СӨБ-ын байгууллагад “Хөндлөнгийн үнэлгээ” хэрхэн явагдах вэ?
Өмнө нь тус бэвсайтад сургуулийн өмнөх боловсролын чанарт нөлөөлдөг хүчин зүйлс болон байгууллага өөрийн үнэлгээг хэрхэн гүйцэтгэх талаар нийтэлсэн байгаа. Энэ удаа чанарын үнэлгээ буюу хөндлөнгийн үнэлгээ (манайхан “үр дүнгийн үнэлгээ” гэдэг) хэрхэн явагдахыг авч үзье.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хөндлөнгийн чанарын үнэлгээ хийхэд үнэлээчдийг зориуд бэлтгэж, тэднийг мэргэшүүлж чадваржуулан, батламжлах шаардлагатай. Зүгээр л СӨБ-ын мэргэжлийн хүн ажиллуулах юм бол шаардлагын түвшинд үнэлж чадахгүй бөгөөд алдаа гаргах магадлал өндөр байх болно. Иймд хөндлөнгийн үнэлээчид аль нэг СӨБ-ын байгууллагын сурган хүмүүжүүлэх ажлын чанарыг системтэй, цогц, бодитой үнэлэх чадвартай байхын тулд жил бүр тодорхой сургалтад хамрагдаж бэлтгэгдэнэ.
Хөндлөнгийн үнэлээчид чанарын үнэлгээ явуулахдаа СӨБ-ын байгууллагын хэрэглэсэн үнэлгээний хэрэгслийг нэгэн адил ашиглана. Үнэлгээгээр тухайн байгууллага дээр дараах ажлууд явагдана. Үүнд:
- Ангид өдрийн дэглэмийн дагуу явагдах үйл ажиллагааг ажиглах
- Багш, ажилтнууд болон эцэг эхийн төлөөлөлтэй ярилцлага хийх (Мөн хүүхдийн сэтгэлдэл, саналыг ч сонсож болно.)
- Цэцэрлэгийн удирдлагатай ярилцлага хийх
- Баримт бичигтэй танилцах, хянах (хүүхэд бүрийн хөгжил төлөвшлийн баримтжуулалт, сурган хүмүүжүүлэгч бүрийн өөрийн болон байгууллагын нэгдсэн үнэлгээ, сурган хүмүүжүүлэх ажлын төлөвлөлт зэрэг)
Тухайн СӨБ-ын байгууллага олон ангитай бол үнэлгээнд нийт ангийн 50%-аас доошгүйг хамруулна. Үнэлээч нь сурган хүмүүжүүлэгч бүрийн болон хамт олны нэгдсэн үнэлгээ, өөрийн үнэлгээг хооронд нь харьцуулж, хянасны дараа багш, ажилтан, эцэг эхийн төлөөлөл, байгууллагын удирдлагатай ярилцана. Үнэлээч үнэлгээний явцад сурган хүмүүжүүлэгчдийн өөрийн үнэлгээ болон байгууллагын үнэлгээг нөхөж, санаа, сэдэл өгч ажиллана. Төгсгөлд нь байгууллагад зориулсан зөвлөмж гаргана.
Манай улсад СӨБ-ын чанарын үнэлгээ ер нь хийгдэж байгаагүй бөгөөд энэхүү үнэлгээг явуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Үүнд эхлээд бүх СӨБ-ын байгууллагад өөрсдийн болон хөндлөнгийн үнэлгээ хийхэд нийтээрээ ашигладаг хэрэгслээ чамбай боловсруулж гаргаад, түүнийгээ цэцэрлэгийн багш нар, удирдлага түүнчлэн хөндлөнгийн үнэлээчид хэрэглэж сурах шаардлагатай. Энэ нь чанарын үнэлгээ явуулах хамгийн чухал хэсэг бөгөөд үүнд багагүй судалгаа, хэлэлцүүлэг болон боловсруулах, турших, баталгаажуулах, сургалт хийх цаг хугацаа шаардагдана. Нөгөөтэйгүүр өнөөгийн эрх зүйн актын дагуу явагдаж байгаа хүүхдийн хөгжил төлөвшлийн үнэлгээ нь хүүхдийн зан үйлд гарч буй өөрчлөлт буюу чадамж үнэлэхээр өөрчлөгдөөгүй цагт чанарын үнэлгээ явагдах боломжгүй.
Хэрэв төвийн холбогдох байгууллагаас үнэлгээний хэдэн үзүүлэлт, асуулга гаргаад, түүгээрээ цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны чанарыг үнэлнэ гэвэл үнэлгээний үр дүнгийн бодитой байдал төдийлөн хангагдахгүйн дээр СӨБ-ын байгууллагын удирдлага, багш, ажилтнуудын байгууллагынхаа үйл ажиллагааны чанарыг сайжруулах хүсэл эрмэлзэл, ажил үйлд үзүүлэх эерэг нөлөөлөл бага байх болно. Бид энэ салбартай холбогдох бүх хүн, ялангуяа цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтан бүрийн оруулах хувь нэмэр, хичээл зүтгэлээр хамтдаа СӨБ-ын чанарыг сайжруулна. “Европын боловсролын тогтолцоо нь гаднаас заавал шахалт авахгүйгээр өөрөө өөрийгээ сайжруулах боломжтой. Өөрөө өөрийгөө дотроосоо байнга боловронгуй болгодог энэ шинж бол зөв тогтолцооны давуу тал нь” (Дэмбэрэл, Ц. 2022).
Н.Норжхорлоо
Ном зүй: Дэмбэрэл, Ц. (2022): Монголын боловсрол. Өнөө ба ирээдүй. Хуудас 50. Улаанбаатар принт хэвлэлийн газар