаасаа гаргалгүй дагагч, туслагч байна.

Фрэнэ томчуудын үүрэг роль ямар байх ёстой гэж үзэж байсныг “Хүүхдэд нэг алхам урагшлахыг санал болгохдоо багш өөрийгөө хүүхдийн ертөнцөд аваачиж, түүний дотоод сэтгэлийг мэдэрсэн байх ёстой учраас яаралгүй, маш болгоомжтой хандах нь чухал. Багш бол хүүхдийг өөрийнх нь л замаар явуулна, чиглүүлнэ. Тэднийг сургах гэж шахахын оронд тэдний бодит байдлыг ойлгон өөрсдөө оролдож, судлах боломж олгох нь илүү тустай... Миний  бодлоор багшийн үүрэг роль бол аль болох удаан хугацаанд амаа хамхин чимээгүй хүлээх” гэж Паул Ле Бохек тодруулсан байдаг.

Ажиглагч ба “модель”

Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаанд томчууд бол нөлөө багатай хүмүүс биш, харин ч түүний эсрэгээр. Гэхдээ бүгдийг мэддэг, бүгдийг чаддаг байлгах гэсэн төгс төгөлдөр байдлын төлөөх зүдэргээтэй эрмэлзлэлээ хязгаарлаж, хүүхдийн цаашдын амьдралд тэр бүр хэрэглэгдэхгүй гэсэн зүйлд  хүлээцтэй тайван хандаж чаддаг байвал зохино. Хүүхэд өөрийнхөөрөө шийдсэн эсвэл шийдэх арга замаа өөрөө санал болгосон тохиолдолд тэдэнд өөрөө туршиж судлах боломж олгоод энэ явцад та хүлээж, зөвшөөрч, ажиглаж, чимээгүй байж чаддаг байх хэрэгтэй. Та сургах гэсэн оролдлогоо багасгаж, харин хүүхэд аль болох өөрөө суралцахад нь анхаарна. Энэ явцад та хүүхдийн өөрийнх нь санаа бодол, итгэл үнэмшил, зорилгыг хэзээ ч үгүйсгэж болохгүй. Тэр тусмаа хүүхдийн хөгжлийг дагагч том хүний хувьд хүмүүжүүлэгч багш та өөрийнхөө хувь хүний амьдралд хандах хандлагаа л анхаарч тордож байх хэрэгтэй бөгөөд миний нэр хүнд, үнэ цэнэ алдагдана гэж айсны хэрэггүй. Энэ явцад “эсвэл, үгүй бол” (би өөрийнхөө мэдлэг, үнэт зүйлс .. -ээ хүүхдэд “дамжуулж олгох уу” эсвэл үгүй юу) гэсэн зөрчил шиг зүйлтэй тулгарч, түүнийгээ ойлгоход төвөг учирдаг. Фрэнэгийн сурган хүмүүжүүлэгчид үүний аль алиныг нь авч үзэж, хэрэгжүүлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаанд дэлхий дээрх бие биенээсээ ялгаатай үзэл санаанууд болон өдөр тутмын амьдралд баримталдаг үзэл баримтлалуудыг үр өгөөтэйгээр зэрэгцүүлэн авч үзсэнийг харж болдог. Үүгээрээ хөгжлийг зохистойгоор хөхиүлэн дэмжиж байдаг. Энд өөр өөр нөхцөл байдалд хандах нээлттэй уур амьсгал оршин тогтнож байдаг. Томчууд хүүхдэд үнэт зүйлс, мэдлэг, туршлагыг дасгал, дүрэм журам, заавраар бус харин харж мэдэрч буй зүйлс, зэрэгцэн орших янз бүрийн загвар (модель)-уудаар эзэмшүүлнэ. Энэ явцад харин хүүхдээс тухайн зүйлийн талаар хувь хүнийхээ үзэл бодлыг чөлөөтэйгээр илэрхийлэхийг хүснэ. Гэхдээ хүүхдийг албадаад байхгүй. Тэдэн рүу “нэвтрэн орох”-ын тулд болгоомжтойгоор хандан эхлээд хүүхдээс тухайн зүйлтэй танилцаж ажиллах нь өөрт нь ач тустай болохыг хэлж хүснэ.

Нэгэн жишээ: Хориглосон байдаг боловч цэцэрлэгийн гадаа талбайд хэдэн хүүхэд хөл нүцгэн явж байв. Хүмүүжүүлэгч багш тэднийг даган явж, асуудлыг шийдэх аргаа эрэлхийлэн дараах ярилцлагыг явуулав:

- “Та нар хөл нүцгэн явцгааж байгаа юм уу?

-  Тиймээ, далаахан байнаш дээ.

-  Надад бол хүйтэн л юм шиг санагдаж байна. Миний хөл бол даарах л янзтай харагдаж байна, би хөлөө дааруулахдаа дургүй.

-  Цөмөөрөө хөл маань дулаахан байна гээд л бодчихъё.

-  Хөл чинь жаахан хөрчихсөн л байна даа. Хөл дээр чинь тавихад миний гар халуун байгаа нь мэдэгдэж байна уу?

-   Тийм байна, гар чинь халуун байна.  Та гараа яаж дулаацуулсан бэ?

-  Миний хөл дулаахан байгаа болохоор гар маань ч адилхан халуун дулаан байгаа юм. Та нар барьж үзмээр байна уу?

Томчууд хүүхдэд үнэт зүйлс, мэдлэг,

 туршлагыг харуулж мэдрүүлж олгоно.

Дараа дараагийн туршилтаас хүүхдүүд “Цөмөөрөө бие биенийхээ гар, хөлийг барьж үзэж байя. Хэрэв хөл маань гарнаас хүйтэн байвал ангидаа буцаж орж, дулаацуулж байя” гэсэн тохиролцоонд хүрсэн. Энд хүмүүжүүлэгч багш бол тухайн үйл явцад оролцогч байгаа нь харагдаж байна. Хүмүүжүүлэгч багш нэг асуудал хөндөж, харин хүүхдүүд түүнийг шийдэх аргаа өөрсдөө олцгоож байна. (Жишээлбэл, багш “ангидаа орцгоогоорой, гутлаа өмсөцгөө” гээгүй). Багш тухайн асуудалд өөрөө сониучирхан оролцож, зохих шийдлийг хайж олоход тэдний санааг даган чиглүүлж байна.

Хүмүүжүүлэгч багш бол туслалцаа үзүүлэгч

 “Хөгжилд нөлөөлөхүйц орчин нөхцөл”-ийг бүрдүүлэх нь хүмүүжүүлэгч багшийн үүрэг гэж Фрэнэ үзсэн. Энэ нь “хүүхэд–өөрөө хөгжих”- д шаардагдах орчныг бүтээж бий болгоно гэсэн үг. Иймээс хүмүүжүүлэгч багш жишээлбэл, хүүхдийг бүхий л боломжоороо үйл ажилд оролцуулахад өрөө тасалгааны зохион байгуулалт ямар байх, хүүхдүүд хөдөлгөөнтэй байх нөхцөлийг яаж бүрдүүлэх гэх мэт бүх зүйлийг бодож төлөвлөнө. Бүхэлд нь авч үзэхэд хүмүүжүүлэгч багш бол хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх хандлагыг баримтална. Үүнийг Фрэнэ “Бид хүмүүжлийн тэнхлэгийг хөдөлгөнө: ... төвд багш биш, харин хүүхэд байна. Багшийн дур хүсэл, тав тух бол цаашдаа чухал биш. Бидний хүүхдийг  хүмүүжүүлэх ажлын шийдвэрлэх цэг бол хүүхдийн өөрийнх нь ертөнц, эрэлт хэрэгцээ, боломж” гэжээ. 

Сурган хүмүүжүүлэх ажлын төлөвлөлтийн хүрээнд хүүхдийн гадаад нөхцөл байдал, хамгаалалт нь хүмүүжүүлэгч багшийн хүлээх хариуцлагад чухал байр суурь эзэлдэггүй. Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаан нь хүмүүжүүлэгч багшийн үүрэг ролийг ийнхүү бодитойгоор хөнгөвчилж өгсөн байдаг. Энэ нь хүмүүжүүлэгч багш өөрийгөө төдийлөн чухалд авч үздэггүй, “сургаж хүмүүжүүлэх” гэж их хичээн зүтгэдэггүй, бүх зүйлд ганцаараа хариуцлага хүлээдэггүйгээр мөн илэрч харагдана. Жишээлбэл, тэрээр сахилга батын асуудалд ганцаараа хариуцлага хүлээдэггүй. Мөн хүүхдүүд ямар үйл ажиллагаанд оролцохоо өөрсдөө чөлөөтэй шийддэг учир багш цаг ямагт ангийн бүх хүүхдүүдтэй нэг зэрэг ажиллаад байдаггүй. Харин хүмүүжүүлэгч багш хүүхэд бүрийн ялгаатай байдлыг ажиглан тухайн хүүхдэд ямар туслалцаа хэрэгтэйг мэдэрч тохирох тус дэм үзүүлэхэд төвлөрч  ажилладаг. Ийнхүү Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаан нь хүүхэд тус бүрийн хөгжлийг тус тусад нь авч үзэж, дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хөгжлийг дэмжих орчин

Хүүхдийн хөгжлийг дэмжих орчинтой холбогдох дараах дөрвөн зарчмыг Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаан баримталдаг.

1.    Чөлөөт сонголт

Фрэнэгийн чиглэлээр ажилладаг цэцэрлэг бол зарчмын хувьд нээлттэй байгууллага байдаг. Бүх зүйлс чөлөөтэй бөгөөд хэрэглэхэд дөхөм, хүүхэд хэзээ ч гэсэн томчуудгүйгээр өөрсдөө тоглож, ажиллаад байх боломжтой. Хүүхдүүд, багш нар хамтаараа хаана, юу хийхэд хамгийн тохиромжтой болохыг сонгож тогтоодог. Жишээлбэл, цэцэрлэгийн урлангийн өрөөнд гэхэд багаж хэрэгсэл ашиглан бүтээж хийх ажил өрнөж болох бөгөөд нөгөө нэг хувилбараар бол өрж байгуулах булангийн адилаар энд хүүхдүүд тоглож ажиллаж болдог. Өөрөөр хэлбэл, зарим цэцэрлэгт том урлангийн өрөөг заавал нэг хүн хариуцан ажиллуулдаг шиг тусгай дүрэм журам байхгүй. Хүүхдэд чөлөөтэйгээр сонголт хийх боломж олгож, үүгээрээ хүүхдийн оролцоог дээдлэн оролцоо бол тэдний үндсэн эрх гэж авч үздэг. Тэгэхээр хүүхэд дандаа өөрөө санаа бодол, хүсэл сонирхлоо илэрхийлэн хэлж байх бөгөөд түүнийх нь дагуу цэцэрлэг дэх Фрэнэ-ангийн өдөр тутмын амьдрал зохицуулагдан явагдана.

2.    Хариуцлага

Хүүхэд шийдвэр гаргах тохиолдол аль болох олон байхыг Фрэнэ шаарддаг. Шийдвэр гаргахад шалгуурууд шаардагдана. Шийдвэр гаргах нь хариуцлагатай тулгарч, мөн хариуцлага хүлээхэд хүргэнэ. Ийнхүү хүүхдэд өөрт нь хариуцлага хүлээлгээд орхих нь томчуудад амар биш. Тэгээд яадаг вэ гэхээр гарч болох үр дагаварыг урьдчилан төсөөлж бодоод хариуцлагыг нь өөр дээрээ авч, зааж зааварлаад эхэлдэг. Хүүхэд шийдвэр гаргаад түүнийх нь үр дагавар илэрч гарч ирэх үед л хариуцлага бий болдог. Жишээлбэл, шүдний оонуудыг туршиж үзэх шийдвэрийг  хүүхдийн зөвлөлөөс гаргах,  (туршилтынхаа үр дүнд ямар оо худалдаж авч байхаа тогтох), шат өөд авирахад баримтлах дүрмээ тогтох эсвэл хоолны талаар асуулга явуулж төгсгөлд нь хоолны меню хамтран зохиох. Ийнхүү хүүхдүүд хамтаараа шийдвэр гаргасан тохиолдолд тохироо буюу дүрэм зөрчигдөх үед  тэд бас хариуцлага хүлээх нөхцөл бүрддэг.   

 “Сэлестан Фрэнэ” материалыг бид орчуулан сайтдаа цувралаар нийтэлж байгаа билээ. Энэхүү материалын “Хөгжлийг дэмжих орчин” гэсэн гарчгийн 1.Чөлөөт сонголт2.Хариуцлага хэмээх жижиг гарчгуудын үргэлжлэл хийгээд төгсгөлийн хэсгийг энд толилуулж байна.

Хөгжлийг дэмжих орчин

 

3.    Учир-зорилго

Хүүхдүүд ч гэсэн амьдралдаа өөрийн гэсэн зорилготой байж түүнийгээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Зорилго бол аяндаа байж байдаггүй, харин ажил үйлийн явцад яваандаа үүсч бий болдог бөгөөд улмаар тэдний хөгжлийн явцад байнга өөрчлөгдөн батжисаар тэд насанд хүрдэг. Томчууд хүүхдийг өөрийнхөө үнэлгээ, зорилго, ёс зүйн талаарх төсөөллөөрөө номлох бус харин тэдний үйл бүрийг “учир утгатай” хэмээн харж, хүлээн зөвшөөрөх нь хүүхдэд тус болдог. Тиймээс Фрэнэгийн сурган хүмүүжүүлэгчид үнэлгээнээс аль болох татгалздаг. Тэд хүүхдийн хийснийг засаж залруулах гэж хөндлөнгөөс оролцдоггүй, харин хүүхдийн оролдлого, хийж туршиж буй зүйл нь юунд хүрэхийг ажиглаж хүлээдэг. Юуны өмнө хүүхэд материал болон багаж хэрэгслээрээ оролдоно, судалж үзнэ, хийж үзнэ, тэд ийнхүү чөлөөтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд энэхүү хийж буй үйл, гаргаж буй бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнээ хэрхэн нэрлэж байгаад бүх учир утга буюу зорилго нь оршино.

4.    Амьдралтай холбох

Бид суралцах үйл явц бол сувъектив талтай байдаг гэдгийг мэднэ: Тухайн асуудал яг өөрт нь тулгарахад хүн хамгийн сайн суралцдаг. Тийм учраас Фрэнэ сургууль дээрх өдөр тутмын үйл ажиллагааг хүүхдийн бодит амьдралтай өрөөр хэлбэл, хүүхдийн өөрийнх нь амьдралд хэрэгцээтэй зүйлтэй  холбохыг эрмэлздэг байсан. Практикаас харахад энэ нь ихэвчлэн өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлс байдаг аж. Хүүхэд судлах тэмүүллэлдээ хөтлөгдөн хичээлийн байр дотор мөн тойрон хүрээлж буй орчноосоо ямар нэг шинэ зүйлийг байнга олж харж, нарийвчлан судалдаг байна. Ингээд нас ахих тутам тэдэнд сурч эзэмших боломж улам их бий болдог ажээ. Жишээлбэл, Тэд гадаа талбайд ажиллаж, сантехникийн хоолойн багаж түлхүүр хэрэглэн ус хэрхэн урсдагийн учрыг олох, чахран дуугарч байгаа хаалганы нугасыг тослох, туулайд зориулан байр барих, “хайр дурлалын ном”-нуудыг хэвлэх, микроскопоор жижиг зүйлсийг дурандах, шавж үржүүлэх, албан байгууллагуудаар орох, дарга нь болон тоглох, лууван хэрчиж жижиглэх, бут сөөг цуглуулж ил гал түлэх. Мөн тоос соруулах, хог шүүрдэх, цэцэг услах, гутал тослох, хоол хийх, талх боов барих, угаасан юм хатаах, цахилгаан хэрэгслүүдийг салгаж, доторхыг нь судлах, тэдгээрийг засах юмуу засахад нь туслах. Энэ мэтээр төгсөшгүй олон зүйлийг хүүхдүүд хийж болно. Хүмүүжүүлэгч багшийнхаа амьдралыг тэд мөн ухаангүй сонирхдог. Тэд багшийгаа үсчинд очих, дэлгүүр явах эсвэл Магадлан итгэмжлэх байгууллага руу явахад нь дагаж явна. Ийнхүү хүүхдүүд хүмүүжүүлэгч багшийнхаа “хувийн амьдрал”-ын ажил үйлийг гүйцэлдүүлэн бүтээхэд оролцохыг хүсдэг.

Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаан ба Сургалтын хөтөлбөр

Өнөө үед хүүхдийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх зорилгын томъёолол, ажлын арга барилын талаар олон янзын хэлэлцүүлэг явагдаж байна. Нийт Хобооны улс энэ хооронд сургалтын хөтөлбөрөөс татгалзаж байгаа буюу зөвхөн туршин үзэж байна. Ингэхээр орчин үеийн сургалт болон хүүхдийн хөгжлийн эрэлт хэрэгцээнд өөрсдийнхөө ажлыг ямаршуухан байдлаар нийцүүлэх вэ гэдэг асуултыг цэцэрлэгт ажиллаж буй мэргэжлийн хүмүүс тавих ёстой болоод байгаа юм. Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухаан мэтийн сурган хүмүүжүүлэх шинэчлэлийн уламжлалт үзэл баримтлалыг баримтлан ажилладаг цэцэрлэгүүд өөрсдийн үйл ажиллагаагаа яаж шинэ сургалтын хөтөлбөрт нийцүүлэхээ тодруулах ёстой болж байна.

Сэтгэл судлалын хөгжил, тархины хөгжлийн шинэ ололтуудаар төдийлөн цэнэглэгдээгүй ч гэсэн сурган хүмүүжүүлэх ухааны шинэчлэлийн дээрхийн адил сайн үзэл санаанууд энэ хооронд мэргэжлийн талбарт зүй ёсны хэрэг болон хувирснаас үүдэн биднийг сургалтын хөтөлбөрөөс урван шарвахад хүргэж байна. Сургалтын хөтөлбөрүүдийн аль нь ч хүүхдийн сувъектив тал, тэдний өөрөө идэвхтэй суралцах чадвар, сургалтын явц дахь хүүхдийн өөрийн удирдлагыг авч үзэхгүй байгаа юм. Чухамхүү Фрэнэ л үүнийг дээр үед, маш тууштай, эрчимтэйгээр авч үзэж амьдралд хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь шинжлэх ухааны үүднээс баталгаажиж, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааны үзэл баримтлуудын дунд нэр хүндтэй байр суурийг эзлэх болсон. 20-оод жилийн өмнө Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх үзэл санаа анхан шатны сургалтын хүрээнд нийтэд төдийлөн танил бус байсан бөгөөд харин өнөөдөр энэ нь хүүхэд, суралцахуй болон хүмүүжүүлэгч багшийн үүрэг ролийн талаас авч үзэхэд маш зохицсон үзэл санаа тул хүүхдэд төвлөрсөн орчин үеийн үйл ажиллагааны үзэл баримтлалын хүрээнд маргашгүй байр суурийг эзэлж байна.

Нарийн ширийн зөрчил   

Хүүхдийг хэрхэн авч үзэх, хүүхдийн хөгжил дэх өөрийнх нь идэвхтэй үйл сургалтын хөтөлбөрт хэрхэн тусах асуудал сурган хүмүүжүүлэгчдийн хэлэлцүүлэг зөвшилцөлд зөрчил үүсгэсээр байна. Жишээлбэл, Хессений /холбооны улс/ сургалтын хөтөлбөр нь бусад улсын сургалтын хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ гэвэл тэд хөтөлбөртөө сургалтын үйл явц дахь хүүхдийн бие даасан байдал болон тэдний идэвхтэй ролийг уялдуулан авч үзсэний зэрэгцээ сургалтын агуулгын оронд хүүхдийн чадваруудын хүрээнүүдийг л тодорхойлсон байдаг.

Фрэнэ өөрийнхөө үзэл баримтлалын

үнэн мөнийг ямагт практик дээр шалган үзэж байсан

Гэвч тодорхой зүйлд хүүхдийг сургах гэж буй практикаас үзэхэд хүүхэд өөрийнхөө суралцах үйлийн эзэн бус харин ихэнх тохиолдолд томчуудын сургахаар чармайж буй зүйлсийг хүлээн авагч нь болдог. Томчууд ба хүүхдийн хооронд ярилцлага явагдахад энэ нь мөн л бодитоор оршдоггүй. Ийнхүү хүүхдэд төвлөрсөн сургалт хүмүүжлийн ажил явагдахад хүмүүжүүлэгч багшийн удирдлага ба хүүхдийн өөрөө суралцах үйлийн хооронд “завсар” үүсдэг бөгөөд Фрэнэ үүнийг хэрхэн авч үзэж байсныг улам тодорхой болгох шаардлагатай байгаа болно. Үүнээс гадна Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх ухааны бас нэгэн  онцлог нь сургалтын үр дүн нээлттэй байдагт оршино. Суралцах явцдаа нээлт хийх, түүнд хүрэх арга зам нь асуудлын төвд байдаг. Үр дүн болон үүсэж бий болсон бүтээгдэхүүн нь төдийлөн чухал биш, суралцаж буй үйл явц нь л чухал. Ийнхүү Фрэнэ “бүгдэд адилхан биш, бүгдийг нэг дор биш” гэсэн байдаг. Тэгэхээр Хессений сургалтын хөтөлбөр бол бас л нэгбүрчилсэн, нээлттэй сургалт гэсэн агуулгатай нийцэхгүй байгаа юм.

Хүүхдийг сонсох

Томчууд ба хүүхэд хамтарч байж сургалтыг бий болгох хийгээд энэ нь бодит амьдралаас үүдэлтэй байхыг Фрэнэгийн сургалт чухалчилдаг. Сурган хүмүүжүүлэх санаа нь ийнхүү амьдрал, хүүхдээс үүдэн гардаг. Тэгэхээр Фрэнэ сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалынхаа “үнэн” болон үнэ цэнийг ямагт амьдрал дээр шалган үздэг байсан. Энэхүү тууштай хандлагыг өнөөгийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нар мөн ажил дээрээ хэрэгжүүлэхийг эрмэлзэх нь зүйтэй юм.  Фрэнэгийн сургалт нь ийнхүү сургалтын хөтөлбөр ямар байх чигийг заахын зэрэгцээ Фрэнэгийн баримталдаг зарчмын дагуу сургалтын хөтөлбөр хаанаа тодорхой бус байхыг мөн харуулж чаддаг. Урьдаас нэгбүрчлэн тодорхойлоогүй байхад сургалтыг практик дээр зоригтойгоор явуулдаг нь хүүхэдтэй хийх ярилцлага хэдийд ч боломжтой, нээлттэй байдагт оршино. Үүнд хүүхдийг сонсох нь гол суурь дэвсгэр болж өгдөг. 

 

Орчуулсан Н.Норжхорлоо

 

Ном зүй:

Lothar Klein “Ce’lestin Freinet“
Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, s.37-40, Verlag Herder, Freiburg